О.Баярцогт: Салхин цэцгийн далд үеийг мэдэхгүй удааснаас гэнэт хүндэрч элгэнд нь хүчтэй нөлөөлсөн

Монгол улсын шигшээ багийн холбон тоглогч, шилдэг залуу тамирчин Очбадрахын Дөлгөөний эмчилгээний зардалд зориулсан “Дөлгөөнд туслах хандивын ажил” #Pray4Dulguun эхлээд гурав хонож байна. Түүний өвчний талаар болон хандивын аяны тухай Багш дасгалжуулагч О.Баярцогттой уулзаж ярилцлаа.
-ГУЙЛГА ГУЙЖ БУЙ ХҮНИЙ ХАЖУУГААР ЗҮГЭЭР ӨНГӨРЧ БАЙГААГҮЙ-
-Дөлгөөнд туслах хандивын аян хэзээ эхэлсэн бэ?
-Пүрэв гаригийн шөнө Дөлгөөний бие муудсан гэсэн мэдээг ар гэрийнхэн нь хүлээж авсан. Баасан гаригийн өглөө эцэг эхтэй нь уулзаад тэднийг Америк явуулахаар болсон. Оройноос нь эхлэн хандивын аян зохион байгуулсан. Эмчилгээний зардлын мөнгө амжилттай цугларч байгаад баяртай байна.
-Та дасгалжуулагчаар нь ажиллаад хэр удаж байгаа вэ?
-Таван жил ажиллаж байна.
-О.Дөлгөөн хувь хүн талаасаа ямархуу хүн бэ? Багийнхандаа хэр анхаардаг байв?
-Маш өгөөмөр сайхан сэтгэлтэй хүүхэд. Гуйлга гуйж буй хүний хажуугаар хэзээ ч зүгээр өнгөрч байгаагүй. Өөртөө байгаа мөнгөө чадах хэмжээгээрээ өгч тусалдаг хүүхэд. Бид шоолоод инээхээр “Хүнд тусалсан хариу эргээд заавал ирдэг юмаа” гэж хэлээд инээдэг байсан. Одоо хандивын ажил сайн явж байгаа нь магадгүй үүнтэй холбоотой байх. Түүнчлэн багийнхаа хүүхдүүдэд үргэлж санаа тавьдаг, багийн ахлагч хариуцлагатай хүүхэд.
-Америкт явж байхдаа бие нь гэнэт муудсан гэх мэдээлэл байна. Онош нь юу вэ?
-Элэгний архаг дутмагшил гэсэн оноштой байна. Элэг муудсан гол шалгаан нь Америкт байхдаа салхин цэцэг туссан явдал. Салхин цэцгийн далд үеийг мэдэхгүй удсан учраас гэнэт хүндэрсэн нь элгэнд хүчтэй нөлөөлсөн. Маш хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн.
-САЛХИН ЦЭЦГЭЭС ГАДНА ЭЛГЭНД НЬ ВИРУС ИЛЭРСЭН-

-Эмчилгээнд ямар саад бэрхшээл тулгарч байна вэ?
-Элэг шилжүүлэх суулгах хагалгаа хамгийн эцсийн арга гэж эмч нар мэдэгдсэн. Элэг шилжүүлэн суулгахаас өмнө элгийг дэмжих эрчимт эмчилгээ хийх явцад салхин цэцгээс гадна өөр вирус байна гэж үзсэн. Тиймээс Америкийн эмч нар тусгай баг гарган вирусийг олж эсрэг арга хэмжээ авахаар ажиллаж байна. Уг вирус нь шинэ элгийг суулгахад устгах магадлалтай учраас хагалгаанд саад болж байна.
-Хаана хэвтэн эмчлүүлж байгаа вэ?
-Сан Франциско хотын Их сургуулийн элэгний эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэнд ажилладаг Монголчууд сайн тусалж асарч байна. Хамгийн чухал нь санхүүгийн асуудал тулгараад байна.
-Санхүүгийн асуудлаас гадна донорын асуудал байгаа гэж сонссон?
-Эмч нарын мэдээлснээр гурван хүн тутмын нэгд донор олддог. Донор шаардлагатай өвчтөнүүдийн жагсаалтад орсон. Хэрэв эцэг эх нь яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж үзээд донор нь олдвол хамгийн эхэнд хагалгаа хийлгэх боломжтой юм.
-УРЬДЧИЛСАН БАЙДЛААР 750 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ-

- Урьдчилсан байдлаар хэр хэмжээний мөнгө хагалгааны зардалд хэрэгтэй вэ?
-Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд 300-350 мянган ам.доллар хэрэгтэй. Урьд нь өөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад шилжсэн. Энэ хугацаанд 30 мянган ам.долларын төлбөр гарсан. Эцэг эхтэй нь ярилцаж үзээд хагалгааны өмнө болон дараах төлбөр 750 гаруй сая төгрөг хэрэгтэй байгааг тогтоосон. Дэлхийн хандивын байгууллагууд хэр их давлагаалсан гэдгээс шалтгаалан мөнгөн тусламж өгдөг учраас цахим орчинд иргэдээ уриалж байна.
-Хандивын дансанд хэчнээн төгрөг цугларсан бэ?
-Хандивын аян эхлээд гурав хонолоо. Өнөөдөр өглөөний байдлаар аавынх нь дансанд 180 сая төгрөг цугларсан байна. Багийн маань хүүхдүүд гадуур хандивын хайрцагтай яваад хоёр гаруй сая төгрөг цуглуулсан.
-Хандивын аяны мөнгөн дүнг хэрхэн мэдээлж байна?
-Өнөөдрөөс эхлэн бүх хандивын мөнгөн дүн, дансны хуулгыг өөрсдийн пэйж хуудсанд нээлттэй тавьж байна. Ямар арга хэмжээ, үйл ажиллагаа явагдаж буйг телевиз сайтуудаар тухай бүрт нь мэдээлэх болно.
-Байгууллагууд хэр их холбогдож байна вэ?

-PC mall-ын хамт олон таван сая төгрөг хандивласан. UB comedy хамтлагийн залуучууд пүрэв гариг дахь тоглолтынхоо бүх орлогыг хандивлана гэсэн. Мөн Гок-д тусгай арга хэмжээ зохион байгуулах заал гаргаж өгч байна, хандивын хайрцгууд явсаар байгаа.
-Та уншигчдадаа юу гэж уриалмаар байна?
-Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Багш дасгалжуулагчийн хувьд хандив өгсөн бүх ард түмэндээ баярлалаа.



С.ХОНГОРЗУЛ
Гэрэл зургийг: А.МАНДУУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.