
Япон улсын Asahi Shimbun хэвлэлд гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна. /Нийтлэлч Кэнсукэ Сузуки, Такахиро Такэзоно нар/
-ТҮҮНИЙ ЯПОН ИРГЭНШЛИЙН НЭР: ХАКУХО ШО-
Ёкозуна Хакухогийн зодог тайлсны дараах амьдрал олны хувьд сонирхолтой сэдэв болоод буй. Сумогийн ертөнцөд дасгалжуулагчийн байр суурь эзлэх гэсэн чин мөрөөдлийнхөө араас том алхам хийж, тэрбээр Япон улсын иргэн боллоо.
Өдгөө 34 настай, Улаанбаатар хотноо төрсөн Мөнхбатын Даваажаргалын иргэншил хүссэн өргөдлийг хүлээн авсан тухай мэдээ есдүгээр сарын 03-нд засгийн газрын сонинд нийтлэгдэв. “Өнөөдөр би эцсийн байдлаар, албан ёсоор Японы иргэншилт нэгэн боллоо” гэж ёкозуна кимоно өмсөн сэтгүүлчдийн өмнө гарч ирэх үеэрээ хэлээд амжив. “Би өнөөдрийг хүртэл нуруун дээрээ Монгол улсыг үүрч ирсэн. Харин одооноос эхлээд хоёр улс миний мөрөн дээр бууж байна. Энэ явдал сэтгэлд минь томоохон жин дарлаа”...
Түүний Япон иргэншлийн нэр Хакухо Шо болжээ. “Өнөөдрийг бий болгохын тулд би маш их бэлтгэл сургуулилт хийж, урт удаан цаг хугацааг сумогийн төлөө зориулсан” хэмээн уламжлалт спортын түүхэн дэх хамгийн агуу ёкозунагийн нэг Хакухо цааш хэлсэн юм.
Хакухогийн төрсөн аав Монгол бөхийн ертөнц дэх бас нэгэн “ёкозуна” бөгөөд, тус улсын анхны олимпын медалиудын нэгийг авчирч байсан түүхэн тамирчин билээ.
Тэртээ 2000 онд, 15 настай байхдаа ёкозуна Хакухо хамгийн анх Японд хөл тавьж байжээ. Тухайн жилдээ анхны барилдаан, хаврын тэмцээнүүддээ оролцож байсан аж. Чингээд 2007 онд тэрбээр уг спортын хамгийн том цол зэрэг болох “ёкозуна”-г хүртжээ. Хувийн амьдралыг нь сөхвөл, тэрбээр Саяоко нэртэй Япон эмэгтэйтэй гэр бүл болсон бөгөөд, дөрвөн ч хүүхдийн аав юм.
-ХАКУХОГ ААВ НЬ ЗОРИГЖУУЛЖ БАЙВ УУ-
Японы сумо бөхийн холбоо (ЯСБХ) -ны дүрэм ёсоор зодог тайлсан бөх дасгалжуулагч болохын тулд “Тошиёри мёосеки” зэрэгт хүрдэг учиртай. Харин Хакухо эдгээр жилүүдэд Японы иргэншлийг авахгүйгээр “Ичидаи тошиёори” зэргээр дасгалжуулагч болохоор эрмэлзэж байсан хэрэг. “Ичидаи тошиёори” бол дор хаяж 20 удаагийн аваргын тэмцээнд ялсан амжилт бүхий ёкозунад олгодог зэрэг билээ. Хакухогийн хувьд аль хэдийнэ 42 тулааны рекорд эзэмшдэг болсон учир энэ зэргийг хүртэх өлхөн хэрэг байлаа. Гэсэн хэдий ч, Япон улсын иргэн биш гэдэг шалтгаанаар эл зэргийг олгохоос татгалзсан мэдэгдлийг ЯСБХ-с нэгэнтээ хийсэн юм.
Дээрх хоёр зэргийг олгохын тулд заавал харьяа нутгийн иргэншлийг харгалзаж үздэг нь энэ аж.
Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Хакухо эх нутгийнхаа иргэншлээс татгалзаж, Японы иргэн болох ажлыг хөөцөлдөж буй тухайгаа илэрхийлж эхэлсэн байдаг. Энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн томоохон шалтгаануудын нэгт 2018 оны дөрөвдүгээр сард өөд болсон түүний аавын зөвлөгөө багтаж буй гэдэг. Хакухогийн хэлснээр, түүний аав анх иргэншлээ солихыг санал болгож байсан гэх агаад, “Өөрийнхөө хүссэн зам мөрөөр яв” хэмээн хэлж, зоригжуулж байсан ажээ.
Харь нутгийн дасгалжуулагч ЯСБХ-нд нийтдээ ес бий. Тэд бүгдээр өөрсдийн иргэншлийг солиулжээ. Цөөнгүй судлаачид ЯСБХ-г хатуу дэг жаягтай, хэт үндсэрхэг үзэл гаргасан гэх мэт шалтгаануудаар шүүмжилдэг юм.
Х.ЭРХЭС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хакухо зодог тайлчихсан юм уу? Үгүй биз дээ
Зодог тайлсныхаа дараа яах бол гэдэг нь одооноос олны анхаарлын төвд байгаа энэ тэр гэж найруулах байсан байх аа. Орчуулга муу байна шүү.