Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Илон Маск: Хиймэл оюун ухаан өөрийгөө сайжруулах процесст хүний оролцоо багассаар байгаа

Лос Анжелес хотноо явагдсан “Abundance Summit 2027”-гийн үеэр дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск хиймэл оюун ухааны хөгжил, “Tesla” компанийн Optimus 3 роботын үйлдвэрлэлийн талаар ярилцсаныг орчуулж хүргэе.

Питер Х. Диамандис: Харахад л илт байгаа байх, би итгэл найдварыг бодит болгох гэж хичээсээр л байна.

Маск: Та маш гайхалтай харагдаж байна шүү.

Диамандис: Бие маань сайн байгаа.

Маск: Та хөгшрөлтийн эсрэг ямар нэгэн ийлдэс эсвэл тиймэрхүү зүйл хэрэглээ юу?

Диамандис: Бид нар "урт наслалтын хурдан галт тэрэг" гэж нэрлэдэг зүйлийн үр дүн. Тэр зорилгодоо хүрэхээр тэмүүлж байна. Та ч гэсэн үүнийг хэрэгжүүлж байгаа. Бид хамгийн сүүлд ярилцахад та насжилтыг уртасгах санааг хүлээн зөвшөөрч эхэлж байсан гэж би бодож байна.

Маск: Тийм шүү, тодорхой хэмжээнд. Хүн болгоныг мөнх амьдруулахыг бид хүсэж байгаа эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ хөгширч удаан хугацааг өнгөрөөхийн оронд эрүүл наслах хугацааг уртасгах нь зөв санаа гэж бодож байна.

Диамандис: Юуны түрүүнд, “SpaceX” болон “xAI” хоорондын хамтын ажиллагаанд баяр хүргэе. Хоёр компани нэгдсэн нь анхны “Dyson Sphere”-ийг бүтээхэд тус болно. Сансарт байрлуулах дата төвүүдийг ажиллуулж эхлэх хуваарийг сонирхож байна. Эхний жилд хэр их мэдээлэл дамжуулах хүчин чадалтай байж чадна гэж та бодож байна вэ? Энэ зорилгоо хэр хурдтай биелүүлж байгаа талаар яриач.

Маск: “SpaceX” одоогоор нам гүм үе дээрээ байгаа тул хүндрэл учруулж болзошгүй мэдээллийг задруулах боломжгүй байна.

Диамандис: За эгвэл энэ талаар ярихаа болъё. Би ойлгож байна аа. Гэхдээ тэр зорилгодоо хурдан хүрээсэй гэж тэсэн ядан хүлээх болно. Энэ долоо хоногийн даваа гарагт бид энд Эрик Шмидт болон өөр нэгэн үүлэн тооцооллын компанийн удирдлагатай ярилцсан. Хэн гэдгийг нь дурдахгүй байя, гэхдээ хиймэл оюун ухааны өөрийгөө сайжруулах гэдэг ойлголт дээр бид ямар шатанд явж байна гэж та бодож байна вэ? Тийм шатанд хүрсэн үү? Грок (xAI-ийн чатбот) одоогоор өөрийгөө  сайжруулж байгаа гэж та бодож байна уу? Ямар процессоор явагддаг вэ? Ерөнхий хиймэл оюун ухаан (AGI) болон супер хиймэл оюун ухаан (ASI) ямар хугацаанд гарах бол? Бидэнд ерөнхий ойлголт өгөөч.

Маск: Өөрийгөө сайжруулах шатанд ороод нэлээд хугацаа өнгөрсөн гэж би бодож байна. Та хүний оролцоогүйгээр бүрэн өөрийгөө сайжруулах үйл явцыг хэлж байна уу?

Диамандис: Тийм ээ, би хиймэл оюун ухааны программ хангамжийг хэлж байна.

Маск: Хиймэл оюун ухаан өөрийгөө сайжруулах процесст хүний оролцоо багассаар байгаа. Шинэ үеийн загвар бүрийг өмнөх үеийн загвар нь бүтээж байгаа. Өөрийгөө хөгжүүлэх чадвар үндсэндээ суусан гэхдээ хараахан бүрэн автомат болоогүй. Магадгүй энэ оны эцэс гэхэд, эсвэл хамгийн оройдоо ирэх жил гэхэд бүрэн автоматжих байх.

Диамандис: Бүрэн автоматжих үед оюун ухааны огцом үсрэлт хийнэ гэж та бодож байна уу?

Маск: Бид яг одоо тэр огцом үсрэлтийн үе шатанд явж байна. Яг одоо.

Диамандис: Тийм байх нь.

xAI

Маск: Огцом үсрэлтийн шатанд орой унтахад хиймэл оюун ухаанд нэг том нээлт гаргаж, өглөө сэрэхэд өөр нэг нээлт гарчихсан байх жишээтэй.

Диамандис: Тийм шүү.

Маск: Үнэнийг хэлэхэд шинэ нээлтүүдийг гүйцэхэд хэцүү. Үнэхээр толгой эргэм хурдтай байна.

Диамандис: Тэр толгой эргэм олон нээлтийг та өөрөө ч бас авчирч байгаа гэж би бодож байна.

Маск: Одоогоор Грок маш сайн хөгжиж байгаа. Зарим үзүүлэлтээрээ хамгийн шилдэг нь байна. Жишээлбэл, аливааг зөгнөж таамаглахдаа хамгийн сайн нь, энэ бол оюун ухааныг хэмжих хамгийн чухал үзүүлэлт гэж хэлж болно. Грокийн шинэ хувилбар маш сайн үзүүлэлтэй байгаа. Харин программчлах чадвараараа арай л хоцорч байна. Би сая программчлалын талаарх хуралдаанд суусан болохоор жаахан хоцорчихлоо. Хиймэл оюун ухаан программ бичих тал дээр өрсөлдөгчдөө гүйцэж, түрүүлэхийн тулд хийх ёстой бүх ажлаа тодорхойлсон. Гүйцэж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Оны дунд үе гэхэд энэ зорилгодоо хүрч чадна гэж бодож байна.

Үүнээс гадна, ирээдүйн хиймэл оюун ухаан хэр асар том байхыг, эсвэл хүний оюун ухаанаас хэдий чинээ хол тасарч, ойлгохын аргагүй болохыг хүмүүс бүрэн ойлгохгүй байгаа байх.

Тийм нөхцөл байдлыг төсөөлөөд үз дээ. Ирээдүйд дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ одоогийнхоос нэг сая дахин өснө гэж бодъё. Энэ эрчим хүч нарны ялгаруулдаг эрчим хүчний саяны нэгтэй л тэнцэнэ. АНУ-ын эдийн засгийг нэг сая дахин тэлсэн ч хэрэглэж буй эрчим хүч нь нарны эрчим хүчний өчүүхэн хэсэг хэвээр л байх болно. Хэрэв бид нарны эрчим хүчний хэмжээнд тулгуурлан тооцвол, одоогийн дэлхийн эдийн засаг болон цахилгааны эрчим хэрэглээг нэг сая дахин нэмэгдүүлсэн ч нарны эрчим хүчний ердөө саяны нэгийг л хэрэглэх болно.

Тэгвэл одоогийн эрчим хүчний хэрэглээнээс сая дахин их цахилгаан эрчим хүч хэрэглэдэг эдийн засаг эсвэл хиймэл оюун ухаан ямар харагдах бол? Юу сэтгэж, юу хийх бол? Маш том дүр зураг төсөөлөгдөнө. Одоо бидэнд тулгараад буй бэрхшээл бол тэр асар том хиймэл оюун ухааныг бага ч болов ойлгоход хүндрэлтэй байгаа явдал. Гэхдээ тэр хиймэл оюун ухаан таны төсөөлж чадах бүх асуудлыг шийдэж чадах нь тодорхой. Хиймэл оюун ухаан болон роботууд эдийн засгийн бүтээмжийг хэд дахин нэмэгдүүлэх үед энэ нь бидний төсөөллөөс ч давах зүйлийг хийнэ.

Диамандис: Бид маш богино хугацаанд энэ гараг дээрх оюун ухааны өчүүхэн нэг хэсэг нь болж, дараа нь бүр ч багасаж, эцэст нь бараг анзаарагдахгүй хэмжээний цөөнх болох байх.

Диамандис: Илон, би өөр нэг зүйл асуух гэсэн юм? Та ирээдүйд яг юу болно гэж бодож байна вэ. Хэдэн жилийн дараа бодитой ямар нэгэн зүйл болно гэж таамаглал дэвшүүлж чадах уу?

Маск: Ирээдүйг яг таг таамаглахад хэцүү. Ихэнх зүйл S-муруй эсвэл цуврал S-муруй хэлбэрээр илэрдэг. Эхлээд хөгжил нь удаан явагдаж дараа нь огцом өсөлтөд шилжиж, улмаар шугаман өсөлт болж, эцэст нь логарифм өсөлт рүү (удаашрах) шилждэг.

Хиймэл оюун ухааны салбар дахь нээлтүүд энэ зүй тогтлоор явж байна гэж би хардаг. Жишээлбэл, нэг нээлт гарсны дараа тэр нь S-муруй замаар явж, хязгааргүй өсөх мэт ажиглагдах боловч дараагийн нээлт гартал өсөлт нь логарифм хэлбэрээр явагдаж удааширдаг. Тиймээс хиймэл оюун ухааны ахиц дэвшил нь үндсэндээ хоорондоо давхацсан, холбогдсон S-муруйнууд юм.

Диамандис: Та арав, хорин жилийн дараах нөхцөл байдлыг таамаглаж чаддаг байсан үе бий. Одоо ирээдүйн нөхцөл байдлын талаар ямар бодолтой байна вэ?

Маск: Миний одоо хэлэх гэж байгаа зүйл галзуу сонгогдож магадгүй

Диамандис: Хамаагүй ээ. Учир нь та бидний галзуу гэмээр таамаглалыг үргэлж сонсдог шүү дээ.

Маск: Тийм ээ, 10 жилийн дотор эдийн засгийн цар хүрээ одоогийнхоос арав дахин эсвэл түүнээс дээш хэмжээгээр өснө.

Диамандис: Тийм ээ. Таван жилийн дараа ДНБ гурван оронтой тоогоор өсөж, эдийн засгийн цар хүрээ одоогийнхоос 10 дахин өснө гэж та хэлж байсан. Гэхдээ таны таамаглах чадварын тухайд...

Маск: Арван жилийн дотор эдийн засгийг арав дахин өснө гэдэг бол үнэндээ нэлээд консерватив (болгоомжилсон) таамаглал гэж би бодож байна. Дэлхийн гуравдугаар дайн шиг зүйл гарч энэ төлөвлөгөөг нураахгүй л бол шүү дээ. Хэрэв дэлхийн дайн гарахгүй, одоогийн чиг хандлага үргэлжилбэл эдийн засаг арван жилийн дотор арав дахин өснө гэж би хэлнэ.

Диамандис: Сайхан сонсогдож байна. Та бидэнд жишээ хэлж болох уу?

Маск: Хүн төрөлхтөн саран дээр бааз байгуулна.

Диамандис: Тийм ээ. Мөн бид хүмүүсийг...

Маск: Ангараг дээр хөл тавиулна.

Саран дээр бүтээж болох сансрын хөлөг хөөргөх байгууламжийн зохиомжит зураг. Зургийн эх сурвалж: Space

Диамандис: Бид бас Сар дээр сансрын хөлөг хөөргөх төхөөрөмж (mass driver) барих болно.

Маск: Тийм шүү. Ирэх арван жилийн дотор саран дээр хөлөг хөөргөх төхөөрөмжтэй болно гэж би бодож байна.

Диамандис: Гайхалтай. Жерард К. О’Нилийн төсөөлж байсан сансрын аялал биеллээ олж байна. Энэ жилийн "Abundance Summit" дээр бид тайзан дээр дөрвөн роботтой байсан. Optimus робот худалдаанд гарахыг тэсэн ядан хүлээж байна. Optimus 3 борлуулагдах он сар миний сонирхлыг татаж байна. Optimus хэзээ арилжааны зах зээлд гарна гэж та таамаглаж байна вэ?

Маск: Одоогоор Optimus 3 хөгжүүлэлтийн эцсийн шатандаа явж байгаа. Дэлхийн хамгийн дэвшилтэт робот байх болно. Өөр ямар ч робот Optimus 3-тай дүйцэхгүй. Optimus 3 шиг сайн үзүүлэлттэй робот харагдаагүй л байна. Магадгүй тийм роботууд байдаг байх, эсвэл нууцалж байгаа байх, гэхдээ би лав хараагүй. Optimus 3-ыг энэ зунаас үйлдвэрлэж эхэлнэ гэж бодож байна, гэхдээ үйлдвэрлэлийн хүчин чадал эхэндээ маш удаан байх болно. Үйлдвэрлэлийн хэмжээ нь цаг хугацааны явцад S-муруй замаар өсөж, ирэх жил орчим гэхэд олон тоогоор үйлдвэрлэх хүчин чадалд хүрж магадгүй. Optimus 4-өөс хойш бид загварын шинэчлэлийг улам хурдасгах болно.

Эх сурвалж: European Central Station

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button