Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн шинэ өргөтгөл ашиглалтад орно

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны таван сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн өргөтгөлийн барилгын ажил үргэлжилж байна. Анх 2026 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа тул энэ оны зун эсвэл намрын улиралд нээхээр зорилт тавьжээ. Төслийн явцын талаар тус номын сангийн захирал Б.Индрагаас тодруулахад, “Шинэ барилгын гадна ажил бүрэн дууссан. Одоогоор дотор засал, инженерийн шугам сүлжээний ажлууд хийгдэж байна. Бид энэ ондоо багтаан үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байна” хэмээн онцолсон юм.
Шинэ номын сан нь орчин үеийн жишигт нийцсэн, хүртээмжтэй орчныг бүрдүүлснээрээ онцлог бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүх давхарт саадгүй үйлчлүүлэх боломжтой аж. Түүнчлэн нэгдүгээр давхрыг бүхэлд нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулан тохижуулж, ЛЕД дэлгэц, цахим уншлага, мини кино театр болон бүх насныханд зориулсан соёлын үйлчилгээний хэсгүүдийг багтааж байгаа юм. 2025 оны гуравдугаар сард шав тавьсан тус барилга нь 2500 ам метр талбай бүхий дөрвөн давхар бөгөөд өдөрт дунджаар 300-800 хүнд үйлчлэх хүчин чадалтай.
Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан нь 1980 онд байгуулагдаж, 1986 оноос их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит болсон түүхтэй. Өдгөө нийслэлийн таван дүүрэгт салбар номын сангуудыг ажиллуулж байна. Мөн тус номын сан нь 2016 оноос эхлэн номын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан NVDA дэлгэц уншигч, монгол брайль хэрэглээг нэвтрүүлж, 3000 гаруй сан хөмрөг бүрдүүлэн жил бүр 350 гаруй тусгай хэрэгцээт иргэнд үйлчилж байгаа юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.