Судалгаа: Сүүн замыг тойрсон бүрхүүл мэт бүтэц байдаг
Одон орон судлаачид сүүлийн тавь гаруй жилийн турш нэгэн нууцыг тайлах гэж оролдож иржээ. Сүүн зам болон Адаг чуулганы галактикаас бусад Ойрын бүлгийн том галактикууд (Сүүн зам, Адаг чуулган гэх мэт ойрын галактикуудыг хамруулж ингэж нэрлэдэг) бидэн рүү татагдахын оронд холддог. Тэдгээр галактикийн нийт масс нь таталцлын хүчээр Ойрын бүлгийн галактикуудаа татах ёстой байтал эсрэгээрээ холдож байгаа юм.
Гронинген дэх Каптейн хүрээлэнгийн эрдэмтэн Эвоуд Вемпегээр ахлуулсан олон улсын баг үүний тайлбарыг олсон гэж үзэж байна. Судлаачид компьютерын дэвшилтэт симуляци ашиглан Ойрын бүлгийн галактикуудыг тойрсон матери нь хэдэн арван сая гэрлийн жилийн хэмжээтэй, хавтгай бүтэцтэй бүрхүүл мэт болохыг тогтоожээ. Энэ бүтцэд энгийн материас гадна галактикуудыг тойрон орших үл үзэгдэх харанхуй матери багтаж буй. Тус хавтгай бүтцийн дээр болон доор сансрын хоосон орон зай (cosmic void) гэж нэрлэгддэг матери хомс оршдог асар том хоосон бүсүүд оршдог байна.
Энэхүү компьютерын тооцооллоор үүсгэсэн материйн байршил нь Ойрын бүлгийн галактикуудын байрлал болон хурдыг нарийвчлалтай харуулж чаджээ. Өөрөөр хэлбэл, энэхүү загвар нь одон орон судлаачдын бодит ертөнцөд харж байгаа дүр зургийг амжилттай давтан бүтээсэн байна.
Эрдэмтэд энэ загвараа бүтээхдээ ертөнцийн эхэн үеийн нөхцөл байдлаас эхэлжээ. Тэд Их тэсрэлтийн дараахан матери хэрхэн тархсан байсныг сансрын богино долгионы цацрагийн (cosmic microwave background radiation) хэмжилтийг ашиглан тооцоолсон юм. Дараа нь өндөр хүчин чадалтай компьютер ашиглан ертөнцийн эхэн үеийн нөхцөл байдлыг хөгжүүлж, одоогийн Ойрын бүлгийн галактикуудтай ижил системийг гаргаж авчээ.
Үүний үр дүнд Сүүн зам, Адаг чуулганы галактикийн масс, байршил, хөдөлгөөнийг нарийвчлан хуулбарласан загвар гарч ирсэн байна. Мөн Ойрын бүлгийн галактикуудын гадна орших 31 галактикийн байрлал, хурдыг ч мөн хуулбарлан гаргаж авч чадсан юм. Энэ компьютерын загвар манай галактикийн эргэн тойронтой маш адилхан болсон тул судлаачид үүнийг сансрын цахим ихэр гэж нэрлэж байна.

Загварт материйн тархалтыг оруулахад ойр орчмын галактикууд яг л бодит байдал дээрх шиг Сүүн замаас холдон хөдөлж эхэлсэн байна. Манай Ойрын бүлгийн галактикуудын таталцлын хүч байгаа ч тэрхүү хавтгай бүтцэд тархсан бусад материйн масс галактикуудад нөлөөлж байжээ. Энэхүү масс нь Ойрын бүлгийн галактикуудын таталцлыг саармагжуулж байгаа аж.
Судалгааг ахалсан Эвоуд Вемпе хэлэхдээ, энэ судалгаа Сүүн зам болон Адаг чуулганы ойр орчим дахь харанхуй материйн тархалт, хөдөлгөөнийг нарийвчлан судалсан анхны оролдлого байлаа гэжээ. Тэр "Бид ертөнцийн эхэн үеийн бүх боломжит хувилбарыг судалж, эцэст нь манай Ойрын бүлгийн галактикууд хэрхэн бүрэлдсэнийг оллоо. Бидний гаргасан загвар орчин үеийн шинжлэх ухааны онол болон манай галактикийн эргэн тойрны бодит хөдөлгөөнтэй яг таарч байгаад баяртай байна" гэж хэлжээ.
Одон орон судлаач Амина Хельми энэ асуудал одон орон судлаачдыг хэдэн арван жилийн турш гайхшируулж байсан гэдгийг онцолсон юм. Тэр "Зөвхөн галактикуудын хөдөлгөөн дээр үндэслэн масс хэрхэн тархсаныг тогтоож чадсанд маш их баяртай байна" гэж нэмж хэлсэн байна.
Эх сурвалж: Science Daily








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Танин мэдэхүйн нэвтрүүлэг толилууж буй та нартаа талархаж байна. Сэтгүүлч нийтлэлчидийн маань эн тэргүүний нэг үүрэг нь төрлөх хэлний дархлаа билээ. Жишээлэхэд Тэнгэрийн заадас гэдэг маш сайхан үг байхад яагаад milk way гэдэг үгийг шууд модон маягаар махчилан орчуулж тавина вэ??? Цаашид анхаарч яруу сайхан монгол хэлээ улам төгөлдөр хөгжүүлээрэй.
Сүүн зам гэж шууд үгчлэн орчуулахгүй ээ. Тэнгэрийн заадас гэж манай Монголчууд нэрлэж ирсэн. Эртнээс олон орны өндөр мэдлэгтэй ард түмэн шүү. Сэтгүүлч хүн жаахан юм унших хэрэгтэй