Тодруулга: Баавгай унтуулах буу, шүршигч нийлүүлэх тендерт шалгарсан компаниуд энэ ондоо багтаан оруулж ирнэ гэв

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас баавгай унтуулгын бууны иж бүрдэл болон албан хаагчдын бие хамгаалах хэрэгсэл худалдан авах дөрвөн багц тендер зарласан ч хоёрт нь л компаниуд оролцсон.
Тодруулбал, 450.4 сая төгрөгийн төсөвт өртөгтэй унтуулах 12 бууны иж бүрдэл худалдан авах тендерт “Алтан долгио” ХХК шалгарсан юм. Тус компаниас унтуулгын бууны иж бүрдлийг хэзээ нийлүүлэх тухай тодруулахад “Хуулийн хүрээнд маргаан үүсгэх боломжит хугацаа дуусаж байгаа тул бид аль болох хурдан оруулж ирнэ. Энэ ондоо багтааж, амжуулна” гэв.
Мөн байгаль хамгаалагч болон холбогдох албан хаагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор шүршигч хэлбэрийн бие хамгаалах хэрэгсэл худалдан авах 164.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий тендерт “Ээл гранд” ХХК шалгарчээ.
Бараа бүтээгдэхүүнээ хэзээ нийлүүлэх талаар тус компанийн удирдлагаас тодруулахад “БОУАӨЯ-тай бид удахгүй гэрээгээ байгуулна. Гэрээнд заасан хугацаанд багтаан бүтээгдэхүүнээ оруулж ирнэ” гэлээ.
Ийнхүү баавгайнаас хамгаалах хоёр төрлийн хэрэгслийн тендерт гүйцэтгэгч компаниуд шалгарсан ч бүтээгдэхүүнийг нийлүүлж, албан хаагчдын хэрэглээнд нэвтрүүлэх хугацаа гэрээний нөхцөлөөс хамаарах бөгөөд энэ талаар салбарын яамнаас тодорхой мэдээлэл өгсөнгүй.
Б.МӨНХСАРНАЙ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.