Top StoriesНийгмийнНИЙГЭМ

УНТЭ-ийн дэд захирал О.Чойдог: Шүгэл үлээснээр салбартаа ажиллах эсэх эргэлзээтэй болсон

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, ажилчдын төлөөллүүд болох нэр бүхий таван хүн өнгөрсөн сарын 26-нд хэвлэлийн хурал хийж, эмнэлгийн удирдлага тогтворгүй солигдож байгаа нь эмнэлгийн хэвийн ажиллагаанд нөлөөлж байгаа талаар ярьсан. Тус хурлын маргааш нь буюу өнгөрсөн сарын 27-ны өдөр УНТЭ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Анхтуяагийн тушаалаар мэдээлэл хийж, хэвлэлийг хуралд оролцсон эмнэл зүй, хариуцсан дэд захирал М.Адилсайхан, үйлчилгээ хариуцсан дэд захирал О.Чойдог нарыг ажлаас нь чөлөөлсөн.

Ажлаас нь чөлөөлсөн тушаалд "Хэвлэлийн хурал зохион байгуулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэвийн байдал алдагдсан, доголдол үүссэн тухай үндэслэлгүй, худал мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тарааж, эмнэлгийн ажилтнуудын сэтгэл зүйд болон байгууллагын нэр хүнд, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх ноцтой үр дагавар үүсгэсэн" хэмээсэн байдаг.

Улмаар дээрх асуудлаар М.Адилсайхан, О.Чойдог нар өөрсдийн цахим хуудаснаа тус бүр мэдэгдэл гаргаж, ажлаас чөлөөлөх тус шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл "хэвлэлийн хурал зохион байгуулж, үндэслэлгүй худал мэдээлэл тараасан" гэх шалтгаанаар ажлаасаа чөлөөлүүлэх тушаал аваад буй О.Чойдогтой ярилцлаа.

-Манайх 910 ажилтантай байхад яам 700 хүнээр цалин бодож төсөвлөж байсан-

-УНТЭ-т олон жил ажилласан, мөн удирдах албан тушаал хашиж буй. Өнгөрсөн долоо хоногт таныг "хэвлэлийн хурал хийж, үндэслэлгүй мэдээлэл тараасан" гэх шалтгаанаар ажлаас чөлөөлөх тушаал гарсан байсан. Энэ тухай дэлгэрэнгүй ярихгүй юу. Яг ямар процесс болсон юм бэ?

-Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт УНТЭ-ийн даргыг долоо хоногт дөрвөн удаа сольж байгаа нь эмнэлгийн тогтвортой үйл ажиллагаанд саад учруулж байна. Түүнчлэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлд эмнэлгийн дотоод удирдлагуудаас таван хүн оруулах ёстой зэрэг шудрага бус асуудлуудыг залуу хүний хувьд шүүмжилж шүгэл үлээсэн. Гэтэл маргааш нь буюу баасан гарагт ажлаас чөлөөлөх тушаалтайгаа танилцсан. Үндэслэл нь "зөвшөөрөлгүй хэвлэлийн хурал хийж, худал мэдээлэл тараасан" гэх шалтгаантай. Тушаалтайгаа танилцаад ажлын өрөөгөө хүлээлгэн өгсөн. Хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш гарын үсэг бол зураагүй.

-Нийт таван хүн хэвлэлийн хурал хийсэн. Түүнээс М.Адилсайхан болон таныг ажлаас чөлөөлөх тушаал гарсан шүү дээ. Нөгөө гурван эмчид ямар нэгэн хариуцлага тооцсон юм болов уу?

-Одоогоор М.Адилсайхан эмч бид хоёрыг халах тушаал гараад байгаа. Шударга үнэний төлөө нэгдэж шүгэл үлээсэн нөгөө гурван эмчийг маань битгий ажлаас нь чөлөөлөөсэй гэж хүсэж байгаа.

-УНТЭ-ийн зүгээс ажлаас чөлөөлөх үндэслэлээ дурдсан байсан. Хөдөлмөрийн гэрээн дээр тийм заалт байгаа юу?

-Хөдөлмөрийн гэрээнд огт заагаагүй үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх тушаалтай санал нийлэхгүй шүүхэд хандаж хөдөлмөрийн маргаан үүсгэнэ. Энэ салбарт 15 жил ажилласан хүний хувьд харамсалтай байна. Хүнд үндсэн хуулиар олгогдсон үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Дугарсан бүхнийг ажлаас нь халж байгаа нь эмгэнэл.

-Өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн хурлаар та ТУЗ-ын тухай ярьсан. "ТУЗ"-д нийт есөн гишүүн байдаг шүү дээ. Тэдгээр гишүүдийг та ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд байгаа хэрэг үү?

-"ТУЗ"-д нийт есөн гишүүн байдаг. Үүнээс эрүүл мэндийн яамны ТНБД нь ТУЗ-ийн дарга болдог. Энэ нь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй. Мөн Сангийн яам, Даатгалын ерөнхий газраас "ТУЗ"-д орж ажиллах хүмүүсийг сайд баталдаг. Манайхаас орох хүнийг сайд бас баталдаг. Есөн хүнээс зургааг нь сайд томилчихоор хараат бус, ашиг сонирхлын зөрчилгүй байх зэрэг асуудал хөндөгдөнө. Үнэн хэрэгтээ 2020 онд улсын эмнэлгүүдийг төлөөлөн удирдах зөвлөлтэй болгох хууль батлагдсан. Тус хуулиар улс төрийн хамаарлаас эрүүл мэндийн байгууллагыг ангид байлгаж дотооддоо ажилчид нь ТУЗ-өөрөө асуудлаа шийддэг, асуудлаа мэддэг хүн нь шийдэх ёстой гэсэн зарчмаар хууль батлагдсан. Үүнийг би шүүмжилж УНТЭ-гээс "ТУЗ"-д гуравхан хүн оруулдгийг тав болгоод тоог нь тэнцүүлэх хэрэгтэй байна гэж хэлээд ажлаас халагдах дээрээ тулаад байгаа юм. Хэвлэлийн хурлаар үүнийг л ярьсан.

-Та "ТУЗ"-ийн гишүүдийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд байна уу. Гишүүдийн хугацаа 3-6 жил байдаг шүү дээ. Тэд ерөнхий захирлыг томилдог учраас ажлаа та бүхэнд нээлттэй тайлагнаж, танилцуулдаггүй юм уу?

-Би "ТУЗ"-ийн хурлын протокол, санал хураасан гарын үсэг зэргийг шаардахаар огт танилцуулдаггүй. Хэлэлцэх асуудлын дараалал гишүүдийн ирц гэх мэт зүйлсийг огт нээлттэй ил болгодоггүй. Ажлаа өгчихсөн хугацаа нь дууссан гишүүд одоо хүртэл байгаа нь хуульд нийцэхгүй. Үүнийг л тодруулж асуусан. "ТУЗ" хууль ёсных байж гаргасан шийдвэр нь хуулийн дагуу хүчин төгөлдөр болно. Гэтэл энэ мэт эргэлцээтэй олон асуудал байгаа учраас "ТУЗ"-ийн шийдвэрийг дагах эсэхээ шийдмээр байна гэдэг агуулгыг хэвлэлийн хурлын үеэр ярьсан. Бүх эмнэлгийг "ТУЗ"-тэй болгоно гэж ярьж байгаа нь зөв.

-Гэхдээ улс төрийн хамаарал бүхий байхаас зайлсхийж хараат бус байж тухайн эмнэлгийг ажилчид өөрсдийнхөө даргыг сонгодог байх нь л "ТУЗ"-ын гол давуу тал юм. Бусдаар нэг даргын намын, улс төрийн хүрээний хүн ирээд "ТУЗ"-д орчихдог зүйл байж болохгүй.

-Ардчилал яриад 30 гаруй жил болж байхад сайд солигдохоор, дарга солигддог мехназим байсаар л-

-"ТУЗ"-ийн асуудлаас болоод дарга солигддог. Дарга солигдохоор эмнэлгийн үйл ажиллагаа доголдог байх нь?

-Даргын асуудлаас болоод үнэхээр эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдаж байна. Үүн дээр яаралтай арга хэмжээ авах талаар нэг даргад танилцуулаад ажил эхэлж байтал ажлаас нь чөлөөлчихдөг. Өөр дарга ирдэг учраас шинэ даргадаа өмнөх ажлаа танилцуулахаар үгүйсгэдэг. Улсын нэгдүгээр эмнэлэг сар хүрэхгүй хугацаанд дөрвөн өөр даргын нүүр үзэж байгаа юм. Ийм байхаар ажил тогтвортой явах боломжгүй л дээ. Иргэд эрүүл мэндээрээ хохирох боломжтой. Учир нь УНТЭ-ийн дарга төсөв, худалдан авалтын төлөвлөгөө, тендер зэргийг зохион байгуулж баталдаг. Гэтэл дарга нь долоо хоноод солигдоод байхаар иргэдэд очих тоног төхөөрөмж, үйлчилгээ сараас хойшилж байна гэсэн үг.

-Эрүүл мэндийн сайд солигдсоноор танай эмнэлэгт асуудал үүсээд байгаа гэж харсан?

-Ардчилал гараад 30 гаруй жил болж байхад сайд солигдохоор бусад дарга нар солигддог мехназим байсаар л байна. Угтаа эрүүл мэндийн салбар бол улс төрөөс хол, ангид байх ёстой салбар. Тиймээс 2020 оны хуулийн өөрчлөлтөөр "ТУЗ"-төй болгосон юм. "ТУЗ"-д салбараа мэддэг, мэргэжлийн эмч нар орж өөрсдөө улс төрөөс хараат бус асуудлаа шийддэг байх үүднээс энэ хууль батлагдсан байх. Гэтэл өнөөдөр энэ хууль огт хэрэгжихгүй байгаад залуу хүний хувьд харамсаж байна. Ядахнаа эмнэлгийн төлөөллийг тав болгох юм бол асуулдал арай дээрдэнэ. Эмч нарын санал тав болж илүү болсноор өнөөх хуулийн үзэл санаа сэргэж эмч нар өөрсдөө дотоод үйл ажиллагаагаа хянаж шийддэг болно.

-Тэгэхээр хуулиа зөв хэрэглэх хэрэгтэй байх нь?

-Хуулийн үзэл санаа, мөн чанарыг зөв ашиглахгүй бол буруутдаг тал байдаг юм байна. Үүнийг бусад "ТУЗ"-тэй эмнэлгүүдэд анхааруулж шүгэл үлээсэн. Хуулийг буруугаар ашиглаж ганц хүний эрхшээлд орж, эмч нар яаж ч чадахгүй байдалд орж хүчгүйддэг гэдгийг харлаа. Тухайн эмнэлгийн дарга солигдох асуудлыг улс төрийг хамаарал бүхий этгээдүүд бус салбарын эмч нар нь шийдэх зөв тогтолцоог хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэдгийг илэрхийлээд байгаа.

-Салбарын яамнаасаа хэт их тусгаарлаж болохгүй байх. Төсвийг ерөнхийлөн захирагчийн хувьд сайд эмнэлгүүдийн төсвийг баталдаг шүү дээ?

-Эрүүл мэндийн яамнаас төсвийн дээд хязгаарыг тогтоож өгдөг. Үүнийг "ТУЗ" хэрхэн яаж зарцуулж, ашиглахыг шийдэх учиртай. Гэтэл "ТУЗ" биш яам шууд хуваарилж өгөөд байгаа. Эмнэлгийн дотоод асуудлыг мэдэхгүй яамныхан яаж төсөв оновчтой хуваарилах вий дээ. Өнөөдөр манай эмнэлэгт "ТУЗ" ямар ч хүчгүй 100 хувь яамны мэдэлд орчхоод байгаа юм. Үүнийг л засах хэрэгтэй байна гэж дуугараад байгаа.

-Яам төсвөө хэр үр дүнтэй зөв хуваарлиж байна?

-Өнгөрсөн онд эрүүл мэндийн яам манай цалинг бодохдоо 700 ажилтнаар бодож төсөвлөсөн. Гэтэл манайх 910 ажилтантай байсан. Үлдсэн хүмүүсийн цалинг тасалдуулалгүй тавихын тулд засвар үйлчилгээ болон бусад зардлуудаа танах шаардлагатай болсон. Уг асуудлыг удаа дараа яаманд хэлсэн ч манай ажилчдыг 797 хүнээр баталсан. Энэ мэт тодорхойгүй асуудлууд олон үүсдэг.

-Уг асуудал ойрын хугацаанд шийдэгдэхгүй бол иргэдэд хор хөнөөлтэй байх?

-Тогтвортой эмнэлгийн туслам үйлчилгээ алдагдана гэсэн үг. Ер бол эрүүл мэндийн системийн удирдлагууд тогтвортой байвал чанартай, аюулгүй төдий чинээ тогтвортой байна гэсэн үг. Олон улсад наанадаж эрүүл мэндийн салбарын удирдлагууд нь дөрвөөс дээш жил ажилладаг.

-УНТЭ бол манай эрүүл мэндийн салбарын чухал эмнэлгүүдийн нэг. Нэлээд ачаа үүрдэг газар. Энэ газрын дарга тогтворгүй байгаа нь олон талын сөрөг талтай?

-Манай эмнэлэгт бүх төрлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг дөрөвдүгээр цахилгаан станц гэсэн үг. Жилд 20,000 гаруй мэс засал, өдөрт амбулаториор 1,000 иргэнд үйлчилдэг том байгууллага. Эрүүл мэндийн даатгалын сангийн 40 орчим хувийг лавлагаа шатлалын эмнэлгүүд авдаг. Үүний дийлэнх хувь нэгдүгээр эмнэлэгт ирдэг.

-Шүгэл үлээсэн биш цаашдаа энэ салбарт ажиллах эсэх минь эргэлзээтэй болж байх шиг байна. Гэхдээ ТНБД нь өөрийнхөө удирддаг газрын "ТУЗ"-д даргаар сууж болдоггүй жишгийг харж байна. Зөвхөн манай салбар биш өөр олон салбарт ийм зүйл битгий гараасай гэж боддог.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манай системд дуугарсан хүнийг буруутгадаг харин алдаа гаргасан дарга нарт хариуцлага тооцдоггүй

Зочин
Зочин

Энэ бол зүгээр нэг эмчийн асуудал биш эрүүл мэндийн системийн асуудал харагдаж байна Дарга долоо хоногт хэд хэд солигддог газар ямар ч байгууллага тогтвортой ажиллах боломжгүй шүү дээ

Зочин
Зочин

Үнэн үг хэлсэн хүн ажлаасаа халагддаг бол энэ салбар улам дордоно Эмч нар дуугарахгүй бол иргэд л хохирно

Зочин
Зочин

Манай улсад нэг сайд солигдоход доорхи бүх дарга нар солигддог тогтолцоо хэвээр байгаа нь л асуудлын үндэс байх

Зочин
Зочин

910 хүн ажиллаж байхад 700 хүнээр төсөв бодно гэдэг үнэхээр ойлгомжгүй юм Ийм байхад эмнэлэг яаж хэвийн ажиллах вэ

Зочин
Зочин

Эмнэлгийн асуудлыг эмч нар өөрсдөө ярьж болохгүй бол хэн ярьж шийдүүлэх юм бэ

Зочин
Зочин

Ene bol neg hunii ajliin asuudal bish eruul mendiin salbariin togtoltsoony tom aldaa haragdaj bn

Зочин
Зочин

Daraga doloo honogt heden udaa soligdono gedeg bol baiguullagiin ajiliig shuud zogsooh hemjeenii asuudal

Зочин
Зочин

Emch nar duugarch bolohgui bol hen ene systemiin aldaag il gargah yum be

Зочин
Зочин

910 hun ajillaj baigaa emnelegt 700 hunii tsalin bodoj tusuv gargana gedeg uneheer oilgomjgui

Зочин
Зочин

Shugel uleesen hunii ajliig avdag bol daraa daraagiin humuus bugd chimeegui bolno

Зочин
Зочин

Eruul mendiin salbar uls turiin tomilgoogoor ajillahaar iim l baidal uusdeg baih

Зочин
Зочин

TUZ ni haraat bus baih yostoi gej yaridag ch bodit baidal deer said tomilood l baidag

Зочин
Зочин

Daraga soligdoh burd ajil shineesee ehleh bolhoor emnelegt ih hundrel uusdeg baih

Зочин
Зочин

Хэвлэлийн хурал хийсэн нь буруу биш асуудлыг ил тод болгосон гэж харж байна

Зочин
Зочин

Эмнэлгийн төсөв бодит байдлаас ингэж зөрдөг нь маш аюултай зүйл

Зочин
Зочин

ТУЗ үнэхээр хараат бус ажиллахгүй бол хуулийн утга алдагдана

Зочин
Зочин

Дарга нар солигдох бүрт тендер төсөв гацдаг гэдэг бол үнэн

Зочин
Зочин

Эмнэлгийн тогтвортой байдал хамгийн чухал зүйл

Зочин
Зочин

Эмч нарын дуу хоолойг сонсохгүй бол салбар улам дордоно

Зочин
Зочин

Энэ асуудлыг зөвхөн нэг эмчийн маргаан гэж харахгүй системийн асуудал гэж харах хэрэгтэй

Зочин.
Зочин.

Зөв юм хэлж.

Уншиг
Уншиг

Анхтуяа гэгч нь сайд дарга нарт бялдууч албан тушаалд дуртай нэгэн байх нь эмч хийж үзсэн хүн боловуу

Уншигч
Уншигч

Онцгой салбаруудын асуудал одоогийн ЗГ улс төрийн бодлого, тогтолцоотой холбоотой харагддаг. ТУЗ-ын бүрэлдэхүүнээс их хамааралтай. Ялангуяа түүний дарга, нол шийдвэр гаргахад нөлөө үзүүлэх бүрэлдэхүүний тоотой холбоотой асуудал. Энэ нөхдүүд гол шийдвэр гаргадаг төсвөөс нь ажилласан болон урамшуулалд мөнгө авдаг нь ашиг сонирхлын зөрчилд гол нөлөө үзүүлдэг харагддаг. Энд нэр дэвшигчийг эмнэлгийн үндсэн нол алба нэгжийн ажилтнуудаас нууцаар саналыг авч сонгон шалгаруулалттай томилдог болгох нь зүйтэй. ТНБД шууд дарга болдог бол хамгийн буруу. Энэ хяналтын тогтолцоо алдагдах гол асуудал гэж харж бн.

Иргэн
Иргэн

Эмнэлэг ТУЗ-тэй байх талаарх заалт 2020 оноос ч өмнө байсан асуудал л даа. 20 оноос энэ заалтыг хэрэгжүүлэх ажил идэвхжсэн байх. Энэ эмч өөрөө хуулиа сайн уншиж үзсэн болов уу. Хуулиар бол ТУЗ-д өмчлөгч буюу төрийг төлөөлсөн 3 хүн, ажиллагсдыг төлөөлсөн 3 хүн, олон нийтийг төлөөлсөн 3 хүн бна гэсэн байдаг. Тэгэхэд 5 хүн ажиллагсдаас оруулнаа гээд зүтгээд байдаг нь ямар учиртай юм бэ. Ер нь бол ажиллагсад бол эмнэлгийн удирдлага сонгоно гэдэг тийм ч оновчтой хувилбар биш.

Зочин
Зочин

Дэд захирлууд сайн байнашдээ, эмнэлгийнхээ төлөө гарч ирж чадаж байна. Зоригтой шударга. Ийм л залуучууд хэрэгтэй байна. Чимээгүй хувиа бодоод суухгүй.Аль ч эмнэлгийн Захиралыг ЭМЯ эсвэл ТУЗ шийдээд байвал чадвартай хүн гарах уу.

Холбоотой мэдээ

Back to top button