
Монголын сэтгүүл зүйн салбарт “Өнөөдөр” сонины оруулсаар буй хувь нэмэр, гавьяа нэлээд жин дарна. Тус сонинд жигүүрээ дэлгэн, салбартаа хүлээн зөвшөөрөгдөж, өөрийн гэсэн орон зайгаа хэдийнэ бүрдүүлсэн олон шилдэг бий. Тэдний нэг нь Лувсангийн Ганчимэг эгч. Түүнийг хүмүүс, уншигчид “Өнөөдөр”-ийн Ганаа” л гэдэг.
“Өнөөдөр” сонины өглөөний хурал дээр томоохон ярилцлага, чухал сурвалжлага, нийтлэлээ бичүүлье гэж онцолдог гол авторуудынх нь нэг Ганаа эгч байсан. Мориор жишихэд “Өнөөдөр” сонин наадамд унадаг хүлгүүдийн нэг нь тэр. Наадамд л гангарч баймаар яралзтал жороолдог басхүү хөнгөн хөлтэй “хүлэг”.
Ганаа эгчийг уртай бичдэг гэж магтахыг олон хүнээс сонсож байлаа. Үүнийг уншигчдын талархлыг хүлээсэн олон нийтлэл, ярилцлага, хөргөөс нь бэлхнээ харж болно, сайн мэдэх хүмүүсийн нэг нь би. Ганаа эгчтэйгээ “Өнөөдөр” сонинд хамт таван жил ажиллахдаа юу эсийг анзаарах вэ. Нийтлэлийн санаа, гарчигаас авхуулаад Ганаа эгчээс зөвлөгөө авах, ярилцах зүйл бишгүй их байсан. Намайг сэтгүүлчийн дөр суухад гол нөлөөлсөн хүмүүсийн нэг нь яах аргагүй мөн. Зөвхөн ажлын хамтрагч байсан гэвэл өрөөсгөл. Төрсөн эгчээс минь дутахгүй эрхэм, дотно хүн л дээ, Ганаа эгч.
Эгч маань саяхан анхны номоо өлгийдөн, дан ярилцлагаас бүрдсэн “44 өнгө”-өө уншигчдын хүртээл болгосон. Одоо нийтлэл, хөрөг, сурвалжлага, зурвасаас бүрдсэн “Мэдрэмжийн мөр”-өө хэвлэлтээс гарахыг нь хүлээж сууна.
Шинэ номоо гаргасан баярыг нь тохиолдуулан Ганаа эгчдээ ярилцлагын санал тавихад дургүйцаагүй. Харин би түүнээс ярилцлага аваад сууж байна гээд төсөөлөхөд ч бэрх байлаа, өөрийгөө голсон. Сэтгүүлч болсноосоо хойш өнөөг хүртэлх хугацаанд салбар, салбарын олон хүнтэй хөөрөлдсөн ч Ганаа эгчтэй ярилцах тэднээс тэс өөр басхүү өвөрмөц байв. Хоёулаа биеэ барьсан гэж жигтэйхэн. Төрсөн эгч шигээ хүндэлж, ойр дотно яваа хүнээсээ ярилцлага авах үнэхээр амаргүй юм билээ. Бид хоёр ярилцлагаа эхлүүлэх гэж хэчнээн юм болсон гэж санана. “За, эхэлье. Биеэ барихгүй, зүгээр сайхан чөлөөтэй ярилцъя” гэж бие биендээ хэлсэн ч эхэндээ төдийлөн санаснаар болоогүй. Энэ удаа эгч, дүү бус сэтгүүлч, зочин гэдэг өөр өнцгөөс уулзсан маань биднийг тэгж тэвдүүлж, сандаргасан хэрэг. Өдгөө Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэст ажиллаж буй түүнтэй өнгөрсөн баасан гаригт ийн ярилцлаа.

-Юуны өмнө Монгол улсад сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 107 жилийн ойн мэнд танд хүргэе. Ийм сайхан баярт өдөр эгчтэйгээ ярилцаж буйдаа бэлгэшээж байна.
-Баярлалаа. Сэтгүүл зүйн салбарт хөдөлмөрлөж яваа бүх сэтгүүлч нартаа, дүүдээ баярын мэнд хүргэе.
-Баярлалаа. Өнөөдөр хоёулаа давхар баяртай уулзаж байна. Учир нь та шинэхэн номоо өлгийдөж аваад, дараагийнх нь хэвлэлтээс гарахыг хүлээж суугаа. “44 өнгө”, “Мэдрэмжийн мөр”-өө гаргах санаа танд хэдийнээс төрөв?
-Би “Өнөөдөр” сониндоо 2009 оноос хойш 10 жил ажилласан. Тэнд ажиллаж байх үед номоо гаргах талаар төдийлөн бодож байгаагүй. Өдөр тутмын сонины хүн цагийн эрчтэй, хурдтай урсгалд дунд байхаараа өөрөө тэр эргүүлэгний нэг болоод бусад зүйлд анхаарах боломж хомс байдаг байж магадгүй. Сониныхоо редакцийн халуун гал тогооноос хэсэг хөндийрсөн энэ цаг үед юм юм бодогдож байна. “Сонин маань нээрэн ийм гоё, сэтгүүл зүйн салбар ийм сайхан” гэдгийг илүү анзаардаг юм билээ.
Саяхан манай найз, яруу найрагч Т.Дарханхөвсгөл өгүүллэгийн анхны номоо гаргасан юм. Номынх нь нээлтийн үеэр СУИС-ийн багш, утга зохиол судлаач, шүүмжлэгч П.Батхуяг багштай уулзав. Тэгэхэд “Аливаа зүйл цаг хугацаатай. Тухайн цаг хугацаандаа үнэ цэнэтэй. Юмс цаг хугацааны аясаар өөрчлөгддөг. Өдөр тутмын сонинд 10 жил ажиллана, нийгмийн нэгэн арваныг бичилцэнэ гэдэг чамгүй хугацаа. Номоо гаргасан нь дээр” гэж надад захьсан юм. Тэгээд л номоо гаргах ажилд ханцуй шамлан орлоо.
-Анхны номоо гаргахдаа шууд хоёрыг өлгийдсөн тань сонирхол татаж байна. Энэ нь дөмөгхөн хийсэн юмтай, бүтээлчээр хөдөлмөрлөж яваагийн тань илрэл болов уу?
-Эхнийх нь “44 өнгө” гэдэг нэртэй, ярилцлагын ном. “Өнөөдөр” сонинд 10 жил ажиллахдаа 300-гаад ярилцлага хийж. Анх орсны дараахан Ц.Энхмаа эгчийн “30 араншин” номыг уншаад “Сонины хайчилбарыг цуглуулах чухал юм байна” гэдгийг анзаарсан юм. Цаг хугацаа элээх тусам үнэ цэнэтэй байдаг, түүх болж үлддэгийг улам мэдэрсэн гэх үү дээ. Номынхоо эхийг бэлтгэх хугацаанд өнгөрсөн 10 жил цуглуулсан сонины хайчилбарууд дундаа “сэлж” байлаа.
Ярилцлагуудаасаа 44-ийг нь шилээд “44 өнгө”-дөө орууллаа. “Өнөөдөр” сонин олон сайхан булантай. “Хоймор”, “Өнөөдөрийн зочин”, “Удам залгамж”-аас авхуулаад бүх л буланд нь ярилцлага хийж, нийтлэл, сурвалжлага бичдэг байлаа. Оролцохгүй салбар, оролдохгүй юм ховор байсан юм байна. Зөвхөн ярилцлагаар дагнасан ном гаргах учир дутагдалтай санагдсан. Тиймээс нийтлэл, сурвалжлага, хөрөг, тэмдэглэл, зурвасуудаа нэгтгээд “Мэдрэмжийн мөр” номоо гаргаж байгаа.
-Сэтгүүл зүйн салбарт хөл тавьснаасаа хойш хийсэн ярилцлагууд тань 300-гаад гэлээ. Мэдээж энийгээ оруулчих юм сан, тэрийгээ багтаачих юм сан гээд нэлээд бодсон байх. “44 өнгө”-дөө оруулсан ярилцлагуудаа хэрхэн сонгов?

-“44 өнгө” гурван бүлэгтэй, зочдын насных нь ангиллаар гурав ангиллаа. Хэн, хэний ярилцлагыг багтаахаа сонгох л ёстой амаргүй юм билээ. Бүгд тухайн цаг үедээ үнэлэгдэж, “Тэрнээс ярилцлага авъя” гээд хөөцөлдөж байж хийсэн болохоор үнэ цэнтэй. Энэ хүний ярилцлагыг оруулахгүй бол гомдчих вий гэж хүртэл бодогдоно. Олон шалгуураар дэнслээд 44-ийг нь сонголоо.
Хүн бүр өөр, өөрийн гэсэн өнгөтэй, дахин давтагдашгүй. Түүнийг нь их бодолцлоо. Өөрийн гэсэн дотоод ертөнцтэй, бусдаас нэг тийм онцгой хүмүүс байдаг даа. Өөртөө үнэнч байдгаараа үлгэр дууриал болдог, үзэл бодол, итгэл үнэмшил, туулсан амьдралын замналаас нь уншигчид их зүйл сурч, үлгэрлээсэй гэсэн үүднээс сонголтоо хийсэн. Хүний заяасан хувь тавилан гэдэг нэг ойлголт. Түүндээ эзэн байна гэдэг өөр зүйл. Зарим хүний дотоод ертөнц уулнаас дөнгөж түүгээд ирсэн, зэрлэг сонгино шиг аагтай, шинэхнээрээ байдаг. Гэтэл заримынх нь шинэ сонгино мэт харагдавч үнэр, амт нь өөр байдаг. Тэрхүү дотоод ертөнцийг нээх түлхүүр нь үг байдаг. Тиймээс ярилцлагын номоо “44 өнгө” гэж нэрлэсэн. Олон нэрэн дундаас сонгоогүй, ерөөсөө л анхнаасаа энэ нэр санаанд буусан юм.
-Сонины шинэхэн дугаарын өнгө, үнэр нь ямар сайхан билээ. Анхны номоо дөнгөж хэвлэлтээс аваад, хуудсыг нь эргүүлэн зогсоход ямар мэдрэмж төрөв?
-Манай найзуудын олонх нь яруу найрагч. Тэд маань “Хэвлэлтээс дөнгөж гарсан номынхоо гадуурх боодлыг нь тайлж, хамгийн дээрээс нь нэгийг аваад хуудсыг нь эргүүлэх тэр мэдрэмж үнэхээр гайхалтай” гэдэг байв. Яг үнэн юм билээ. Гаднах боодлыг нь тайлж, хамгийн анхны номоо барьж үзэх, хуудсыг нь эргүүлэхэд мэдрэгдсэн тэр үнэр гээд үнэхээр дотно сайхан юм билээ.
Хэвлэлийн газраас холбогдон “Маргааш ирж номоо аваарай” гэхэд нь сэтгэл их хөдөлсөн. Өглөө нь босоод иртэл сэвсийтэл цас орчихож. Би романтик хүн болоод ч тэр үү, цас ороход их баярладаг. Тэр тусмаа тийм сэвсгэр цас нэвсийтэл ороход бүр сайхан санагдсан. Хэвлэлийн газраас боодолтой номуудаа аваад явж байхад “44 өнгө” чамгүй норсон.
-Тэгэхээр таны номыг байгаль ээж угаан, баяр хүргэжээ.
-Харин тийм ээ. Ёстой тэгж байгаа юм шиг санагдсан, их бэлгэшээсэн. Их гоё өглөө байсан шүү.
-Хоёр дахь ном тань хэвлэлтээс хэзээ гарах вэ?
-Удахгүй ээ, энэ сарын дундуур гарна.
“БОЛОР ЭГШИГЛЭН” НААДАМД ОРОЛЦООД, УРИЛГА АВСАН СУРГУУЛЬДАА ЯМАР Ч ЭРГЭЛЗЭЭГҮЙ ЭЛССЭН
Та багын дуу хуур, яруу найрагт дуртай байсан гэдэг. Сургуулийнхаа урлагийн үзлэгт ангийнхныхаа нүүрийг тахалчихдаг, яруу найрагт шимтэж өссөн тань сэтгүүлч болоход их нөлөөлсөн байх. Тэр үеийнхээ дурсамжаас хуваалцана уу?

-Үгэнд мэдрэмжтэй байх, үгэнд мэдрэмтгий хандах гэдэг байгалиас өгөгддөг зүйл гэдэгт би итгэдэг. Би Архангай аймгийн Өндөр-Улаан суманд хөдөө өссөн. Одоо ч аав минь нутагтаа амьдардаг. Хөдөөний бусад хүүхдийн адил хонь хурга хариулж, үнээ, гүү сааж, идээ цагаа бэлтгэж, аав, ээждээ дэм болж өссөн. Хэдий их ажилтай ч гэсэн гол ус руу очиж, бодолд автан суух цаг өөртөө яаж ийгээд гаргадаг байлаа. Хоёр, гуравдугаар ангиасаа яруу найраг, шүлэг сонирхох болов. Аз болоход анги даасан багш маань монгол хэл, уран зохиолын багш байсан. “Сумын заан”, “Бальгай” зэрэг бүтээлээрээ алдартай Ч.Мягмарсүрэн найрагчийн төрсөн эгч Юмчинсүрэн гээд багш бий. Юмчээ багш ангийнхнаараа үргэлж зохион бичлэг хийлгэнэ. Би жигтэйхэн дуртай. Хүүхдүүдийн шүлэг зохион бичлэг дунд нэг гоё үг, гоё мөр байсан ч түүнийг нь их анзаардаг, өмнөөс нь баярладаг байв. Хөдөө сонин нүдний гэм. Сонины тасархай олдсон ч уншдаг, шимтдэг хүүхэд байлаа. Аав, ах хоёр маань сонины цаасыг дөрвөлжилж нугалаад гутлынхаа түрүү рүү хийчихнэ. Тамхиа ороох гэсэндээ тэр. Түүнийг нь гаргаж ирээд л уншина. Тэгж явсан нь намайг сэтгүүлч болоход их нөлөөлсөн.
-Хүссэн хүн бүхэн сонирхлынхоо дагуу мэргэжил эзэмшиж чаддаггүй. Эцэг эхийнхээ зөвлөснөөр сонирхлоосоо тэс өөр мэргэжил эзэмших нь бий. Сэтгүүлч болох нь таны багын мөрөөдөл үү?
-Би ер нь багаасаа биеэ даасан. Аав, ээж хоёр намайг ямар мэргэжилтэй болгох талаар ер оролцоогүй, тэг, ингэ гээгүй. “Өөрөө мэд” л гэдэг. Ерөнхийдөө үгийн талын хүн болно гэдгээ мэддэг мэдэрдэг байсан. Аравдугаар анги төгсөх жилээ Архангайд болсон “Болор эгшиглэн” урлагийн наадамд сумынхаа урлаг уран сайхнаар явдаг хэсэг хүүхдүүдийн хамт оролцсон юм. Би уг нь зөвхөн дууны төрөлд өрсөлдөхөөр очсон юм. Тэгсэн яг хажууд нь яруу найргийн шалгаруулалт болж байхаар нь Дуламрагчаа багшаасаа асууж байгаад бүртгүүлчихлээ. Цаг нь зөрж байсан болохоор оролцоход ямар нэгэн асуудал байгаагүй. Тэгээд дууны төрөлд нь түрүүлж, яруу найргийнхад нь амжилттай оролцсон хоёр хүүхэд “Монгол нууц товчоо” утга зохиолын дээд сургуульд сурах урилга авсны нэг нь би, нөгөө нь манай найз Н.Минжинсайхан. Урилгыг нь харахад багаасаа шүлгийг нь сонсож, шимтэж өссөн, Монголын бүх шилдэг яруу найрагчдын нэрс дурайж байсан. Тэднээс номын дуу сонсоно гэдгээ мэдээд шууд л “Монголын нууц товчоо” сургуульдаа сурахаар шийдсэн.
-Хэрвээ “Болор эгшиглэн”-д дууны төрөлд өрсөлдөөд л өнгөрсөн бол сэтгүүлч болоо ч үү, үгүй ч үү. Тэгэхээр яалт ч үгүй энэ мэргэжлийг сонгоход, сэтгүүл зүйн салбарт хөл тавихад “Болор эгшиглэн” уралдаан, “Монголын нууц товчоо” сургууль нөлөөлж, анхны жимийг нь гаргажээ.
-Тэгж хэлж болно оо. Үгийн хүн болохоо мэддэг байсан ч яг ямар сургуульд орох, яг аль мэргэжлээр сурахаа сонгоогүй явсан юм. “Болор эгшиглэн”-д яруу найргийн төрлөөр оролцсон, “Монголын нууц товчоо” сургуулиас урилга авсан нь надад сэтгүүлч болох том боломж олгож, үүдийг нь нээсэн. Тэр жил “Болор эгшиглэн” гуравдугаар сард болсон юм. Манай ангийнхан элсэлтийн ерөнхий шалгалт өгнө, их сургуульд элсэнэ гэж байхад надад тийм бодол ер байгаагүй. “Монгол нууц товчоо” сургуульд сурна гэж эргэлт буцалтгүй шийдээд, улсын шалгалт өгснийхөө орой нь ахынхаа мотоциклын ард суугаад шууд хөдөө гэр рүүгээ явчихсан. Тэгээд л намар нь “Монголын нууц товчоо”-д элссэн.
-Таны амьдрал, сэтгүүл зүйн салбарт хөл тавьсан тань “Өнөөдөр” сонинтой салшгүй холбоотой. “Өнөөдөр”-т ажилласнаараа, Бал эрхлэгчийн цэрэг явснаараа тус сонины угшилтай сэтгүүлч бүхэн бахархдаг. “Өнөөдөр” сонинд ажиллах боломж хэрхэн олдож байв?
-Гуравдугаар дамжаанд сурч байхад зохиолч, сэтгүүлч Ц.Түмэнбаяр багш бидэнд нийтлэл бичих даалгавар өгсөн юм. Би цөлжилтийн тухай бичээд багшдаа шалгуулахад “Их аятайхан болж. “Зууны мэдээ сонин дээр яваад оч. Намайг явуулсан гээрэй. Эрдэнэсолонготой уулзаад, нийтлэлээ хэвлүүл” гэсэн. Материалаа тэгж анх удаа сонинд нийтлүүлэн, урамшиж байлаа.
-Нийтлэл нь анх удаа сонинд нийтлэгдсэн дугаар одоо танд бий юү?

-Байгаа.
-Тэр нийтлэлээ номондоо оруулсан уу?
Оруулаагүй. Нээрэн бодоод байх нь ээ номондоо оруулдаг байж. Чамайг асуухаар чинь л нээрэн тэгдэг байж гэж бодлоо (инээв).
-Та дөрөвдүгээр дамжаанд сурч байхдаа “Өнөөдөр” сонинд дадлага хийгээд, тэндээ үлдсэн бил үү?
-Тэгсэн. Тухайн үед “Өнөөдөр”-т таньдаг хүн байгаагүй ээ. “Өнөөдөр” сонинд анх очоод, гуравдугаар давхарт нь гараад анх уулзсан хүн бол Сарнай эгч. Хаашаа орох, хэнтэй уулзахаа мэдэхгүй зогсож байгаад таарсан юм л даа. Дадлага хийхээр ирснээ хэлэхэд редакц руу ороод, дарга нартай уулз гэсэн. Сарнай эгч надтай үнэхээр найрсаг харилцсан, “Өнөөдөр” сонинд ирсэн анхны сэтгэгдэл тийм сайхан байв. Тэгээд Заяа (Д.Заяабат) ахтай уулзахад “Батбаатар эрхлэгч маргааш ирнэ. Маргааш ирээд уулзаарай” гэсэн. Баагий ах (С.Батбаатар) надтай уулзаад, Хөдөлмөрийн баатар, АУЗ Дэндэвийн Пүрэвдорж захиралтай “Монголын нууц товчоо” сургуулийн оюутан гэдгийг минь олзуурхсанаа хожим хэлж билээ. Тухайн үед Баагий ах над руу нэг их том харснаа “Баахан мэдээ, сурвалжлага хийгээд арвин мөнгө авах бодолтой орж ирсэн үү” гээд инээсэн юм даг. “Өнөөдөр” сонин дадлагын оюутанд ч байсан бичсэн мэдээ болгоныг нь үнэлдэг байсныг мэдэхгүй учраас тэр үед ямар утгатайг нь ойлгоогүй. 20-иод хоног дадлага хийсний дараа манай албаны дарга Д.Оюун-Эрдэнэ эгч “Бичлэгийн шагналаа авсан уу. Санхүүгийнхэнтэй уулзаж мөнгөө аваарай” гэснээр 34 мянга 800 төгрөгийн бичлэгийн шагнал өгч билээ. Анхны цалин маань тэр.
Баагий эрхлэгчээс авхуулаад хүмүүс “Ганаа сургуулиа төгсөөд сониндоо үлдэнэ шүү” гэж байсхийгээд захина. Би ч хичээлийнхээ хажуугаар мэрийгээд л байлаа. Тэгж явсаар коллегийн хурлаар орж жинхэлснээр “Өнөөдөр”-ийн өндөр босгоор давж орсон доо.
-Анхны цалингаараа юу авч байв?
-Тэрийгээ ёстой сайн санахгүй байна. Анхны цалин гэснээс ээжийнхээ магнайг хагартал нь баярлуулсан сайхан дурсамжаасаа хуваалцъя.
-За. Сонирхолтой санагдаж байна.
-Би жинхлэгдээд нэг их удаагүй байхад “Өнөөдөр” сонины сүлд дууг зохиох уралдаан зарласан юм. Юун төлөө утга зохиолын дээд сургууль төгссөний хэрэг юу билээ гээд шүлэг зохиогоод оролцов. Жинхлэгдээд удаагүй байсан болохоор аав, ээждээ хэлэх гээд нутагтаа очсон юм. Буцаад ирэхэд өнөөх уралдаанд Баагий эрхлэгч, Р.Эмүжин эгч бид гурвынх шалгарсан байсан. “С.Батбаатар, Р.Эмүжин, Л.Ганчимэг гурав “Өнөөдөр” сонины сүлд дууны үгийг зохиосон тул байгууллагаас шагналаа” гэсэн тушаал гарсан байв. Миний гавьяа нэг их байхгүй ч залуу хүнийг тэгж урамшуулсан тэр баярт өдрийг өнөө хэр мартдаггүй. Шагнал гээд дугтуйнд 15 ширхэг 20 мянгатын дэвсгэрт, Бал эрхлэгчийн дүр бүхий медальон гардуулж билээ.
Итгэж ядан баярласан би шагналынхаа мөнгөөр ээждээ ходоодны эм авч явуулахад ээж минь үнэхээр магнайгаа хагартал баярласан даа. Тэр үед ээжийн минь ходоод өвдөөд эхэлчихсэн байсан үе. Мөнгөний их, багадаа гол нь биш, ажил дээр гараад удаагүй охин нь хөдөлмөрийнхөө үр шимээр авч явуулсан тэдгээр эм ээжид минь жирийн нэг эм байгаагүй нь ойлгомжтой. Ээж минь өчүүхэн зүйлийг ч үнэлж, урам өгч, талархаж чаддаг, хүний сэтгэлийн тусыг ямагт санаж явдаг, амьдралд хайртай хүн байж билээ. Хэдийгээр сургуульд сураагүй, бичиг үсэг мэдэхгүй ч миний ээж амьдралын хар ухаан, хүний номоор нутаг усандаа гайхагддаг хүн байсан. Ээж минь тэр үеэс хойш нэг их удалгүй ходоодны хавдраар өөд болсон юм.
-Намрын зугаалганаар, шинэ жилээр, зүгээр л ажил дээрээ гээд хаана ч хамт олноороо сууж байгаад сониныхоо сүлд дууг дуулах сайхан. Төгсөөд удаагүй байхдаа ийм сайхан байгууллагын сүлд дууг нь зохиолцсон гэж бодохоор та ер нь багын авьяастай, “Өнөөдөр” сониныхныхоо хайрыг татаж, хараанд нь өртсөний илрэл болов уу?
-Залуу хүний хувьд мэдээж баярлахгүй байхын аргагүй. “Харанга”-ын Ц.Чулуунбат гавьяат их сайхан ая хийсэн.
-“Өнөөдөр” сонинд та 10 жил ажилласан. Тэнд ажилласнаар та өөрийгөө сэтгүүлчийнхээ төдийгүй хувь хүнийхээ хувьд хэрхэн хөгжүүлэв?
-“Өнөөдөр” сониндоо би их өртэй хүн гэж боддог. Мэдээ бичихээс авхуулаад бүхнийг надад заасан, сургасан, чиглүүлсэн. “Өнөөдөр” сониныхон маань их амь халуун. Сэтгүүлчийн мэргэжил их өвөрмөц. Өглөөний хурал дээр бичсэн нийтлэлээ магтуулах, шүүмжлүүлээд алдаагаа ухаарах хэчнээн сайхан билээ. Хурал дээр маргалдах, мэтгэлцэх юм зөндөө. Тэглээ гээд бие биендээ юм бодохгүй, инээлдээд л явна. “Өнөөдөр” сонинд ажиллаж байхдаа би ханьтайгаа танилцсан. Амьдралын маань олон сайхан дурсамж “Өнөөдөр” сонинтой салшгүй холбоотой. “Өнөөдөр” сонины, Бал эрхлэгчийн школ ондоо, нуруутай. Нэг нь аятайхан сурвалжилга бичлээ гэхэд эрхлэгч, тоймчоос авхуулаад тухайн сурвалжилганд явсан зурагчин, жолооч нь ч гэсэн баярладаг. “Өнөөдөр” сонины маань хамт олон бусаддаа урам хайрлаж, нэгнийхээ хийсэн юмыг хүлээн зөвшөөрч чаддаг. Энэ нь “Өнөөдөр” сонины төлөвшүүлсэн соёлуудын нэгээхэн хэсэг нь.
-Та “Өнөөдөр” сониныхоо хэн, хэнээс үлгэрлэж явдаг вэ?
-Бүгдээс нь үлгэрлэж явдаг. Мэдрэмжтэй, авьяастай, уртай, хурдтай, зангарагтай бичдэг олон том автор тэр үед байсан. Одоо ч энэ залгамж үргэлжилж байна. Баагий ах (С.Батбаатар), Даваа ах (Ш.Даваадорж), Заяа ах (Д.Заяабат), Р.Эмүжин эгч Рэ ах (И.Рэнчинханд), Оюука эгчт (Д.Оюун-Эрдэнэ), Б.Энхцэцэг эгч, Болороо эгч, Цэвээнээ эгч (Ц.Цэвээнхэрлэн), Эрка эгч (Ж.Эрдэнэцэцэг), Тогоо ах, Бааска ах гээд эрхлэгч, тоймчоосоо авхуулаад үе тэнгийн сэтгүүлчид, дадлагын оюутнаас ч үлгэрлэх, суралцах юм бий.
-Та их сайхан дуулдаг, нэг дуутай. Хэрвээ урлагийн хүн болсон бол гэж заримдаа бодогдох юм уу?

-Боломжит хоёр сонголт байсны нэг урлагийн салбар, нөгөөх нь сэтгүүлч юм уу үгийн хүн болох. Гэхдээ үгийн хүн болох сонирхол илүү байсан юм л даа. Би дуунд тэр тусмаа ардын дуунд үнэхээр дуртай. Багадаа “Үргэлж гэнгэнэж явах юм” гээд аав, ээждээ зэмлүүлдэг байв. Хэрвээ сэтгүүлч болоогүй бол СУИС-д шалгалт өгч магадгүй байсан болов уу. Гэхдээ одоо тэгэх байсан ингэх байсан гэж ярих онцгүй. Ер нь хожмын нэг мөрөөдөл гэвэл амьд хөгжмийн клубтэй болох. Гэхдээ ардын дууг орчин үеийн хөгжимтэй хослуулсан ч юм уу, нэг тийм өвөрмөц клуб. Ирсэн зочид үйлчлүүлэгчид хүссэнээрээ өөрсдөө гараад дуулчихдаг. Магадгүй хааяа би өөрөө гараад дуулчихдаг байхыг ч үгүйсгэхгүй (инээв).
-Та “Хайрын учрал” дуугаа оюутан байхдаа дуулсан бил үү?
-Тийм ээ. Манай ангийн өөдөөс харсан өрөөнд “Харш” хамтлагийн Баярт ахын студи байсан юм. Ангийнхаа хамгийн хайртай эгчдээ “Та нэг сайхан шүлэг зохиогоод өгөөч. Гоё дуу хийе” гэсэн юм. Тэгж “Хайрын учрал” дуугаа хийн, яруу найргийнхаа найзуудтай хамт эрвийх, дэрвийхээрээ зүтгэж байгаад клипжүүлсэн. “Хайрын учрал” дууны үгийг бичсэн Одсүрэн эгч минь бурхан болсон нь үнэхээр харамсалтай. Энэ дуу маань олонд хүрэх эсэх нь дараагийн асуудал. Би ер нь дуутай энэ тэр гэж хаана ч ярьдаггүй. Хамгийн гол нь “Хайрын учрал” дуугаа дуулан, хайрт эгчийхээ гэгээн дурсгалыг хүндэтгэн, дурсаж яваадаа олзуурхдаг.
-Дахин уран бүтээл туурьвих бодол бий юү?
-Байхгүй ээ. Харин сүүлийн жилүүдэд үгийн мэдрэмж над руу ойртож, айлсаж байгаад баяртай байгаа. Хааяа нэг хэдэн мөр тавих санаа төрдөг болсон байна лээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Найздаа баяр хүргэе. Мундаг дайчин бүсгүй үүү