Гадаад мэдээДЭЛХИЙ

Ойрх дорнодын дайн Дубайг баячуудад зориулсан аюулгүй хот гэх имижийг нь нурааж байна

Иранд болж буй дайн Дубай хотын дэлхийн чинээлэг хүмүүс орогнох аюулгүй газар байр суурийг ганхуулж байна. Одоо гадаадын олон иргэн Дубай хотоос явахаар яарах болсон юм. Мөн чинээлэг хүмүүсийн хөрөнгийг удирддаг компаниуд Ойрх дорнод дахь үйл ажиллаагаа дахин авч үзэх болжээ.

Сүүлийн арван жилийн турш Дубай хот өөрийгөө дэлхийн чинээлэг эрхмүүдэд  зориулсан аюулгүй газар гэж сурталчилж ирсэн. Нарлаг цаг агаар, аюулгүй байдал, орлогын татваргүй систем зэрэг нь баячуудыг Дубай руу татдаг байв. “Henley & Partners” фирмийн мэдээлснээр, 2014 оноос хойш Дубай дахь саятнуудын тоо хоёр дахин нэмэгдэж, 81 мянга хүржээ. Дубайн тансаг үл хөдлөх хөрөнгийн зах зээл сүүлийн таван жил өсөлт үзүүлсэн. Өнгөрсөн жил л гэхэд 10 сая ам.доллароос дээш үнэтэй 500 үл хөдлөх хөрөнгө зарагджээ. 2020 онд ийм үнэтэй 30 ширхэг үл хөдлөх хөрөнгө зарагдаж байсан юм.

Гэвч одоо Дубайн аюулгүй газар гэсэн имиж нуран унаж байна. Өнгөрсөн долоо хоногт Ираны дайн эхэлж таван одтой "Fairmont The Palm" зочид буудал цохилтод өртсөн. Мөн Ираны дроны хэлтэрхий Дубайн нүүр царай болдог "Burj Al Arab" зочид буудалд унаж, гал гарсан юм. Дээрээс нь дэлхийн хоёр дахь хамгийн хөл хөдөлгөөнтэй нисэх онгоцны буудал болох Дубайн буудал агаарын цохилтод өртөж дэд бүтцийн гэмтэл учирсан. Мягмар гарагт /2026.03.03/ Дубай дахь АНУ-ын Элчин сайдын яам цохилтод өртсөн хэмээн эх сурвалжууд мэдээлсэн.

Райс их сургуулийн шинжээч Жим Крэйн "АНУ, Израйл болон Ираны хоорондох дайн Дубайн аюулгүй байдлыг үгүй хийж байна. Дубайн эдийн засгийн загвар нь гадаадын иргэдийн мэдлэг, хүч хөдөлмөр, хөрөнгө оруулалт дээр тогтдог. Гадаадаас боловсон хүчин татахын тулд тогтвортой, аюулгүй байдал хэрэгтэй" гэж хэлжээ.

Зургийн эх сурвалж: BBC

Дубай болон АНЭ хөрөнгө оруулагчдыг тайвшруулахыг хичээж байна. Тус улсын Онцгой байдлын газар дайн эхэлсэн өдөр нөхцөл байдал хяналтад байгаа гэж мэдэгдсэн. Дубай хотын цагдаагийн газар энэ долоо хоногт сошиал инфлюенсерүүдэд анхааруулга маягийн мэдэгдэл гаргажээ. Тодруулбал албан ёсны мэдээллээс зөрсөн эсвэл хүмүүсийг түгшээх мэдээлэл тараасан хүнийг баривчилж, шоронд хорино гэж мэдэгдсэн юм.

Абу Даби, Доха, Эр-Рияад зэрэг Ойрх дорнодын бусад томоохон хотууд ч дайны нөлөөг мэдэрч байна. Тэдгээр хотууд чинээлэг гадаад иргэдийг татахыг эдийн засгийн гол бодлогоо болгосон. Гэхдээ эдгээр хотоос ялгаатай нь Дубай хөрөнгө оруулалтаас хамгийн их хамааралтай юм. Крэйний хэлэхдээ, Дубай хөршүүд шигээ газрын тосны орлого дээр тогтдоггүй. Зөвхөн гадаадын иргэд дээр тулгуурладаг гэжээ.

Тэр "Хэрэв хүмүүс бүгдээрээ паспортоо бариад яваад өгвөл Дубай хот үйл ажиллагаагаа үргэлжлүүлж чадахгүй, шууд зогсоно. Ойрх дорнодоос гадаадын иргэд гарах урсгалаас Дубай хамгийн их эрсдэл хүлээх хот юм" гэж хэлсэн байна.

“Henley & Partners” фирмийн мэдээлснээр Дубайд одоо 100 сая доллароос дээш хөрөнгөтэй 237 хүн амьдардаг. Мөн тус хот 20 тэрбумтантай. 2025 онд 9800 орчим саятан Дубай руу нүүж иржээ. Тэд нүүн ирэхдээ 63 тэрбум долларын хөрөнгө авчирсан нь дэлхийн бусад оронд ирсэн шилжилтээс хамаагүй их дүн юм. Дубайн баячуудын ихэнх нь Их Британи, БНХАУ, Энэтхэг болон Европ, Азийн орнуудаас ирдэг. Дубайг удирддаг Мактумын гэр бүл хэдэн арван жилийн өмнөөс эдийн засгаа нефтиэс хамааралгүй болгон өөрчилж эхэлсэн. Тэд гадаадын чинээлэг хүмүүсийг татахын тулд эдийн засгийн тусгай бүс болон алтан виз гэх мэт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн юм.

Дубай хувь хүний орлогын татвар, хөрөнгийн өсөлтийн татвар, өв залгамжлалын татвар байдаггүй. Энэ нь их хэмжээний хөрөнгөтэй хүмүүст таалагддаг. Дубайн Олон улсын санхүүгийн төв (DIFC) нь 120 чинээлэг гэр бүлийн 1.2 их наяд долларын хөрөнгийг удирддаг. Өнгөрсөн сард “DIFC”-д бүртгэлтэй гэр бүлийн компаниудын тоо өмнөх жилийн мөн үеэс 61 хувиар өссөн байжээ.

Одоогийн чинээлэг хүмүүс Дубай хотоос гарах хүсэлтэй байгаа тул хувийн онгоц түрээслүүлдэг компаниудын эрэлт нь нийлүүлэлтээсээ давсан байна. "Vimana Private Jets" компанийн захирал Амир Наран хэлэхдээ, ганцхан шөнийн дотор 100 гаруй хэрэглэгч хандсан гэжээ. Цар тахлаас хойш эрэлт ийм өндөр байхыг хараагүй гэж тэр хэлсэн юм.

Гэхдээ Дубайн оршин суугчид зугтаагүй, харин ажил хэргийн уулзалтаар явж байгаа гэж тэр хэлжээ. Амир "Тэд аюулгүй байдалдаа санаа зовохгүй байгаа. Пуужингийн чимээ сонсогдож байгаа ч амьдрал хэвийн үргэлжилж байна. Тэдэнд аялах хэрэгцээ байгаа шүү дээ" гэсэн байна. Эр-Рияадаас Европ руу нисэх хувийн онгоцны үнэ л гэхэд 350 мянган ам.доллар хүрч байгаа аж.

Зургийн эх сурвалж: TBS

Аюулгүй байдлын "Global Guardian" компанийн захирал Дэйл Бакнер үйлчлүүлэгчдийн цуваа дуусахгүй байна гэжээ. Мягмар гарагт гэхэд 7 том байгууллага түүнд хандаж, мянгаас гурван мянган ажилтнаа нүүлгэн шилжүүлэх хүсэлт гаргасан байна.

Дэйл "Одоо өрнөж буй зүйлс Украйнд үүсэд байсан нөхцөл байдалтай маш адилхан харагдаж байна. Иранчууд таван одтой зочид буудал, нисэх онгоцны буудлуудыг онож чадаж байгааг хүн бүр харлаа. Одоо тэд газрын тосны урсгалыг зогсоож эхэлж байна. Ийм зүйл болно гэж хэн ч бодоогүй байх" гэжээ.

“Henley & Partners”-фирмийн Доминик Волек Дубай өмнө нь хүнд хэцүү үеийг даван туулж байсан гэсэн юм. Гэхдээ энэ цохилт хөрөнгөө өөр өөр газар хувааж байршуулах нь хэчнээн чухал болохыг харуулж байна гэж тэр хэлэв. Тэр “Чинээлэг гэр бүлүүд зөвхөн нэг газраас хамааралгүй байхын тулд Америк, Европ, Ази зэрэг олон бүс нутагт оршин суух эрхтэй болдог. Энэ нь богино хугацааны үйл явдалд өгч буй хариу биш, харин урт хугацааны стратеги” хэмээсэн юм.

Мөргөлдөөний улмаас Дубайн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд урт хугацааны дарамт ирж магадгүй юм. Тус хотод үл хөдлөхийн үнэ сүүлийн таван жил дараалан өссөн. Дубай 550 ам.доллароор доллароос дээш үнэтэй үл хөдлөх авсан гадаад иргэдэд 10 жилийн алтан виз олгодог гэх мэт шалтгаан үүнд нөлөөлсөн юм. Өнгөрсөн жил "Bugatti Residences"-ийн нэг пентхаус 150 сая орчим доллароор зарагдаж дээд амжилт тогтоож байжээ.

Гэвч Ираны дайн эхлэхээс өмнө ч Дубайн үл хөдлөхийн салбар саарах эрсдэл тулгараад байсан. Өнгөрсөн жилийн есдүгээр сард “UBS” банк Дубайг үл хөдлөх хөрөнгийн хөөс үүсэх эрсдэлтэй хотуудын тавдугаарт жагсаасан юм. Харин "Fitch Ratings" агентлаг 2025 оны сүүл, 2026 онд үл хөдлөхийн үнэ 15 хувь хүртэл унана гэж таамаглаж байв.

“Fitch Ratings”-ийн шинжээч Антон Лопатин хэлэхдээ, үл хөдлөх хөрөнгийн үнэ хэрхэх нь мөргөлдөөн хэр удаан үргэлжлэхээс хамаарна гэв. Одоохондоо гадаадын иргэд Дубайг орхин явж буй нь орон сууцны зах зээлд дарамт болж магадгүй байна хэмээжээ.

Эх сурвалж: CNBC

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч

Мөнхиин жаргал гэж байхгүй зовлонч гэж байхгүй гнж үг бииидээ

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Бурж аль Арабыг нь хэмх бөмбөгдчих хэрэгтэй тэгвэл олон америк европчууд тонилно...сда

Зочинолдо
Зочинолдо

хөрөнгөтнүүд нэг дор цуглахаараа гаж дондд автаж хүүхэд эмэгтэйчүүдээр зугаагаа гаргаж харгислаж таашаал авч эхэлдэг юм байна харин үгээгүй ядуучууд нэг дор бөөгнөрч амьдрахаар тэнд хар тамхи хулгай дээрэм тонуул үүрлэж бас л муу муухайн үүр болдог юм байна.хүн төрлөхтнийг алтан дундажууд л авч явдаг хэт баяжих,мөлжиж ядууруулах нь харгис капитализмын зам юм байна

Холбоотой мэдээ

Back to top button