"Энхийн зөвлөл"-д элсэх нь бэлэгдлийн шинжтэй биш гэх Трампын шахалт

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нэгдүгээр сард Швейцарийн Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр "Энхийн зөвлөл"-ийг санаачилснаа зарласан.
Ингэхдээ тус зөвлөлийн гишүүн орноос элсэх урилгыг хэд хэдэн улс орнууд руу илгээсний дотор Монгол мөн багтав.
"Энхийн зөвлөл" нь ерөнхий агуулгын хувьд НҮБ-тай төсөөтэй боловч хараахан албан ёсны нарийн дүрэм, журмыг боловсруулаагүй. Ерөнхий зорилго нь Газрын зурвас дахь дайны галыг зогсоох 20 заалт бүхий төлөвлөгөөг танилцуулсан. Өөрөөр хэлбэл мөргөлдөөнтэй болон эрсдэлтэй бүс нутгуудад тогтвортой байдал бий болгох, үүнд зуучлах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, энх тайванд уриалах зорилготой байгууллага гэж тодорхойлж буй.
Зөвлөлийн гишүүн улс орны тоонд АНЭУ, Саудын Араб, Египет, Катар, Бахрейн, Пакистан, Турк, Унгар, Марокко, Косово, Албани, Болгар, Аргентин, Парагвай, Казахстан, Монгол, Узбекистан, Индонези, Вьетнам бий.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Давосын Эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байх үеэрээ уг зөвлөлийн урилгыг хүлээн авсан даруйдаа элсэх шийдвэр гаргаж, гарын үсэг зурж баталгаажуулсан юм.
Хоёрдугаар сарын 19-нд болсон "Энхийн зөвлөлийн" анхдугаар уулзалтад тус зөвлөлийн гишүүнээр элссэн улс орнуудын төлөөлөл цуглаж, Газын хил орчмын энх тайвны ажлуудад 10 орчим тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. Үүнд гишүүн орнуудаас буюу Арабын Нэгдсэн Эмират улсаас 1.2 тэрбум, Катар Кувейт тус бүр 1 тэрбум, Саудын Араб ойрын хугацаанд 1 тэрбум ам.долларын тусламж тус тус үзүүлэхээ илэрхийлсэн бол Казахстан улс хүнсний тусламж үзүүлнэ гэв.
Индонез улсын зүгээс 8000 орчим цэргийн тусламж, Турк, Морокко улсын зүгээс хээрийн эмнэлэг байгуулахад туслах, Узбекистан, Румын улсын зүгээс сургууль, эмнэлгийг мөн сэргээхэд оролцохоо илэрхийлсэн юм. Гэвч нөгөө талд зарим улс орнуудад олон нийтийн дунд дээрх "Энхийн зөвлөл"-д нэгдсэнээр улс орныхоо асуудыг шийдвэрлэхгүй атлаа олон улсын асуудлуулад төсвөөс зарцуулалт хийх шийдвэр гаргасныг нь шүүмжилсэн тохиолдлууд ч гарав.
Уулзалтын үеэр Дональд Трамп гишүүн орны төлөөлөл болох төрийн өндөр дээд албан тушаалтнуудад талархал илэрхийлсэн бөгөөд "Энхийн зөвлөл"-д элссэн атлаа анхны уулзалтад ирээгүй улс орнуудад хандан сануулгын үг хэлээд амжсан. Монголоос уг уулзалтад ямар нэг төлөөлөл очоогүй бөгөөд өөр хэд хэдэн улсаас мөн төлөөллүүд очиж оролцоогүй нь хуралдааны дүрсүүдээс харагдаж буй.
Гишүүн болон ажиглагч улс орнуудын хувьд зарим нь дараа дараагийн шийдвэр, алхмуудыг ажигласан байдалтай байгаа бол Трампын хувьд "Энхийн зөвлөл"-ийн гишүүн байх нь зүгээр ч нэг бэлгэдлийн шинжтэй бус гэх шахалтыг ийн эхний уулзалтаараа анхааруулсан юм.
Дараагийн удаад, гишүүн орнуудаас мөргөлдөөнтэй бүс нутгуудад тодорхой үүрэг оролцоо үзүүлэхийг шаардаж буй нь энэ билээ.
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
buh ulsuud ruu yavuulsan eruhiiduu ork golduu ulsiud elssen
Аягүй бол зандка цэрэг илгээнэ гэж шаанадаа яанаа