НИЙГЭМНийгэм мэдээ

0-5 настай хүүхдийн амь насанд аюултай цахилгаан менингит өвчний халдварын идэвхжилт эхэлжээ

Монгол Улсын хэмжээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар менингококкт халдварын нөхцөл байдал хүндэрч, долоон тохиолдол батлагдаад байна. Менингококкт халдварын улмаас  гурван хүүхэд нас барсан байна. Тодруулбал, нийт халдварын гурван тохиолдол нь Налайх, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн бол Сонгинохайрхан дүүрэгт эрсдэл өндөр байна. Харин орон нутгаас Ховдод хоёр, Дархан-Уул аймагт нэг, Увс аймагт нэг тохиолдол тус тус илэрсэн аж.

Өвчлөгсдийн 66.7 хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд байгаа бөгөөд нийт тохиолдол зургаан сартайгаас 10 насны хооронд байна. Менингококкт халдвар нь жил бүрийн арванхоёрдугаар сараас зургадугаар сар хүртэл өвчлөл өндөр байдаг бөгөөд нийт тохиолдлын 90 орчим хувь нь оны эхний хагаст бүртгэгддэг.

Менингококкт халдвар тархах өндөр эрсдэлтэй аймгуудад Увс, Дорнод, Завхан, Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгууд нэрлэгдэж байгаа талаар холбогдох албанаас мэдээллээ. Менингококкт халдвар нь маш богино хугацаанд хүндэрч, амь насанд аюул учруулдаг тул хаврын энэ өдрүүдэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ХАЛДВАРЛАЛТ

Менингококкын менингит, менингококкын нян тээгчид нь халдварын эх үүсвэр болдог. Үржих таатай температур нь 36-37 градус байдаг болохоор хамар залгиурт үржээд ханиах, найтаах үед гадагш тархана. Өөрөөр хэлбэл, агаар дуслын замаар халдварладаг. Дархлаа нь харьцангуй сул байдгаас болж сургуулийн өмнөх насныхан их өвддөг. Судалгаанаас үзвэл манай улсад энэ халдвар авсан хүмүүсийн 84% нь 0-14 насныхан байдаг.

МЕНИНГОКОККИЙН ГОЛ ШИНЖ ТЭМДЭГ

Илрэх шинж тэмдгүүд:

  • Гэнэт өндөр халуурах
  • Цочимтгой болох (хурц гэрэл, дуу чимээ зэрэгт)
  • Хүүхэд уйлагнах
  • Гэдэс нь өвдөх (1-2 удаа шингэн суулгах)
  • Толгой өвдөх, хоолонд дургүй болох
  • Бөөлжилт нь гэнэт, хоолтой холбоогүй, олон удаа, бөөлжөөд биед сайжрал өгөхгүй
  • Хүзүү хөших, ухаан санаа самуурах
  • Бүх биеэр тууралт гарна (ихэвчлэн хөл, гуяар гарах ба зарим тууралт нь цусархаг шинжтэй болно).

Ариутгагч бодисын нөлөөгөөр 1-2 минутын дотор үхдэг. Иймээс гэр ахуйн орчинд цэвэрлэгээ ариутгалыг сайн хийхийг зөвлөж байна.

МЕНИНГОКОККЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

  • Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг мэргэжлийн эмчийн зааврын дагуу бүрэн эмчлүүлэх
  • Өглөө босоод, орой унтахын өмнө бүлээн ус, сармис, нимбэг, царвангийн уусмалын аль нэгээр хоолойгоо тогтмол зайлах
  • Менингококкт халдварын эсрэг вакцинд хамрагдах
  • Өрөө тасалгааг агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээг хоёроос доошгүй удаа хийх
  • Биеийн дархлааг сайжруулах, витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх
  • Улиралд тохируулан дулаан хувцаслах, хүйтэн сэрүүний улиралд малгай, ороолт, бээлийг заавал өмсөх.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button