
Хувцас загварын салбарт гэр бүлээрээ хүчин зүтгэж буй хосууд цөөнгүй. Тэр тусмаа нөхөр нь хувцасныхаа загварыг гаргаж, оён, эхнэр нь модель нь болдог тохиолдол тун ховор. Тэгвэл ийм нэгэн хос бол “B&B” брэндийг үүсгэн байгуулагч Г.Батболд, А.Батзул нар юм. Ирээдүйнхээ төлөө хамтдаа зүтгэн, хөдөлмөрлөж яваа залуу хостой ийн ярилцлаа.
-ХАНЬ МИНЬ БОЛЗООН ДЭЭРЭЭ ЮМ ОЁДГОО ХЭЛЭХЭД НЬ БИ ИТГЭЭГҮЙ-
-Юуны өмнө манай уншигчдад өөрсдийгөө танилцуулна уу?
Г.Батболд (Г.Б): -Намайг Ганболдын Батболд гэдэг. Улаанбаатар хотод төрж, өссөн. Хүнд машин механизмын оператор мэргэжилтэй.
А.Батзул (А.Б): -Намайг Аюушийн Намайг Батзул гэдэг. Бизнесийн менежментээр суралцаж, төгссөн.
-Та хоёр анх хэрхэн танилцаж байв. Тухайн үеийнхээ дурсамжаасаа хуваалцахгүй юу?
А.Б: -2013 оноос бие биеэ мэддэг болсон. Нөхөр маань миний хамгийн сайн найзын хамаатны ах нь. Найзынхаа гэрээр орж гарч байгаад анх харж байсан. Тэгээд жилийн дараагаас мессеж бичдэг болсон. Тэгээд л уулзаж эхэлсэн дээ.

-Анх нэг нэгнийхээ юунд нь илүү татагдсан бэ?
Г.Б: -Ханийнхаа инээмсэглэлд маш их татагдсан. Их хөөрхөн нүдээрээ инээдэг. Тэгээд л “Би хичээх ёстой юм байна. Энэ охиныг өөрийн болгоно” гээд л зүтгэсэн дээ (инээв).
А.Б: -Анх хараад би яг Болдоо ах (нөхөр) шиг л хүнтэй сууна гэж боддог байсан. Тайван, дөлгөөн, эмэгтэй хүнийг хүндэлдэг нь надада маш их таалагдсан. Энэ зан чанаруудад нь татагдсан юм л даа.
-Анх танилцаж байхдаа нөхрийнхөө юм оёдог гэдгийг нь мэддэг байсан уу?
А.Б: -Анх танилцахад хань минь мэргэжлээрээ ажилладаг байсан юм. Ээж нь оёдолчин гэдгийг л мэддэг байсан. Болзоондоо ирэхдээ “Энийг би оёсон шүү дээ” гээд өмссөн савхин хүрэмээ заахад нь би их гайхаж бас бахархсан. Анх хувцас оёдог гэхэд нь ер итгэдэггүй байлаа (инээв).
-ОЁДОЛЧИН БОЛОХОД ЭЭЖ МИНЬ ИХ НӨЛӨӨЛСӨН-
- Г.Батболд хүнд машин механизмын оператор мэргэжилтэй. Эрэгтэй хүн хувцасныхаа загварыг гарган, өөрөө урлаж яваа тань сонирхол татаж байна. Энэ салбартай амьдралаа холбоход ээж тань их нөлөөлсөн байх.
Г.Б: -Тийм ээ. Ээжийгээ дагаад юм оёж эхэлсэн. Ер нь юм оёх дуртай байсан. Өмнө нь өөртөө таалагдсан загвараа дуурайлгаж хийгээд өмсчихдөг байв. Сонирхлоороо л юм оёж эхэлсэн гэж болно. Сонирхол минь одоо миний ажил, амьдрал болсон.
-Та хоёр хамт амьдраад хэр удаж байгаа вэ?
Г.Б: -Дөрвөн жил.
-Хосууд хамт амьдарснаар бие биедээ уусаж, илүү сайн ойлголцдог шүү дээ. Хамтдаа амьдрах болсноор та хоёр хэр өөрчлөгдсөн бэ?
Г.Б: -Ганцаараа амьдардаг байхдаа хөдөлгөөнтэй байсан. Харин одоо илүү буурь суурьтай болсон. Бид хоёр нэг асуудал дээр ярьж хэлэлцээгүй хэрнэ яг ижил зүйл бодож, сэтгэдэг. Заяаны ханиуд адилхан байдаг гэдэг нь энэ юм болов уу.
А.Б: -Миний хувьд ямарваа зүйлд хүлээцгүй, сэтгэлийн хөөрлөөр ханддаг байсан. Жижигхэн зүйлд шантардаг, сэтгэлийн хатгүй байсан гэж хэлж болно. Нөхөр маань миний ах шиг, аав шиг минь түшигтэй хүн. Миний дутагдлыг засаж, ойлгуулдаг. Намбатай болсон гэх юм уу даа (инээв).
-БИ НӨХРИЙНХӨӨ ЮМ ОЁХ АВЬЯАСТ НЬ ДУРЛАСАН-

-Аав, ээж болсонд нь баяр хүргэе. Хүүгээ олсноо анх мэдээд ямар сэтгэгдэл төрж байв. Нөхөр нь анх хэрхэн хүлээж авав?
А.Б: -Баярлалаа. Бид хоёр анхнаасаа намайг сургуулиа төгссөний дараа хүүхэдтэй болно гэж төлөвлөж байсан. Төлөвлөсөн, хүлээж байсан хүүхэд болохоор бид маш тайвнаар, баяртайгаар хүлээж авсан.
-Ер нь хэдэн хүүхэдтэй болно гэж боддог бэ?
А.Б: -Алдарт эх болно гэж боддог шүү (инээв).
-Саяхан амаржсан болохоор их ядарч, сульдан, тун ч завгүй суугаа байх. Нөхөр тань ер нь гэрийн ажилд хэр тусалдаг вэ?
А.Б: -Бид хоёр гэрийнхээ бүх ажлыг хувааж хийдэг. Хоолоо л гэхэд өдөр өдрөөр элжилж хийнэ. “Чи энийг хийчих, би энийг хийе” гээд л үргэлж надад тусалдаг. Зөвхөн гэрийн ажил гэлтгүй бүх үед хань минь миний хажууд байдаг. Хүүгээ төрүүлэхэд хажууд минь байсан болохоор би маш тайван төрсөн.
-Хэрэв ямар нэгэн асуудал, маргаан гарвал танай гэр бүлийн хувьд хэрхэн шийддэг вэ?
Г.Б: - Ер нь бид хоёр бараг ам зөрөөд байдаггүй л дээ. Хэрэв тийм тохиолдол гарвал хамгийн түрүүнд ярилцахыг хичээдэг. Бие биедээ буулт хийнэ. Аль болох тайвширсан үед нь ярилцахыг илүүд үздэг. Хэн нэгнийх нь буруу бол тэр алдааг нь уурлаж биш, эвээр засаж, аль болох эвтэйхэн хэлдэг.
-Анзаарах нь ээ та хоёр их дөлгөөн, даруухан хос юм шиг санагдлаа.
Г.Б: -Тийм шүү. Чи их зөв анзаарсан байна. Ер нь манай гэрт байвал бараг дуу чимээ гарахгүй дээ (инээв). Ер нь бид хоёр ааш зангийн хувьд адилхан болохоор их амархан ойлголцдог.
-Ханийнхаа юугаар нь хамгийн их бахархдаг вэ?
Г.Б: -Миний эхнэр маш ухаалаг. Буруу зөвийг ялгаж, тунгаасныхаа дараа ямар нэгэн шийдвэр гаргадаг мундаг бүсгүй. Энэ зан чанараар нь хамгийн их бахархдаг.
А.Б: -Би нөхрийнхөө оёж, шидэх авьяаст нь дурласан. Үүгээр нь хамгийн их бахархдаг. Мөн маш тэвчээртэй, хүлээцтэй, сэтгэлийн хаттайгаар нь бахархдаг.
-"B&B” БРЭНД ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ГОО ҮЗЭСГЭЛЭНГ УЛАМ ТОДОТГОДОГ-

-Та хоёр өөрсдийн нэрийн “B&B” хувцасны брэндтэй. Брэндээ бий болгох санаа хэрхэн төрөв?
Г.Б: -Анх 2016 онд “B&B” брэндээ үүсгэн байгуулсан. Бид хоёрын хүсэл зорилгын сацуу ойр дотнын маань хүмүүсийн нөлөө маш их байсан. Одоо өргөжиж, найман ажилтантай, хоёр салбарт үйл ажиллагаа явуулж байна.
- Хувцас загварын салбарт ажилладаг хосууд олон бий. Тэр тусмаа нөхөр нь хувцсаа оёдог, эхнэр нь модель нь болдог хос ховор. Танай брэндийн бусдаас ялгарах онцлог юу вэ?
А.Б: -Ийм тохиолдол бараг байхгүй биз. Тэр тусмаа даашинз оёдог нь цорын ганц байх. Манайх зөвхөн эмэгтэй хувцас урладаг. Тэр дундаа эмэгтэйчүүдийн галбирыг тодотгох бариу загварын хувцас хийдгээрээ бусад брэндээс ялгардаг. Мөн чанартай материал, боломжийн үнийг санал болгодгоороо давуу талтай.
-Яагаад заавал эмэгтэй хувцас гэж?
Г.Б: -Би анх эхнэртээ зориулж даашинз хийж байсан юм. Эхнэр маань тэр даашинзыг өмссөн байхад галбирыг нь сайхан тодотгож, үнэхээр үзэсгэлэнтэй харагдсан. Тэр цагаас хойш эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнг тодотгосон даашинз яагаад хийж болохгүй гэж хэмээн бодсон. Тэгээд л эхнэртэйгээ ярилцаж оролдоод үзье гэж шийдсэн.
-БИД ХОЁР БРЭНДИЙНХЭЭ ЗАГВАРЫГ ЯРИЛЦАЖ БАЙГААД ӨӨРСДӨӨ ГАРГАДАГ-
-Хувцасныхаа загварыг та хоёрын хэн нь гаргадаг вэ?
Г.Б: -Бид хоёр хоёулаа загвараа гаргадаг. Хоорондоо зөвшилцөж байгаад бие биенийхээ санааг шингээж хийдэг.
-А.Батзулын хувьд нөхрийнхөө урласан хувцсыг өмсөж амилуулдаг юм билээ. Та өмнө нь загвар өмсдөг байв уу?
А.Б: -Өмнө нь би загвар өмсөж байсан удаагүй. Өөрсдийн брэндээ бусдад таниулахын тулд би өөрөө загвараа өмсөж, нөхөр маань миний зургийг авч өгдөг.
-Коронавирусийн халдвартай өнөө цагт залуу бизнес эрхлэгчдийн хувьд чамгүй бэрхшээлийг туулж байгаа болов уу. Хэрхэн даван туулж байна вэ?
Г.Б: -Одоохондоо бэрхшээлтэй зүйл байхгүй байна. Бүхнийг өөрсдөө хийхийг эрмэлздэг. Хэр их хөдөлмөрлөнө тэр хэрээр л ажил маань урагшилна.
-Та хоёрын ирээдүйн зорилго юу вэ?

А.Б: -Үндэсний хэмжээнд эмэгтэй брэнд гэсэн нэр томьёог бий болгохыг хүсдэг. Эмэгтэй хүн бүрийн хувцасны шүүгээнд дор хаяж нэг “B&B” байдаг ч юм уу. Хүн бүрийн мэддэг брэнд болохын төлөө ажиллаж байгаа.
-Бүх зүйлийг өөрсдийн гараар бүтээж, зүтгэж яваа та хоёроор бахархаж байна. Залуу хосууддаа хандаж юу гэж хэлэхийг хүсдэг вэ?
Г.Б: -Бүх зүйлд хэн хэн нь хариуцлагатай байх хэрэгтэй. Мөн хамгийн чухал нь бие биеэ хүндлэх. Амьдралы ерөнхийд нь эрэгтэй хүн авч явна. Иймд эрчүүд нь илүү буурь суурьтай байж, эмэгтэйчүүд нь нөхрөө түшиж тулж, дэмжих хэрэгтэй. Эрчүүд магтаалд их дуртай хүмүүс, нөхрөө магтаад л байвал улам урамшаад илүү хичээдэг. Тийм болохоор эхнэрүүд нөхрөө магтаж, урамшуулж байгаарай гэж хэлмээр байна (инээв).
А.Б: -Нөхрийн маань хэлснээр эхнэр нь нөхрөө магтаж, дэмжих тусам эрэгтэй хүн улам өсөж дэвждэг нь үнэхээр үнэн. Залуу хосууддаа хандаж хэлэхэд нэгнийхээ мөрөөдлийг сонсож, түүнийхээ төлөө хамтдаа зүтгээрэй. Бид хоёр яг ийм замаар явж ирсэн болохоор ингэж амьдрах нь маш зөв гэж боддог. Хэрэв нэг нь шантарвал нөгөө нь дэмжиж, дутуугаа нөхөн хамтдаа зүтгэх нь хамгийн чухал юм шүү.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Т.ХҮЧИТБААТАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт хүсье. Ямар гоё юм бэ?
Гоё байна. Гэвч хамгийн чух�##� зүйл болох зургаа мэргэжлийн хүнээр авхуулдаггүй юм байна. Гэрэлтүүлэг муу зөвхөн нэг т�##�аас гэрэлтүүлсэн учраас хувцасных нь оёдол хийц сайн харагдахгүй байна. Яг хувцсаа зарах гэж байгаа бол саар�##� хананы урд
Саар�##� хананы урд харуулб�##� өөр өнгө холилдхгүй зөвхөн хувцсанд анхаар�##� төвлөрч харна. Үүнийг европын бүх интернет дэлгүүр ашигладаг зарчим. Азид бол өөр хамаагүй янз бүрийн өмнө аваад зургийг нь тавьда.
Европт тэр бүү хэл зөвхөн хувцсаа зарахын тулд заримдаа анхаарлыг өөр тийш (жишээ нь загвар өмсөгч рүү) хандуулахгүйгээр толгойг нь оруул�##�гүй зургийг нь тавьдаг.
Гэхдээ энэ �##�дааг ганцхан та нар гаргадаггүй монголын бүх л хувцасны бизнес эрхлэгчид гаргадаг. гэтэл гадаадад зураг чух�##� үүрэг гүйцэтгэх учраас тэнд сайн хийхийг мэргэжлийн хүнээр даруулдаг.
Сэтгэл гарган зөвлөгөө өгсөнд хажуунаас нь баярлачихлаа
Харин тийн, манайхан ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ БАЙНА гээд ДОРОМЖЛОХ гээд л оролдоод байдаг. Гэтэл дээрх хүн яг л МЭРГЭЖЛИЙН ХҮНИЙ ӨГЧ ЧАДАХ ЗӨВЛӨГӨӨГ БАГШ ХҮН ШИГ өгч байна.
Үнэн гоё юм аа, амжилт хүсье.
Har y####n shaaj bn daa
uasan ch saihan yum. Busguin biye gej gaihaltai! 2 zaluud amjilt husiyee!