С.Энхболд: Вакцины гуравдугаар тун хийх талаар судалж байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр манай улсад дельта вирусийн таван тохиолдол илэрснийг тусгаарласан тухай мэдээлсэн. Тэрбээр яг одоо засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр сэтгүүлчдийн асуултад хариулж байна.
“Дельта вирус нь альфагаас илүү хоруу чанартай, хурдацтай тархдаг. Мөн эмнэлзүйн шинж тэмдэг нь маш хурдан хугацаанд хүндэрдэг, вакцины үр дүнг бууруулдаг гэж судалгаагаар гарсан. Ийм ч учраас Дэлхийн улсуудад гурав, дөрөв дэх тунгийн асуудал яригдаж байна. Дельта вирусийн халдвар эрчимжиж байгаатай холбогдуулан зарим улс гурав дахь тунгаа хийгээд эхэлсэн. Жишээлбэл, Турк улс гурав дахь тунгаа хийж эхэлсэн байна. Өнөөдрөөс ОХУ бас гурав дахь тунгаа хийж эхэлжээ. Энэ бүх асуудлууд өмнө нь бол судалгааны шатандаа явж байсан. Зургаан сараас жилийн хугацааны дараа хийж эхэлнэ гэж яригдаж байсан бол өнөөдрийн нөхцөл байдал хүндэрч байгаа учраас улс орнууд нөхцөл байдалдаа тохируулан шийдвэрүүдээ гаргаж, хариу арга хэмжээгээ өөрчлөн явж байна. Манай улс судалгааны багууд гаргаж гурав дахь тунгийн асуудлыг судалж байгаа.
Манай улсын наадамтай холбоотой асуудлын хувьд Хүй долоон худагт бэлтгэл ажил эхлэхээс өмнө шинжилгээг авч байсан. Тэнд мэргэжлийн баг гаргасан. Тусгаарлалтад оруулж, шинжилгээ авч, бэлтгэл ажлаа хийж байсан. ЭМЯ-ны зүгээс түргэвчилсэн шинжилгээ авах мэргэжлийн баг гаргаж өгсөн байгаа. 2500 орчим түргэвчилсэн тестийг эхний ээлжид бол өгсөн. Үүнтэй холбоотой тэнд ажиллаж буй хүмүүсийг хамгаалах хувцас хэрэглэлээр мөн хангасан.
Дельта вирус нь манай улсад орж ирэх нь одоогоор цаг хугацааны асуудал. Бид судалгааны ажлуудыг хийсэн. Манайх хоёр чиглэлээр мутацлагдсан вирусийн судалгааны ажлуудыг хийж байсан.
Сар сараар нь сорьцуудыг шинжилж үздэг. Дөрөвдүгээр сарын сорьцуудын 49.7 хувийг альфа вирус эзэлж байсан. Та бүхэн санаж байгаа бол энэ үед манай улсад тохиолдлын тоо огцом нэмэгдсэн. Энэ нь тухайн үед альфа вирусийн дэгдэлт ихсэн байсны нэг баталгаа. Дельта вирус энэ тавдугаар сарын эхэн үеийн таван сорьцод гарсан. Үүнийг манай улсад зөөгдөж орж ирсэн гэж үзэж байгаа. Тухайн үед бид үүгээр өвчилсөн хүмүүсийг тусгаарлалтад авч эмчилгээ хийлгэн эдгээсэн байгаа.
Одоогоор Япон улс биднээс сорьц шинжлэхэд төлбөр авахгүй байгаа. Хоёр байгууллага гэрээ хийсэн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа. Бид зөвхөн тээврийн зардлыг л даадаг” гэлээ.
О.ЭНХЖИН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.