ГУРАВЛАСАН ӨНЦӨГ: Эцэг, эхчүүд хүүхдэдээ хэр цаг гаргаж, халамжилна тэр хэрээр цахим донтолтоос хамгаална

Хичээл сургууль амарч, цэцэрлэг, ерөнхий боловсролын хичээлийг телевизээр орох болсноос эхлээд хүүхдүүд дэлгэцийн хэт хамааралтай болсоор буйг эцэг, эхчүүд учирлаж буй. Ялангуяа бага насны хүүхдүүдийн хувьд цэцэрлэгээр хүмүүжиж, дуу шүлэг сурах гэх мэтээр илүү амьд, үр дүнтэй харилцаанд орж байсан бол өнөөдөр гар утас, телевиз үзэж бүхий л өдрийг өнгөрүүлэх болсон билээ.
Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллага, сэтгэцийн эмч, сэтгэл зүйчид илүү ачаалалтай ажиллах болсныг ташрамд онцолъё. Бид Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч, Сэтгэцийн эмч Л.Цэрэндолгор, Сэтгэлзүй, Сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэл судлаач Б.Баярцэнгэл, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхжаргалтай нартай хүүхдийн дэлгэцийн дон, цахим хэрэглээний тухай товчхон ярилцсан юм.
СЭМҮТ-ИЙН ХҮҮХЭД, ӨСВӨР ҮЕИЙН КЛИНИКИЙН ЭРХЛЭГЧ, СЭТГЭЦИЙН ЭМЧ Л.ЦЭРЭНДОЛГОР
-Хөл хорио тогтоож, хичээл сургууль амарсантай холбоотойгоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэр олон хүмүүс хандаж байгаа вэ?
-Хөл хорио тогтоосноос өмнө болон дараагийн байдлыг харьцуулж үзэхэд хүүхдүүд чөлөөт цагаа дэлгэцийн ард өнгөрөөж буй нь ажиглагдсан. Тиймдээ ч эцэг эхчүүд хүүхдээ байнга утас тоглоод байна гэдэг асуудлаар зөвлөгөө авах нь ихэссэн.
-Насны хувьд хэд орчим насны хүүхдүүд ханддаг вэ?
-Хүүхдүүдийн хувьд ихэвчлэн сургуулийн бага ангийнхан болон цэцэрлэгийн насны хүүхдүүд сүүлийн үед түгээмэл ханддаг болчхоод байна. Өмнө нь бол харьцангуй өсвөр насны хүүхдүүд илүү ханддаг байсан. Өсвөр насны хүүхдүүдийн аав ээж нь хүүхэд маань олон хоногоор гадуур яваад байна. Эсвэл гэртээ ирэхээрээ зөвхөн утас болон компьютероор тоглоод байна. Бусад нийгмийн харилцаанд орох дургүй болчхоод байна хэмээн ханддаг байсан. Одоо бага насны хүүхдүүд бүгд гэртээ байгаа учраас энэ хэрэглээн дээр эцэг эхийн зүгээс хяналт тавихад хэцүү болсон. Яагаад гэвэл өдрийн цагаар бүгд ажилдаа яваад өгчихдөг. Тиймээс том ах болон эгч нар нь ихэвчлэн дүү нараа хараад үлддэг. Эсвэл эмээ өвөө нь хүүхдийг нь харж байх үедээ гар утас, компьютерын хэрэглээг хүүхдэд өдөржин хэрэглүүлж байгаа ажиглагддаг.
-Дэлгэцэнд донтолт насны хувьд залуужлаа гэж ярьж байна. Бага насны хүүхэд өдөрт хэдэн цагийг дэлгэцийн урд өнгөрүүлэх нь зохистой вэ?
-Хоёр хүртэлх насны хүүхэд ямар нэгэн байдлаар дэлгэцийн хэрэглээнд бүү оролцуул гэдэг зөвлөмж гарсан. Тэгтэл бага насны хүүхдэдээ бид сатааруулж юм уу уйлахыг нь болиулахын тулд гар утас, компьютер үзүүлээд байдаг шүү дээ. Харин хоёр болон тав хүртэлх насны хүүхдэд нэг цаг хүртэлх хугацаанд гар утас, таблетыг үзүүлэх нь зөв. Харин 6-12 насны хүүхдэд хоёр хүртэлх цагийг зөвшөөрч болно. 13-аас дээш насны хүүхдэд гурван цагаас дээш хэтрүүлж болохгүй гэж заасан байна. Заасан хугацааг нарийн баримталснаар сэтгэцийн болоод биеийн эрүүл мэндийг нь хамгаалах боломжтой.
-ЦАХИМ ТОГЛООМД НАСАНД ХҮРЭГЧИД ТҮЛХҮҮ ДОНТОЖ БАЙНА-
-Сүүлийн үед цахим тоглоомд хүүхэд гэлтгүй, томчууд хүртэл донтож тоглож байгаа ажиглагдсан?
-Сүүлийн үед цахим тоглоомд донтож буй насанд хүрэгчид олон болж байна. Манай сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв буюу 1800-2000 утасны дугаарт цахим тоглоомд донтсон насанд хүрэгчид түгээмэл залгаж зөвлөгөө мэдээлэл авсаар байгаа.
-Цахим ертөнцөд хэт донтох нь тухайн хүний бие болоод сэтгэл зүйд ямар хор уршигтай вэ?
-Хэтрүүлэн хэрэглэснээс болж бие махбод болон сэтгэцэд өөрчлөлт орж эхэлнэ. Бага насны хүүхдэд нэг шинж тэмдэг давамгайлсан сэтгэцийн өөрчлөлт гарч эхэлдэг. Тухайлбал цэцэрлэгийн насны хүүхдүүд нүдээ анивчих, хоолойгоо ойр ойрхон засах, гудчиж дуугарах, нүүрээ хавчих, булчин татганах эмгэгээр илэрч болно. Мөн нойрондоо муудах, орондоо шээх эмгэгтэй болж болно. Үзэж харж буй контентын агуулга нь хүчирхийлэл агуулсан бол хүүхэд айдастай болох, хар дарах, зүүдэндээ явах, ярих гэх мэтээр хүүхдийн сэтгэцэд өөрчлөлт ордог. Тиймээс бага насны хүүхдэд түлхүү гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Сургуулийн болон өсвөр насны хүүхдүүдэд үүнээс өөр шинж тэмдэг илэрнэ.
-Булчин татганах, орондоо шээдэггүй байсан хүүхэд дэлгэцийн хэт хэрэглээнээс болоод орондоо шээдэг болох, нойрны өөрчлөлтөнд орох, архаг ядаргаа болох гэх мэт сэтгэцийн өөрчлөлтүүдээс гадна бие махбодын өөрчлөлтүүд гарч байдаг. Жишээ нь бодисын солилцооны өөрчлөлтөд орох, дархлаа сулрах, халдварт өвчинд өртөмтгий болох гэх шинжүүд гардаг. Мөн хоолны дуршил буурч болно. Байнгын дэлгэцийн хэрэглээтэй байхаар бодисын солилцоо удааширч, хоолны дуршилгүй болно. Тиймээс аажимдаа биеийн өсөлт буурах, удаашрах магадлалтай болдог. Өсвөр насны хүүхдүүдийн тухайд сэтгэл хөдлөл давамгайлсан зан төлөвийн өөрчлөлтүүд түгээмэл тохиолдож эхэлнэ. Хүүхдүүд их ууртай уцаартай, цочимтгой болох, дэлгэцээс холдуулахад уурлаж уцаарлан, сэтгэлээр унах шинж тэмдгүүд илрэх нь бий. Тэгэхээр нас насанд нь илрэх шинж тэмдгүүд өөрчлөгдөж байдаг гэсэн үг. Сэтгэцэд шинж тэмдэг нөлөөлөөд эхэлнэ гэдэг маань өөрөө ноцтой асуудал юм.
-Эцэг эхчүүд хүүхдэдээ илрээд байгаа шинж тэмдгийг дэлгэцийн хэрэглээтэй нь холбож ойлгодоггүй юм шиг санагдлаа.
-Магадгүй л юм. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээ ойлгохыг хүсвэл эхлээд нэг өдрийг бүтэн хүүхдэдээ зориулж, хүүхдийнхээ өдрийн хэмнэлийг ойлгох шаардлагатай болдог. Тэгж байж хүүхэд юунаас болж одоогийн нөхцөл байдалд хүрэв гэдэг дүгнэлт хийх нь зөв. Түүний дараа хүүхдийнхээ өдрийн дэлгэцийн хэрэглээг зөв зүйтэй талаас нь зохицуулалт хийж сургах нь илүү дөхөм байдаг. Хүүхдийнхээ өдрийн хэрэгцээг хянахгүй, анзаараагүй байж л гэнэт хүүхдийн бие махбодод шинж тэмдэг илэрч хүндэрсний дараа эмчид хандаж эхэлдэг.
Нэг зүйлийг л эцэг эхүүд сайн анхаарчихвал хүүхдээ илүү сайн ойлгоно. Хүүхэд ерөөсөө л эцэг эхээсээ хайр халамж, анхаарлыг хүсдэг. Тиймээс хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулж, хайртай гэдгээ үргэлж үйлдлээрээ илэрхийлж чадвал таны хүүхэд өөртөө итгэлтэй болохоос гадна, сэтгэцийн эмгэгт өртөхгүй. Хүүхдэд халуун дулаан уур амьсгал дутагдаад эхлэхээр л дэлгэцийн хамааралтай болж эхэлдэг. Хүүхэдтэй харилцан тоглохгүй, харьцахгүй л бол хүссэн хүсээгүй ухамсаргүйгээр дэлгэцэд донтох болно. Ганцаараа тоглож буй хүүхэд тухайн тоглоомоосоо түргэн уйддаг. Тиймээс хүүхдэдээ шинэ тоглоом авч өгөхдөө гол нь биш, харилцан тоглох нь чухал.
-БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД “ДЭЛГЭЦИЙН ДОН” ХООЛНЫ ДУРШИЛГҮЙ БОЛОХ, ОГЦОМ УУРТАЙ БОЛ ШИНЖ ТЭМДГЭЭР ИЛЭРЧ БАЙНА-
-Эцэг эхчүүд ихэвчлэн ямар асуудлаар зөвлөгөө авдаг вэ. Дэлгэцээр хүүхдийг сурган хүмүүжүүлэх нь хэр оновчтой вэ?
-Зохистой хэмжээгээр хэрэглэхэд ямар нэг асуудал үүсэхгүй. Учир нь тухайн хүүхэд маань дэлгэцээр гарч буй дуу хөгжим, хичээлийг маш их анхаарч үздэг. Төдий хэмжээгээр хүүхдийн хөгжилд тустай л гэсэн үг юм. Гэхдээ хүүхдэд дуу тавиад орхихдоо гол нь биш. Хамгийн чухал нь дуу, шүлэг, ямарваа хичээлийг хамтдаа үзэх нь чухал байдаг. Ялангуяа хүүхдийн нас бага байх тусмаа л ихэнх цагийг цуг өнгөрүүлэх нь чухал үр дүнтэй байдаг. Хамтарсан үйл ажиллагаа нь хүүхдийн танин мэдэхүй, сэтгэхүй, хэрэгцээг хангаж чадна.
Эс бөгөөс хүүхэд бэлтгэгдсэн контент руу татагдаж эхэлнэ. Ялангуяа хүүхэдтэйгээ зурагт ном унших, будах гэх мэт зүйлсийг хийх нь үр дүнтэй байдаг.Бага байхад нь зөв дадалд сургачихвал, хүүхэд том болох тусам амархан байна. Нэгэнт өөрт нь суучихсан хэвшчихсэн зүйлийг өөрчлөх хэцүү. Тиймээс хүүхдийг багаас нь хүмүүжлийн эерэг аргыг туршиж, хэрэгжүүлэх нь чухал. Бид дэлгэцийн донтолт гээд бүхнийг дэлгэц рүү чихэх гээд байдаг. Гэвч хүүхдийн ирээдүйн эцэг эхийн хайр халамж, оролцооноос шалтгаалж болдог.
-Сургууль цэцэрлэг хэвийн ажиллаж байхад хүүхдүүд өдрийг илүү бүтээлчээр, эрүүл өнгөрүүлж байсан шүү дээ. Гэтэл эцэг эхчүүд хүүхэдтэйгээ удаан хамт байгаад эхлэхээр хүүхэдтэйгээ харилцахад илүү төвөгтэй болоод байх шиг?
-Том жижиг гэлтгүй хүүхэдтэйгээ яг л найз шиг нь харилцаж, хайртай гэдгээ хэлж, байнга тэвэрч байх нь чухал. Мөн өөртөө мэдрэгдэж буй мэдрэмжээ ч мөн хүүхдэдээ хэлж, хуваалцаж байх хэрэгтэй. Ялангуяа хүүхдээ эмээ өвөөгөөр нь өсгүүлсэн эцэг эхчүүд эргээд хүүхэдтэйгээ зөв харилцаж чаддаггүй. Иймд аль болох хүүхдээ өөртэйгөө хамт өсгөж, ойр байлгах нь зөв. Санаа бодлыг тулгахгүй, шүүмжлэхгүйгээр ярилцаж чаддаг бол хүүхэдтэйгээ ойлголцож чадахгүй гэх зүйл байхгүй.
-Эцэг эхчүүд хүүхдээ хэр ойлгож байгаа санагддаг вэ?
-Зарим эцэг эхчүүд ямарваа зүйлд сүр бадруулах гээд байдаг хандлагатай. Цоо эрүүл хүүхдээ дагуулж ирээд сэтгэцийн эмгэгтэй мэтээр ойлгуулах гээд байдаг. Гэвч энэ нь зүгээр л хүүхдийн нас сэтгэхүйн онцлог байх нь бий.
-ХҮҮХДЭЭ ЭМЭЭ ӨВӨӨГӨӨР НЬ ӨСГҮҮЛСЭН ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХЭДТЭЙГЭЭ АСУУДАЛТАЙ БАЙДАГ-
-Соробан сампинд хүүхдүүд ихээр донтож байна гэх яриа сонссон юм байна. Энэ үнэн үү?
-Яг энэ сампинд донтоод байна гэх нь өрөөсгөл ойлголт. Донтолт гэдэг нь өөрөө маш өргөн ойлголт л доо. Өөрөөр хэлбэл хооллох, унтах, амрах бүхий л цаг заваа өөрийн дур сонирхолд зарцуулж байгааг түүнд донтох гэж хэлнэ. Харин амрах үедээ амарч, хооллох үедээ хооллож, гадуур гарах үедээ гараад бусад цагаар хоббигоо хөгжүүлж байгаа бол түүнийг донтолт гэж хэлэхгүй.
-Бидний ярилцлага ингээд дуусаж байна. Та манай уншигчдад хүүхдийг дэлгэцийн хэрэглээнээс хэрхэн холдуулах талаар зөвлөгөө өгнө үү?
-Хамгийн энгийн зүйлийг л зөвлөмөөр байна. Хүүхдүүдтэйгээ илүү их цагийг өнгөрүүлээрэй. Ажил, ажил гээд ядарсан ч ядаж өдөрт нэг цаг тоглохыг хичээгээрэй гэмээр байна. Ингэснээр та хүүхэдтэйгээ өнгөрүүлэх халуун дулаан уур амьсгалыг нь хадгалж үлдэж буй нэг хэлбэр юм шүү. Сэтгэл зүйн хэрэгцээг нь хангаж чадаж байна гэсэн үг. Тэгээд явбал хүүхэд таныг ажлаа хийгээд явахад буруутгахгүй юм. Харин эсрэгээрээ ажлаас тарж ирээд хүүхдээ тоохгүй, зурагт үзэх эсвэл шууд унтвал хүүхэд таныг буруутгаж эхэлнэ. Иймд амралтын өдрийг гэр бүлийнхээ хүрээнд маш чанартай өнгөрүүлэхийг хүсэж байна.
СЭТГЭЛЗҮЙ, СЭТГЭЦ ХЭМЖИЛЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН СЭТГЭЛ СУДЛААЧ Б.БАЯРЦЭНГЭЛ

-Тан дээр ихэвчлэн ямар асуудалтай гэр бүлүүд ирж зөвлөгөө авдаг вэ. Хэдэн настай хүүхдүүдтэй түлхүү ажилладаг вэ?
-Надтай ихэвчлэн өсвөр насны болон 0-5 настай хүүхдүүдтэй ээж аавууд маш их холбогддог. Ингэхдээ хүүхдийнхээ гаргаад буй сөрөг зан байдалд сэтгэлээ маш их чилээж буй нь ажиглагдана. Хүүхэд эцэг эхийн хайр, ээнэгшил дутсантай холбоотойгоор дэлгэцийн хэт их хамааралтай болсон байх нь бий. Зарим залуу гэр бүлүүдийн хувьд хүүхэдтэйгээ унтахын өмнө л сая уулздаг. Иймээс хүүхдүүдэд эцэг эхийн хайр халамж дутагдсан, зан төлөвийн өөрчлөлт сууж эхэлсэн байдаг. Ялангуяа залуу гэр бүлүүдийн хувьд хүүхдүүдийг эмээ өвөө нар нь өсгөж байгаа харагддаг. Хэдийгээр тухайн хүүхдийг аюулгүй орчинд харж хандаж буй мэт боловч, дотно биш байдал нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжил, аливаа асуудлыг шийдэх сэтгэлийн хүч, сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг юм. Ингэснээр хүүхдүүд илүү материаллаг зүйл рүү эсвэл дэлгэц рүү татагдаад эхэлдэг. Энэ үед өөрийнхөө сэтгэл зүйг илэрхийлэхдээ уурлаж уцаарлах, цаашлаад тархины цусан хангамж дутагдсанаар цочролын байдалтай болсон байх нь бий.
Дэлгэцийн донтолт гэдэг нь бие даасан өвчин. Энэ нь эмээр болон цаг хугацаагаар эмчлэгддэг. Дэлгэцийн хэт хамааралтай буюу донтсон хүүхдийг хэвийн болгоход хэдэн сараас нэг жил хүртэлх эмчилгээг шаарддаг. Гэтэл эцэг эхчүүд өөрсдөө үүнийг өвчин гэж хүлээж авдаггүй, мэддэггүйгээсээ болж нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлээд байдаг нь харамсалтай.
-ЭЦЭГ ЭХИЙН ХАЙР ДУТАГДСАН ХҮҮХЭД ДЭЛГЭЦИЙН ХАМААРАЛТАЙ БОЛДОГ-
-Ээж аав нар бас хүүхдийг өөрсдөө донтуулдаг. Хэлд хөлд ороогүй хүүхдэд утас бариулж сургах, цаашлаад удаан хугацаагаар үзүүлж дасгадаг. Ингээд нэгэнт хэлд хөлд орсон хүүхдийн утсыг хориглосон үед тэднийг хэрэглэхээ болино гэж эндүүрээд байдагтай холбоотой. Гэвч хүүхэд хэзээ ч больдоггүй. Сүүлийн үеийн хүүхдүүд технологийг төрөхдөө л сурчихсан төрдөг. Тиймээс ч утас болон техникийг ашиглахад нь хүндрэл бага учирдаг. Өөрөөр хэлбэл хүүхдүүд технологийг маш хурдан ойлгож сурдаг гэсэн үг. Сошиал ертөнц нь нөгөөтээгүүр бие даасан амьд ертөнц болж хөгжиж байна. Иймээс хүүхэд эцэг эхээс аваагүй хайр халамж, харилцааг сошиал ертөнцөөс авч, үүнтэй салшгүй холбоог үүсгэсэн байх нь бий.
-Хүүхдийн нас насны сэтгэхүйн онцлогийн тухай эцэг эхчүүдэд хэлж өгвөл?
-0-5 настай хүүхдийн тархины хөгжил асар хурдацтай хөгжиж, тодорхой бие хүний зан төлөвийн 80 хувь нь бүрэлдэж байдаг. Энэ үед хүүхэд үзэж буй зүйлээ даган дуурайх хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл энэ насны хүүхэд дэлгэцээс харсан зүйлээ амьдралд шууд хэрэгжүүлэх буюу түрэмгий ааш гаргах магадлал маш өндөр.
Харин 10 болон түүнээс дээш насны хүүхдүүд илүү ухамсартайгаар цахим ертөнцийг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл сониуч байдлаар хандах нь элбэг. Энэ үед сошиал ертөнцийн хэмжээсийг маш сайн анхаарч зохистой хэрэглээнд анхаарах нь чухал байдаг. Эс бөгөөс бэлгийн буруу чиг хандлагад уруу татагдах, цаашлаад ямарваа муу зуршилтай болох эхлэх нь тавигдана гэсэн үг. Харин өсвөр насны хүүхэдтэй илүү нээлттэй чөлөөтэй харьцах нь хамгийн анхаарах сэдэв. Таны хүүхэд энэ насанд хүрсэн бол бэлгийн аюулгүй харилцаа болон бэлгэвчийг хэрхэн зөв хэрэглэх тухай зааж өгөхөд ч гэмгүй. Мөн фэйсбүүк гэх мэт олон нийтийн сошиал сүлжээнд аль болох бүртгүүлэхгүй байх нь зөв.
-Дэлгэцээс хамааралтай хүүхдийн гаргаж буй түрэмгий ааш авирыг насны онцлогтой холбон ойлгох эцэг эхчүүд цөөнгүй шүү дээ. Хүүхэд бүрд нас насанд тохиох хямрал тулгардаг уу?
-Эцэг эхчүүд хүүхэд бүрд насны хямрал учирна, учрах ёстой гэж ойлгоод байдаг нь буруу. Энэ нь хүүхэд бүрд тохионо гэсэн үг биш. Харин эсрэгээрээ хүүхдийг харж буй хүний сөрөг хандлагаас болж хүүхдийн зан төлөвшил механикаар өөрчлөгдөж болдог.
-ХҮҮХЭД БҮРТ НАСНЫ ХЯМРАЛ УЧИРДАГГҮЙ-
-Хүүхдээ нэгэнт дэлгэцийн хамааралтай болсныг мэдсэн бол ямар байдлаар арга хэмжээ авах хэрэгтэй вэ. Тодорхой хугацаанд дасгасны дараа аажим болиулах ёстой байдаг уу?
-Өсвөр насны хүүхдийн тухайд хэрэглээ хязгаараас давсныг мэдсэн бол шууд хорих ёстой. Интернет таслах, утас болон таблетыг нь хураах гэх мэтээр. Үүнийх нь оронд хүүхдийг хөгжүүлэх зөв зүйлд хамтран ажиллах байдлаар хүүхдийг хэрэглээнээс холдуулах нь зөв. Харин бага насны хүүхдийн хувьд үзэх цагийг багасгаж, оронд нь хөгжилтэй зүйлийг хамт хийх, тоглох гэх мэтээр цахим донтолтоос салгаж болно. Түүнээс чи боль гэчхээд өөрсдөө утас болон таблет оролдоод сууж болохгүй.
-Эцэг эхчүүд хүүхдээ хэр их ойлгодог вэ?
-Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцдаггүй юм шиг санагдсан. Хүүхдүүдтэй ярилцаад суухад, манай аав ээж надтай ярилцдаггүй гэсэн зүйлийг хэлдэг. Ер нь эцэг эх хүүхдийн дунд харилцаа үүсэхгүй байгаагаас хүүхэд хэлд орох нь удааширдаг. Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ хөгжлийн гол түлхүүр гэдгийг л маш сайн ойлгоод авчих хэрэгтэй. Хэрэв хүүхэд тантай эхлээд ярихгүй бол та ярьж эхлэх нь зөв. Хүүхэд тань биш та өөрөө хүүхэд байж үзсэн гэдгийг нь сайн санаарай гэж зөвлөе.
-Та эцэг эхчүүдэд хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?
-Хэлсэн зүйлээ ахиад давтаж хэлье. Хүүхдэд юу юунаас илүү таны хайр халамж л маш чухал. Хайр дутагдсан хүүхэд хүссэн хүсээгүй материаллаг зүйлд татагдаж эхэлдэг. Харилцан ярилцах цаг, хайр дутагдсанаас хүүхдийн зан ааш өөрчлөлтөд ордог. Тиймээс хүүхдэдээ гаргах цаг завыг нэмэгдүүлж, өдөр бүр дор хаяж нэг цагийг хүүхдэдээ бүтээлч байдлаар зарцуулаасай л гэж хүсэх байна.
НЦУГ-ЫН ХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Б.МӨНХЖАРГАЛ
-Хичээл сургууль амарч, хөл хорио тогтоосонтой холбогдуулан хүүхдүүд ямар төрлийн хэрэг зөрчилд түгээмэл холбогдож байна вэ?
-Нийслэлийн засаг даргын захирамжаар шинэ төрлийн коронавирусийг дэгдээхээс сэргийлэх журмаар сургууль, цэцэрлэг, pc тоглоомын газар, бүх төрлийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргасан. Иймд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд ихэнх хугацааг гэртээ өнгөрүүлж байна. Хөл хорионы дэглэмээс болж хүүхдүүд ихэнх цагийг телевиз болон интернет орчинд өнгөрүүлж байгаа. Ингэхдээ эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт муу буйгаас хүүхэд үзэж болохгүй садар самуун, аллага хүчирхийллийг сурталчилсан зүйлийг ямар ч хяналтгүйгээр үзэж байна.
-Үзэж буй зүй бус зүйлээс болоод хүүхдүүд ямарваа гэмт хэргийг хохирогч болсоор байна. Жишээ нь цахим ертөнц Mobile Legend, PubG хэмээх тоглоомын сайжруулалтыг хийх шаардлагатай болдог. Иймд хүүхдүүд тэр өөрчлөлт, сайжруулалтыг хийхийн тулд интернет цахим орчинд маш их залилуулж байна. Өөрөөр хэлбэл хуурамч хаяг бүхий хаягаас оруулсан зарын дагуу тоглоомын сайжруулалт хийх урьдчилгаа мөнгийг шилжүүлж түгээмэл хохирч байгаа. Мөн өсвөр насныхан цахим ертөнцөд хэт хувийн шинжтэй зураг, мэдээллийг цинзуургүй оруулснаас эргээд интернет хакеруудын олзонд орж, сэтгэл зүйн хувьд дарамт сүрдүүлэгт орж байгаа нь ажиглагдаж байна. Цахим ертөнцөд сонжоо хэлбэрээр явж буй зарим програм хэрэглэгчийн хувийн мэдээллийг авах нэг төрлийн хавх гэдгийг сайн санах нь чухал.
-ХҮҮХДИЙН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАСНААР ХҮҮХДЭЭ ХАЙРЛАЖ БАЙНА ГЭЖ ТОМ ЭНДҮҮРДЭГ-
-Эцэг эхийн хайхрамжгүй байдлаас болж хүүхэд цахимд донтох эсвэл ахуйн хүрээнд амь эрсдэх нь ихсээд буй нь тоогүй. Иймд эцэг эхчүүд хэзээд сэрэмж алдаж болохгүйг мэдээлэгдэж буй эдгээр харамсалтай хэргүүд харуулж байна. Саяхан л гэхэд бага насны хүүхэд тагтнаас унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан.
-Цагдаагийн байгууллагаас хүүхдийг цахим гэмт хэргийн хохирогч болохоос хэрхэн сэргийлж ажиллаж байна вэ?
-Нийгэм нь өөрөө сошиал медиатай салшгүй холбоотой болчихсон тул хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх ажлыг ихэвчлэн сошиал медиаг ашиглаж түгээж байна. Хүүхдийн нас болон сэтгэхүйн онцлогт тохирсон контентийг бэлдэх, гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх ухуулгыг явуулах гэх мэтээр ажиллаж байгаа. Сэргийлэгч хүү, зөвлөх охин хэмээх хүүхэлдэйн дүрээр дамжуулан бага насны хүүхдүүдэд илүү хүрч ажиллаж байсан. Харин сүүлийн үед хүүхдүүдэд тулгарсан асуудлаар богино хэмжээний кино бүтээж, сэрэмжлүүлэх үүднээс түгээж байгаа. Хэдий тийм ч эцэг эхийн оролцоо хамгаас чухал байдаг. Мөн иргэд гэрэл гэгээтэй хэрэгтэй мэдээллийг түгээхээс илүү нийгмийг түгшээх хар бараан мэдээллийг түлхүү анхаарч, бусдад түгээдэг.
-Интернэт цахимаар ямар гэмт хэрэг түгээмэл үйлдэгддэг вэ?
-Хамгийн эхлээд залилангийн хэрэг түгээмэл байдаг. Мөн хүүхдийн хувийн мэдээллээр сүрдүүлэх гэх мэт хэргүүд гардаг. Эцэг эхчүүд бага насны хүүхдүүддээ фэйсбүүк хаяг нээгээд өгчихдөг нь хамгийн буруу. Үүнээс болж ихэнх гэмт хэрэгт санамсаргүй байдлаар татагдаж байдаг. Өдөр бүр шинээр нээгдэх шинэ сайт, пейж хуудаснуудыг бүрэн хяналтдаа авах нь боломжгүй зүйл. Иймд үүнд эх эцэг нь л анхаарах хандуулах нь үр дүнтэй.
-Бидний ярилцлага дуусч байна. Та эцэг эхчүүдэд хандаж юу зөвлөхийг хүсэж байна вэ?
-Хүүхдүүдтэйгээ найзын хувиар хандаж, маш сайн ярилцдаг байгаасай гэж хүсэх байна. Ингэснээр та бид бага болоод өсвөр насны хүүхдийг хүсээгүй гэмт хэрэг, ахуйн ослоос сэргийлж чадна. Мөн хүүхдийн сошиал орчинд тавьж буй хяналтаа сайжруулаасай гэж хэлэх байна.
ДҮГНЭЛТ: ТЭД ЮУ ХЭЛЭВ?

-Сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, цагдаа нар бүгд дуу нэгтэйгээр хэлсэн зүйл бол ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЯРИЛЦАХ, ЦАГИЙГ ХАМТДАА ӨНГӨРҮҮЛЭХ, НАЙЗЫН ТӨВШИНД ХАРИЛЦАХ чухал гэж онцлов. Иймд эцэг эхчүүд хорио цээрийн эдгээр үеүдэд хүүхдэдээ гаргах цагийг нэмэгдүүлж, хайртай гэдгээ үргэлж сануулснаар олон эрсдэлээс энхрий балчир үрсээ хамгаалж чадна. Мөн хүүхдээ аль болох хүнээр бус өөрсдөө бие даан өсгөх нь цаашид харилцан ойлголцох, хүмүүжүүлэхэд хялбар байх болно гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.