МХЕГ: Улсын хэмжээнд 5633 ААН-д хяналт, шалгалт хийсэн

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээллээ хийлээ.
МХЕГ-ийн дэд дарга Г.Сугарбат “Дэлхий нийтээр тархаад буй цар тахлын хүрээнд орон даяар хүнсний бараа, бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. МХЕГ-аас улсын хэмжээнд 5633 ААН-д хяналт, шалгалт хийн ажиллалаа. Үйлчилгээний байгууллагууд ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар хийж, тухайн орчинд ажиллаж буй ажилтнуудын эрүүл аюулгүй байдалд анхаарахыг сануулж байна” гэв.
ШӨХТГ-ийн холбогдох ажилтан дараах мэдээллийг өгөв.
ШӨХТГ-аас үүсч буй нөхцөл байдалтайгаар бий болж буй үнийн зохиомол өсөлт, хүнсний хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт хяналт шалгалт явуулж, зөрчил илэрсэн “И-март” худалдааны төвд 20 сая төгрөгийн торгууль оногдууллаа. Үнийн зохиомол өсөлтөөс урьдчилан сэргийлэхэд иргэдийг хамтарч ажиллахыг хүсэж байна. Хэрэглэгчийн тусгай дугаарын 115 утсаар дамжуулан иргэдээс мэдээлэл хүлээн авах болно гэлээ.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Дэлхийн олон оронд халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор тархалт нэмэгдэж буй Европын орнууд шийдэмгий арга хэмжээ авч эхллээ. Шенгений орнууд хоорондоо хилийн хориг тавьж байна. Гадаадын улс орнуудад хүмүүнлэгийн шугамаар иргэдийн визтэй холбоотой үүсэж буй асуудлыг шийдэж байгаа тул байгаа улс орондоо аюулгүй байдлаа хангах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.
Б.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.