Ираны шинэ Дээд удирдагч Аяатолла Можтаба Хамэнэй гэж хэн бэ
Ираны Шинжээчдийн зөвлөл даваа гарагт /2026.03.09/ улсынхаа дээд удирдагчаар Аяатолла Можтаба Хамэнэйг тодруулав. 56 настай тэрбээр Израилын цохилтод амь үрэгдсэн Аяатолла Али Хамэнэйн хүү юм. Түүнийг тодруулсан зөвлөлийн гишүүн Аяатолла Мохсэн Хайдари Алакасир мэдэгдэл хийхдээ Алигийн зааврын дагуу Ираны дээд удирдагчийг дайснууд үзэн ядах ёстой гэсэн шалгуурыг оруулж сонгосон гэжээ. Хайдари “Агуу их Сатан (АНУ) хүртэл түүний нэрийг дурдсан” гэж хэлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Можтабаг хүлээн зөвшөөрөх боломжгүй сонголт гэж мэдэгдсэн юм.
Можтаба Хамэнэй гэж хэн бэ
1969 оны есдүгээр сарын 8-нд Можтаба Хамэнэй Али Хамэнэй болон Мансурэ Хожастэ Багерзадэ нарын хоёр дахь хүү болж төрсөн юм. Тэрбээр 17 насандаа их сургуулиа төгссөний дараа буюу 1987 он орчим Ираны Хувьсгалт Гвардад элссэн байна. Тэрбээр Хувьсгалт гвардад алба хааж байхдаа цэргийн хэд хэдэн ажиллагаанд оролцжээ.
Можтаба аавынхаа удирдлага дор Хувьсгалт гвард болон гэр бүлийнхээ асар том бизнесийн эзэнт гүрэнд нөлөө бүхий хүн болсон. Гэхдээ тэр хэзээ ч төрийн алба хашиж байгаагүй, олны өмнө нэг их гардаггүй хүн юм. Иран дахь барууны орнуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсдэг шинэчлэгчдийг тэр эсэргүүцэж ажилладаг байжээ. Можтаба Хувьсгалт гвардын албатай нягт холбоотой учир Ираны улс төр, аюулгүй байдлын системд нөлөөллөө нэмэгдүүлэн, хөшигний ард ажилладаг аавынхаа “хаалгач” болсон гэж нэгэн эх сурвалж зүйрлэн хэлсэн байна.
АНУ-д төвтэй “United Against Nuclear Iran” байгууллагад Хувьсгалт гвардын судлаачаар ажилладаг Касра Аараби “Тэр Хувьсгалт гвард дотор мөн экстремист үзэлтэй залуусын дунд ихээхэн дэмжлэгтэй” гэж хэлжээ.
АНУ-ын Сангийн яам 2019 онд Можтабад хориг арга хэмжээ тавьсан байна. Түүнийг “Засгийн газрын албан тушаалд сонгогдоогүй эсвэл томилогдоогүй ч гэсэн албан ёсоор дээд удирдагчийг төлөөж байгаа” гэх шалтгаанаар хориг тавьсан юм.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.