Т.Бадрал: Гадаадын иргэдийг хилээр НЭВТРҮҮЛЭХГҮЙ

УОК-ын Шуурхай штаб ээлжит мэдээллээ хийж байна.
Энэ үеэр Улсын онцгой комиссын Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн "МИАТ ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцоор БНСУ-аас ирсэн иргэдийн хүлээн авах, хуваарилан байрлуулах ажлыг хоёр цагийн хугацаанд зохион байгууллаа. Өнөөдөр өглөө Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор иргэдийг эх оронд нь авчирлаа. Энэхүү онгоцоор Берлинээс 93, Москвагаас 138 иргэн ирсэн байна. Иргэдийг одоогоор үзлэг оруулж байна. Мөн өнөөдөр /2020.03.16/өглөө Япон улс руу тусгай үүргийн онгоц хөөрсөн, хуваарийн дагуу 20:25 цагт Улаанбаатар хотод буцаж ирэх төлөвлөгөөтэй байна” гэж мэдэгдлээ.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Шуурхай штаб дээр ажиллаж буй баг төлөвлөгөөний дагуу ажилласаар байна. Гадаадад байгаа монголчуудаа татаж авах ажлыг үргэлжүүлж байна. Өнөөдөр нэг онгоц бууна. Мөн энэ сарын 18-нд Истанбулаас нэг онгоц хүлээж авна. Европт нөхцөл байдал маш хүнд байна. Мөн АНУ гадаадын иргэдийг авахгүйгээс гадна өөрсдийнхөө иргэдийг авахгүй гэдгээ зарласан гэх мэт гадны улсууд хариу арга хэмжээгээ авч ажиллаж байна. Иймд гадаад улсын ямар ч иргэнийг Монгол Улс руу нэвтрүүлэхгүй. Зөвхөн ОХУ-аас ирж буй хүнсний тээврийг нэвтрүүлнэ. Улс орныхоо эрүүл ахуйн үүднээс гадаадад оршин суугаа иргэд тухайн улсдаа зохицон амьдарч, эрүүл мэндээ сахин хамгаалахыг хүсэж байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргаж буй шийдвэр зөвлөмжийг дагаж мөрдөхийг гадаадаас ирж буй иргэдээс хүсэж байна ” гэв.
Б.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.