НИЙГЭМ

"ДТҮ"-т 29 жил ажилласан Ц.Төгс-Очир: Үйлдвэр, хамт олондоо хоргодоод тэтгэвэртээ гарч чадахгүй л байна

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК бол 33 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Монгол Улсын металлургийн салбарын анхдагч болоод хамгийн том ган үйлдвэрлэгч компани. Ойролцоогоор 1500 хүн энэ үйлдвэрээс амьдралаа залгуулж, бүтээн байгуулалтад гар бие оролцсоор буй. Тус үйлдвэрт 29 дэх жилдээ ажиллаж буй Ц.Төгс-Очиртой ярилцлаа.

Түүний хувьд өдгөө “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”ХХК-ийн Сум, галт хэрэгсэл, цацрагийн аюулгүй ажиллагааны техникч ажиллаж байна.

"Би 1972 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд Цэрэндашийн отгон хүү болон мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж, Тосонцэнгэлийнхээ хоёрдугаар найман жилийг дүүргэсэн. Улмаар 1988 онд Улаанбаатарт ирж, Хөнгөн үйлдвэрийн техникомд Механикийн инженер мэргэжлийг эзэмшиж, 1991 онд төгссөн. Төгсмөгцөө яг энэ үйлдвэртээ ирж ажилд орж байлаа. Хэсэг хугацаанд ажилласныхаа дараа өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч төрсөн нутгаа зорьж байсан л даа.

Тухайн үед манай Тосонцэнгэлд "Мод боловсруулах кабинет" гэж байсан. Тэнд нормын ажил жил орчмын хугацаанд хийсэн. Дараа нь хугацаат цэргийн албанд татагдаж, 1993 онд халагдаж ирсэн. Ханьтайгаа 1995 онд гэр бүл болж, 1997 онд ажлынхаа гарааг эхэлж байсан Дарханы төмөрлөгийн үйлдвэртээ ирсэн. Тэр үед Төмөр бэлтгэх цехийн мастер гэх албанд томилогдон орж, хөдөлмөрийнхөө гарааг эхэлж байлаа. Өдгөө “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”ХХК-ийн Сум, галт хэрэгсэл, цацрагийн аюулгүй ажиллагааны техникчээр ажиллаж байна"

-Таны ажлын нэг өдөр хэрхэн үргэлжилдэг вэ. Яг одоо таны ажлын талбар дээр хүрэлцэн ирээд байна шүү дээ.

-Хувь хүн болон албан байгууллагын зүгээс гаднаас бэлтгэн нийлүүлж буй төмөр дотор байлдааны сум, галт хэрэгсэл, бүх төрлийн газан баллон, тэсэрч дэлбэрч болзошгүй материалууд ихээр нийлүүлэгддэг. Тиймээс хаягдал төмөр буулгах, боловсруулах явцад энд үзлэг хяналт тавьж, илрүүлж, аюулгүй болгох тал дээр голлон анхаарч ажилладаг.

Яг энэ талбартаа жилийн дөрвөн улирлын туршид ажилладаг. Цастай, бороотой, шуургатай, шороотой, халуун, хүйтний алинд ч ажлаа л хийнэ. Маш хүнд, ерөөс залуу насны л ажил.

Өнөөдөр л гэхэд хөрсөн дээр -20 хэмийг зааж байгаа ч бидэнд харьцангуй дулаахан санагдаж байх жишээтэй. Ер нь -40 хэмээс дээш хүйтрэхэд л хэцүү санагдана. Тэр үед харин үйлдвэрийн удирдлагаас арга хэмжээ авч, биднийг амраах тал дээр анхаарчихдаг. Дараа нь дулаан цагтаа нөхөөд ажиллачихна.

Хаягдал төмрийн нийлүүлэлт их үед өглөө ажилдаа ирээд шөнийн |00.00-01.00| цаг хүртэл ажиллана. Тэгж ажлаасаа буухдаа "эрт тарчихлаа" гэж баярлана. Харин энгийн үед хөдөлмөрийн хуулиараа найман цаг ажиллаад тарчихдаг.

-Төмөр бэлтгэх эл цехэд хэчнээн хүн ажиллаж байна вэ?

-Албан ёсоор 51 хүн энэ талбар дээр ажиллаж байна. Хийн огтлогч 32, оосорлох дохиочин зургаа, пресс хайчны оператор найм, инженер техникийн ажилтан зургаа гэх мэт.

-29 жил гэдэг бол урт хугацаа. Дөрвөн улирлын хугацаанд гадна байхаас гадна ажил мэргэжлийн хувьд шантрах тохиолдол гарч байсан байж мэднэ.

-Бид чинь хийснээрээ цалинждаг хүмүүс шүү дээ. Хаягдал төмрийн нийлүүлэлт тасарч, энэ талбайг гараараа цэвэрлээд явж байсан үе хамгийн хэцүү байж билээ. Цаашдаа яана аа л гэж бодогдож байсан. Яах аргагүй энэ үйлдвэрээсээ амьдралаа залгуулж, ар гэрээ тэжээж явсан бид шуудхан ажилгүй болчихсон. Нэг хэсэг.

Гэхдээ бид тэр цаг үеэ даван туулчихсан. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК Төрийн эзэмшилд шилжчихсэн, цалингаа боломжийн түвшинд хүргэж, хөдөлмөрийн хуулийнхаа хүрээнд бүх нэмэгдлээ авч байна. Энэ бол ажилчдад маш их нэмэр болж ажилдаа ирэхдээ, орой буухдаа баяртай байдаг болсон. Дан ганц ажилчид бус гэр бүлийнхэнд нь бөөн баяр.

-Төмрийн үйлдвэр бол хүнд хөдөлмөрийн ангилалд багтдаг. Ажилласан жилээсээ хамаарч эрт тэтгэвэрт гардаг байх. Та хэзээ гавьяаныхаа амралтад гарах вэ?

-Хүнд үйлдвэрлэлд 10 жил ажиллаж, 50 нас хүрсэн бол тэтгэвэрт гарч болох зохицуулалттай. Энэ заалтаараа бол тэтгэвэрт гарах нөхцөл бүрдчихсэн.

Миний хань Дарханыхаа Татварын хэлтэст байцаагч хийдэг. Бид гурван сайхан охинтой. Том охин минь эмч мэргэжилтэй, одоо БНСУ-д магистрынхаа зэргийг хамгаалахаар суралцаж байна. Харин дунд охин маань БНХАУ-д Хятад хэл судлалаар төгссөн. Хувийн компанид ажиллаж байна. Бага нь ШУТИС-д Архитектурын ангийн төгсөх курсийн оюутан.

Тэтгэвэртээ гараач гэх шахалт хүүхдүүдээс л ирнэ шүү дээ. "Ааваа та хийх ёстой бүх зүйлээ хийж, биднийг сайн сайханд хөтөлсөн. Одоо амар" гэнэ. Тэднийхээ үгээр болоод яг гаръя гэхээр энэ тогоонд 29 жил "чанагдчихсан" болохоор, энэ хамт олноосоо явна гэхээр сэтгэл дундуур санагдаад явчихдаг юм.

Ганц нэг жил үргэлжлүүлэн ажиллах бодолтой байгаа. Мөн гарынхаа нэг шавийг сургаж үлдээх төлөвлөгөөтэй ажиллаж байна даа.

"Өглөө ажилдаа ирээд талбайгаа тойроод дуу аялан алхах сайхан. Ер 29 жил гэдэг бага хугацаа биш. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” маань миний хоёр дахь гэр л гэсэн үг. Жилдээ нэг удаа ээлжийн амралтаа авна. Эхний хэдэн өдөр ажлаа нэг их санахгүй, гэр зууртаа амарч өнгөрөөнө. Тэгээд хэд хоногоос хойшоо ажилдаа санаа зовж эхэлнэ. Энд ажиллаж байгаа хэд рүүгээ утасдаад л "Яаж байна" гээд асууж, сураад эхэлнэ шүү дээ.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК маань 2024 оноос хойш 13 дахь сарын цалин олгож байна. Энэ жилийн онцлог нь дарга, цэрэг гэхгүйгээр 450 хувиар бодож, бүгд тэгш дүнгээр уг цалингаа авсан. Бүгд маш их баярласан, ажиллах урам авсан. Мөн үндсэн цалинг энэ оны нэгдүгээр улиралд багтаан 10 хувиар нэмнэ гэх захирлын шийдвэр гарсан. Хүн бүхэн хүлээлттэй байгаа. Аргагүй шүү дээ, цалин гэдэг бол ажилчдын хувьд амьдралын баталгаа. Сайн цалинтай байж л ар гэрээ асуудалгүй авч явна. Ар гэр асуудалгүй, амар тайван аж төрж байвал сэтгэл амар ажлаа хийнэ шүү дээ".

-Таны ажлын ихэнх хугацаа тэр төмөр ногоон хашаанд өрнөдөг тухай та дурдаж байсан шүү дээ. Тэсэрч дэлбэрч болзошгүй материалууд өрөөтэй байх шиг байна.

-Дээр дурдсанчлан манайд нийлүүлэгдэж байгаа хаягдал төмөр дотор тэсэрч дэлбэрч болзошгүй материалуудыг илрүүлж, тоолж бүртгэж, энд аюулгүй байршуулдаг. Дараа нь мэргэжлийн байгууллагын хүмүүс ирж устгалд оруулдаг. Хэрэв хайлах цех рүү орох юм бол аюул болно. Хүний амь нас эрсдэх, тоног төхөөрөмж эвдрэх гэх зэрэг болзошгүй аюултай.

2026 оны 1,2 дугаар сард нийлүүлээд аюулгүй гэж үзэж байгаа 429, аюултай байж болзошгүй 25 ширхэг сум, галт хэрэгсэл энэ хашаанд бий. Хаягдал төмөр бүрээс ийн олж, илрүүлж, бүртгэлжүүлж байгаад хавар Зэвсэгт хүчний жанжин штаб-д мэдэгдэж, устгуулна.

Миний хувьд энэ албан тушаалдаа яг найм дахь жилээ ажиллаж байна. Тэсэрч дэлбэрч болзошгүй маш олон хэрэгслийг аюулгүйжүүлсэн. Хүмүүс аюултай гэдгийг нь мэдэхгүй л төмөр дотроо хийгээд явуулчихдаг байх гэж боддог. Ажлаа хүлээж авснаас хойш төмөр нийлүүлэхээр ирсэн хувь хүн, байгууллагыг төлөөлж ирсэн хүмүүсийг энэ хашаандаа дагуулж ирээд үзүүлдэг. Бас ямар аюултай болохыг нь тайлбарлаж өгдөг. Улмаар хаягдал төмөрт тэсэрч дэлбэрэх материал ирэх нь эрс багассан гэж хувийн ажиглалт хийгээд байна.

-Ярилцсанд баярлалаа.

"ДТҮ"-ээс бэлтгэсэн өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой.

О.ОНОН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Варанё
Варанё

Тэтгэврийн хөгшин болбол хүний тооноос хасдана.

Холбоотой мэдээ

Back to top button