ТОДРУУЛГА: Халхгол суманд гарсан түймрийг үүл буудан, бороо оруулж унтраана

Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн Ац холбоо гэдэг газар 4 сарын 18-ны 16:16 цагийн үед хээрийн түймэр хилийн 1303 тэмдэгтээр Монгол орны зүүн цэг буюу “Соёлз” уул орчимд БНХАУ-ын хил рүү давжээ. Урьдчилсан байдлаар түймрийн урт 128 км, өргөн 72 км, салхи баруун урд болон урдаасаа 13 м/с байна. Түймрийг унтрахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын газар, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд гээд нийт 160 гаруй хүн ажиллаж байгаа аж.
Бид тус аймгийн Дорнод аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Г.Нармандахтай холбогдож, түймрийг унтраах нэмэлт хүч ОБЕГ-аас хүссэн эсэхийг тодрууллаа.
Тэрбээр "Энэ талаар ОБЕГ-тай ярилцсан. Хэд, хэдэн шалтгаан нөхцөлөөс хамаараад нисдэг тэрэгтэй нэмэлт хүч авах боломжгүй байна. Нэгдүгээрт, нисдэг тэрэгний шатахуун цэнэглэх газар, буух талбайгаас эхлээд асуудалтай. Хоёрдугаарт, түймэр гарч буй газар руу автомашин явах боломжгүй, шавар намагтай, саад ихтэй. Мориор юм уу, явганаар явах боломжтой юм.
Салхи ихтэй байгаа тул түймрийг унтраахад хүндрэлтэй байна. Гэхдээ маргааш салхи тогтохоор байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлж буй. Мөн албаныхан үүл буудах аргаар бороо оруулахаар төлөвлөж байгаа" хэмээв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.