Бүтээл нь “Amazon.com”-ын бэстселлер болсон Монголын анхны зохиолч Т.Түвшинбилэгтэй ярилцлаа

19 настайдаа АНУ-ыг зорьж, аав, ээжээсээ хол тулгарсан саад бэрхшээлүүдийг хэрхэн даван туулж Fortune 500 -д багтдаг компанийн ажилтан болсон, сүйт залуутайгаа танилцсан зэрэг хөгжилтэй түүхийг “Almost American: A Mongolian girl's American story” номд өгүүлнэ. Эл бүтээл “Амазон”-ы хамгийн их худалдан авалт бүхий шинэ номын жагсаалтыг тэргүүлсэн юм. Бүтээл нь “Amazon.com”-д бестселлер болсон Монголын анхны зохиолч Billie Tuvshinbayar буюу Т.Түвшинбилэгтэй цахим хаягаар нь холбогдон, ярилцлаа. Тэрбээр АНУ-д ажиллаж, амьдардаг.
-ЦАГААЧ ХҮНИЙ НҮДЭЭР ХАРСАН АМЬДРАЛАА АЛЬ БОЛОХ ЭЕРЭГЭЭР БИЧИХИЙГ ХИЧЭЭСЭН-
-Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Түвшинбаярын Түвшинбилэг гэдэг. Улаанбаатар хотод төрж өссөн. Одоо АНУ-ын Виржиниа мужид ажиллаж, амьдарч байна.

-Таны бичсэн ном “Амазон”-ы хамгийн их худалдан авалт бүхий шинэ номын жагсаалтыг тэргүүлж, монгол зохиолчтой анхны бестселлер ном болсонд баяр хүргэе. Анх бестселлер болсныг нь мэдээд ямар сэтгэгдэл төрөв?
-Баярлалаа. Бэстселлер болно гэж төсөөлж ч байгаагүй. Хүч хөдөлмөрөө шингээн бичсэн бүтээл маань дэлхийн хамгийн том цахим дэлгүүрт бэстселлер болоход үнэхээр их баярласан.
-“Almost American: A Mongolian girl's american story” номынхоо талаар товч танилцуулахгүй юу?
-Би цагаач хүний нүдээр харсан амьдралаа аль болох эерэгээр, Америкийн цагаачдыг өмөөрч бичихийг хичээсэн. Сүүлийн жилүүдэд АНУ-ын улс төрчид цагаачид руу төвлөрч, дандаа болохгүй, бүтэхгүй байгаа мэтээр ярих болсон. Гэвч хууль бус буюу “харласан” иргэд нийт цагаачдын зөвхөн дөрөвний нэгийг эзэлдэг. Тиймээс америкчуудад АНУ бол цагаачдын орон гэдгийг эерэгээр ойлгуулж, цагаачид тус улсын эдийн засагт ямар их нөлөө үзүүлж буйг харуулахыг зорьсон. Түүнчлэн цагаач иргэддээ урам, зориг өгөх зорилгоор номоо бичсэн.
-New Degree Press хэвлэлийн газартай хамтарч энэхүү номоо хэвлүүлсэн юм билээ. Тус байгууллагатай хамтарч ажиллаx завшаан хэрхэн олдов?
-Би Жиоржтаун Их сургуульд магистраа хамгаалсан юм. Манай сургууль дээр нэгэн үйл ажиллагааа болж тэндээс Creator Institute буюу New Degree Press publishing-ийн тухай сонссон. Энэ нь тус сургуулийн профессорын ахлан явуулдаг төгсөгчдөө бүтээл туурвихад нь дэмждэг хөтөлбөр юм. Ном бичих эсвэл подкаст хийх гэсэн хоёр төрлийн хөтөлбөр байсан. Би ном бичихыг нь сонгож, эхний гар бичмэлээ илгээж тэнцсэн. Ийнхүү тус бүтээлээ туурвих боломж олдсон юм.
-Энэ бүтээлийг дуусгахад хэр их хугацааг зарцуулав?
-Номоо бичиж дуусгахад нэг жил, гурван сарыг зарцуулсан. Гэхдээ бичиж байх явцдаа хүндэтгэх шалтгааны улмаас гурван сар завсарласан. Ер нь бол нэг жилийг зарцуулсан гэж хэлж болно.
-НОМОО МОНГОЛД ХУДАЛДААЛАХААР ХЭВЛҮҮЛЖ БАЙГАА-

-Энэхүү номоо монгол хэл дээр орчуулан гаргах бодол бий юу?
-Одоохондоо номоо монгол хэл дээр гаргах бодолгүй байгаа. Учир нь энэ ном маань маш энгийн, ойлгомжтой хэлбэрээр бичигдсэн тул монголчууд маань англи хэл дээр нь уншвал зүгээр байх. Түүнчлэн номоо Монголд худалдаалахаар хэвлүүлж байгаа. Энэ сарын 27-ноос худалдаанд гаргах болсноо дуулгахад таатай байна.
-Дахин ном гаргах төлөвлөгөө байгаа юу?
-Дахин ном бичих төлөвлөгөө одоогоор байхгүй. Гэхдээ ажлынхаа хажуугаар өөр шинэ зүйл эхлүүлэхээр зорьж байгаа. Сурахынхаа зэрэгцээ ажиллах гэх мэт олон зүйлийг амжуулаад сурчихсан болохоор цаг хугацааг дэмий өнгөрөөмөөргүй санагддаг. Цаашид онлайн бизнестэй болох бодолтой байгаа.
-Та ер нь ном, зохиол хэр сонирхдог вэ. Өмнө нь ямар нэгэн зохиол бичиж байв уу?
-Би ихэвчлэн хувь хүний хөгжлийн тухай ном уншдаг. Амжилттай яваа хүмүүс ямар нэгэн бэрхшээлийг хэрхэн даван туулж, амжилтад хүрсэн талаар уншиж, урам авдаг. Өмнө нь үүнээс өөр ном бичиж байгаагүй ээ.
-Нөхөртэйгөө танилцсан түүхээ номдоо оруулсан юм билээ. Ханьтайгаа анх танилцсан түүхээсээ хуваалцвал?
-Энэ талаар номноос минь уншвал илүү сонирхолтой байх болно оо.
-АМЕРИК БОЛ МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ОРОН-
-19 настайдаа АНУ-ыг зорьсон юм билээ. Ямар зорилгоор тэнд очсон бэ?
-Би багаасаа Америк улсыг их сонирхож, киног нь үзэж, дууг нь сонсож өссөн. Нэг өдөр л АНУ-д очиж үзнэ дээ гэж мөрөөддөг байлаа. Тэгээд 2009 онд мөрөөдлөө биелүүлж, АНУ-ын Вашингтон хотод хэлний бэлтгэлд сурахаар болсон. Хэлний бэлтгэл учраас нэг жилийн виз өгөх байх гэж бодож байв. Гэтэл шууд таван жилийн виз дараад өгчихдөг байгаа. Тэр үед виз даруулах үнэхээр амаргүй байсан шүү дээ. Ээж маань үүнд олзуурхаж, Америк орон миний охинд ээлтэй юм шиг байна гэж билээ.

-Харийн нутагт очоод дасахад хамгийн хэцүү нь юу байв. Тухайн үеийнхээ дурсамжаас хуваалцана уу?
-Анх АНУ-д ирээд гэрийнхнээсээ хол эрх дураараа гоё байх юм шиг санагдаж байлаа. Мэдээж төд удалгүй бодит байдалтай танилцаад эхлэхэд гэртээ ямар сайхан байсан, эрх өссөнөө ухаарсан. АНУ-д өртөг өндөр тул оюутнууд бүгд сурахынхаа хажуугаар ажил хийдэг. Би ч мөн хичээлийнхээ хажуугаар төрөл бүрийн ажил хийж байсан. Заримдаа би хүмүүст “Америкт хийж үзээгүй ажил надад байхгүй” хэмээн хошигнодог юм. Гэхдээ сурах, ажиллах аль алиныг нь амжуулж байсандаа хэзээ ч харамсдаггүй. Тухайлбал, би зөөгч хийснээр харилцааны соёлд суралцахын сацуу олон төрлийн дарсны нэр, Америк хоолны ширээний соёл гэх мэт олон зүйл сурч, мэдсэн. Энэ мэт мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйлийг би сурсандаа олзуурхдаг.
-Гадаадад амьдрахад соёлын ялгаанаас эхлээд бэрхшээлтэй зүйл олон. Таны хувьд хамгийн бэрхшээлтэй зүйл нь юу байв?
-АНУ-д олон жил амьдраад ирэхээр, ялангуяа энд залуудаа ирсэн ирсэн хүмүүс америкжаад, гэр бүл, найз нөхөдтэй болдог. Гэтэл соёлын ялгаанаас болж маш их сэтгэл зүйн зөрчилдөөн үүсдэг. Энэ нь зөвхөн монгол хүн гэлтгүй бүх цагаачдад тохиолддог зүйл. Тухайлбал, би их бүрэг, дуугүй хүүхэд байсан. Харин энд ирээд америк хүмүүстээ хөл нийлүүлэн хамт алхахын тулд нээлттэй нүүрэмгий болох хэрэгтэйг ойлгосон. Тэгээд л цаг хугацааны эрхээр дасан зохицдог. Дараа нь гэртээ очоод /Монголд/ энд байдаг шигээ хамаагүй, хэт чөлөөтэй байж болохгүйг санадаг. Над шиг гадаадад амьдардаг, хоёр орны дунд гацчихсан олон хүн байгаа. Хоёр соёлын дунд ялгааг нь сурах гэж багагүй хугацаа зарцуулдаг. Үүнийг ч мөн номоороо дамжуулан ойлгуулахыг хичээсэн.
-Одоо ямар ажил эрхэлдэг вэ?
-Одоогоор үл хөдлөх хөрөнгийн компанид шинжээчээр ажиллаж байгаа.
-Эх орондоо ирж ажиллах, амьдрах бодол бий юу?
-Юуны түрүүнд би АНУ-д өөрийгөө хаа хүртэл явахаа харж, өөрийгөө сорихыг хүсэж байна. Зорилгодоо хүрснийхээ дараа эх орондоо очно оо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mundag ohind ulam ih amjiltiig husye.
Энэ хүүхэн одоо Монголын анхны зохиолч юм уу. Наад бичиж байгаа юм аа анхаараач
Haana anhni zohiolch gsen bna? Angli hel deer nom gargad amazon bestseller bolson anhny nom l gsen bna. Negnee bitgii ingej hemlej bai!!! Herew uuruu orchuulgin nom yarij bga bol uur hereg!
y####nuud hadand garch bn shuu
Jahan yumand tsenzuurtei handaj suraach.
Araich dee zaluus mini
har B O O V huhuud heden um hevluulj dee z##luul
Hen tegj baina?