Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Путин Ираны дайнд томоохон холбоотон удирдагчаа алдсан ч ОХУ хямралаас хамгийн их хожно

Ираны дайны улмаас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ойрын холбоотон байсан өөр нэг удирдагчаа алдсан. Гэхдээ Ойрх Дорнодод өрнөж буй дайн ОХУ-ын хувьд богино хугацаанд ашигтай байх магадлалтай байна. Учир нь ОХУ-ын эдийн засаг газрын тос болон байгалийн хийн экспортоос ихээхэн хамааралтай байдаг.

Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Антониу Кошта мягмар гарагт /2026.03.10/ Ойрх Дорнодын мөргөлдөөний талаар үг хэлэхдээ "Одоогоор энэ дайнаас хожиж байгаа ганц тал бол ОХУ юм" гэжээ.

Кошта нэмж хэлэхдээ "Эрчим хүчний үнэ өсөхийн хэрээр ОХУ Украин дахь дайнаа санхүүжүүлэх шинэ нөөц боломжтой болно. Мөн Украинд дэмжлэг болгон илгээж болох байсан цэргийн хүчин чадал өөр тийшээ чиглэж буй нь ОХУ-д ашигтай. Ойрх Дорнодын мөргөлдөөнд анхаарал төвлөрснөөр Украины фронтод үзүүлэх анхаарал багасах нь тэдний хувь сайн мэдээ" хэмээсэн байна.

Даваа гарагт /2026.03.09/ газрын тосны үнэ Украины дайн эхэлснээс хойш хамгийн өндөр түвшин болох 119 ам.долларт хүрээд буцаад бага зэрэг буурсан. Гэсэн ч зах зээл дээрх үнэ өндөр хэвээр байна. Учир нь Иран дэлхийн газрын тосны тээврийн гол зам болох Ормузын хоолойгоор тээвэрлэлт хийх бараг боломжгүй болгосон.

Иран улс энэхүү нарийн усан замаар дамжин өнгөрөх гэж оролдсон хөлөг онгоцнуудыг галдан шатаана гэж анхааруулсан билээ. Гэхдээ цөөн тооны тээврийн хөлөг онгоцнууд явсаар байсан. Тэгвэл лхагва гарагт /2026.03.11/ Иран тэдгээр цөөн тооны хөлгүүдийг бөмбөгдөх болсон юм. Үүний улмаас баррель нь 90 орчим ам.доллароор арилжиж байсан Брент маркийн газрын тос одоо 100 гаруй ам.долларт хүрээд байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Путин Европын орнуудад нийлүүлдэг байгалийн хийгээ зогсоож магадгүй гэж хэлсэн. Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Европт байгалийн хийний үнэ их хэмжээгээр нэмэгдээд байгаа.

Зургийн эх сурвалж: Atlantic Council

Даваа гарагт Путин Кремльд бодлого боловсруулагчид, сайд нар болон бизнесийн удирдагчидтай уулзжээ. Тэр "Оросын эрчим хүчний компаниуд одоогийн нөхцөл байдлыг ашиглах нь чухал" гэж хэлсэн юм.

Украины дайн эхэлснээс хойш Европын Холбоо ОХУ-ын эрчим хүчнээс хамааралгүй болохоор ажиллаж байгаа. Европын Холбоо Москватай урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааны талаар дахин бодож үзэх шаардлагатай болно гэж Путин хэлжээ. Мөн Европ хүссэн тохиолдолд байгалийн хий, газрын тос дахин нийлүүлэхэд бэлэн гэж тэр мэдэгдсэн.

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр газрын тосны үнэ өсөж байгаа нь ОХУ болон Барууны орнуудад хэрхэн нөлөөлөх тал дээр ихээхэн анхаарал өгч байна. "Известия" сонинд "Дорнын цохилт: Газрын тосны үнэ 150 ам.доллароос давж магадгүй" гэсэн гарчигтай мэдээ нийтлэгджээ.

Мөн Кремлийг дэмжигч телевизийн хөтлөгч Ольга Скабеева НАТО-гийн гишүүн Эстони улсын талаар хошигножээ. Тэр "Эстонийн нийтийн тээвэр түлшгүй болсон тул хүмүүс нь алхахаас өөр аргагүй боллоо" гэж шоглосон байна.

Даваа гарагт дайныг Израилтай хамтран эхлүүлсэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Путинд бас нэгэн “бэлэг” барив. Трамп Путинтэй утсаар ярьсныхаа дараа газрын тосны зах зээлийг тогтворжуулахын тулд зарим улс орнуудын эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ цуцалж магадгүй гэж хэлсэн юм. Өөрөөр хэлбэл Трамп ОХУ-ын эсрэг тавьсан хоригийг суллаж магадгүй. Гэхдээ тэглээ гээд дэлхий дээрх газрын тосны нийлүүлэлт нэмэгдэхгүй юм. Учир нь ОХУ сүүдрийн флотоороо газрын тосоо экспортолсоор байгаа. Хоригийг суллавал Трампаас Путинд өгч буй өөр нэг “бэлэг” л болно.

Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков мягмар гарагт хэлэхдээ хориг арга хэмжээг асуудлыг хоёр орны удирдагч утсаар ярихдаа нарийвчлан хэлэлцээгүй гэсэн байна.

Зургийн эх сурвалж: Live Science

ОХУ газрын тосны хямралаас ямар хэмжээний ашиг хүртэх нь Ойрх Дорнодын мөргөлдөөн хэр удаан үргэлжлэхээс хамаарна гэж шинжээчид хэлж байна. Хэрэв энэ нь хэдэн долоо хоног үргэлжилбэл нөлөө нь бага байх болно. Харин хэдэн сараар үргэлжилбэл Оросын эдийн засагт их хэмжээний мөнгө орж ирнэ гэж “Royal United Services” тинк танкийн шинжээч Петрас Катинас хэлжээ. Төсвийн алдагдал нь нэмэгдэж буй ОХУ-ын засгийн газрын хувьд хямрал удаан үргэлжлэх нь ашигтай.

АНУ-ын хоригт орсон тул ОХУ газрын тосоо хямдруулж зардаг байсан. Харин Ираны хямрал эхэлснээс хойш энэ үнийн хөнгөлөлтөө бууруулжээ. Катинас "Газрын тосны үнэ өндөр байвал ОХУ дэлхийн зах зээлд газрын тосныхоо үнийг нэмэх боломжой" гэсэн байна.

Газрын тосны орлого нэмэгдсэнээр Москва олох орлого нь Украинд хийж буй дайнаа санхүүжүүлэх мөнгө болно. Ойрх Дорнодын дайн эхэлхээс өмнө ОХУ-ын хэцүүхэн нөхцөл байдалтай харагдаж байсан юм.

“Oxford Institute for Energy Studies” байгууллагын шинжээч Жеймс Хэндерсон “Газрын тосны хямралаас болж ОХУ батлан хамгаалахын төсвөө нэмвэл гайхах зүйл байхгүй. Илүү орлоготой болсноор цэрэг армидаа илүү их мөнгө зарцуулах нь тодорхой. Энэ бол маш харамсалтай үр дагавар юм" гэжээ.

Он гарснаар Украины дайныг зогсоох энхийн хэлэлцээ эрчээ авсан. Гэвч Трампын захиргаа Ойрх Дорнод руу анхаарлаа хандуулснаар хэлэлцээ зогсонги байдалд орсон бололтой.

Украины агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн нөөц дуусаж байна. Гэвч Украины хамгийн том зэвсэг нийлүүлэгч орон болох АНУ анхаарлаа өөр газарт хандуулах боллоо. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский хэлэхдээ Ойрх Дорнод дахь АНУ-ын баазуудыг хамгаалахад ашиглаж буй пуужин бүр Украинд өгч болох байсан нөөцийг багасгаж байна гэжээ. Энэ нь Кремлийн хувьд бас нэгэн давуу тал болж байгаа юм.

Гэхдээ Трамп анхаарлаа Украинаас холдуулсан нь ОХУ-ын хувьд хоёр талдаа иртэй сэлэм байж магадгүй гэж шинжээч Жон Ло үзэж байна. Тэр "Трамп Зеленскийг шахалтад оруулж, буулт хийлгэхийг шахаж байсан нь ОХУ-ын хувьд ашигтай зүйл байсан” гэжээ.

Шинээр дайн эхлүүлэлгүй амьжиргааны зардлыг бууруулна гэж гарч ирсэн Трамп одоо дэлхий дахиныг газрын тосны хямрал руу түлхсэн дайныг Израилтай эхлүүлээд байна. Энэ дайны нөлөөгөөр АНУ-аас гадна дэлхий дахинд инфляц өсөж, амьжиргааны зардал нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Мөн Трамп энэхүү дайнаараа хэцүүхэн нөхцөл байдалд ороод байсан ОХУ-ын эдийн засагт томоохон “бэлэг” барилаа.

Эх сурвалж: CNBC, Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ene delhiin uls turiin togloom shig l sanagdaj bn

Зочин
Зочин

Газрын тосны үнэ өсөхөөр олон улсын эдийн засагт нөлөөлөх нь тодорхой

Зочин
Зочин

oros ashig avch magadgui gedeg ni sonin l ym

Зочин
Зочин

ene bol zugeer neg bus nutgiin asuudal bish delhiin asuudal

Зочин
Зочин

putin d ashigtai baij boloh ch delhiid bol hetsuu l ym

Зочин
Зочин

Ойрх Дорнодын дайн дэлхийд ингэж нөлөөлнө гэж бодоогүй

Зочин
Зочин

Газрын тос 150 доллар хүрвэл бүр хэцүү болно доо

Зочин
Зочин

trumpiin shiidver bas ih nuluu uzuulj bn

Зочин
Зочин

Украины дайн ч одоо анхаарал бага болоод байх шиг

Зочин
Зочин

delhiin zah zeel deer tom nuluu uzuulj bn shuu

Зочин
Зочин

Энэ хотоор дүүрэнн тагнуулч бгоно гэж хошигруулсан хүмүүсээ эхнээс нь өөд нь татаж эхлэх болоогүү юу Эхнээсээ зарим нь 8 9 жил хүлээлэээ

Холбоотой мэдээ

Back to top button