Ярилцлага

Desant: Би мэдрэмждээ итгэдэг. Аяа анх сонсох үедээ үгийг нь бичээд, шууд дуулдаг

Монголын хөгжмийн урлагт нэгэн тод өнгө болж яваа уран бүтээлчид бол “Тоонот”-ынхон. Тэднийг зангидан, гол ноён нуруу, өмөг түшиг нь болдог реппер бол Desant. Өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг тодоос тод тамгалсаар яваа тэрбээр уран бүтээлээ хийхийн зэрэгцээ “Тоонот”-ын продюсер нь. За, тэгээд ийм, тийм гэсэн элдэв тодотгол Desant-д хэрэггүй. Хип хоп урлаг сонирхдог залуусын хамгийн хайртай реппер, шүтээн нь тэр мөнөөс мөн.

Маргааш /2024.06.08/ монголын хип хопын ноён оргилуудын нэг болох "Desant" өөрийн хоёр дахь бие даасан тоглолтоо зохион байгуулах гэж байна. Үүнийг тохиолдуулан Desant-тай хийсэн ярилцлагыг сэргээн уншигч та бүхэнд хүргэж байна.

-“Тоонот”-ыг анх үүсгэн байгуулалцаж, тулганых нь галыг бадраалцсан эрхмүүдийн нэг та. Гурван жилийн ойн тоглолт юугаараа онцлог, давуу талтай болох вэ?

-Бид “Тоонот” хөгжмийн компанийг байгуулж, хамтарч зүтгээд гурван жил болсон байна. Өнөөг хүртэлх хугацаанд хийж бүтээснээ дүгнэн, фэнүүдтэйгээ уулзах гэж буйгаараа онцлогтой. Бид гурав дахь цомгоо гаргаж байгаа. Тоглолтын маань нэг онцлог нь энэ.

Сүүлд “Дижитал”-ын Эрка ах, Г.Уянгадарь хоёр “Тоонот”-д нэгдэн, нийт найман артисттай болсон. Маргааш (өнөөдөр)-ийн тоглолтод бүгд орлцоно, халуун ам бүлээрээ тоглоно. Бүгд урлагийн салбарт тодорхой орон зай эзлэн, гялалзаж, өөрийгөө хөгжүүлэхийн төлөө мэрийж яваа уран бүтээлчид.

-Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил томоохон тоглолт болоогүй. Та хамгийн сүүлд хэзээ тайзан дээр гарсан бэ?

-Сүүлийн үед үзэгчгүй голдуу, цахим тоглолтод оролцлоо. Одоо бодох нь ээ, бараг жилийн өмнө үзэгчтэй тоглолт хийсэн юм байна. “ThunderZ” бид хоёрын тоглолт өнгөрсөн жил болсон юм.

Цахим тоглолтод оролцох, үзэгчтэй тоглолт хийх хоёр тэс өөр. Мэдрэх мэдрэмж, кайф ондоо. Тоглолтод дуулах сан, фэнүүдтэйгээ уулзах сан гээд их догдолж байна. Хөл хорионы журмын дагуу тоглолтоо 50 хувийн дүүргэлттэй хийнэ.

Хамгийн гол нь бидний тоглолтыг үзэхээр зорьж ирсэн, “Тоонот”-ынхны дуунд дуртай фэнүүдтэйгээ хамт нэг оройг өнгөрүүлэх жинхэнэ күүл. Үзэж буй хүмүүст, артист бидэнд ч тэс өөр тусгай мэдрэмж төрнө. Тийм учраас би үзэгчтэй, амьд тоглолтод дуртай.

-Тайзан дээр гарахад, дуулахад тусгай мэдрэмж төрдөг гэлээ. Танд яг ямар мэдрэмж төрдөг вэ?

-Хамгийн гоё мэдрэмж нь артист, үзэгчдийн амьд харилцаа. Үзэгчид миний дууг шимтэж сонсон, дагаж дуулан, сэтгэл нь хөдөлдөг. Тэр миний хамгийн дуртай хэсэг. Цахим ертөнцөөс, “YouTube”-ээр үзэхээс тэс өөр мэдрэмж төрүүлдэг. Би аль болох аяндаа автан, дуундаа орж, уусаж дуулахыг хичээдэг.

-Зөвхөн хип хоп төдийгүй урлагийн салбарт оруулсан “Тоонот”-ын гавьяа, орон зай том. Э.Дэлгэрмөрөнтэй хамт “Тоонот”-ыг байгуулах санаа хэрхэн төрж байв?

-“Дижитал” хамтлагийн 15 жилийн ойн тоглолтын үеэр Дээгий (Э.Дэлгэрмөрөн) бид хоёр анх танилцаж байлаа. Тухайн үед би хамтарч ажиллах дууны инженер хайж байсан юм. Дээгий мөн өөртэйгөө хамтрах артист, продюсер хайж явсан юм билээ. Бид хоёр азаар нэгнээ олсон. Тэгээд “Тоонот” хөгжмийн компаниа гурван жилийн өмнө байгуулж, артистуудаа эгнээндээ нэгтгэсэн юм.

-Тэгэхээр та бүхэн гурван жилийн хугацаанд хийж бүтээснээ энэ тоглолтоор дүгнэх нь. Өдий хүртэлх хугацаанд хийж, бүтээснээ хэрхэн дүгнэж байна вэ?

-“Тоонот” зөвхөн хип хоп урлагийг хөгжүүлэх, энэ урсгалд чиглэж ажиллаагүй. Зөвхөн хип хопоор дуулна, уран бүтээл хийнэ гэж хязгаарлаж болохгүй. Поп, R&B урсгалд ч мөн чиглэж байгаа. Эдгээр урсгалыг ч мөн хөгжүүлэхийн тулд поп, R&B дуучдыг эгнээндээ нэгтгэсэн юм. Ингэснээр олон тодорхой үр дүн гарсан. Захын жишээ татахад, манай OZ-гийн өөрчлөлт. Тэрбээр одоо R&B чиглэрээр дуулж байгаа нь уран бүтээлчийн хувьд том өөрчлөлт, шинэчлэл. Энэ бол бидний хувьд шат ахисан зүйл.

Гурван жилийн хугацаанд “Тоонот” чансаа, хүний нөөц, артистын хувьд манлайлсаар, үлгэрлэсээр ирсэн.

-“Toonot”-д дахиад шинэ гишүүн авах төлөвлөгөө бий юү?

-Одоогоор төлөвлөсөн юм алга. Мэдээж шинэ гишүүн авах, хүрээгээ тэлэх бодол байгаа. Залуу, шинэ гарч ирж буй залуучуудыг хөгжүүлэх, мэргэжлийн хэмжээнд уран бүтээл хийх нь бидний үндсэн ажил.

-Хип хоп урлагийн үнэ цэнэ, утга учир таны хувьд юу бол?

-Энэ урлагийг хүн бүхэн өөр, өөрийнхөөрөө хүлээж авдаг. Хүн бүхний мэдрэх мэдрэмж, кайф ондоо. Үг хэллэг, хэмнэлээрээ дамжуулан нийгэмд дуу хоолойгоо хүргэх нь үндсэн үнэ цэнэ. Одоо хувьсан өөрчлөгдсөөр байгаа.  2021 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс харахад, хүмүүст шинэ мэдрэмж, таашаал өгөх нь өнөөгийн хип хоп урлагийн гол зорилго.

Хип хоп урлаг надад эрх чөлөө олгодог. Өөрийнхөөрөө байх, уран бүтээлээрээ дамжуулан хүссэнээ илэрхийлэх орон зайг олгодог.

-Та дууныхаа үгийг өөрөө бичдэг. Хип хоп дууны шүлэгт юу хамгийн чухал вэ?

-Дууны үг бичихдээ сүүл холболтыг чухалчилдаг байсан, анхандаа. Сүүл рүүгээ утга оруулсан. Хип хоп дууны шүлэгт сүүл холболт их чухал. Одоо дууны үг бичих надад нэг их хэцүү зүйл биш. Гарт баригдаж, нүдэнд харагдан, тархиндаа боловсруулж, сэтгэл хөдлөл, мэдрэмждээ хөглөгдөж бичсэн зүйл яагаа ч худлаа байхгүй. Үүнд их итгэлтэй явдаг.

Сайн уран бүтээл хийхэд үг, утга, агуулга, хэмнэл, ая гээд бүх зүйл чухал. Ямар аян дээр, ямар хэмнэлээр реп хийхээс их зүйл шалтгаалдаг. Хэчнээн гоё үгтэй шүлэг бичсэн ч тохиромжгүй аян дээр реп хийвэл зохимжтой. Үгэндээ, утганд нь тохирсон ая сонгох чухал. Үг хэлдэг ая гэж байдаг байхгүй юу.

Үг, аяа яв цав нийцүүлэн, углуургаар нь зангидах нь миний хийх зүйл, продюсерын хувьд.

-Та “Тоонот”-ын продюсер. Продюсерлэсэн хэчнээн уран бүтээлтэй болоод байгаа вэ?

-За, ёстой тоолж байгаагүй. Барагцаа байхгүй. Нэг их цөөхөн лав биш. “Click Click Boom”, “Backyeard”, “Toonot” зэрэг хэд хэдэн төслийг хэрэгжүүлж явна. Бүх зүйл дээр нь байсандаа би баяртай байдаг.

-Уран бүтээл бүртээ хайртай нь мэдээж. Аль нь хамгийн догь, күүл болсон бэ?

-Би хип хоп жанраар дуулдаг, реппер хүн. Яг энэ өнцгөөсөө “4.12” дуугаа онцолно. Энэ дуундаа маш их дуртай. Би өөрийнхөө дууг нэг их сонсдоггүй. Ажлын шаардлагаар л сонсдог. “4.12” дуугаа би сонсогчийн үүднээс сонсдог.

-Хэд хоногийн өмнө “Тоонот”-ынхон цахим хуудсандаа богино, богино постууд оруулсан. “Hi унтсан уу”, “Хоолоо идсэн үү” гэх мэт. Ямар нэгэн утга бий юү?

-Ямар нэгэн утга байхгүй ээ. Зүгээр маазраад л бичсэн юм. Бидний дууг сонсдог, бүтээгдэхүүнийг маань худалдаж авдаг хүмүүстэйгээ илүү ойр байхын тулд тэгсэн. Заавал албаны байх шаардлагагүй. Заримдаа тиймэрхүү хувийн зүйл бичих гоё санагддаг.

-Танд үндэсний хувцас их гоё зохьдог юм байна. Өнөөдөр өмсөөд ирж. Ихэвчлэн ямар үед өмсдөг вэ?

-Хавар, намрын улиралд өмсөхөд илүү тохиромжтой байдаг. Тиймээс би заримдаа дээл өмсдөг. Энэ дээлийг өмсөхөд их эвтэйхэн. Манай дүү энэ дээлийг хийдэг. Надад бэлэглэсэн юм. Дээл өмссөн хүнийг сонин содон, өөр нүдээр битгий хараарай гэж залуустаа хэлье. Зөвхөн тусгай өдрүүд, баяраар л өмсдөг хувцас биш. Яагаад энгийн үед, жирийн өдрүүдэд өмсөж болохгүй гэж.

Улс орны тусгаар тогтнолын үнэ цэнэ соёлдоо агуулагддаг юм шиг надад санагддаг. Тийм учраас мэдэх ёстой юмаа мэдсэн нь дээр. Ёс заншил, соёл хоёрыг салгаж ойлгох хэрэгтэй.

-Desant-ын уран бүтээлийн онцлог гэвэл та юу, юугаа онцлох вэ?

-Миний дуунууд сэдэвт баригддаггүй. Би тухайн аяыг сонсоод юу мэдэрч буйгаа л илэрхийлэхийг хүсдэг. Ихэнх дуучин ая, үгээ бичиж, бэлдэж ирж байгаад дуулдаг бол би тэгдэггүй. Студи дээр ирээд, аяа сонсон анхны төрсөн сэтгэгдэл, мэдрэмжээрээ шууд үгээ бичээд, хоолойндоо ордог. Тэгж хийдгээрээ би өөртөө сэтгэл хангалуун байдаг.

Уран бүтээл хийхэд зарцуулах хугацаа харилцан адилгүй. Заримдаа 20 минутанд дуу бүтээх тохиолдол ч бий. Удаан хугацаанд нухсан ч олигтой болохгүй, болж өгөхгүй байх нь бий. Тийм дууг цацдаггүй.

-Богино хугацаанд хийгээд күүл болсон уран бүтээл тань аль нь вэ?

-“Захидал”. Lil Thug E таван жилийн өмнө надад нэг ая өгсөн юм. Архиваа ухаж байхдаа тэр аяыг олоод шууд үгээ бичин, Jason-той хамт дуулсан. Бараг 30 минутийн дотор бүтээсэн дуу.

Би бүх юмыг хийхдээ мэдрэмжиндээ тулгуурладаг. Дуу хөгжим, ажил гээд бүх зүйлийг мэдрэмжээрээ хийдэг. Миний мэдрэмж надад худал хэлэхгүй, хуурахгүй гэдэгт би 100 хувь итгэлтэй явдаг.

-Desant хэвлэлд төдийлөн ярилцлага өгдөггүй, хувийн амьдралынх нь талаар хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй. Гэр бүлтэй юу?

-Би хэн нэгний хань биш. Сайн аав гэж өөрийгөө боддог. Сайн аав байхыг хичээдэг.

-Ямар эрэгтэйг жинхэнэ эр хүн гэх вэ?

-Нэг л зангаараа байгаасай гэж боддог, эрчүүдийг.

-Та тийм байж чаддаг уу?

-Ер нь бол... Намайг мэдэх хүмүүс мэднэ. Чаддаг, чаддаггүй гээд би өөрөө дүгнэх дэмий.

-Desant цаашид ийм зүйл хийх сэн, бүтээх сэн гээд зорьж яваа зүйл бий юү?

-Байлгүй яах вэ. “Тоонот” хөгжмийн компани. Бид сургуулиудын дэргэд хөгжмийн кэмп байгуулахыг зорьж байгаа.

-Карьер, уран бүтээлийн хувьд хамгийн хүнд байсан үе бий юү. Тэндээс өөрийгөө хэрхэн цэнэглэж, урагшилсан бэ?

-Энэ асуултад би нэг л юмыг хэлнэ. Намайг хүмүүс сонсдог болчихсон, тэрийг нь би мэдээгүй явсан үе надад бий. Надаас үлгэр дууриалал авч байхад нь би хариуцлагаа ухамсарлахгүй алдсан удаатай. Би бусдад нөлөөлж буйгаа ухамсарлахгүй, муу үлгэр дууриалал үзүүлсэн нь миний карьерын хамгийн алдсан үе юм уу даа.

Үүнийг би өөрөө, мэдрэмжээрээ л мэдэрсэн. Намайг сонсдог, над шиг болохыг хүсдэг хүүхэд, залууст уран бүтээлээрээ дамжуулан гоё мэдрэмж өгч байгаа. Уран бүтээлчийн хариуцлагаа өөрийн биеэр мэдэрчихээд байж байна. Карьерынхаа тэр хэсэг дээр явж байна, одоо.

Энэ үеэр “За, одоо Desant-ын дуугаа бэлдэх ээлж. Хаана байна. Ярилцлага нь дуусаж байна уу” гэж хэн нэгэн микрафоноор хэлэв. Тиймээс бид хоёр ярилцлагаа дуусгахаас өөр аргагүйд хүрлээ. Түүнээс асуух зүйл, ярилцах сэдэв мөн ч их байсан юм сан.

ДЕСАНТЫН ТАЛААР ХЭН ЮУ ХЭЛЭВ

“DESANT, JASON ХОЁР ЯГ ТАЛХ, МАСЛО ШИГ” ГЭДЭГ ҮГЭНД ИХ ДУРТАЙ

 “Тоонот”-ын артист

 “Тоонот” төсөл эхэлснээс хойш бид хоёр хамтарч уран бүтээл хийж байгаа. Миний хамгийн дотнын найз, маш сайн зөвлөгч, хамтрагч. Уран бүтээлийн, амьдралын маш олон зүйл дээр Desant надад тусладаг. Би ч мөн найздаа чадах чинээгээрээ туслахыг хичээдэг. Дахиад зөндөө гоё уран бүтээл хамтарч хийхийг хүсдэг.

Хүмүүс Desant бид хоёрын талаар бичсэн нэг сэтгэгдэлд би их дуртай. Тэр нь “Desant, Jason хоёр яг талх, масло шиг” гэдэг үг. Яг хэн нь масло, хэн нь талхыг би мэдэхгүй. Зүгээр л энэ үг надад таалагддаг, гоё санагддаг. Найз минь жинхэнэ монгол эр хүн. Бусдыг ялгаж харилцдаггүй. Хэнтэй ч нэг л зангаараа, байгаагаараа харилцдаг.

Г.УЯНГАДАРЬ: DESANT АХТАЙ ХАМТАРЧ УРАН БҮТЭЭЛ ХИЙХИЙГ ХҮСДЭГ

 “Тоонот”-ын артист

“Vibes” дууны үгийг Desant ах бичсэн. Тавдугаар сарын 28 бил үү 29 болчихоод байсан юм. Дуугаа зургаадугаар сарын 1-нд цацах гээд хугацаа нь тулсан ч үг нь бэлэн болоогүй байлаа.

Цаг нь тийм тулчихсан байхад Desant ах “Vibes”-ын дууг шууд бичээд, би дуулж билээ. Тэр үед Desant ахаар их бахархсан. Desant ахаас үлгэрлэх, бахархах зүйл олон.

Desant ахтай хамтарч аз жаргал, тайвшрал өгсөн, эрч хүчтэй дуу хийхийг хүсдэг бас мөрөөддөг.

ЭРКА: “ТООНОТ”-ЫН НОЁН НУРУУ НЬ DESANT

 “Тоонот”-ын артист , “Дижитал” хамтлагийн дуучин

Би “Тоонот”-ыг эхэлсэн цагаас нь хойш өнөөг хүртэл хамт байгаа. Уран бүтээл нь оролцолгүй, арын албыг нь даагаад, санал бодлоо солилцож явсаар ирсэн. Студид бичүүлсэн дуунуудаа одоо цацаж байгаа байхгүй юу. Үнэхээр мундаг, эрч хүчтэй залуус “Тоонот”-д нэгдсэн. Энэ мундаг нэгдлийн ноён нуруу нь Desant. Түүний өнгө төрх, биеэ авч яваа байдал, үлгэрлэл олон залууст нөлөөлдөг, араасаа дагуулдаг.

Desant мундаг артист. Өөрөө үг, аяа зохион, продюсерлэдэг артист хүн маш их уншдаг, амьдралыг, аливаа зүйлийг маш ажигладаг, мэдэрлэг байх шаардлага гардаг. Desant тэгж чаддаг залуу, күүл дуучин.

Тоонот”-ын гурван жилийн ойн тоглолтоо хийх гэж байна. Цаашид улам хөгжсөөр 30 жилийн тоглолтоо хийх сайхан цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдөр хийх гурван жилийн ойн тоглолтод нь амжилт хүсье, “Toonot”-ынхонд мөн Десантад.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 19, 2021 08:55

Чи шоё з�##�уу шүү
Уран бүтээлд нь амжилт хүсье ээ

Zochino
Zochino
11 сар 19, 2021 08:57

Toonot bujignuulj bgaa nuhud duu

del
del
11 сар 19, 2021 09:53

ямар юмнууд байдаг юм вэ

Back to top button