НИЙГЭМ

Г.Майцэцэг: Л.Энх-Амгалан гишүүн энтертайнмент хийхдээ намайг ашиглачхаад, одоо гүтгэж байна

Өнөөдөр /2020.02.18/ “Exclusive” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг "УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас 60 сая төгрөгийн зээл авч, одоо хэр төлөөгүй байгаа” гэх асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр 2017 онд “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын нэр дээр “Уран үйлчин” хөтөлбөрийг санаачлан 21 аймагт хэрэгжүүлэхээр санхүүжүүлэгч хайж, УИХ-ын гишүүдэд албан бичиг хүргүүлж байсан тухайгаа ярьсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Чи юу хийж байгаа юм. Гурван үсэгтэй компанийг бага ярьж бай л даа. Чиний “Уран үйл”-ийг би дэмжье” гэж хэлээд өөрөө Г.Майцэцэгт хандсан гэв.

Ингээд тэд хамтран ажиллаж, Хөвсгөл аймгийн төв спортын ордонд тус хөтөлбөрийг зохион амжилттай зохион байгуулжээ. Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Сайн байна, чи олон хүн цуглуулж чадлаа. Одоо манай аймгийн МСҮТ-ийн залуусыг ажилтай, орлоготой болгож өг” хэмээж, дахин хамтран ажиллах санал тавьсан гэх.

Г.Майцэцэг хэлэхдээ,

“Би зөвшөөрсөн. Тэгэхэд 60 сая төгрөгийн хүүгүй, барьцаагүй зээл хийх санал тавьсан. Ингэхдээ “Би төрийн албан хаагч учраас мөнгө гаргах боломжгүй. Иймээс миний туслах Б.Мөнхжаргалтай гэрээл” гэж хэлсэн. Ингээд 2018 оны нэгдүгээр сарын 16-нд “Зээлийн гэрээ” гэх гэрээг байгуулсан.

Энэ мөнгийг надад өгч байна ч гэж би бодоогүй, тэгж хэлээгүй. Гэрээ хийсний дараа урьдчилгаа болгож 10 сая төгрөг өгсөн. Үүнийг нь би Хөвсгөл аймгийн МСҮТ-ийн оюутнуудыг Польш улсад очиж, 10 төрлийн нарийн мэргэжлээр үнэ төлбөргүй суралцах гарцыг бий болгоход зарцуулсан нь үнэн” гэлээ.

Тэрбээр цааш, “Ингээд нэг ээлжинд 50-60 хүн ажиллах боломжтой үйлдвэр байгуулсан. Уг үйлдвэрээр “Хөх сувд” брэндийн хувцас үйлдвэрлэхээр тохирсон. Түүний гар барилцаад өөрийн биеэр зогсож буй гэрэл зураг, баримтууд бий.

Тэр бүү хэл “Хөх сувд” брэнд нь Л.Энх-Амгалан гишүүний нэр дээр патенттай. Үйлдвэр үйл ажиллагаагаа явуулсан. Өнөөдөр “Хөх сувд” брэндийн хувцаснуудаас авчирч та бүхэнд үзэсгэлэн дэлгэн харуулж байна” гэж ярьсан юм.

Ийнхүү УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Exclusive” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэгийг 60 саяын зээл аваад төлөөгүй, үйлдвэр бариагүй хэмээж буй нь гүтгэлэг гэсэн байр суурийг илэрхийллээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button