НИЙГЭМ

Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшнаас олдворууд гарч эхэлжээ

ШУА-ийн Археологийн хүрээлэн, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Нийслэлийн Соёл урлагийн газар, хамтран “Улаанбаатар хотын Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа” төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэр Бэлхийн амны эхэнд Хүннүгийн язгууртны булш, оршуулга бүхий томоохон дурсгалт газар орших бөгөөд тус төслийн хүрээнд дурсгалыг малтан судлаж, онцлог, он цагийн хамаарлыг тогтоон цаашид Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

1960 онд Монгол-Унгарын хамтарсан судалгааны хүрээнд Н.Сэр-Оджав, Т.Хорватын нарын удирлага дор язгууртны булшны гурван дагуул булшинд гүймэг малтлага судалгааг гүйцэтгэж зарим морины тоног хэрэгсэл, зэр зэвсгийн үлдэгдэл, хүний ясны хэсгүүдийг олж илрүүлсэн бөгөөд түүнээс хойш өнөөг хүртэл уг дурсгалын бүтэц, он цаг, соёлын хамаарлыг тогтоох нарийвчилсан археологийн малтлага судалгааны ажил хийгдээгүй байна.

2021 оны 6-р сарын 25-нд судалгааны ажил эхэлж, дараах ажлуудыг хийж гүйцэтгэв.

1. Дурсгалын агаарын зургийг авч, нарийвчилсан хэмжилт, тодорхойлолтыг хийж, D GPS багажийн тусламжтай нийт 6 язгууртны булш, 4 дагуул булшны дэвсгэр зураг хийх ажлыг гүйцэтгэж байна.

2. Хүннүгийн язгууртны 3-р булшийг сонгон, малтлага судалгааг гүйцэтгэж байна. Уг булш нь 16 м голчтой чулуун дараастай, төв хэсэгтээ эрт үед тоногдсон болохыг гэрчлэх 2 м гүн тонуулчдын нүхний ул мөртэй байв. Малтлагын явцад баруун урагш чиглэсэн 4 м урт үүдэвчтэй, 6.5 х 5 м хэмжээтэй тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэрийн оршуулгын нүх, 3.5 м гүнд язгууртны хэрэглэж байсан тэрэгний эд ангиуд болох хүрэл тоноглолын хэсгүүдийг илрүүлээд байна. Хүннүгийн язгууртны булшинд тухайн ихэс дээдсийн амьд ахуйдаа хэрэглэж байсан сүйх тэргийг эвдлэн дагуулдаг тогтсон уламжлалтай бөгөөд энэ тохиолдолд оршуулгын нүхний гүнд гадна, дотор давхар модон бунхан, түүнд авсыг байрлуулж, хувийн хэрэглээний зүйлс, адуу малын тоног, ваар сав, хивс ширдэг, гоёл чимэглэл зэрэг олдвор эд өлгийн зүйлсийг дагалдуулсан байдаг. Гэвч оршуулгыг үйлдсэнээс хойш тодорхой цаг хугацааны дараа эртний тонуулчид булшийг ухаж, сүйтгэсэн байдаг тул зарим тохиолдолд олдвор эд өлгийн зүйлс тоногдож, хадгалалтын нөхцөл муудсан байдаг. Хэдийгээр булш тонуулчдын үйл ажиллагаанд өртсөн хэдий ч Туул голын саваар нутаглаж асан хүннүгийн язгууртан, ихэс дээдсийн талаарх олон талт мэдээллийг өгөх олдвор хэрэглэгдэхүүн, он цаг тогтоох материал илэрч олдоно гэдэгт итгэлтэй байна. Одоогоор булшны малтлага 5.1 м гүнд үргэлжилж байна (Зур. 1-5).

3. Уг дурсгалт газрыг соёлын өв, аялал жуулчлал бүтээгдэхүүн болгох үүднээс малтлага судалгаа огт хийгдээгүй, хамгийн том хэмжээтэй 1-р булшийг ил үзмэр болгохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ удаад уг булшны гаднах нүсэр бүтэцтэй чулуун хүрээний баруун урд хэсгийг цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байна.

4. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх ажлын хэсгийн хүрээнд уг дурсгалын хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд дурсгалын хадгалалт хамгаалалт, ил үзмэр, мэдээллийн төв, үйлчилгээний хэсгийг харуулсан төлөвлөлт бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох урьдчилсан эскиз зураг хийх ажлыг хийж байна.5. Бид бүхний хамтарсан судалгаа амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэх нь зүйтэй бөгөөд археологийн малтлага судалгааг цаашид тогтмол явуулж, түүхэн дурсгалт газрыг хадгалан хамгаалж, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон, олон нийтэд зөв зохистой сурталчлан таниулах шаардлагатай байна.

ШУА-ИЙН АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 3, 2021 10:43

er ni xunii orshuulga uxaj zavaarax, nugel xiix yamar xereg baina ve? mash xundetgelgui uxamsargui uidel shuu

Холбоотой мэдээ

Back to top button