Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Мансууруулах бодисын хэрэглээ харвах эрсдлийг хоёр дахин нэмэгдүүлдэг

Эмийн бус зорилгоор мансууруулах бодис хэрэглэх нь нь цус харвах эрсдэлийг хоёр дахин ихэсгэдэг байж магадгүйг томоохон судалгаа харууллаа. Судлаачид энэ эрсдэл залуу хүмүүст илүү өндөр байгаад санаа зовж байна. Тус судалгаа “International Journal of Stroke” сэтгүүлд нийтлэгджээ.

Эрдэмтэд 100 сая гаруй хүний эрүүл мэндийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж судалгаагаа явуулжээ. Дүн шинжилгээгээр амфетамин хэрэглэгчдийн цус харвах эрсдэл хэрэглэдэггүй хүмүүсээс 122 хувиар илүү байжээ. Харин кокаин хэрэглэгчдийнх 96 хувиар илүү байв.

Каннабис хэрэглэгчид ч мөн эрсдэлт орж байгаа аж. Дүн шинжилгээгээр каннабис хэрэглэдэг хүмүүсийн цус харвах магадлал энгийн хүмүүсээс 37 хувиар илүү гарчээ. Харин хүчтэй өвчин намдаагч (эмийн зориулалттай ашигладаг мансууруулах бодис) нь цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэх ямар нэгэн баримт эрдэмтэд олоогүй аж.

Мансууруулах бодисоос үүдэлтэй цус харвалт болох эрсдэл нэмэгдсэн явдал ахмад настнуудад ажиглагдаагүй байна. Харин судлаачид 55-аас доош насныхныг авч үзэхэд амфетамин хэрэглэгчдийн харвах эрсдэл бараг гурав дахин нэмэгджээ. Тус насны бүлэг дэх каннабис хэрэглэгчдийн эрсдэл 14 хувь байсан бол кокаин хэрэглэгчдийнх 97 хувиар нэмэгдсэн юм.

Зургийн эх сурвалж: CNN

Судалгааг ахалж явуулсан Кэмбрижийн их сургуулийн доктор Меган Ритсон “Мансууруулах бодисын хэрэглээ бол урьдчилан сэргийлж болох эрсдэл. Залуус хэрэглээний эрсдэл ямар өндөр байгааг мэдэж байгаа эсэхэд би эргэлзэж байна. Янз бүрийн төрлийн мансууруулах бодис нь цус харвах эрсдэлд хэрхэн нөлөөлдгийг энэ судалгаа анх удаа тодорхой харууллаа” гэжээ.

Эрдэмтэд цус харвалт болон мансууруулах бодисын талаарх 32 судалгааны мэдээллийг нэгтгэн шинжилсэн байна. Тэдгээр судалгаануудад нийтдээ 100 сая гаруй хүнийг хамрагдаж байжээ. Дүн шинжилгээ хийхдээ эрдэмтэд аль төрлийн бодис цус харвах эрсдэл дагуулж байгааг судалсан юм. Судлаачид мансууруулах бодис болон цус харвалтын хооронд холбоо байгааг ажигласан ч мансууруулах бодис харвалтын шууд шалтгаан болсон гэдгийг батлахад хэцүү байв. Учир нь мансууруулах бодис хэрэглэгчдийн ерөнхий эрүүл мэнд муу байх зэрэг өөр шалтгаанаар цус харвах эрсдэл нэмэгддэг байж магадгүй гэж судлаачид бодож байсан юм.

Мэргэжилтнүүд илүү нарийвчлан судалж үзэхийн тулд нэмэлт дүн шинжилгээ хийсэн байна. Үүний үр дүнд удамшлын хувьд мансууруулах бодист донтох хандлагатай хүмүүс цус харвах магадлал өндөр байгааг тэд тогтоожээ. Энэ нь цус харвалтын гол эрсдэл нь өөр хүчин зүйл биш, харин мансууруулах мөн гэх таамгийг улам бататгасан байна.

Мансууруулах бодис нь хэд хэдэн замаар цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Амфетамин болон кокаин нь цусны даралтыг огцом өсгөж, тархины судсыг нарийсгадаг байна. Үүнээс болоод тархинд цус алдах эсвэл судас бөглөрөх эрсдэл үүсдэг. Мөн кокаин нь судасны хатуурал буюу холестерин, өөх тос судасны хананд хуримтлагдах явцыг хурдасгадаг юм. Каннабис судсыг нарийсгаж, цусны бүлэгнэл үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Сүүлийн арван жилд дэлхий даяар мансууруулах хэрэглээ нэмэгдэж байгаа нь мэргэжилтнүүдийн сэтгэлийг түгшээж байгаа юм. НҮБ-ын мэдээгээр 300 сая орчим хүн мансууруулах бодис тогтмол хэрэглэдэг байна. Үүнээс 228 сая нь каннабис, 30 сая нь амфетамин, 23 сая нь кокаин хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ.

“Stroke Association” байгууллагын гүйцэтгэх захирал Жулиет Бувери “Эдгээр бодисууд нь зүрх судасны системд маш их ачаалал учруулдаг. Цусны бүлэн үүсэх, судас нарийсах, цусны эргэлтийн системийг гэмтээх аюултай. Энэ бүхэн цус харвалтад хүргэдэг. Кокаиныг тогтмол хэрэглэх нь цусны даралтыг ихэсгэдэг. Даралт ихсэх нь цус харвалтын нийт тохиолдлын тал орчим хувийн шалтгаан болдог” гэжээ.

Тэрбээр нэмж “Бүх насны хүмүүс цус харваж байна. Өдөр бүр 240 хүн цус харвалтын улмаас амьдралыг нь өөрчлөх хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй болдог. Гэтэл цус харвалтын 10 тохиолдол тутмын 9 нь урьдчилан сэргийлэх боломжтой. Хүмүүст эрүүл хэв маягтай амьдрахыг зөвлөмөөр байна. Үүнд зөв хооллох, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, дасгал хөдөлгөөн хийх, тамхи болон электрон тамхинаас татгалзах, мансууруулах бодис хэрэглэхгүй байх зэрэг энгийн алхмууд орно” хэмээсэн юм.

Тархины судас бөглөрөх эсвэл хагарах үед цус харвалт үүсдэг. Үүний улмаас тархины эд эсүүдэд очих цусан хангамж тасалдаж, улмаар эсүүд үхдэг юм. Цус харвалт нь дэлхий даяар нас баралт болон хөгжлийн бэрхшээлийн гурав дахь гол шалтгаан болдог. Дэлхий дээр жил бүр 7 сая гаруй хүн цус харвалтын улмаас нас барж байна. Үүнээс гадна олон сая хүн саажилт, хэл ярианы эмгэг, танин мэдэхүйн бэрхшээлтэй үлддэг.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button