Судалгаа: Сургуулийн орчинд хүүхдэд харилцааны соёл, сэтгэл зүйн боловсролын хөтөлбөр шаардлагатай

Өнөө цагийн боловсролын системд үе тэнгийн дээрэлхэлт нь чухал асуудлын нэг боловч ялангуяа бага ангийн хүүхдүүдийн дээрэлхэлтийг даван туулах аргуудыг хангалттай сайн судлаж, ойлгоогүй байх нь бий.
Уг судалгааны гол зорилго нь ЕБС-ийн сурагчдын дунд үе тэнгийн дээрэлхэлттэй тулгардаг эсэх, хэрэв тулгардаг бол үүнийг яаж даван туулах, үүнд ямар туршлагаар хандахыг илүү нарийвчлан судлаж, ойлгох юм.
Судалгаанд дунджаар 10 орчим насны 13 хүүхэд оролцсон бөгөөд тэдний дийлэнх нь сургуулийн орчинд дээрэлхүүлдэг байсан бол нэг хүүхэд өөрөө дээрэлхэгч байв. Дан ганц статистикаар бус хүүхдүүдийн ярилцлага, бодит туршлага дээр үндэслэн уг судалгааг гаргаж авсан билээ.
Үе тэнгийнхний дээрэлхэлт гэж юу вэ?
Хүнийг санаатайгаар, хүч тэнцвэргүй харилцаагаар гэмтээх, доромжлох зовоох үйлдлийг хэлдэг. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн ярьсан туршлагуудаас харахад,
- Физик дээрэлхэлт буюу цохих, түлхэх, зодох, эд зүйлийн хохирол учруулах
- Үг хэлээр дээрэлхэх буюу доромжлох, хочлох, цуу яриа гаргах
- Сэтгэл зүйн дээрэлхэлт буюу нийтийн тоглоомонд оролцуулахгүй байх, хэн нэгнээс хөндийрүүлж, ганцаардуулах
Хүүхдүүдээс дээрэлхэлтийг шалтгааны талаар юу гэж боддог талаар асуухад тодорхой хариулт хэлж чадаагүй бөгөөд ихэвчлэн ам зөрөх, хамтын тоглоомын дүрэм зөрчих зэргээс үүддэг гэж үзжээ.
Хүүхдүүд үүнийг хэрхэн шийдвэрлэхийг оролддог гэхээр багшид ихэвчлэн хэлэх бөгөөд багш дээрэлхэлт үйлдсэн хүүхдийг бичих даалгавар өгөх, чөлөөт цагийг нь хасах зэргээр шийтгэж иржээ. Үе тэнгийн дээрэлхэлт нь дан ганц сургууль дээр гэлтгүй нийгмийн харилцаанд ч үүсэж болдог. Дээрэлхэлт хүүхдүүдийн сурлагын амжилт болон сэтгэл зүй, нийгмийн харилцаанд ч сөргөөр нөлөөлдөг.
Хүүхдүүд дээрэлхэлтэд өртөх үедээ хоёр аргыг хэрэглэдэг. Энэ нь нэг бол түрэмгий байдлаар хариу барих, эсвэл багшийн оролцоо, тусламжийг хүсэх хандлагатай. Эхнийх нь хувь хүн өөрөө шийдвэрлэх, хариу барих арга бол нөгөө нь сургуулийн эрх мэдэлд тулгуурласан арга замаар шийдвэрлэхийг сонгожээ.
Шийдвэрлэх арга замууд
Сургуулиудад үе тэнгийнхний дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь үр дүнтэй төдийгүй хүүхдүүдэд эерэг нөлөө үзүүлж буйг судалгаанууд харуулж байна.
Иймээс олон улсын сайн жишгээр анги нийтийн оролцоо, багш, сурагчдын дундах үе тэнгийн дээрэлхэлтийн ойлголт мэдээллийг өгөх хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Бага ангийн хүүхдүүдийн хувьд ихэвчлэн "багшид хэлэх" арга барилыг хэрэглэдэг учир багш өөрөө энэ талын мэдлэг мэдрэмж өндөр байж дээрэлхэлтийг бууруулахад нөлөөлнө.
- Сурагчид дээрэлхэлтийг идэвхгүй аргаар буюу үл тоомсорлох
- Зөрчил зохицуулах арга буюу уучлалт гуйх
- Асуудлыг шийдвэрлэх арга буюу муудалцаж буй шалтгааныг олж арилгах зэргээр хариу үйлдэл үзүүлдэг. Гэхдээ зарим нь зөрчлийг намжаахыг зорьдог бол зарим нь эсрэгээрээ түрэмгийллийн давтамжаа нэмэгдүүлэх эрсдэлтэй байдаг.
Дээр дурдсанчлан багш шийтгэл оногдуулахдаа бие махбодын бус завсарлагааны цагийг нь хязгаарлах, өгүүлбэр, бичвэр олон давтан бичүүлэх зэрэг аргуудыг л хэрэглэсээр байгаа. Үүнийг судалгаанд хамрагдсан оролцогч хүүхдийн нэг жишээнээс харж болно. "Тэр хэлэхдээ найз минь намайг цохиход би багшид хэлсэн. Багш түүнийг "Би найзыгаа цохиж болохгүй" гэсэн өгүүлбэрийг 50 удаа бичүүлсэн" гэсэн юм.
Мөн эцэх эхчүүдийн оролцоо чухал бөгөөд хүүхэдтэйгээ үе тэнгийнхний дээрэлхэлтийн талаар ярилцдаг байхаас гадна хүүхдүүдийн нийгмийн харилцааны ур чадварыг хөгжүүлэх сургалтуудад хамруулах нь ч үр дүнтэй.
Сурагчид дээрэлхэлтэд хариу үйлдэл үзүүлэхдээ ихэвчлэн түрэмгий зан үйл гаргах, ингэхдээ
- Сурагч 1: Өөрийгөө хамгаалахын тулд би түүнийг буцаагаад цохидог
- Сурагч 2: Айлгахын тулд буцаагаад түлхэж унагасан
- Сурагч 3: Уур хүрэхээрээ би хараалын үг хэлчихдэг" гэсэн бөгөөд эдгээр жишээнүүд нь үе тэнгийнхний дундах түрэмгийн зан үйл даамжирч, мөчлөг хэлбэрээр давтагдах хандлагатай илэрхийлж буй юм.
Үе тэнгийн дээрэлхэлтийн судалгаанаас харвал хүүхдүүдийн дунд бие махбодын, үг хэллэгийн болон сэтгэлзүйн дарамт түгээмэл тохиолдож, ялангуяа бие махбодын хүч хэрэглэсэн дээрэлхэлт давамгайлж байв. Энэ нь хүүхдүүдийн хоорондын харилцаанд хүчний тэнцвэргүй байдал бодитоор үүсэж байгааг харуулж байна.
Сурагчид дээрэлхэлтэдд өртөх үедээ янз бүрийн даван туулах стратеги хэрэглэдэг ч хамгийн түгээмэл нь хоёр үндсэн чиглэлд хуваагдаж байв. Нэгдүгээрт, хүүхдүүд өөрсдөө шууд хариу барих, тэр дундаа бие махбод болон үг хэллэгийн түрэмгий үйлдлээр хариулах хандлага ажиглагдсан. Энэ нь дээрэлхэлтийг зогсоохоос илүүтэйгээр түрэмгий зан үйлийн давтамжийг нэмэгдүүлж, зөрчилдөөнийг даамжруулах эрсдэлтэйг харуулж байна. Хоёрдугаарт, сурагчид багшид хандаж тусламж хүсэх нь мөн адил хамгийн өргөн хэрэглэгдсэн арга байсан бөгөөд энэ нь хүүхдүүд насанд хүрэгчдийн оролцоо ямар чухал гэж үздэгийг илтгэнэ.
Багшийн оролцооны хүрээнд сахилгын арга хэмжээ авах нь дээрэлхэлтийг шийдвэрлэх нийтлэг хэлбэр байсан боловч бас төдийлөн оновчтой шийдэл биш хэвээр байна. Энэ нь сургуулийн орчинд зөрчилдөөнийг зохицуулахдаа зөвхөн хүмүүжлийн шинжтэй арга барил зонхилж байгааг харуулна.
Үүнээс гадна зарим сурагчид үл тоомсорлох, зөрчлийг эвээр шийдэх, уучлалт гуйх, эвлэрэхийг оролдох, зөрчлийн шалтгааныг арилгах зэрэг тайвнаар асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн аргуудыг хэрэглэж байсан нь эерэг хандлагын илрэл юм. Гэвч эдгээр стратеги нь түрэмгий хариу үйлдэлтэй харьцуулахад харьцангуй цөөн давтамжтай байжээ.
Судалгааны өөр нэг чухал үр дүн нь хүүхдүүд дээрэлхэлтийн шалтгааныг тодорхой тайлбарлаж чадахгүй байсан гэдгийг дахин дурдах нь зүй. Зарим нь тодорхой шалтгаангүй гэж үзсэн бол зарим нь хамтын тоглоомоос үүдэлтэй маргаан, харилцааны үл ойлголцол, дүрэм зөрчих зэрэг энгийн зөрчлөөс үүдэлтэй гэж тайлбарласан. Энэ нь дээрэлхэлт ихэнхдээ урьдчилан төлөвлөгдөөгүй, харилцааны ур чадвар дутмаг байдлаас шалтгаалдаг болохыг илтгэж буй юм.
Сурагчид дээрэлхэлтэд өртөхдөө насанд хүрэгчдийн тусламжид найдах болон өөрсдөө түрэмгий байдлаар хариу барих гэсэн хоёр туйлын хандлага давамгайлж байгааг судалгааны үр дүн харуулсан бөгөөд дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх тогтолцоо нь сургуулийн хөтөлбөрүүдтэй уялдах шаардлагатай байна. Иймд сургуулийн орчинд зөрчил зохицуулах ур чадвар, харилцааны соёл, сэтгэл зүйн боловсролыг системтэй хөгжүүлэх хэрэгцээ өндөр байгааг уг судалгаа харуулж буй юм.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: ERIC.ED.GOV








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон юм хэрэггүй зүгээр л ил болсон батлагдсан нөхдүүдэд хатуухан шийтгэл оногдуул тэгээд л дараа дараагийнх нь айх болно өөр арга байхгүй. Тэр мишээл жерри гэх мэтийн новшнуудыг нийгмээрээ эсэргүүц