Баримтдэд онцлохдэд-1УЛС ТӨР

Эрдэнэт үйлдвэр 992.7 сая төгрөгийн 2 худалдан авалтыг цахим системд зарлалгүй шууд гэрээлжээ

Үндэсний аудитын газрын шалгалтаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 2025 онд нийт 992.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий хоёр үйлчилгээний худалдан авах ажиллагааг цахим системд зарлалгүй, шууд гэрээ байгуулсан зөрчил илэрчээ. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайланд тус үйлдвэрийн хоёр төрлийн үйлчилгээний худалдан авах ажиллагааг төлөвлөсөн арга хэлбэрээр зохион байгуулаагүй талаар дурдсан байна.

  • Тодруулбал, эхнийх нь Оюутын талбайн археологийн хайгуул, судалгааны ажлыг 45.3 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр харьцуулалтын аргаар шалгаруулахаар төлөвлөсөн боловч худалдан авах ажиллагааны цахим системд зарлаагүй байна. Улмаар МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнтэй 44.7 сая төгрөгийн гэрээг шууд байгуулсан гэж аудитын тайланд тэмдэглэжээ.
  • Хоёрдугаарт, Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн тайланд олон улсын хөндлөнгийн аудит хийлгэх ажлыг 1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй нээлттэй тендерээр шалгаруулахаар төлөвлөсөн боловч цахим худалдан авах системд нийтлээгүй байна. Үүний оронд Кэй Пи Эм Жи Аудит ХХК-тай 948 сая төгрөгийн гэрээг шууд байгуулсан гэж Үндэсний аудитын газар тогтоосон байна. Ингэснээр дээрх хоёр гэрээний нийт дүн 992.7 сая төгрөг болж байна.

Үндэсний аудитын газрын тайланд дээрх үйлдлийг тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 18.1, 32.1, 32.2, 34.1 дэх заалтууд болон Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудтай нийцээгүй гэж тэмдэглэсэн байна.

Тухайлбал, худалдан авах ажиллагааны цахим системд холбогдох зарлалыг нийтлэх, хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендерийн аргыг хэрэглэх, харьцуулалтын аргаар худалдан авах ажиллагааг хуульд нийцүүлэн зохион байгуулах шаардлагуудыг дээрх зохицуулалтууд тусгасан байна.

Аудитын дүгнэлтэд эдгээр зөрчилт үйлдлийг авлига, мөнгө завшсан, хохирол учруулсан гэх мэтээр дүгнээгүй ч нийтэд ил болсон аудитын баримтаар үзэхэд худалдан авах ажиллагааг төлөвлөсөн болон хуульд заасан журмын дагуу цахим системээр зохион байгуулаагүй, шууд гэрээ байгуулсан гэх зөрчил юм.

Үндэсний аудитын газраас дээрх зөрчлийг арилгахтай холбоотой албан шаардлагыг 2026 оны гуравдугаар сарын 16-нд хүргүүлсэн байна.

Уг албан шаардлагаар худалдан авах ажиллагааг хуульд нийцүүлэн зохион байгуулж, зөрчлийг таслан зогсоох, цаашид давтан гаргахгүй байх арга хэмжээ авч, биелэлтийг 2026 оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг шаардсан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button