"Их говийн манаач"-ийн тухай найман баримт
Зөвхөн монголын говь цөлд амьдардаг, Мазаалай баавгай /Ursus actors gobiensis/ нь дэлхийд нэн ховор амьтаны ангилалд ордог бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар 50 гаруй тоо толгой бий гэсэн дүн гарчээ. Монгол Улс хоёрдугаар сарын 28-ний өдрийг “Мазаалай баавгайн өдөр” болгон зарлаж, “Үндэсний бахархалт амьтан”-аар 2023 онд өргөмжилсөн байдаг.
Хязгаар нь үл харагдах уужим цээлд их говио манан орших түүнийг "Үндэсний бахархалт амьтан" хэмээн өргөмжлөхийн сацуу "их говийн манаач" гэхэд хилсдэхгүй биз ээ. Говьд усны нөөц хомс учир баянбүрд, булаг шандын орчимд төвлөрөн нутаглах нь элбэг юм. Ган зудын давтамж, усны эх үүсвэрийн ширгэлт, хүний үйл ажиллагааны нөлөөлөл зэрэг хүчин зүйлс тэдний амьдрах орчныг хумьж сүүлийн жилүүдэд мазаалайн тоо толгой цөөн хэвээр байгаа аж.
Мазаалайг хамгаалах асуудал нь зөвхөн нэг амьтныг аврах бус, говь, цөлийн эмзэг экосистемийг бүхэлд нь хамгаалахтай салшгүй холбоотой болоод буй. Тэгвэл “Үндэсний бахархалт амьтан” Мазаалай баавгайн тухай найман баримтыг хүргэе.

1. Амьтан судлаач В.Ф.Ладыгин 1899 онд Шар хулсны баянбүрд гэх газар мазаалайн мөрийг үзэж, Цагаан Богд уул, Хөх Төмөртийн ууланд ямар нэгэн баавгай байдаг тухай өөрийн судалгаандаа бичсэн нь мазаалайн тухай бичгээр үлдээсэн анхны баримт болжээ.
2. 1920-иод оны эхээр баруун Алтай нурууны Аж Богдод мазаалай баавгайг олж тогтоон Оросын эрдэмтэн Орлов, Соколов нар мазаалай баавгайг бие даасан зүйл мөн гэж үзэн биологийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн байна.
3. Мазаалай нь ойн хүрэн баавгайтай төстэй боловч биеэр бага. Биеийн дундаж жин 90-100 килограмм, биеийн урт нь 150 сантиметр, өндөр нь 80-92 сантиметрт орчим байдаг байна. Сүүлийн үеийн судалгаагаар манай оронд 50 гаруй мазаалай баавгай байгааг тогтоожээ.
4. Түүний үндсэн байршил нутаг нь Говийн их дархан цаазат газрын төв хэсэг. Амьдрах орчны загварчлалаар байршил нутгийн хэмжээ нь ХХ зууны сүүлчээс одоог хүртэл 60 гаруй хувиар багассан судалгаа гарчээ.
5. Мазаалай нь махчин амьтан юм. Гэвч бэлчээр нутаг нь багасаж цөл рүү шахагдсанаас идэш тэжээлийнхээ 77 хувийг ургамал, 23 хувийг амьтны гаралтай бүтээгдэхүүнээр хооллодог байна. Ихэвчлэн бажууны үндэс, зээргэнэ, хармаг жимс болон мэрэгчид хэвлээр явагчид, хорхой шавжаар хооллодог.
6. Мазаалай баавгай нь зундаа +46 хэм халдаг өвөлдөө -34 хэм хүртэл хүйтэрдэг орчинд амьдардаг онцгой амьтан юм. Мөн асар их уудам орон зайг эзлэн амьдардгаараа бусад баавгайн зүйлүүдээс ялгардаг байна.
7. Мазаалай хөхөгчин амьтдын сэг зэмээр хооллож байгальд ариутгагчийн үүрэг гүйцэтгэн эко системд чухал ач холбогдолтой амьтан. Мөн холимог идэшт, махчин амьтны хувьд говийн биоценозид орон зай, идэш тэжээлийн гинжин холбоонд тодорхой үүрэг гүйцэтгэж, хөрсний ус ойр газар малтаж ус гаргадаг тул хавтгай болон бусад хөхтөн амьтдыг усаар хангадаг байна.
8. 1987 онд Улаан номд бүртгэн, устаж байгаа зүйлд оруулж, 2023 онд Засгийн газрын 437 дугаар тогтоолоор мазаалай баавгайг "Үндэсний бахархалт амьтан" болгожээ. Мөн 2024 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/206 тоот тушаалаар жил бүрийн хоёрдугаар сарын 28-ны өдрийг "Мазаалай баавгайг хамгаалах" өдөр болгон зарлажээ.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Буруу ташаа мэдээлэл олон нийтэд тараамааргүй байна. Энэ амьтныг анх харсан хүмүүс бол ургамал судлагч эрдэмтэн А.А.Юнатов, Газарзүйч эрдэмтэн Э.Мурзаев нар. Эдгээр хүмүүс 1943 оны 8-р сарын 4-нд анх удаа Цагаан богд уулын хаяа толгодын нэгэн сайранд анх мазаалай харснаар Монголын говьд баавгай амьдарч байгааг баталгаажуулсан юм. Харин В.Е.Соколов, В.Н.Орлов нар 1992 онд мазаалайг бие даасан зүйл гэж үзсэн боловч энэ нь батлагдаагүй учир одоо хүрэн баавгайн салбар зүйл гэж үздэг.