НийгмийнЯрилцлага

Б.Элбэгзаяа: 2025 оноос монгол бичгийг төрийн бичиг болгох хуулийг битгий "сугалчхаасай"

2025 оноос Монгол бичгийг төрийн бичиг болгохоор хуульчилсан. Энэ шилжилтэд хамгийн ихээр хувь нэмрээ оруулж, долоо хоног тутамд уншигчдынхаа нүд, оюуныг задалж байдаг ганцхан хэвлэл ажиллаж байгаа нь “Хүмүүн бичиг” сонин билээ. "Хүмүүн бичин" сонины эрхлэгч, Монгол хэл, бичгийн судлаач багш, сэтгүүлч, МУСГЗ Б.Элбэгзаяатай ярилцлаа.

УРАН БИЧЛЭГИЙН УЛАМЖЛАЛЫГ ХӨДӨӨГИЙН СУРАГЧИД ИЛҮҮ ТЭЭЖ БАЙНА

-Таны бага ахуйд кирилл үсгээр анхны бичгийг зааж байсан үе. Анх монгол бичгийг хэрхэн сурсан түүхээ ярилцлагын эхэнд хуваалцахгүй юу?

-Баянхонгор аймгийн Шинэжинст сумын дунд сургуулийн сурагч байлаа. 1986-1987 оны хичээлийн жил Монгол Улс монгол бичгээ сэргээн, дунд сургуулийн долоо, наймдугаар ангид туршилтаар зааж эхэлсэн. Харин би 1988 онд анх сурсан. Манай суманд мэргэжлийн монгол бичгийн багш байгаагүй. Аавтай минь хамт бага сургууль төгссөн Л.Сэнгээ гэж хүн бидэнд зааж байлаа. Анхны хичээл дээрээ үсэг заалгүй самбар дээр бичсэн бичвэрээ "Хуулаад бич" гэсэн. Бид уншихгүй хэр нь багшийн бичсэнийг дуурайлгаж зурна. Хамгийн адилхан зурсан хүүхдийг монголоор дүгнэнэ. Дэвтрийн дүн тавьдаг улаан шугамын ард ангийнхнаас маань арай өөр үг биччихнэ. Бодоод байх нь “онца” гэж үнэлж байж дээ.

Л.Сэнгээ багш хэдхэн сар хичээл ороод байтал Г.Содном гэх МУБИС-ийг төгссөн мэргэжлийн багш ирэх үеэс л ном журмынх нь дагуу монгол бичгээ сурсан.

-Түүнээс өмнө монгол бичгээр бичсэн бичмэлийг харж байгаагүй гэсэн үг үү?

-Аав маань нутаг орондоо танигдсан бичгийн боловсролтой хүн. Л.Сэнгээ багш, аав хоёул хамт дөрөвдүгээр ангийн боловсрол эзэмшихдээ монгол бичгийг гаргуун сайн сурсан улс. Мэдээ орсон цагаас нүдний шил зүүчихсэн монгол бичгийн судар ном уншиж, судалж суудаг сан. Манайх тэр үед нэгдлийн малчид айл байсан. Аав сумын төв явахдаа унинд монгол бичгээр бичсэн захиас үлдээнэ. Тооны хүн ирвэл шинэ төл тэд гэж бичээд орхино. Аав минь анх монгол бичгийг таниулсан ч надад цагаан толгой, титэм ч заасангүй.

Аав надад зааж өгөөгүй нь тухайн цаг үе хаалттай байсантай шууд холбоотой. "Феодалын бичиг, хуучин нийгмийнх" гэсэн үзэл байсан учраас биднийг сурахгүй байх гэж бодсондоо биш монгол бичгээс болж хүүхдүүд маань буруудах вий гэсэн үзэлтэй байсан байх.

-Эрт үед уран бичлэгийн 20 гаруй төрөл хэрэгсэлтэй, бүр өвөл, зуных гэж ялгадаг байсан гэх. Харин өнөө цагт уран бичлэг бичихдээ муутуу цааснаас нэг их хэтрэхгүй байх шиг. Эрт цагт байсан бичгийн хөгжил, уламжлалыг тээж явдаг хүн нь ховордчихов уу, энэ соёл яагаад дэлгэрэхгүй байна вэ?

-Монгол бичгийг өнө удаан хэрэглэхэд уугуул хэрэгсэл нь мод, хулсан үзэг байж. Хулсаар бичдэг байснаа Манжийн үед ханзаар бичдэг соёлоос нь сэдэл авч бийр хэрэглэдэг болсон. Түүгээр бичихэд хурдан бөгөөд хуруу гарын хүч бага шаарддаг. Эдүгээ муутуу цаасаа БНХАУ-аас авдаг болсон.

Монгол бичгийн соёл дэлгэрч байх цаг дор далан түрүү ургамал, хониноос тос зэргийг ялгаж аваад цаас боловсруулж, чанаж бэлтгэдэг байжээ. Уран бичлэг судлаач, нэрт Жалайр До.Батбаяр багш “Монгол уран бичлэгийн түүх” номдоо бичгийн уламжлалыг судалсан байдаг.

-Энэ өвийг тээгчид бий юү?

-Энэ өв ор тас тасарчхаагүй. Одоо ч хонины арьсыг дэлгэж татаад дээр нь бийрээр бичсэн бүтээл “Монголын сайхан бичигтэн” уралдаанд ирдэг. Боловсруулж чадах юм бол хонь, ямааны арьс нэхий хүртэл цаас шиг, модны холтос, хушны үйс шиг болдог. Сүхбаатар аймгийн сурагч цагаан зээрийн арьсыг элдэж бэлдээд дээр нь уран сайхан бичлэгээ бичиж, уралдаанд бүтээлээ явуулдаг. Хөвсгөлийн сурагчид гэхэд л хурганы арьс элдэж дээр нь бүтээлээ сийрүүлсэн байх жишээтэй. Монголчуудын уламжлалт бичгийн хэрэгсэл янз янз байсан. Энэ өвийг хөдөөгийн сурагчид илүү тээж байна.

МОНГОЛ БИЧГИЙН АМИН СҮНС НЬ ҮГИЙН ЯЗГУУРТАА БАЙДАГ

-Дээр үед монгол бичгээр үг алдаж бичвэл бог, бодоор торгодог байсан гэх. Үүнээс дүгнэвэл бичгийн чадвар сайн байж гэж бодогддог?

-Энэ нь монгол бичгээ сургадаг сургалтын нэгэн арга. Урамшуулах, баалж торгох, ичээх аргууд байсан. Дорлигийн Дагва гэж хүний нэрийг таваг гээд бичсэн явдал гарсныг баалж ичээдэг байсан. Шоолохоос гадна сайн сурсан хүний чадварыг үнэлж магтдаг нь хэвшмэл хэлцэд тод үлдсэн агаад "Сайн монгол бичигтний гурван чаддаггүй"-г цохъё.

Удаан бичиж чаддаггүй

Ацаг шүдгүй бичиж чаддаггүй

Буруу бичиж чаддаггүй

Чаддаггүй гэж хэлээд байгаа боловч хамгийн сайн чаддаг зүйлийг нь тодотгосон. Энэ мэтээр хорьдугаар зуунд гэрийн сургалтаар нутаг хошууныхаа хамгийн сайн бичгийн эрдэмтэй хүнд үр хүүхдээ шавь оруулдаг байв. Түүнээс л улбаатай шоглож, урамшуулж бичгийн эрдмийг дэлгэрүүлдэг байж.

-Монгол бичгийн язгуур үгийг бичихийн тулд түүх соёлоо мэддэг байх шалгуур зарим тохиолдолд гардаг. Үүнээс болоод монгол бичиг сурч байгаа хүмүүс төвөгшөөж, сурахаас цааргалах явдал их байдаг нь ажиглагддаг. Үгийн язгуур бол алдаа мадаггүй бичих ганц гарц нь шүү дээ. Тиймээс та үгийн язгуурын тэр дундаа монгол бичгийн сэтгэлгээний талаар тайлбарлахгүй юу?

-Тэгэлгүй яахав. Хамгийн чухал зүйл нь энэ мөн. Бид яагаад латин, кирилл бичгийг биш үндэсний монгол бичгийг хэрэглэх ёстой вэ гэдэг таны хөндөөд буй асуудлын гол үндэс монгол бичгийн үгийн язгуурт оршдог. Язгуур бол бидний одоо бичээд байгаа кирилл бичгээс ялгаатай. Гол зөрүү нь тэр язгуурт л бий.

-Уншигчдад илүү ойлгомжтой болгох үүднээс жишээ татвал?

-Жишээлбэл урт эгшгээр бичигддэг “уул” гэж үг бий. Үүний галиг нь “Агула” гэж галиглахаар зарим хүний уур хүрээд “хоцрогдсон, хуучин бичиг гэж ёстой чиг үнэн юм. Зүгээр л хоёр –"уу" тавиад –"л" залгаад болчихдог үгийг яах гэж Борчи, Мухулайн үед авч очно вэ” гэж мэргэжлийн биш хүмүүс шүүмжилдэг. Монгол хүний юмс үзэгдлийг нэрлэсэн язгуурлаг сэтгэлгээ эл бичигт шингэсэн. Эрт үеийн хүнийг амьдруулж яриаг нь чагнах боломжгүй. Үлдээсэн бичиг тэмдгээр л тэр үеийн сэтгэлгээг мэдэх боломжтой.

Уул гэдэг үгийг өнөөдрийн дуудлагаараа хоёр гэдэсний араас дэвсгэр -“л” тавьж болно. Монгол бичгээр бичсэн хэлбэр харагдана. Уншихад ч уул гэж уншигдана. Тэгвэл яагаад “агула” гэж бичихээс өөр аргагүйг тайлбарлая.

Үгийн язгуур нь “Агуу” буюу их, том гэсэн утга. “Агуул” гэхээр хэрэглээгүй илүү зүйлээ хадгалж, хураадаг, дотроо орон зай ихтэй зүйлийг хэлж байна. Байгаль дээр “Агуй” гэж үг бий. Агуй гэдэг байгалийн хөгжлийн явцад дотроо агуу орон зай үүсчихсэн зүйлийг хэлээд байна. Энэ бүх үгэнд байгаа үндсэн утга бол асар уужим, юмсыг бүтээсэн зүйлийг хэлж буй. Тэгэхээр монгол хүн “уул” гэх үгийг нэрлэхдээ асар ихийг агуулдаг байгалийн тогтоц гэсэн утгаар хэрэглэдэг гэсэн үг. Уул харагдах байдлаасаа ой мод, ан амьтан, ус булаг, хад чулууг агуулснаас гадна уулын хэвлийд алт, мөнгө, дээдсийг гаршуулсан онгон гээд ер юу ч байж мэднэ. Энэ сэтгэлгээгээр "агула" гэсэн. Тэгээд л уулаа шүтэж, тахидаг. Дээр хөхрөгч мөнх тэнгэр, доор оршигч Этүгэн эх гэдэг шүү дээ. Тэгэхээр монголчуудын тэр гүн гүнзгий сэтгэлгээг хадгалж байгаа бичиг нь монгол бичиг мөн.

Өнөөдрийн ярианд нийцэхгүй байна гээд урт эгшиг үүссэнээс хойших “уу+л” гэх юм бол язгуур үггүй болно. Уулыг яг уул гэдгээр нь бичвэл монгол бичгийг авч байгаа бус булшилж байгаа л хэлбэр. Аль бичиг нь монгол хэлний язгуур гарлыг илтгэж, аль нь амны долгионыг гаргаж байна вэ гэдгийг харьцуулж үнэ цэнг тунгаах чухал. Үүнийг л ойлгочих юм бол монгол бичгийг үгүйсгэдэг хүмүүсийн нүд онгойж, чих дэлдийнэ.

2025 ОНЫ ТӨРИЙН БИЧГИЙН ШИЛЖИЛТЭД АЛБА ХААГЧДЫН 53 ХУВЬ НЬ БЭЛЭН

-Үгийн язгуурыг алдаа мадаггүй бичиж сурахын тулд заавал гүн сэтгэж, бодох шаардлагатай юу?

-Үгийн язгуурыг нүдэлж цээжлэх л чухал. Бусад дагавар, нөхцөлийг хэрхэн дагуулж бичих нь тодорхой зүй тогтолтой тул сурахад хялбар. Харааны ойгоор л үгийн язгуураа тогтооход болно. Өнөөдрийнх шиг олон бичигтэй холилдоогүй байсан учраас дээр үед амар тогтоогддог байж.

Час улаан гэдэг үг байхад өмнөх угтварыг яагаад аваад байгааг мэдэхгүй бол монгол бичгээр бичээд үзэхэд л тодорхой болно. Монгол бичгээр цус гэдэг үгийг “чису” гэж бичдэг. Час гэдэг үгийг бичихэд цус гэдэг үгний “чис” гээд “у”-гаас бусад нь гараад ирж байгаа юм. Тэгэхээр энэ чинь цусан улаан гэсэн утга байх нь шүү. Үүний дуудлага цаг хугацааны эрхэнд өөрчлөгдөж час болсон байх нь.

-2025 оноос монгол бичгийг төрийн бичиг болгоно. Гэвч одоо төрийн албаныхныг тувт сургаад байгаа юмгүй. Таныхаар бид 2025 ондоо бэлэн үү?

-Төрийн албан хаагчдаас “Та монгол бичигт бэлэн үү” гэх судалгаа авахад 53 хувь нь бэлэн байна гэсэн. Тэгэхээр үлдсэн 47 хувийг нь л сургахад болчихно. 2025 онд айх зүйл байхгүй. 1990-ээд оноос хойш тэмцсэн олон хүн бий. Ихэнх нь бурхан зүг одсон. "Хүмүүн бичиг" сониныг санаачилсан анхны эрхлэгч СГЗ сэтгүүлч доктор Т.Галдан, МУИС-ийн багш Т.Дашцэдэн, Алдартай эрдэмтэн Чой.Лувсанжав багш гээд олон хүн их тэмцэж байлаа. Их багш Б.Ренчиний эцсийн амьсгалаа хураахдаа хэлсэн үг нь "Монгол бичгээ төрийн бичиг болгоорой" гэж захисан. Энэ бүхний тэмцэл 21 дүгээр зуун гарснаас хойш 25 жил болсны дараа маш олон буулт хийснээр суларсан хувилбараар хууль болж батлагдлаа.

2025 оноос төрийн албан хаагчид л хэрэглэнэ. Улс даяар мөрдөнө гэдэг шийд гарсан. Өнөөдрийн монгол бичгийн бодлогод шилжихийн тулд маш ихийг туулсан даа.

-Зарим иргэд "Монгол бичигт шилжинэ, яана аа" гэх?

-Монгол бичгээс айдаг сэтгэлгээгээ авч хаях хэрэгтэй. Яагаад үндэсний соёлоос айгаад байгаа юм бэ, морин хуур, үлгэр сонсохоос, цагаан сар тэмдэглэж, бөхөө барилдуулахаас айдаггүй биз дээ. Түүнтэй л адил монголын өв соёл. 70 жил Оросын эрхшээлд байхдаа харийн номлолд автсанаас болж айх сэтгэлгээ үлдчихсэн. Харийн юм л сайхан гэдэг сэтгэлгээтэй байж болохгүй.

Харийн хувцас эдлэлийг сайн гэж үзэж болох ч хэл бичгийн тухайд байж боломгүй явдал. Энэ бол улс орны тусгаар тогтнол, үнэ цэнтэй нэвт шувт уялдаатай. Тиймээс гаднын хэл бичиг, хөнөөлт вирусээс салах нэг арга бол соён гэгээрүүлэх, учрыг тунгаах нь л зөв хамгаалалт. Цахим орчноор дүүрэн боломж бий. Хэрэв монгол бичиг рүүгээ орж чадахгүй байгаа хүн бол буруу суртал, сургаар л явдаг хүний шинж.

-Энэ түгжээг тайлах гарц шийдлийг юу гэж хардаг вэ?

-Монгол бичигт бүр мөсөн шилжиж нэгдүгээр бичгээ болгох хэрэгтэй. Хоёрдугаар бичгээ кирилл үсэг болгож болно шүү дээ. Үндэсний бичиг нь байсаар атал кирилл үсгийг нэгдүгээрт байлгамгүй. Энэ хоёрын одоо байгаа байрыг солих хэрэгтэй гэдэг байр суурин дээрээ он удаан жил зогсож байна. Төрийн бичиг болсны ар дээр кирилл үсгээр болон монгол бичгээр албан бичгийг давхар хэвлэж цаг зав, цаас үрж байхаар монгол бичгийг л нэгдүгээр бичгээ болгочхоосой доо.

МОНГОЛД ГУРАВХАН ХҮН ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР ХЭВЛЭЛ ЯВУУЛЖ БАЙНА

-Хуулийг нь баталж төр үүргээ бага ч гэсэн гүйцэтгэсэн. Цаашид төрөөс хэрхэн анхаарвал зохих вэ?

-Монгол улсын засгийн газар нийгэмд тулгамдаж байгаа асуудлаар хэвлэлийн хурал хийгээд өдөр бүр мэдээлэл өгөөд байдаг хэр нь яагаад монгол бичгийн талаар ам ангайдаггүй юм бэ. Ялангуяа ерөнхий сайд, ерөнхийлөгч, төрийн томчууд дуугарах хэрэгтэй. Ингэж явсаар 2025 оны дөхүүлж, эс үйлдлээрээ монгол хэлний тэр заалтыг хойшлуулах гэж байгаа юм биш биз, эсвэл олонхоороо түрий барьж байгаад хуулиас авч хаях ч аюултай. Энэ янзаараа яг тийм юм болох нигууртай. Хэрэглээ нь байхгүй болчихвол энэ өвийг тээх хүн цөөрнө. Хэрэглээний эргэлтэд оруулж төрийн бичиг болгох нь хамгийн чухал. Зүгээр л хөндлөн бичгийг босоо болгох гээд байгаа мэт ойлгож болохгүй.

-2025 онд төрийн бичиг болоход хамгийн их түшиц болж цор ганцаараа монгол бичгээр хэвлэлийн үйл ажиллагаагаа явуулж, нэг талаараа тусгаар тогтнол, төр улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа танай байгууллагын өнөөдрийн нөхцөл байдал, байгаа орчин ямар байна вэ, ямар болгох шаардлагатай байгаа вэ?

-Их чухал асуулт байна. Монгол бичгээр гардаг монгол дахь цорын ганц сониндоо ажиллаж байгаадаа бахархдаг. Үнэхээр сайхан. Өнөөдөр бид нэг өрөөндөө ажлаа явуулж байна. Жил бүр зохиодог "Монголын сайхан бичигтэн" уралдааны бүтээлүүд энд овоороостой. Зарим сайхан бүтээлүүд хажуугийн харанхуй өрөөнд агуулаастай. Эднийгээ тусад нь үзвэрийн танхимд байрлуулж, хүмүүст үзүүлдэг болох сон.

Бид цор ганцаараа монгол бичгээр хэвлэлийн ажлаа явуулж байгаа нь монополидоод байгаа зүйл биш. Яагаад бусад сониныг гаргахгүй байгаа юм бэ. Монгол бичгээр хэвлэл явуулахад ашиг олдог орон зайг бий болго л доо. Гэтэл “Хүмүүн бичиг” сонинг өнөөдөр гурван хүн ажиллуулаад төсвөөс цалинжуулдаг. Тиймээс эндээ тогтож байгаа.

Хувийн хэвшлийнхэн хэвлэл явуулбал сонин өөрийнхөө зардлыг нөхөж чадахгүй. “Хүмүүн бичиг” сониныхон хэний ч хийж чадахгүй байгааг хийгээд байгаа юм уу, үгүй. Мэддэг, чаддаг хэн ч хийж болно. Өрсөлдөөн байх хэрэгтэй. Өрсөлдмөөр байна шүү дээ. Илүү сайжирмаар байна. Ганцаархнаа учраас хэнтэйгээ өрсөлдөх вэ, Биднээс илүү монгол бичигтэй хүмүүс оюунаа үнэлүүлж, түүгээрээ амьдарлаа авч явах боломжийг бий болго. Ямар ч хэрэглээ байхгүй учраас иргэд сурахаас цааргална. Хамгийн сайн сурсан хүн нь сайхан амьдраг л дээ. Бид ч гэсэн өөр газар зөвлөгөө өгч, давхар ажиллаж үнэлүүлмээр л байдаг.

-Та яриандаа “Хүмүүн бичиг” сонинд гуравхан хүн ажилладаг гэлээ. Энэ орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байх.

-Үнэхээрийн тийм. Энэ байгууллагынхаа үе үеийн дарга нарт ярьсаар ирсэн асуудал. "МОНЦАМЭ" агентлаг шинэ даргатай болоод сар болж байна. Шинэ дарга маань “Хүмүүн бичиг” сониныхоо ажиллах хүчинд анхаарна. "Дахиж хоёр хүн нэмнэ" гэсэн. Энэ мэдээг сонсоод их баярлаж байгаа. Өнөөдрийн байдлаар Б.Нямаа, Х.Дариймаа, бид гурав л "Хүмүүн бичиг" сонинг эрхлэн гаргадаг.

-Үндэсний бичиг, эх хэлнийхээ тухай сэтгэл зовниж, шатаж явдаг энэ цагийн төлөөлөл болсон  тантай ярилцахад таатай байлаа. Бүр өргөн хүрээнд ярилцмаар байв. Юм хэмжээтэй хойно ярилцлагаа энд хүргээд өндөрлөе. Төгсгөлд нь “Надаас энэ зүйлийг асуусангүй дээ” гэж бодож үлдсэн зүйл байвал хэлэхгүй юү?

-Танай хамт олон энэ сэдвийг хөндөн санаачилж, монгол бичигт хамаарч байгаа хүмүүсийн ажлыг цөөн ч гэлээ хүмүүст мэдүүлж, түүгээрээ дамжуулж төр засагт уламжилъя хэмээн мэдэрч өөрсдөө бидэнд хандсан нь сайхан санагдаж байна. Хүн болгон ингэж мэдрэхгүй байна. Монголд олон хэвлэл байдаг ч монгол бичгийг зорилготойгоор хөнддөг хэвлэл цөөхөн байдаг. Тиймээс танай хамт олонд бидний дуу хоолойг хүргэхээр шийдсэнд баярлаж байна.

Сүүлийн 80 жилд анх удаа албан ёсоор энэ бичгээ эгүүлэн авах гэж байна. Зах зээлийн эргэлтэд оруулсан нь чухал шүү. Энэ шийдвэрийг 2012-2016 оны парламентад улс төр талаасаа АН олонх байсны хүчинд 70 гаруй хувийн саналаар баталсан. Түүнээс МАН-ын тал, Боловсролын сайд асан Ё.Отгонбаяр нар эсэргүүцэж байв.

Эцэст нь, Монгол бичгээсээ битгий айгаарай. Монгол бичигтээ ээнэг хандаарай. Хаалгыг нь тогшоод ор. Үүдээ цэлийтэл нээгээд өгнө. Монгол бичигтэйгээ хамт ажиллаж амьдарцгаая гэж түмэн олондоо уриалъя.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 18, 2022 09:15

Өвөр Монголчуудын бичгийн бүх хэрэглээ болоод байхад бид бас болгож таарна. Тэд бүр цахим нь хүртэл шүү!!!

Зочин
Зочин
2 сар 18, 2022 10:20

Олон жил гадны соёл ш/у тай танилцаж хүн амын 90 ээд хувь нь бичиг үсэгт нэвтэрсэн

Last edited 3 Он Өмнө by Э. Үүрийнцолмон
Зочин
Зочин
2 сар 18, 2022 15:46

ухр�##�т болно гэдэг шиг худ�##� гүтгэлэг байхгүй улс орнууд өөрийн бичиг үсгээ амьнаасаа илүү хамга�##�ж байхад манайд гадны нөлөө ороод улам бүр доошоо ороод

Санаа
Санаа
2 сар 18, 2022 16:05

Монгол бичиг бол чин үнэндээ манай монгол үндэсний бичиг биш . 13 дугаао зуунд бид энэ бичгийг уйгарчуудаас дээрэмдэж авсан бичиг үсэг юм

Зочин
Зочин
2 сар 12, 2025 17:55
Reply to  Санаа

Chi ps#a Tuuhee medehgui baij bitgii ingej hutsaj bai

Санжаа
Санжаа
2 сар 18, 2022 16:08

Монгол бичгийг бүх нийтээр сурья.

Last edited 3 Он Өмнө by Э. Үүрийнцолмон
Заяа
Заяа
2 сар 18, 2022 16:10

2025 онд монгол бичигт шилжих хуулийг дэмжиж байна

Last edited 3 Он Өмнө by Э. Үүрийнцолмон
gunse
gunse
2 сар 18, 2022 18:02

dor burtee surch bolovsorch av, harin turiin alban yosnii bichig bolno

Last edited 3 Он Өмнө by Э. Үүрийнцолмон
Зочин
Зочин
2 сар 18, 2022 19:33

Өвөолөгчид Монгол бичгээ зөвхөн монгол бичигтэн,урлаг соел,ТВ гээд монголоор явдаг болохоос �##�бан ёсны ямар ч байгууллага �##�бан газарт хэрэглэдэггүй юм.Монгол бичиг нь БНХА Улс цөөн тоот үндэстнээ реклам болгож л байна.

Иргэн
Иргэн
2 сар 18, 2022 21:15

Хуучин бичигтэн боллоо гээд Монгол улс хөгжихгүй. Араб гар�##�тай бичиг юм байна лээ. Согдоос Уйгур авсан.

Mgl
Mgl
2 сар 18, 2022 22:47

үгийн язгуурын тухайд их зөв онож ярьж ээ

Last edited 3 Он Өмнө by Э. Үүрийнцолмон
Зочин
Зочин
2 сар 21, 2022 12:05

дэлхийтэй хөл нийлүүлж явах л гэж байгаа бол кириллээр байх ёстой бид шинжлэх ухааны хэлийг хуучин үсгээр яаж бичих вэ төрийн хэлийг ийм хоёрдмол утгатай хэлээр хөтлөж болохгүй дээ хуучин удирдагч нарын попрол шүү хуучин монголыг хэнч сурахгүй

Холбоотой мэдээ

Back to top button