Сидней, Франкфурт хотуудад Ерөнхий консулын байгуулна

Австралийн Сидней хот, ХБНГУ-ын Франкфурт хотуудад Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулна. Энэ талаар өнгөрсөн гуравдугаар сард Засгийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжлээ.
Тус хотуудад Консулын газар байгуулснаар Берлин, Канберра дахь Элчин сайдын яамнаас алслагдмал хотуудад суугаа монголчуудын эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээ үзүүлэх боломж нэмэгдэнэ гэж үзэж буй. Мөн хилийн чанад дахь иргэдийн сонгуульд санал өгөх эрхээ эдлэх боломжоор хангах юм.
Герман улсад 9000 орчим монгол иргэн оршин сууж байгаагаас 5300 орчим нь Франкфурт хотын ойролцоох таван мужид суудаг байна. Мөн Франкфуртын нисэх буудал нь монголчуудын гуравдагч орон руу зорчихдоо дамжин өнгөрлөг гол зангилаа бүс юм. 2024 онд гэхэд МИАТ компанийн нислэгээр 42500 иргэн тус чиглэлд зорчжээ.
Харин Австралийн холбооны улсад өнгөрсөн оны байдлаар 24,650 гаруй монголчууд оршин сууж байна. Энэ нь хилийн чанадад оршин суугаа монгол иргэдийн тоогоор гуравдугаарт бичигдэх үзүүлэлт юм.
Ерөнхий консулын газар шинээр байгуулан ажиллуулснаар ХБНГУ, Австралийн холбооны улстай худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн чиглэлийн хамтын ажиллагаа өргөжих ач холбогдолтой.
Д.ХАДААН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.