Монголын жүдо бөхийн холбоо БНСУ-ын жүдогийн холбоотой хамтран ажиллана

Монголын жүдогийн холбооноос БНСУ-ын жүдогийн холбоотой хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт Монголын жүдогийн холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар, БНСУ-ын жүдогийн холбооны дэд ерөнхийлөгч Чо Ён Чүль нар гарын үсэг зурлаа. Чо Ён Чүль нь Азийн жүдогийн холбооны ката, боловрол, дасгалжуулалт сургалт хариуцсан захиралын албан тушаал хашдаг бөгөөд тамирчны хувиар 1984, 1988 оны зуны олимпын наадмын хүрэл, 1985 оны дэлхийн аваргын алтан медальтай хүн юм.

Гэрээ байгуулах ёслолын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-БНСУ бол жүдо өндөр хөгжсөн улс. Хамтран ажиллах гэрээг хэдэн жилийн хугацаагаар байгуулав. Ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-БНСУ-ын жүдогийн холбооны дэд ерөнхийлөгч Чо Ёонг Чул : Хоёр тал хамтран ажиллах дөрвөн жилийн гэрээ байгуулсан. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд бид хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажил хийх болно. Юуны өмнө Монголын жүдогийн шигшээ багийг БНСУ-д урьж, хамтарсан бэлтгэл хийх, солонгос жүдочдыг Монголд бэлтгэлд хамруулах тал дээр тохиролцоонд хүрсэн.
Ирэх дөрөвдүгээр сард Улаанбаатарт Ази, Номхон далайн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд манай шигшээ баг оролцоно. Тэмцээний дараа Хойд Солонгосын шигшээ багийг урьж, гурван улсын хамтарсан бэлтгэл хийх төлөвлөгөөтэй байна.
Монголын жюүдогийн холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар : Энэ жил Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн тэгш ой тохиож байна. Энэ ойн хүрээнд хоёр улс олон арга хэмжээ хамтран зохион байгуулж байгаа. Төрийн дээд түвшинд хамтарсан үйл ажил зохион байгуулахын зэрэгцээ ард иргэд, олон нийтийн түвшинд шууд харилцаа, холбоог дэмжиж ажиллах болно. Соёл урлаг, боловсрол, спортын чиглэлд хамтын ажиллагаагаа чухалчилж ажиллана.
Спортын чиглэлд БНСУ-ын жүдогийн холбоотой маш нягт хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Өмнөд Солонгосын тал ч ийм сонирхолтой гэдгээ илэрхийлсэн. Хамтарсан бэлтгэл хийх, тамирчин, дасгалжуулагч солилцох, ялангуяа энэ жил Токиогийн олимпын бэлтгэлийн хүрээнд манай тамирчдын бэлтгэлийг хангалцах болсон нь чухал ач холбогдолтой. Мөн БНСУ-ын жүдогийн холбоотой хамтарч хөдөө орон нутагт спорт, эрүүл сэтгэлгээг хөгжүүлэх тал дээр ажиллана.
-Тодорхой хэлбэл?
Д.Цогтбаатар : Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сая Норвегт ажиллаж байхдаа ярьсан хамгийн гол сэдвийн нэг нь спортын хамтын ажиллагаа, өвлийн спортыг Монголд хөгжүүлэх явдал байлаа. Спорт гэдэг бол хүнийг бие бялдрын хувьд хөгжүүлж, чийрэгжүүлэн, дархлааг сайжруулдаг. Одоо гараад байгаа коронавирусээс урьдчилан сэргийлэхэд эмч нарын хамгийн гол зөвлөж байгаа юм нь дархлаагаа бэхжүүлэх.
- Дархлаа яаж бэхжих вэ?
-Мэдээж спортоор хичээллэж байж бэхжинэ. Энэ утгаараа спортыг хөгжүүлэх нь маш олон талын ач холбогдолтой. Спорт дотроо жүдо бол хүнд хүмүүжлийг тэгш олгодог, багш, өрсөлдөгч, дэвжээгээ хүндэтгэж сургадаг спорт юм. Маш ухаалаг спорт гэж хэлж болно. Гэрээ ёсоор нэгдүгээрт, харилцан туршлага солилцох, дасгалжуулагч, тамирчин солилцох, хамтарсан бэлтгэл хийнэ. Хоёрдугаарт, хөдөө орон нутагт жүдо бөхийн шинэ клуб, дожё байгуулах зэрэг ярилцсан асуудал олон бий.
-Сая БНСУ-ын дэд ерөнхийлөгч Хойд Солонгосын багтай хамтарсан бэлтгэл хийнэ гэсэн. Тэгэхээр энэ гэрээ бас гадаад харилцаанд ч чухал гэрээ болов уу?
Д.Цогтбаатар : Монгол Улс бүс нутагт эрүүл, бүтээлч, энх тайван тогтвортой байдалд тус болохуйц бүхий л арга хэмжээнд идэвхтэй оролцдог. Зөвхөн улс төрийн биш хүн ёсны харилцааг ч хөхүүлэн дэмжих ёстой гэж бид үзэж байна. Тийм болохоор манай холбоо ямар ч хамтын ажиллагаанд нээлттэй байгаа гэж Монголын жүдо бөхийн холбооноос мэдээлэв.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.