Д.Сумьяабазар: Дөрөвдүгээр сард шатахууны үнэ 200 төгрөгөөр шууд бууна

Өнөөдрийн /2020.03.19/ Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар мэдээлэл хийлээ. Энэ үеэр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ унаж буйг дагаад шатахууны үнэ ч бууна гэдгийг хэлсэн юм. Тэрбээр,
"Шатахууны үнэ өнөөдрийн байдлаар 50-100 төгрөгөөр буугаад эхэлчихсэн байгаа. Ирэх дөрөвдүгээр сарын 15 гэхэд 200 төгрөгөөр шууд бууна гэж харж байна.
Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр унаж байна. Түүхий тос, бэлэн бүтээгдэхүүний үнэ литр тутамдаа 22-26 ам.доллар болсон. Үүний өмнө 2001 онд АНУ-д террорист халдлага болсны дараа мөн 22-23 ам.лолларт хүрч байсан. Давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж ийм байдал үүсээд байна.
Газрын тосны үнэ манай улсад нэг сарын хоцрогдолтой орж ирдэг. Иймээс ирэх сар гэхэд 200 төгрөгөөр буух тооцоолол хийсэн.
Үнэ буусан энэ үеийг ашиглаж, газрын тосны нөөц бүрдүүлэх, нөөцөлж авах ажлыг зохион байгуулж байна. Эргээд үнийг тогтвортой барих судалгааг хийж, Ерөнхий сайдад өргөн барина.
Өнөөдрийн байдлаар шатахууны 40 хоногийн нөөц байна. Энгийн үед 30 хоногийн нөөц бүрдүүлэх стандарт барьдаг. Вирусийн халдвараас шалтгаалж иргэдийн шатахуун худалдан авалт буурсан.
Цаашдаа олон улсын нийгэм, эдийн засгийн байдлаас шалтгаалж газрын тос, шатахууны үнэ буувал бууна, өсвөл ч бас өснө гэж ойлгох хэрэгтэй” гэлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.