Өнөөдөр /2021.12.28/ УИХ-ын чуулган 16.00 цагаас хуралдахаар товложээ. Ингэхдээ ковидын гэгддэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн, Оюу толгой төсөлд холбогдох тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ.
Уг нь УИХ-ын чуулган долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт хуралддаг. Харин долоо хоногийн эхэн өдрүүдэд намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хороод хуралдаж, УИХ-ын чуулгандаа бэлтгэнэ. Гэвч мягмар гарагт, бүх нийтийн амралтын өмнөх өдөр хуралдаан товлосон нь энэ болж байна.
Засгийн газар лхагва гараг бүрд хуралддаг ч маргааш бүх нийтийн амралтын өдөр тохиох тул пүрэв гарагт болгож хойшлуулаад байна. Харин УИХ-ын чуулганы тухайд хуралддаг өдөр нь ажлын өдөр таарч байгаа. Гэвч үл мэдэгдэх шалтгаанаар дээрх хоёр хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэхээр оруулж иржээ.
Ковидын хууль буюу бүтэн нэрээр “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийн хэрэгжих хугацааг зургаан сараар сунгах саналыг Засгийн газраас оруулсан байгаа. Энэ агуулгаар тус хуулийн төслийг хэлэлцэнэ гэсэн үг.
Хэрэв сунгагдвал төрийн албанд сонгон шалгаруулалтгүй томилгоо хийх ажиллагаа Засгийн газрын түвшинд хийгдэж, эрх баригчдад таатай нөхцөл үүсэх юм. Энэ асуудлыг хөндөж байсан өмнөх бичвэрийг энд дарж уншаарай.
Харин Оюу толгойн тогтоолын төсөл “Рио Тинто” компанитай хийж буй Засгийн газрын хэлэлцээний хүрээнд харилцан ойлголцол анх удаа үүссэнийг гэрчлэх баримт бичигт тооцогдоно. Нэг ёсондоо монголчуудын эрх ашигт хамаарах, нийгэм эдийн засгийн өндөр нөлөөтэй асуудал юм.
УИХ-ын чуулган маргааш мөн хүндэтгэлийн хуралдаан хийгээд, пүрэв, баасан гарагт ч мөн хуралдахаар товлосон байна.
М.ТЭНГИС












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдөр тэгээд орой хуралдах нь НО- ТОЙ гэсэн үг дээ!
Чоно борооноор нтр, ковидын хууль ер нь байсан дээр л дээ
Маргааш бүх нийтийн амралтын өдөр...өнөөдөр хуралдаж болно