НИЙГЭМСурвалжилга

Сурвалжилга: Сайжруулсан түлшийг шатахуунтай адил "шаглаж" зарахаар нөөцөлж байна

Өвлийн эхэн сар гарахад ердөө 10 гаруй хоног дутуу байна. Гэсэн ч Улаанбаатарт хэдийнэ өвөл ирж, хаалга тогшоод эхэллээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр нийслэлд цас орж, амралтын өдрүүдээр жавартай, жиндүүхэн өглөөтэй золгосон тул гэр хорооллын айлууд галаа нэмж, өнөөх утаа ихэсжээ. Жил бүрийн өдийд нийслэлчүүд бид өвлийг ингэж угтдаг жамтай.

2019 онд Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглож улмаар сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд оруулж айл өрхүүд албан ёсоор хэрэглэж эхэлсэн. Тухайн үед "Утааг бодитой хэмжээгээр бууруулна" хэмээн мэдэгдэж байсан ч нийслэлчүүд утаатай хэвээр найм дахь өвлөө угтаж байна.

Энэ өвлийн тухайд Нийслэлийн гэр хорооллын өрхүүд долоон дүүргийн 446 цэгээс сайжруулсан түлш болон, хагас коксон түлшийг худалдан авах аж.

Тухайлбал, Сонгинохайрханд 165, Баянзүрхэд 110, Чингэлтэйд 58, Хан-Уулд 36, Сүхбаатарт 32, Налайхад 22, Баянголд 17 цэгээр энэ сарын нэгнээс эхлэн борлуулж эхэлсэн. Ингэхдээ нэг өрхөд долоо хоногийн хэрэглээ гэж долоон шуудай түлш олгоно. Нэг ёсондоо шатахуун шиг "лимит" буюу хязгаартай болж буй юм. Тухайн өөрт ноогдсон долоон шуудай түлшээ авахдаа "Хотула" аппликейшнээр эсвэл иргэний үнэмлэхээрээ авна.

Хэрхэн авах вэ гэвэл, түлш борлуулах 466 цэг бүрд борлуулагч ажиллаж байгаа. Борлуулагч нар "Хотула" аппликейшнаар иргэдийн иргэний үнэмлэхийн тусгай кодыг уншуулж хэдэн эрх байгааг шалгана олгоно. Мөн иргэд өөрсдийн гар утсан дээрээ"Хотула" аппликейшн татаж, нэвтэрч орон хэдэн эрхтэй гэдгээ шалгуулж сайжруулсан түлш худалдан авах юм байна. Үнийн тухайд сайжруулсан шахмал түлш нэг шуудай буюу 25 кг нь ₮3750 бол хагас коксон шахмал түлш ижил савлагаатай ₮5000 худалдаалагдаж байгаа аж.

-Ойрд хүйтрээд сайжруулсан түлшний эрэлт ихсэж өдөрт таван тонн дуусаж байна-

Сүхбаатар дүүргийн шахмал түлш борлуулах 389-р цэгээс

Олон нийтийн сүлжээгээр сайжруулсан түлштэй холбоотой "хэл ам" таталсан олон асуудал гараад буй. Дурдвал, "сайжруулсан түлш олдохгүй байна, зарим хүмүүс дамлаж зарах, орон нутгийн харьяатай түр оршин сууж байгаа өрх авч чадахгүй байна, өмнөх жилээс өөр сонин үнэр гарч байна" гэх мэт шүүмжлэлүүд өрнөсөн. Тэгвэл бид энэ асуудлыг бодит газар дээрээс нь тодруулахаар Сүхбаатар дүүргийн түлш борлуулах 389-р цэгийн борлуулагч Г.Дашнямаас сайжруулсан түлшний нийлүүлэлтийн талаар тодрууллаа.

Тэрбээр "Одоогоор манай цэг дээр түлш алга. "Хотула" аппликейшнаар харахад Налайхаас ачилт гарсан байна. Ер нь өдөр 13:00 цагаас хойш л ирдэг юм. Нэг ирэхдээ таван тонн ирдэг. Сүүлийн үед цаг агаар хүйтэрсэн учраас өдөртөө л дуусаад байна. Нэг өдөр сайжруулсан түлш ирсэн бол дараа нь хагас коксон нүүрс ирнэ. Нэг өрхөд долоо хоногт долоон уутыг л өгч байгаа. Цаанаасаа "тэгж өг" гэсэн болохоор одоо яалтай. Иргэд яахаараа долоон уутыг өгдөг юм. Нэг дор сарын хэрэглээгээ бэлдмээр байна гэх мэтээр уурладаг. Цаанаас нь олноор өгч болохгүй болохоор л тэгж байгаа байлгүй. Сайжруулсан түлш борлуулах цэгүүд өмнөх жилээс хороо, дүүрэг харгалзахгүй нүүрс өгдөг болсон. Уулын дээр гэр нь байдаг, машин тэрэг байхгүй хүмүүс олон байгаа. Тэд гэрт хүргээд өгөөч гэдэг. Боломжоороо хүргэлтэд гарна.

Орон нутгийн харьяалалтай түр оршин сууж байгаа иргэд тухайн хорооноосоо тодорхойлолт бичүүлж илгээх юм байна лээ. Улмаар Хотула болон иргэний үнэмлэх дээр нь нүүрс авах эрх үүсэж авах боломжтой болно. Зарим иргэд долоо хоногийн хугацаа нь дуусаагүй, нүүрс авах эрх нь нээгдээгүй байхад ирж хэрүүл хийх нь их. Даваа гарагт 10:00 цагаас ирж долоон шуудай нүүрсээ авсан бол дараа долоо хоногийн даваа гарагийн 10:00 цагаас хойш таны эрх нээгдэнэ. Үүнийг ойлгохгүй маргаан их гарч байна" гэлээ.

Иргэд өвлийн эд хүйтнээс урьдаж түлшээ базаах үүднээс үнэ хямд сайжруулсан түлшийг олноор нь авахын тулд хамаатан садныхаа нэрийн өмнөөс авч байгаа аж. Улмаар олноор нь цуглуулж цааш нь "дамлаж" зарах тохиолдол үүсжээ. Тухайлбал, цахим орчинд "Сайжруулсан түлш 100 уутыг хүргэлтээр авна" гэх мэт зарууд хөвөрч байна. Улмаар эд хүйтний үед эрэлт ихсэх үеэр "шаглаж" зарах сэдлээр иргэд нөөцөлж болзошгүй байгаа юм. Учир нь түлш борлуулах 446 цэгээс 168 нь нөөцгүй, 80 цэг нь 1-50 уут түлшний үлдэгдэлтэй байгаа тухай албан мэдээлэл гарав. Өөрөөр хэлбэл, нийт борлуулалтын цэгийн 55.6 хувь нь түлшгүй эсвэл маш бага үлдэгдэлтэй байсныг судалгааны дүн харуулж байна. Угтаа энэ жил нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг нийт 427.4 мянган тонн шахмал түлшээр хангахаар төлөвлөсөн. Гэтэл энэ сарын 22-ны байдлаар 51.2 мянган тонн түлшний нөөц бүрдүүлсэн байгаа аж.

Өвөл хаяанд ирж хаалга тогшиж байхад иргэд нь шатахуунтай адил сайжруулсан түлшиндээ дараалж зогсох эрсдэл үүслээ. Улам л хүйтэн болно. Иргэд улам л нөөцөлж сайжруулсан түлшний эрэлт үүсэж, "шагийн" шатахууны бизнес шиг цэцэглэх эрсдэл үүсэх нь.

-Иргэд "Шатахуун хайж баахан явна. Одоо түлш хайж явдаг боллоо-

Иргэний хүсэлтээр царайг нь нуусан болно

Иргэдээс сайжруулсан түлшний хүртээмж болон чанарын талаар тодрууллаа. Иргэд "Шатахуун хайж баахан явна. Одоо түлш хайж явдаг боллоо. Өдөр ирээд 3-4 цаг болоод дуусчихдаг юм байна. Нэг өрх долоон шуудайг долоон өдөр түлнэ гэнэ. Одоохондоо бол мань мэт нь гэрт учраас гамнаад аргалаад болно. Өөрсдөө галаа түлдэг байшинтай айлууд олон байгаа.

Тэд долоон шуудайг хоёр өдөрт л дуусгана шүү дээ. Өвөл улам хүйтэрнэ. Тэр үеэр долоон шуудай нүүрсээр яагаад ч долоо хонохгүй. Хүйтний эрч нэмэгдэхээр энэ квотоо нэмэх байлгүй дээ. Үгүй бол иргэд нь хөлдөж үхэх байх. Сайжруулсан түлш өмнөх жилээс арай өөр сонин үнэр гаргаад байх шиг. Савлагаа нь арай дээр болсон байна" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Saijruulsan tulsh zarna gsed l shahtahuun shig liitend oruulj baigaa n ard tumnii ajild gaat bolood l bna shd

Зочин
Зочин

Улаанбаатар хотын гэр хорооллынхон өвөл болохоор л түлш олох гэж дугаарлаж зовдог цаг үе эргээд ирлээ

Зочин
Зочин

Hotula app ashiglaad l neg urhed 7 honogot 7 shudai l nnuurs ugnu gsn chin aimaar halamj shd

Зочин
Зочин

Hotula app ashiglaad l neg urhed 7 honogot 7 shudai l nnuurs ugnu gsn chin aimaar halamj shd

Зочин
Зочин

Өвлийн эхэн сар гараагүй байхад сайжруулсан түлш олдохгүй, цэгүүд нь хоосорчихсон байх гэж дээ

Зочин
Зочин

Shag shig l 100 uut nust damlaj zarna gsed tsahim suljeend zaruud guigeed ehellee shd

Зочин
Зочин

Төв болон дүүргийн удирдлагууд өвөл болохоор л нэг юм хийж байна гэж хуурдаг аргаа одоо болиоч ээ

Зочин
Зочин

Nalaikhaas acilt garsan gsed l 5 tonn nnuurs ireed l gants tsagt duusdag gsn chin yamar zavaan yum be

Зочин
Зочин

Улаанбаатар хотын утааг бууруулна гэж 8 дахь жилдээ худлаа яриад л, ард түмэн нь утаандаа л хордож байна

Зочин
Зочин

Хүйтний эрч чангарахаар долоохон шуудай түлш ямар ч айлд хүрэхгүй нь ойлгомжтой шүү дээ

Зочин
Зочин

Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog

Зочин
Зочин

Борлуулалтын цэгүүдийн 50 хувь нь нөөцгүй байна гэдэг чинь энэ өвөл иргэд хөлдөх аюул нүүрлэжээ

Зочин
Зочин

Sanal asuulga ntr gsn chin zver l ard tumnii anhaarlig uur tiish ni tahih gsen zarlag

Зочин
Зочин

Өмнөх жилүүдээс өөр сонин үнэр гаргаж байна гэдэг чинь чанар муутай хольц түлш шахчихаж дээ

Зочин
Зочин

Zasgiin gazarin hiij bgaa ajil buхэн l nileen uldegdeltei, ard tumnii esreg l baidag

Зочин
Зочин

Улаанбаатар хотын дарга нар яагаад өвлийн бэлтгэлээ үргэлж хангалтгүй хийдэг юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button