Top StoriesУлс төрийн ярилцлага

Т.Ганболд: Нийгмийг улам л ядуу болгож ахуйгаар нь барьцаалаад дарангуйлал руу л яваад байна

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга асан. 2020 онд УИХ-д бие даан нэр дэвшиж байсан Т.Ганболдтой ярилцлаа.

-Та найруулагч М.Батболдын найруулж буй “Хориотой” тайзны жүжигт намын даргын дүр бүтээж буй. Анх саналыг хэрхэн хүлээж авав?

-Яагаад М.Батболд надад ийм санал тавих бодол төрснийг мэдэхгүй юм. Энэ бямба гарагт нээлтээ хийх “Хориотой” жүжгийг эх зохиолоос нь бага зэрэг буюу одоогийн нийгмийн байдлыг илүү харуулахын тулд өөрчилсөн юм билээ. Сэтгүүлч Ц.Балдоржийн зохиол болохоор анх зохиолыг нь уншиж үзье гэж бодсон. Түүнээс дүр бүтээх саналаас нь эхлээд шууд татгалзсан. Яагаад гэхээр өмнө нь хэзээ ч урлагийн ямарваа нэг тайзан дээр, тэр байтугай оюутан байхдаа урлагийн үзлэгт ч орж үзээгүй хүн би. Гэхдээ зохиолыг уншаад тоглохыг зөвшөөрсөн. Яг энэ цаг үед ийм зохиолоор М.Батболд жүжиг тавьж буй нь ч таалагдсан. Олон нийт өөрсдийнхөө одоогийн нийгмийн дүр төрхийг эндээс олж харах ёстой.

Өнөөдөр нийгэмд ичгүүр сонжуургүйгээр улс төрийн албан тушаалын төлөө өрсөлдөхдөө, ард түмэндээ хайртай болж жүжиглэсэн цаг үе болчихоод байна. Эцсийн зорилго нь ерөөсөө л эд хөрөнгөтэй болж, эрх мэдлээ алдахгүй удаан хугацаанд барихын тулд л тэмцэлдэж буй юм. Бид энэ бүхнийг нь хараад л байхаас ямар ч арга хэмжээ авч чадахаа больчихсон. Яах вэ, маш цөөхөн тохиолдолд л ял шийтгэл авдаг ч өршөөгдөөд эргээд улс төрдөө ороод ирдэг жишээтэй. Ийм байдлуудыг бид амьдрал дээр харсаар байгааг “Хориотой” жүжиг яг бодитоор, байгаа чигээр нь харуулах гэж байгаа учраас би энэ жүжигт тоглохыг зөвшөөрсөн гэх үү дээ.

-Гэхдээ таны шүүмжилдэг улс төр, тэр дотроо намын даргын дүр гэхээр хувь Т.Ганболд энэ дүртэйгээ зөрчилдсөн үү, үгүй юу?

-Намын даргын дүр бол энэ жүжгийн гол сөрөг дүр. Мэдээж зөрчилдөөнтэй. Улс төр нийгмээ яаж өөрчилж, гажуудуулж байгааг, түүн дотроо эцэг эх энэ нийгмийн өөрчлөлтөд хүүхдэдээ ямар үлгэр дууриал үзүүлж буй болон буцаагаад нийгэм түүнийг нь яаж сошиалаар шүүж байгаа гээд бидний туулж л байгаа өнөөдрийг ерөнхийдөө энэ жүжиг харуулна. Жишээ нь сошиалаар аливааг, хүнийг шүүмжлэхдээ тухайн асуудлаас нь тэс өөр сэдэв агуулгаар дайрч, давшилж, тролддог. Гэтэл дээгүүрээ буюу цаана нь огт өөр улс төр өрнөж байхад тогтолцооных нь золиос болж байгаа хүмүүс наана нь нэгнийгээ доромжлоод, харлуулаад намаг, ялзралдаа амьдарч байна. Тэгэхээр цаг гаруйн хугацаанд хүмүүс, олон нийт нийгмийн энэ төрхийг үзэж, харж тодорхой хэмжээгээр ойлгож, бодох цаг мөчийг М.Батболд жүжгээрээ ойлгуулахыг хүссэн байх. Европын сэргэн мандалтын цаг үед ч, өрнийн мандаж гарч байсан тэр үед ч урлаг өөрийн үүргийг сайн гүйцэтгэж чаддаг байсан юм шүү. Урлаг өөрөө нийгмийн сэтгэл зүйд сайн төлөвшлийг бий болгож, түүгээрээ нийгэм өөрөө хөгждөг. Улс төрчид ч эндээс мессеж авдаг.

-М.Батболд найруулагч сүүлд Жорж Оруэллийн “1984” романыг өнөөгийн монголын нийгмийн байдал руу илүү ойртуулсан постдрамын жүжигтээ таны хэлээд байгаа үнэнтэй нүүрэлдүүлэхийг хүссэн нь харагдсан. Найруулагчийнх нь юунд та итгэв?

 -М.Батболд өвөрмөц найруулагч. Орчин үелэг, постдрам жүжгүүдийнх нь тавилтууд, үзэгчдэд хүргэх арга нь их өөр. Энэ өнцгөөсөө жүжгээ ямар байлгах дээр найруулагчийн хувьд дандаа сонирхолтой шийдэл гаргадаг. Дүрүүдээ ч гэсэн яг тийм арга барилаар сонгосон байх. Дандаа мэргэжлийн мундаг жүжигчдийн дунд ажиллаж үзэх таалагдсан. Чирэгдээд л тоглолоо.

-Т.Ганболд жүжгийн тайзан дээр гарчээ гэхээр таныг улс төрд бас эргэн ирэх гэж байна гэж бас харах л байх?

-Би яг үнэндээ улс төрд байгаагүй шүү дээ. Би улс төрд нэг ч удаа байгаагүй.

-Та МАН, ХҮН....?

-/Яриа таслав/ Би намын гишүүн гэдэг утгаараа байж үзсэн болохоос биш улс төрч, улс төрийн албан тушаалтан байж үзээгүй. Ганц удаа улс төрийн сонгуульд 2020 онд оролцож байсан. Энэ гэхдээ ямар ч биелэгдэшгүй зүйл байсан ч гэсэн бие даагчийн байр сууринаас олон бие даагч нар хамтарч платформ үүсгэж, нийгэмд шинэлэг феномен үүсгэх гэж оролдсон. Мэдээж амжилтад хүрээгүй. Гэхдээ амжилтад хүрэх, хүрэхгүйн тухай ойлголт бол их өөр зүйл л дээ.

Нийгэмд тодорхой мессеж өгөхийг л хүссэн. Угаасаа амжилтад хүрэхгүй юм чинь, үнэхээр дийлэхгүй юм чинь гээд аливаа юмыг хаядаг, бууж өгдөг, ухардаг байж болохгүй л дээ. Амжилтад хүрэхгүй байсан ч гэсэн дуугардаг, сайн сайхан гэж бодсон зүйлийнхээ төлөө тэмцдэг байх ёстой. Эрх мэдэлтнүүдийн өмнө бууж өгдөг байх ёсгүй. Шүүмжилдэг байж л нийгэм тодорхой хөгжилд хүрдэг. Нийгэм боддог, ухаардаг байх ёстой. Улс орон гэдэг нийгэм өөрөө юм. Нийгмийн харах хандлага, оюун санаа гэдэг маш чухал зүйл шүү.

-Тухайн үед аль нэг намаас нэр дэвших санал ирсэн үү. Эсвэл ирээгүй учраас бие даагаад үзье гэж шийдсэн үү?

-Тухайн үед надад эрх баригч болон өөр зарим нэг намаас нэр дэвших санал ирж л байсан. Дэвших боломж нь ч байсан. Гэхдээ эрх баригч намын ч юм уу нэг эд эс, эрэг шураг нь болоод явах хялбархан байх л даа. Нэг сайд дарга болох албан тушаал авах нь хүний туйлын зорилго ч биш л дээ. Нийгмийн сэтгэл зүйд бид эрх чөлөөтэй сонголттой, үзэл бодол нь ч мөн эрх чөлөөтэй гэдгийг л ойлгуулах гэж оролцож, тодорхой мессеж өгөх л бодолтой байсан.

-Магадгүй та тухайн үед аль нэг намаас ч юмуу нэр дэвшээд гарчихсан бол өнөөдрийн улс төрд байгаа Т.Ганболд тэгвэл ямар байх байсан гэж харж байна?

-Өөрийнхөө чадах хэмжээнд л ажиллаж байх байсан. Болохгүй, бүтэхгүйг нь шүүмжлээд л явж байгаа. Түүнээс ахуй амьдралаа өөд татах гэсэн, байгаа юмаа улам өсгөх гэсэн хүсэл бол байхгүй байсан. Хүмүүс бүгдийг л хавтгайруулж, ижилсүүлж бодох гэдэг л дээ. Хүн өөрөө өөртөө ямар үзэл санаатай байхаас их зүйл шалтгаална. Бизнессмэн гэхээрээ улс төрд ороод зөвхөн мөнгө боддог гэж хардаг.

Гэхдээ нийгмийн суурийг гол суурийг юу бүтээ байгааг олж харж чаддаг тал бий шүү. Олон хүн л бизнессмэн улс төрд орохоороо ийм тийм болно гэж ярьдаг. Магадгүй олон нийт хууртсаар байгаад залхаж, шантарсных биз. Гэхдээ үнэхээр өөрсдийнх нь бодож байгаа шиг үү үгүй юу гэдгийг цаг хугацаа л харуулна. Би дөнгөж бизнес эхэлж байгаа 20,30 настай залуу биш. Миний туулж өнгөрүүлсэн бүх цаг хугацаа намайг хэн бэ гэдгийг харуулсан байлгүй дээ. Надад хуйвалдаан луйварт орж, нийтийн боломж бололцоог хувьдаа авсан тийм намтар байхгүй.

-Одоо та улс төрийг гаднаас нь харж байна. Засгийн газар солигдлоо. Энэ өөрчлөлтүүд нь жинхэнэ өөрчлөлт шиг харагдаж байх юм уу?

-Улсын төсөв их томорчээ. Нийгмийн анхаарал, хяналтгүй, хүлцэнгүй байдлаас үүдээд нийтийн баялаг боломжийг нийтийн төлөө үйлчилнэ гэж очсон эрхмүүд хувьдаа, хуйвалдаанаар хэсэг бүлгээр хүртдэг нөхцөл байдал бий болчихсон. Тэр эрх мэдлийн төлөөх тулаан улс төрд сүүлийн 25 жил идэвхтэй өрнөж байна. Улам л хурцдаж, нэмэгдэж байгаа нь нэгнийгээ их сайн илчилж байна. Гэтэл идэж, уудаг мөнгөнийх нь хэмжээ эрх мэдлээ дагаад ямар хурдтай өсөж байна. 10, 20 саяын авлига л саяхан яригдаж байсан бол өнөөдөр 10, 20 тэрбум багадаж бүр их наядаар ярьдаг болж. Ийм хэмжээнд эрх мэдлийн боломжийг олж авсан байх нь. Тэгэхээр үүнийхээ төлөө нам харгалзахгүйгээр, сөргөлдөгч намууд байна уу, нэг нам байна уу хамаагүй тэмцэлдэж, үзэлцэж, байр сууриа булаацалдаж байгаа нь харагдаж байна.

Яагаад ингэж сөрөг талаас нь харав гэхээр бид эерэг талаас нь харсан цаг хугацаа хангалттай бий. Амласан, нийгмийн горьдож хүлээсэн юу ч хийгдсэнгүй. Мөрийн хөтөлбөр гэж цаас бий. Сонгуулийн сурталчилгааны үеэр амаараа ч ярьдаг. Эрх мэдэлд л хүрчихвэл хийнэ гэсэн тэр зүйлс нь хаа байна. Бодит байдал дээр үнэ өсөж, эмч багш нарынх нь цалин доогуур. Ерөөсөө л байгаа нөхцөл байдлаа харвал яг юу хийсэн нь харагдаж л байгаа байх.

-Эрх баригч нам ямар байхыг сөрөг хүчин мэднэ. Бид өнөөдөр тийм хэмжээний цензурыг уг нь Ардчилсан нам болоод улс төрийн намуудад тавьж буй ?

-Явцгүй, алсын хараагүй бодол бидэнд бас байгаад л байдаг. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэдэг сэтгэлгээгээр манай жижиг намууд хэт өөдрөг бус үзлээр асуудалд хандаж байгаа харагддаг. Угаасаа жижиг нам юм чинь том намтай нь тохиролцож, хаяавчинд нь эвтэйхэн баяж байя гэдэг хандлага. Сөрөг хүчин байж, эрх баригч намаа хянаж, залруулж явъя гэдэг үзэл баримтлал ч алга.

Олон нийт сонгуулиар дүн тавиад, чи эрх барь, чи сөрөг хүчин бол гээд шийдчихсэн байхад хамтарч байна гэдэг эрх мэдлийн төлөө л хийж байгаа үйлдэл. Улс орондоо хайртай байсан бол сөрөг хүчнээ л хийх байсан. Гэтэл эрх мэдэлд хүрсэн эрх баригчийнх нь үйл ажиллагааг хянаж, ташуур нь болж явах ёстой. Дэлхийн улс төрийн онол практик нь ч ийм л байж ирсэн.

-Та сая сонголт гээд ярилаа. Ард түмэн 126 гишүүнтэй, олон намын төлөөлөлтэй парламентыг бүрдүүлэхийг сонгосон. Энэ улс төрд шинэ үзэгдэл биш үү?

-Улс төрийн намууд, энэ намуудад байгаа улс төрчид нь өөрсдөө бас төлөвшөөгүй байгаа үед парламентын гишүүдийн тоо нэмэгдэнэ гэдэг хэдийгээр эрх мэдлийг сааруулж байгаа гэж эерэгээр тайлбарладаг ч сөрөг тал нь эмх замбараагүйтэл, төсвийн зардлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг данхайлгасан нөхцөл гэж л харагддаг. Гэхдээ өнөөдрийн 126 гишүүнтэй парламент ямар байсан нь одоо биш хоёр жилийн дараа буюу УИХ-ын сонгуулиар л дүнгээ тавина. Үнэхээр энэ парламент 126 гишүүнтэй байх нь зохистой юм байна. Зөв бодлого шийдвэр гаргасан байна гэвэл иргэд олон нийт дүнгээ тэр үеэр л тавих юм. Гэхдээ та гараад хүмүүсээс асуувал эхний таарсан хүн л хариулах байх. Улс төрийн үүрэг хариуцлагаа ойлгоогүй, хуваагдаж гүйдэг, Үндсэн хуулиа ч ойлгодог юм уу үгүй юм уу гэмээр гишүүд байгааг хэлэх л байх.

Миний хувьд бол 126 гишүүн гэдэг цаг үеэ олоогүй. Магадгүй энэ нь улс төрийн намууд сонголтгүй сонгууль санал болгож байгаатай ч холбоотой. Нийгмийн цензурээр сайн орж чадаагүй гэж хардаг. Нөгөөх л улиг болсон хүмүүс нь санаатайгаар асар их ядууруулсан нийгмийнхээ нэг хэсэг дээр очоод өлссөн ходоодонд нь багахан халамж, бэлэн мөнгө өгч саналыг нь авч эрх мэдэлд хүрч байна шүү дээ. Хөдөө орон нутагт иргэд миний хүүг, миний дүүг энэ нам, энэ гишүүн сургуульд явуулчих байх, нэг халамж олгочих байх, систем сүлжээгээрээ ажил олдчих байх гэдэг ийм тогтолцоо руу оруулчихсан. Атал энэ бүх мөнгийг татварыг гол бүрдүүлж байгаа, ажлын байр бий болгодог өнөөх муу нэртэй бизнесийн салбар нь бий болгодог. Төсвийг бүрдүүлэгчид. Энэ төсвийг нь янз янзын буруу зөв нэрийдлээр сонгуулиар ил далд ашигладаг. Ингэж асгаж үрчихээд тайлан дээрээ 10,20 дахин бага байдлаар гаргачихдаг. Далд хэлбэрээр маш их зардал гаргачихсан учраас өнөөх л багш, эмч нарын цалинг нэмэгдүүлье гэхээр өрийн тааз нь тулчихсан юм чинь инфляц өсөх гээд байдаг. Ингээд аргагүйн эрхэнд Сангийн яам нь тайлбарладаг. Цалин нэмбэл инфляц өснө гэж ирээд л. Яагаад гэхээр нууцаар, хулгайгаар сонгуульд аль хэдийнээ өндөр зардал гаргачихсан, эрх мэдэлд байгаа улсууд чинь хувьдаа хүртчихсэн юм чинь.

-126 гишүүнтэй парламент хараахан төлөвшөөгүй, цаг үеэ олоогүй гэж та сая хэллээ. 76 гишүүнтэй байх үед хангалттай төлөвшсөн байсан гэж үү. Тэр төлөвших цаг хугацаа ирнэ гэж хүлээх ёстой юу, бий болгох ёстой юу?

-Бид үнэндээ их хаширч. Туршилтын туулай болно гэдэг шиг л амьдарцгааж байна. АН нь илүү хайрлах гээд байгаа юм болов уу, МАН нь илүү хайрлах гээд байгаа юм болов уу, булчинтай нөхөр нь илүү хайрлах гээд байгаа юм болов уу гээд янз янзаар л хууртаж үзлээ. Яг бодитойгоор харвал хэн ч ийм биш. Энэ 35 жилд юу ч хэрэгжсэнгүй. Бид зүгээр л сонгож байгаа хүнээ маш сайн анхаарах хэрэгтэй л байна. Сонгочихсон бидний буруу болох гээд байдаг. Сонгосныхоо дараа аливаа хүнийг эвдэхгүйн тулд хяналтаа сайн тавиад иргэний нийгмийн оролцоогоо нэмэгдүүлэх л хэрэгтэй.Ингэж байж л нийгэм өөрөө зөв явна. Гэтэл сайн хүн байх гээд сохроор сонгоод зоргоор нь тавьчихаар ихэнхдээ эрх мэдэлд очоод гажуудаад, үзэл санаа нь ч өөрчлөгдөөд, төлөвшөөгүй зан авир нь хувирч байна.

Үндсэндээ, өнгөрсөн 8,9 сонгуулийн дараа ахуй амьдралаар нь манипуляц хийх хэмжээнд тийм асар ядуу, хямдхан болгож байна. Хэвлэл мэдээллийн салбарынхан ч гэсэн цалингаа тавихын эрхэнд мөнгөтэй хүнтэй нь гэрээ хийдэг. Тэр мөнгө нь хэнд байгаа юм гээд харахаар улс төрийн эрх мэдэлтнүүдэд л байдаг. Энэ бүгдийг ерөнхийд нь харвал нийгмийг улам л ядуу болгож ахуйгаар чинь барьцаалж байгаа юм. Нөгөө талд энэ бүгдийн эсрэг тэмцэж чадахгүй, улам хаалттай, дарангуйллын нийгэм рүү л яваад байна гэсэн үг.

Зургийг: О.Улсболд

-Парламентын засаглал гээд ярихаар л сүүдэр мэт ерөнхийлөгчийн засаглал гэдэг ойлголт урвуу хамааралтайгаар хөндөгдөөд эхэлдэг. Гэтэл ардчилсан улсад ийм ойлголт ухралт биш гэж үү?

-Нэг хүний засаглалын сайн жишээнүүд бий. Гэхдээ ихэнхдээ муу жишээнүүд нь олон. Тухайн хүн нь хэр төлөвшсөн. Үзэл санаандаа үнэнч байхаас бас хамаарах л байх. Өнөөдрийн монголын улс төрд яг энэ л хүн монголыг орь ганцаараа удирдаад хөгжчихнө гэх хувь нэг ч улс төрч харагдахгүй байна. Бүр нэг ширхэг ч алга. Өнгөрснөөс өнөөдрийг хүртэлх энэ цаг хугацаанд ямар ч улс төрч алга л гэж хэлье. Авлигын индекс бид 114-р байраас 124 руу ухарлаа гэдэг мэдээг харахад л ингэтлээ л манай улс дампуурчихсан байна гэсэн үг. Ингэж дампуурч байхад ямар олон гавьяат хуульч гарч, ямар олон алдар суутнууд шагнагдав аа. Бид ерөөсөө л нэг парадокс дотор л амьдраад байна.

Ард иргэдийн амьдрал дордоод байхад эрх мэдэлтнүүд нь улам баяжаад л байх юм. Нэг хэсэг нь бүр харь гараг дээр амьдарч байгаа аятай монголчууд сайхан л амьдарч байгаа шүү дээ гэдэг. Яагаад ийм байна гэхээр өнөөх эрх мэдэлтнүүдийгээ вакумжуулж, будилуулж хуурч байна л даа.Ард иргэдийн амьдрал ямар байгааг мэдье гээд бодвол баяр наадмаар ч юм уу нэг танддаг л байх. Тэгсэн бид чинь бүгд торго дурданд биеэ ороочихсон, бялхтал баярлаад л, дэлгүүрийн лангууг хоослоод л, том том ууц тавиад л хэдэн таваг идээ засаад л байгааг нь харчихдаг. Тэгмэгцээ ард иргэдийн амьдрал болоод байна л гэж ойлгодог юм шиг байгаа юм. Нөгөө тойрон хүрээлэгсэд нь эрх мэдэлтнүүд дээрээ очихоороо үйлдвэр сайн ажиллаж байна, бүх юм болж байна. Манай нэг ийм хүнд гавьяат өгөөч гэж яриад л, хууль хяналтын байгууллагынхан нь гэмт хэрэг зөрчил буурч байна гэх зэргээр вакумжуулдаг.

-Уг нь улс төрийн энэ хэт вакумжсаныг задлаж "агаар сэлгэх" гэж л УИХ-ын сонгуульд ХҮН нам болоод бусад намуудын төлөөллийг олон нийт сонгосон шүү дээ?

-Зүгээр л улс төрийн карьер талаас нь харвал ХҮН нам бол амжилттай яваа. Цоо шинэ, их богинохон хугацаанд парламентад олон суудал авч, Засгийн газарт оролцоотой байна. Энэ сайн карьер мөн үү, мөн. Гэхдээ нийгмийн карьер гэдэг утгаар нь харвал анх гарч ирж байсан нийгмийн дэмжлэг нь өнөөдөр унтарчихсан. Том намын дайвар хэлбэрээр явж байна даа.

Бидний хүлээж байснаар манлайлаад гараад ирэх болов уу гэдэг нь унтраад нөгөө системийнхээ эрэг шураг болчихсон байна даа гэдэг нүдээр л харж байгаа байх. Үр дүн нь цаг хугацааны явцад мэдээж харагдана. Би ч бас сонгогчийн нүдээр харахад шинэ манлайлагч нам гарч ирж байна гэж л харж байсан.

-Бидний шинийг, өөрчлөлтийг хүсэх хүлээлт хаана очиж бүдрээд байгаа юм бол?

-Нэг талаараа нийгэм их хашир болж байна даа гэж эерүүлж бодох юм. Гэхдээ л бидний энэ хүлээлт сонгууль болгон дээр л бүдэрч байна. Үнэхээр сайн хүн олчихлоо, үүнийг л сонгоё гэдэг эрмэлзлэлээр сонгогдоод байгаа хүн алга байна. Магадгүй бидний улам хашир болж байгаа нь дараа дараагийн сонгуульд үр дүнгээ өгч, илүү хэрсүү байна гэж найдъя.

Тэмцэгч, эх оронч нэрийдлээр баялаг бүтээж, татвар төлөгч байхын оронд ордонд хулгай хийж болж байгаа юм чинь адилхан улс төр яриад гудамжнаас хулгай хийж, баяжиж болох юм байна гэдэг арга хэлбэр гараад ирчихлээ. Энэ бол нийгэм улам гажуудаж буйн хэлбэр. Улс төр яаж бохирдож байгаагийн хэлбэр.

-Улс төрд ороогүй Т.Ганболдын нүдээр, өөрөөр хэлбэл бизнес эрхэлж татвар төлдөг статусаас харвал төрийн бодлого танд жишээ нь хүрч байна уу. Заавал улс төрд орохгүйгээр бизнесээ эрхлээд явахад болохоор нийгэм гэж та хардаг уу?

-Би энгийн л жишээ хэлье. Чи жишээ нь зовж , хичээж ажиллаад сэтгэл шингээж олсон мөнгөө хүүхдэдээ, ахдаа, эгчдээ ч юмуу өглөө. Гэтэл тэр мөнгөөр чинь хэрэгцээгүй юм авчихдаг. Эсвэл мөрийтэй тоглоод архи уучихдаг юм уу. Хэрвээ тэгвэл чамд хайран, чи бухимдана. Яг үүнтэй л адилхан. Би насанд хүрснээсээ авхуулаад арилжаа, наймаа, бизнес хийж, барилга, уул уурхайн салбарт гээд зөндөө л ажиллаж, олон ажлын байр бий болгоод бүх хэлбэрээр татвар төлж улсын төсвийг бүрдүүлэлцэж ирсэн. ХАОАТ, Гаалийн татвар, НӨАТ, НДШ, АМНАТ, нийслэлийн татвар гээд ямар л нэр томьёотой байна тэр бүх татварыг төлж байна. Энэ бүх татварын цаана улс төсөв гэж нэг зүйл бүрдээд үүнийг захиран зарцуулах эрх мэдлийн төлөөх тэмцэл л яваад байгааг бид "улс төр" гээд нэрлэчихэж байгаа юм. Зөв оновчтой, үр ашигтай зүйлсийг улсын төсвөөр хийж байвал хоёулаа өнөөдөр энд ингээд ярилцаад суух шаардлага ч байхгүй.

Миний очиж үзсэн улс орнууд шиг гудамжаар нь алхсан ч, энд тэнд суусан ч тавтай тухтай. Иргэдийнх нь ашиг орлого өндөр, үйлдвэрлэл эрхэлсэн ч урамтай байх байсан. Гэтэл огт тийм биш байна. Төсвийн хөрөнгийг хамгийн оновчгүй, хамгийн үрэлгэн хэлбэрээр ашиглаж байна. Дарга нарын үнэтэй машин, тэд нарын авгай хүүхдүүдийн гадаад дотоод аялалд зарцуулагддаг. Нэг том төсөл ярьж мөнгө булж хаяна, ямар утгагүй хөшөө барив. Зам тавьж байна гээд хичнээн ч их мөнгө үрэв. Олон улсад амжилт олоогүй төслүүдийг нэвтрүүлээд хэрэгжүүлж ч байх шиг.

Бизнес эрхэлж байгаа зарим хүмүүс төрийн эрх мэдэлтнүүдтэй сүлбэлдээд хулгайн бизнесийг нь хийлцээд явж байгаа бол тэдэнд ямар ч асуудал байхгүй, харагдахгүй. Тендер аваад, өгөө авааг нь хийгээд яваад байгаад нь болоод байх шиг байгаа юм. Яг зах зээл дээр хэвийн бизнес явуулна гэдэг бол бараг боломжгүй шахуу. Би нэг ажил олгогч, та ажилтан байлаа гэж бодъё. Нийгмийн үр ашгийг нь хүртдэггүй мөртлөө сан нь хувхай хоосорчихсон Нийгмийн даатгалын санд та шимтгэл гэж 10 хувь төлнө. Би 14 хувийг нь төлнө. Та ХАОАТ 10 хувь, би НӨАТ гэж 10 хувь, нэмээд нийслэлийн татвар 2 хувь төлнө. Хоёулаа арай гэж үйлдвэрлэл үйлчилгээ хийгээд сая төгрөг олтол 500-гаад мянган төгрөгийг татварт. Үүнээсээ үнэ өссөн тог, дулаанаа төлнө. Арай гэж олсон орлогоосоо 60, 70 хувийг нь энэ асар том нам хуйвалдаан, бүлэглэлүүдийн тансаглал, ах дүүс, гэр бүлийнх нь хулгайн бизнесийг санхүүжүүлэхийн төлөө татвар төлчихөж байгаа хэрэг. Үлдсэнээр нь яаж хоёулаа бизнесээ тогтвортой авч явах уу...

-Төр ивээж байгаа мэт нэг ийм шийдвэр танилцуулдаг. Жишээ хэлэхэд, 500 мянган төгрөгийн худалдан авалтын НӨАТ-ын буцаалтыг 100 хувь олгоно, Зөвшөөрлийн хуулиар иргэд үйлчилгээ, бизнес эрхлэхэд хүнд сурталгүй болгоно гээд л. Уг нь эрүүл эдийн засагтай нийгэмд байдаг л үзэгдлүүд. Гэтэл бараг л төрийн ивээл шахуу ярьдаг ийм хууль, шийдвэрүүд амьдрал дээр хэр буух бол?

-Нийгэмд таалагдах гэсэн л үзэгдэл. Гэлээ гээд жишээ нь "Зөвшөөрлийн тухай хуулийг санаачиллаа Н.Учрал ч ёстой амилсан бурхан юм" гэж байгаа хүн нийгэмд нэг ч байхгүй байгаа биз. Яагаад гэхээр гоё ярьдаг мөртлөө амьдрал дээр огт хэрэгждэггүй. Үүнийг бид попрол гээд нэрлэчихсэн шүү дээ. Зөв, ухаантай юм яриад л байдаг. Өмнө нь Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гээд бүгд л ярьж байсан. Х.Баттулга, Ц.Элбэгдорж нь ч ярьж л байсан. Бүгд л хүнлэг энэрэнгүй, ардчилсан, либераль, эрх чөлөөтэй эдийн засгийн ухаалаг бодлого яриад л байдаг. Эрх баригч намын том эрх мэдэл дээр нь байгаа хүн нь өнөөдөр ийм юм ярьж л байна. Гэхдээ монголчууд бүгдээрээ альцгеймер өвчинтэй хүмүүс биш шүү дээ. Бид нар чинь өчигдөр, уржигдар, ноднингийн юмаа санадаг. Сошиал, технологийн ачаар хуучнаа сэргээгээд харчихдаг. Тийм болохоор ер нь л зүгээр итгэхээ больчихсон.

Итгэхгүй байгаагийн шалтгаан нь энэ хүмүүс чинь 2016 оноос хойш сүүлийн 10 жил төрийн эрх барилаа. Н.Учрал чинь топ эрх мэдлийнх нь оройд л байсан шүү дээ. Хамгийн эрх мэдэлтэй, хамгийн их төсөвтэй гол аймгийнх нь төлөөлөл. Сайд, дарга хийж топ эрх мэдэлд нь мөр зэрэгцээд байж л байсан байж гэнэтхэн 10 жилийн дараа ой санамж нь сэргээд л сөрөг хүчнээс, гудамжнаас, өөр намаас орж ирсэн хүн шиг юм яриад байхаар хүмүүс итгэхгүй л байх шиг байна.

-Үл итгэх байдалтайгаа бид яваад л байдаг. Гэсэн атлаа бас бодлогын шинэчлэл хүлээдэг?

-Нийгэм өөрөө бодож тунгааж, шүүж нэг сайн манлайлагчаа дундаасаа төлөөллөө болгож явуулж байгаа. Тэр хүн чинь өөрөө дахиад сайн мэтгэлцэж, нийгмийн сайн сайхны төлөөх хууль дүрмийг бий болгодог. Тиймээс анхан шатнааасаа зөв хүнээ эрх мэдэл рүү илгээж чадахгүй байна. Очоод бодлогын мэтгэлцээн хийхийн оронд үгсэн хуйвалдаж, хоорондоо эрх мэдлээ булаацалдсан хаост л бид орчихож. Монгол бодит мухардалд орж байна.

Нийгэм өөрийнхөө төр засагт итгэх итгэл тасарсан үед хамгийн аюултай эрсдэл буюу эмх замбараагүй байдал л үүснэ. Ийм зүйлд нь заавал тулгахгүйгээр уг нь ойлгох л ёстой юм. Балран доройтохоо хараад зүгээр сууж болохгүй л дээ. Тэгээд яриад, дуугарахаар улс төрд орж, эрх мэдэлд гарах гээд байна гээд андуураад явчихдаг тал бий.

-Ярилцсанд баярлалаа

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Кена

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийг төгссөн. Еguur.mn сайтын Ерөнхий редактор. Сэтгүүлзүйн салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ганболд зөв л ярих юм даанч өөрөө тиим ариухан хүн мөн үү

Зочин
Зочин

Үнэнг ярьдаг ч уг хүн нь бас л нэг худлаа гар ш дээ

Зочин
Зочин

Т.Ганболдын ярьж байгаа зарим зүйл үнэн санагддаг шүү Монголд татвар төлдөг бизнес эрхлэгчдийн дуу хоолой бараг сонсогддоггүй төрийн мөнгө үр ашиггүй зарцуулагддаг тухай хүмүүс олон жил ярьж байна

Зочин
Зочин

Чи чинь эхнэрээ харин ахуйгаар нь барьцаалж дарангуйлдаг байсан юм билээштээ хамраа. Чаддаг юм бол дарангуйлагч Хүүктэй тэмцээч. Айгаад чадахгүй дээ

Зочин
Зочин

Тиймээ нэг л болохгүй байна даа... Улс төрийн намаар дамжин фиодал маягийн бүлэг үүслээ. Хуулийн дээр НАМ гараад суучихлаа. Төрийн ажил хууль , стандартын дагуу явах байтал даргын үгээр явдаг боллоо. Эгэл иргэд төрийн эх барих боломжгүй мөнгний масс үйлчилж байна. Хууль сахиулах байгууллага улс төрчдийн нөлөөлөлд ороод удаж байна. Ийм ялзарсан төрийн тогтолцоотой байхад яаж иргэдийн орлого нэмэгдэж, аз жаргалтай амьдрах билээ. Залуус маань арга буюу харь улсыг зорж, амьдын хагцал үзэж байна шүү дээ. Ганболд энэ бүхнийг мэдэрч, харж, бодож, шаналж, сэдэж яваа иргэдийн төлөөлөл юм байна.

Зочин
Зочин

Хотын дарга Нямбаатар байнга л иргэдийг ядууруулах үйл ажиллагаа явуулдаг. Ажлын байр нэмэгдүүлэхгүй байж иргэдийн эрхийг хязгаарлаж, машины дугаар олголтыг зогсоож, татварыг нь 5 дахин нэмж, ТҮЦ грашийг буулгаж, төсвийн хамаг мөнгийг Туулын хурдны зам, трамвай, дүүжин тээвэр мэт хэрэггүй зүйлд зарцуулж, гараа угааж байна. Хужаа нарын мөнгийг угааж, тэдний даалгавараар ажиллаад байгаа хүн.

Зочин
Зочин

Зарим хэсэг нь үнэн ч гэсэн бизнес эрхэлдэг хүмүүс улс төрийг шүүмжлэхдээ өөрсдийгөө арай хэт зөв харагдуулах гээд байдаг тал бас байдаг шиг санагддаг

Зочин
Зочин

Энэ ярилцлагыг уншихад нийгэмд итгэл алдарсан хүмүүсийн бодол их тод харагдаж байна Монголд хүмүүс үнэхээр улс төрд итгэхээ больсон нь үнэн

Зочин
Зочин

Хориотой жүжигт улс төрийн намын даргын дүр бүтээнэ гэдэг сонирхолтой сонголт байна урлаг нийгмийн асуудлыг хөндөж байвал сайн л хэрэг

Зочин
Зочин

Ganboldiin helsen zarim zuil unheer bodit sanagdaj baina Mongold tatvar tuldeg biznesuudiin duu hooloi mash baga sonsogddog ni unen

Зочин
Зочин

Gehdee biznes hiideg humuus uursdiiguu arai heterhii zuv haruulah geed baidag tal bas baij boloh yum

Зочин
Зочин

Ene yariltslagaas Mongoliin niigemd itgel aldagdsan baidal mash tod haragdaj baina

Зочин
Зочин

Horitoi gjig urgiin huvid uls toriin sedviig tavisan ni sonirholtoi sanagdlaa

Зочин
Зочин

Mongold uls turiig shuumjleh humuus ih baidag gehdee bodit oorchlolt hiih humuus tsuuhun

Зочин
Зочин

Ер нь Монголд улс төрийн системд итгэх итгэл багассан гэдэгтэй олон хүн санал нийлнэ

Зочин
Зочин

Бизнес эрхлэгчид улс төрийн талаар илүү дуугарч эхэлж байгаа нь сонирхолтой үзэгдэл

Зочин
Зочин

Нэг хүний засаглалын тухай хэсэг нэлээд бодол төрүүлж байна Монголд ийм систем тохирохгүй байх

Зочин
Зочин

Урлагийн тайзан дээр улс төрийн сэдэв гарч ирэх нь нийгэмд бодох зүйл өгдөг сайн талтай

Зочин
Зочин

ХҮН намын тухай хэлсэн хэсэг сонирхолтой байсан эхэндээ хүмүүс маш их хүлээлттэй байсан нь үнэн

Зочин
Зочин

Энэ ярилцлагаас харахад нийгэмд үл итгэх байдал маш их болсон нь харагдаж байна

Зочин
Зочин

Монголд хүмүүс улс төрийн талаар маш их ярьдаг боловч сонгуулиар сонголтоо маш амархан хийдэг нь асуудал байх

Зочин
Зочин

Mongold uls tord itgeh itgel bagassan gedegtei olon hun sanal niileh baih

Зочин
Зочин

Biznes humuus uls toriin talaar iluu ih yarij ehelj baigaa ni sonirholtoi uzegdel

Зочин
Зочин

Zarim humuus Ganboldiin helsen zuiltei sanal niileh baih

Зочин
Зочин

Neg hunii zasaglal Mongold tohiroh uu gedeg asuult ih hunii tolgoid baidag

Зочин
Зочин

Urlagaar damjuulj niigmiin asuudliig gargaj irne gedeg sain zuil

Зочин
Зочин

Hun namiin talaar helsen ni sonirholtoi ehendee hun bur ih naidvar tavij baisan

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочинfdgasfdsadf
Зочинfdgasfdsadf

cham shig licenz nereer niitiin bayalagiig hahuulidaj avsan huurnuud shorond orson cagt l mongol ornii nuruu teniinee Modon hamart ganbold hulgaichaa

Зоч
Зоч

Энэ залууч мундаг хөдөлмөрч өөриин бор зүрхээрээ баяжсан юм гэж ойлгодог даанч эхнэр нь олон хүүхэдтэй мөртөө өөр эртэй болчихсон гээдл яриаад байсан залуу мөн үү энэ хорвоогиин амьдрал хэцүүч юмдааа

Зочин
Зочин

kk hyn tsevershine gedeg mun zoligiin um bdin bna

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button