СПОРТ

П.Өнөрбат: Аав, ээжийн минь буян заяа түшиж бөх болсон

“Дархан нутаг” ТББ-аас “ДАРХАН ХОТЫН 100 ЭРХЭМ” номыг бүтээж, Дархан хотын түүхийг бичилцсэн эрхэм хүмүүсээ алдаршуулан мөнхжүүлсэн билээ. Энэхүү номонд багтсан 100 эрхэмийн нэг, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хошой мөнгө, гурван хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбатын нийтлэлийг хүргэе.

Пүрэвжавын Өнөрбат 1988 оны хоёрдугаар сарын 15-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. Таван настайд нь гэр бүлийнх нь хотруу шилжиж таван жилийн дараа Дархан хотод суурьжээ. Спортод багаасаа дуртай байсан тэрбээр тавдугаар чөлөөт бөхийн секцэнд анх удаа очиж. Чөлөөтөөр хичээллэдэг ангийнхаа М.Батмөнхийг дагаж очсон түүнийг туршлагатай хууччуул нь айхтар, айхтар унагааж бага зэрэг дэглэсэн гэдэг. Түүнээс нь эмээж би барилдаж чадахгүй юм гэсэн бодол төрж дахиад секцэнд очоогүй. Үүнээс хойш яг жилийн дараа анхны багш Ц.Баярсайхан Дарханы сургуулиудаар бөхөд дуртай, барилдчихаар хүүхдийнхээ эрэлд гарчээ. П.Өнөрбатын ангид орж ирээд бөхөөр хичээллэх хүүхэд байна уу гэхэд дэлхийн медальтан маань ганцаараа гараа өргөсөн гэдэг.

Анх спортын гараагаа хамтдаа эхлүүлсэн 70 гаруй хүүхдээс ганцаараа тунаж үлдээд 15 жилийг туулсан нь энэ. 2000 оны есдүгээр сард бэлтгэл хийж эхлээд дөрөвхөн сарын дараа Д.Сүхбаатар жанжны нэрэмжит тэмцээнд түрүүлжээ. Анхны тэмцээндээ алтан медаль хүртсэн түүнийг “Арслан” клубийн дасгалжуулагч Б.Баттулга “Хол явах хүүхэд байна” гэж. Ц.Баярсайхан дасгалжуулагчийн багш Д.Оюунболд “Цаанаасаа төрмөл авьяастай хүүхэд байна. Нэг өдөр юм дуулгана аа. Одоо бүх зүйл чамаас шалтгаална. Хичээгээрэй” гэж шавьдаа захьсан гэдэг. Тэр үеэс хойш багшийгаа олон ч удаа баярлуулж 2015 онд дэлхийн медальтнуудын эгнээнд нэгдлээ.

“Чи намайг хөглөдөг. Цаашид улам хичээх урам зориг бэлэглэдэг” гэдэг үгийг Ц.Баярсайхан багш түүнд нэгэнтээ ам алдсан.
“Манай аав, ээжийн талд бөхийн удам байхгүй. Гэхдээ аав, ээжийн минь буян заяа намайг түшиж бөх болгосон байх. Дэлхийн аваргаас медаль хүртэж баярлуулсан болохоор сэтгэл сайхан л байна” гэдгийг П.Өнөрбат хэлсэн.

Аав Ж.Пүрэвбат нь геологич мэргэжилтэй, ээж Г.Долгоржав нь хүний их эмч. 2005 онд Дархан-Уул аймагт дунд сургуулиа төгсөөд ҮБТДС-д элсэн орсон. 2006 оноос Монгол Улсын шигшээ багт дуудагдаж тэр ондоо спортын мастер цолны болзол хангаж, 2008 онд ОУХМ болсон. Тамирчин хүний замналаар түүний амжилтын зам дардан байгаагүй бас л сориод амжсан. Дэлхийн аваргаас хоосон ирэх нь тамирчин хүнд амаргүй даваа байдаг. 2009 оны анхны дэлхийн аварга түүнд энэ мэдрэмжийг хамгийн ихээр төрүүлсэн гэдэг. Дэлхийн аваргад ялагдчихаад багаасаа түрүүлж Б.Наранбаатар, Г.Мандахнаран гавьяатын хамт Монголдоо ирэхэд тосох ч хүн байхгүй. Усан бороо цутгаж байхад Б.Наранбаатарын машинд дайгдаж талбай дээр буугаад гэр лүүгээ явахад хамгийн хүнд үе байсан гэдэг.

2010 онд жин 82 хүрчихсэн байх үед Гуанжоугийн Азийн наадамд 66 кг-д гэнэтхэн барилдахаар болжээ. 16 кг хассан учраас эргээд сэргэлт авч чадахгүй тухайн жилдээ бараг тав, зургаан тэмцээнд дараалан ялагдаж. Олигтой барилдаж чадахгүй юм байна гэх бодол төрж урамгүй болоод эхлэхэд Ц.Баярсайхан багш нь дээд жиндээ барилд гэдэг заавар өгчээ. 74 кг-д өгссөн жилээ улсын аваргад түрүүлж, Азийн аваргаас хүрэл медаль аваад чөлөөт бөхөөс дахиж эргэж буцахааргүй болсон юм.
Дэлхийн аваргын мөнгөн медалийг олимпийн эрхийн хамт хүртснээр түүний хувьд хоёр дахь олимпдоо зодоглох болзлоо хангасан. Дэлхийн аваргын мөнгөн медалийнх нь амжилтыг үнэлж МЧБХ-ноос алтан гулдмай бэлэглэсэн.

П.Өнөрбатын хувьд тэрхүү алтан гулдмайгаа “Хасу Мегаватт” компанидаа бэлэглэсэн нь олон хүний талархал хүлээгээд буй. “Миний хувьд Хасу мегаватт” компани, шигшээ багаас цалин авдаг.
Их хэмжээний алт харахаар хүн сандардаг юм билээ. Ивээн тэтгэгч байгууллагаасаа байнга л авсаар ирсэн. Заавал бид авах ёстой юм биш шүү дээ. Ж.Түмэн-Аюуш ахад бэлэглэхэд их бэлэгшээж хүлээж авсан. Баярлуулсандаа ч би сэтгэл хангалуун яваа” хэмээн учрыг нь тайлсан юм.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button