С.Ариунболд: Хөл хорионы үед түргэн тусламжийн дуудлага эрс буурсан

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболдтой байгууллагын үйл ажиллагаа, болон Ковид-19 өвчнөөс хэрхэн сэргийлэх, цаашлаад Монгол хүний дархлааны системийн тухай ярилцлаа. Тус байгууллагын хувьд хөл хорио тогтоож, өнжөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа энэ үед 103 дуудлагын шугамыг 24 цагийн турш нээлттэй байлгаж, мэргэжлийн эмч нараар иргэдэд зөвлөгөө мэдээллийг өгч байна.
Бага насны хүүхдийн өвчлөлийн дуудлага 23 хувь хүртэл буурсан
-Юуны түрүүнд танд сар шинийн мэнд дэвшүүлье. Баяр, амралтын өдрүүд таарсантай холбогдуулан иргэдийн дунд Ковид-19 өвчнөөс эмээх хандлага их байгаа. Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс тус вирусийн өвчний үед ямар арга хэмжээг авч ажиллаж байгаа вэ?
-УОК-оос Сар шинийн баярыг огт тэмдэглүүлэхгүй байх шийдвэр гарсан. Хэдий тийм боловч, сар шинийн баярын өдрүүд иргэдийн амралтын үетэй давхцаж байгаа учраас эрүүл мэндийн байгууллагууд тэр дундаа өрхийн эмнэлэг, нийслэлийн түргэн тусламжийн төв нь бэлэн байдалд шилжиж, 24 цагаар дуудлага мэдээллийг авч ажиллаж байна. Онцгой байдал гэдэг утгаараа жирийн өдрүүдэд гардаг түргэний тэргийг таваар нэмэгдүүлж 43 болгосон. Иргэний дуудлагыг утсаар авч зөвлөгөө өгөх, шаардлагатай тохиолдолд гэрээр үйлчилж эмчилгээг хийж байгаа.
-Түргэн тусламжийн тэргийг нэмэгдүүлсэн гэлээ. Хөл хориотой байгаа эдгээр өдрүүдэд түргэн тусламжийн төвд бүртгэгдэж буй дуудлага, ачаалал хэр байна вэ?
-Дуудлага буурсан. Ялангуяа хүүхдийн томуу, томуу төст өвчний гаралт /2020.01.28/-ны байдлаар нийт дуудлага мэдээллийн 80 орчим хувийг эзэлж байсан бол энэ үзүүлэлт буурч, 23 хувьд хүртэл буурсан сайхан мэдээтэй байгаа. Энэ нь эцэг эхчүүд үр хүүхдэдээ төдий хэмжээгээр анхаарч буйн илрэл юм болов уу даа. Гэвч бид ингээд тайвширч болохгүй. Учир нь томуу өвчин олон хүнтэй газраар эрчимжиж, нэгээс нөгөөд халдаах замаар эргэн дэгддэг тул томуугийн сэдрэлт эхэлсэн эдгээр улирлуудад иргэд аль болох гэртээ амарч, өөрсдийгөө вирусээс хамгаалах нь чухал.
-Хөл хорио тогтоосонтой холбогдуулж иргэдийг гэртээ байх хугацаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгвөл?
- Дээр хэлсэнчлэн тодорхой цагт унтаж амрах, шим тэжээл сайтай шууд идэж хэрэглэх хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Мөн өрөөнд агааржуулалтыг тогтмол хийж хэвших нь чухал. Ялангуяа бага насны хүүхэдтэй айлуудын тухайд өдөрт дор 2-3 удаа агаар сэлгэлтийг тодорхой давтамжтай хийх нь зөв. Мөн шингэн зүйл сайн уух, аль болох сахарын хэрэглээнээс татгалзах нь биеийн эсэргүүцлийг сайжруулахад тустай.
-Таны бодлоор Монгол хүний бие махбодь, ямарваа өвчнийг эсэргүүцэхдээ ямар байдаг бол?
- Хүний бие организм өөрөө эргээд төлжиж байдаг учраас сайн нойр авч, шөл устай шимтэй хоол идсэнээр биеийн дархлаа сайжирч, өвчний эдгэрэлт түргэн явагддаг. Монголчуудын тухайд амьдралын онцлог, агаар, идэж хэрэглэж байгаа байгаа зүйлс нь харьцангуй эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүн байдаг учраас ямарваа өвчинг туссан ч, эдгэрэх хугацаа нь түргэн байдаг юм шиг санагддаг. Ялангуяа адууны маханд цусан дахь гемоглобины хэмжээг нэмэгдүүлдэг миоглобины хэмжээ өндөр байдаг. Энэ нь хүний бие организмын амьсгалах процессийг дэмждэг. Түүнчлэн үл орлогдох өөхний омега 6, омега 3 аминхүчлүүд, глобулины бүлгийн уураг, глютамины хүчил агуулагддаг учир аливаа өвчин үүсгэгч нянг устгах, бодисын солилцоог сайжруулан дархлааг дэмжих, чийрэгжүүлэх ач холбогдолтой. Тиймээс вирусийн өвчний үед хэрэглэхэд хамгийн тохиромжтой.
Томуу тусахгүй байх нь титэм вирусийн халдвараас сэргийлэх гол зарчим
-Вирусийн гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд хоол хүнсний бүтээгдэхүүнээ хэрхэн сонгох, хэрэглэх тал дээр зөвлөөч?
- Задлаад шууд иддэг, түргэн шингэцтэй хоолыг л сонгож хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа сар шинийн баяраар айлууд ширээн дээрээ ууц, өвчүүг чанаж болгоод тавьдаг. Ингээд үүндээ олон хүмүүсийг хүргэх, удаан хугацаагаар хадгална. Энэ нь маш буруу. Чанаж болгосон бүтээгдэхүүнийг тасалгааны хэмд удаан хугацаагаар хадгалснаар вирус үржүүлэх таатай орчинг бэлдэж өгдөг. Ингээд үүнийгээ идсэнээр ямар нэг вирусийн өвчинг тусах, үгүй дээ ходоодны асуудалтай болоод хоцорно.
Тиймээс аюулт вирус дэгдсэн яг энэ мөчид иргэд аль болох дараах хоол хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж, болгоод шууд идэх боломжтой бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй. Мөн хоолоо тасалж идэх, идэж байгаад үлдээх, тодорхой хугацааны дараа үүнийгээ халааж идэх нь ч мөн вирусийн өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлнэ. Учир нь шүлсээр дамжин халдварласан хоол хүнсэнд өвчний вирус ес хүртэлх хоногоор хадгалагдана. Иймд хөлдөөж, эсвэл халааж хэрэглэсний дараа вирус устана хэмээн ойлгож болохгүй. Заавал зориулалтын төхөөрөмж, гэрлээр шарж байж вирус устана.
Хоолыг хөлдөөж, эсвэл халааж хэрэглэсний дараа вирус устана гэсэн ойлголт байхгүй
-Ковид-19 буюу титэм вирусийн өвчлөлөөр бага насны хүүхдүүд өвчлөх нь бага. Өвдсөн ч насанд хүрэгсэдтэй харьцуулахад эдгэрэлт түргэн байгаа гэж сонссон. Та хувь хүнийхээ хувьд ямар бодолтой явдаг вэ?
- Дэлхийн том эрдэмтэн судлаачдын судалгааны ажлыг би энүүхэндээ дүгнэнэ гэж байхгүй л дээ. Ер нь ямарваа зүйлд таамаг дэвшүүлнэ гэдэг хэцүү. Гэхдээ яахав би бодохдоо, бага насны хүүхдийн дархлааны систем, эд эрхтний нөхөн төлжилт, эдгэрэлт түргэн явагддагтай холбоотой юм болов уу гэж бодож байна. Шингэний дутагдалд ороод нүд нь гархилчихсан хүүхдэд эмчилгээ хийгээд нэг хоногийн дараа буюу маргааш нь л сэргэчихсэн байдаг шүү дээ. Хүүхдийн дархлааны систем ясны улаан чөмөг дээр маш хурдацтай өсч байдаг. Тиймээс вирусийн халдвар авсан ч дархлааний системээр түүнийг нь дарангуйлж, эдгэрэлт түргэн явагддаг болов уу. Дараагийн таамаг бол Ковид-19 вирус чийгтэй газарт түргэн үрждэг. Харин хүүхдийн тархи болон уушгиний анатом физиологи том хүнийхээс өөр учир хүндрэл нь бага байдаг гэж бодож байна.
-Сар шинийн амралтын өдрүүд таарсан энэ үед иргэд аюулт өвчнөөс өөрсдийгөө болон бага насны хүүхдээ хэрхэн хамгаалах хэрэгтэй вэ?
- Ердөө нэг л зарчим байгаа. Сар шинийн өдрүүдэд үнэхээр ахмад настай хүнийдээ зайлшгүй очих шаардлагатай бол бага насны хүүхдүүдийг гэртээ үлдээгээд явах нь зөв. Ингэхдээ титэм вирусийн халвараас сэргийлэхийн тулд хамгаалах хэрэгсэл, амны хаалтыг зүүж, гар ариутгагчаа аваад явах хэрэгтэй. Аль болох олуулаа нэг дор цугларахгүй байж, хөл хөдөлгөөнөө настай хүмүүс дээрээ зохицуулаад явах нь зөв.
Ялангуяа өндөр настан, бие давхар хүмүүсийн хувьд илүүтэй анхаарах нь чухал. Яагаад гэхээр настай хүмүүс, жирэмсэн хүмүүсийн хувьд амьдралын зайлшгүй шаардлагаар өрц уушги руу шахагдсан байдаг. Тэдгээрийг эрсдэлтэй бүлэг хэмээн тодорхойлдог. Тиймээс томуу, ямар нэг вирусийн халдварыг тусах магадлал харьцангуй өндөр гэсэн үг. Нас биед хүрсэн хүн энэ өвчнөөр өвчлөөгүй хэдий ч, тээгчийн үүрэг гүйцэтгэж дараагийн хүнд халдаах эрсдэлтэй.
Өндөр настан, бие давхар хүмүүс титэм вирусээр өвчлөх өндөр эрсдэлтэй

-Нэгэнт томуу туссан үед гэрийн нөхцөлд хүндрүүлэхгүйгээр хэрхэн дарж авах вэ? Ямар эмчилгээ илүү үр дүнтэй байна?
-Гадагшаа аль болох гарахгүйгээр гэртээ сайн унтаж амрах нь зүйтэй. Хүмүүс ханиад томуу хүрлээ гээд нэг их эм уух, янз бүрийн витамин ууж дархлаагаа дэмжих гээд байдаг. Их эм витамин ууснаар биеийн эсэргүүцэл сайжрахгүй. Эсрэгээрээ витамины илүүдэл гээч юм нь дутагдлаасаа илүү хор хөнөөлтэй. Тиймээс халуун бүлээн шөлтэй, уураглаг шимтэй хоол идэж, өглөө өдөр орой гэлтгүй ам болон амны хөндийг давсны уусмалаар зайлах, гарыг тогтмол угаах шаардлагатай. Яг ямар үед витамин уух хэрэгтэй вэ гэхээр тухайн витамин биед дутагдсан үед биед илрэх шинж тэмдэг дээр тулгуурлан лабораторын шинжилгээг өгч, гарсан хариунд үндэслэн тухайн витаминыг тодорхой хугацаанд ууна. Тэгэхээс хүссэн үедээ үргэлж ууж байна гэсэн үг биш.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амьд үхдэлийн тах�##�