МАН-ын захиалга: "Сонгуулийн тогтолцоог ҮХНӨ-гүйгээр өөрчилж болно" гэсэн ч Т.Доржханд "чичрэв"
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт УИХ-ын хүрээнд ил хэлэлцэгдэж эхлэхээс өмнө Т.Доржанд ярьж явлаа. Өөрөөр хэлбэл, “Сонгуулийн холимог тогтолцоог халъя, хувь тэнцүүлсэн тогтолцоо руу оръё. Үүний тулд Үндсэн хуулийг өөрчилье” хэмээн жагсаал хийж, иргэдийн гарын үсгийг цуглуулсан байдаг. ҮХНӨ хийх гол аргумент нь сонгуулийн тогтолцоо байсан гэсэн үг.
Энэ үүднээс ХҮН-ын хуульч Д.Үүрцайхын хамт тэр Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад байсан. Харин үүнийг цэцийн Их суудлын хуралдаанаар өнөөдөр хэлэлцлээ. Улмаар сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог зөвшөөрч, өмнөх хоёр ч тогтоолоо хүчингүй болгов. Энэ хүрээнд сонгуулийн тогтолцоог өөрчлөхийн тулд заавал Үндсэн хуульд гар хүрэх албагүй, УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллаж болох агуулга бий болов. Өөрөөр хэлбэл, хүсвэл УИХ Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж, тогтолцоог сольж болно, гэхдээ заавал Үндсэн хуульд гар хүрэх шаардлагагүй гэж ҮХЦ үзлээ.
Товчхон хэлэхэд, УИХ-ын гишүүн Т.Доржхандын "Сонгуулийн тогтолцоог өөрчилье" гэсэн санаа зорилго нь заавал ҮХНӨ хийж төвөгдөхгүйгээр бий болох боломжтой боллоо.
Авчиг Т.Доржханд өнөөдөр хийсэн мэдээлэлдээ "Хэдий тийм боловч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв. Энэ асуудал үргэлжлэх ёстой. Улмаар УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэрэг асуудлууд өрнөх ёстой" хэмээлээ. Үүнээс харахад Т.Доржханд ханасангүй, заавал ҮХНӨ шаардлагатай гэж "чичрэв".
Энэ нь Т.Доржхандын МАН-ын захиалгаар ажиллаж буй гэдэг хардлагыг дахин бататгаж өгөв. Ер ҮХНӨ хийх бол эрх баригч намын удаан хугацаанд бодож төлөвлөж буй асуудал бөгөөд гагцхүү процессыг өрнүүлж эхлэх дэгээ, гогцоо л чухал байлаа. Харин дэгээ, гогцоо "зангидах" чиглэлд нь Т.Доржханд "Сонгуулийн тогтолцоог өөрчилье" гэргээр ийн дуугарч явсан билээ.
Улмаар "Заавал ҮХНӨ хийхгүйгээр сонгуулийн тогтолцоогоо УИХ сонго" гэж ҮХЦ үзсээр байхад "Үндсэн хуульдаа гар хүрдгээрээ хүрнэ" гэж мэдэгдэж, МАН-ын чиг баримжааг дагаж байна.
Нөгөө талаас, ҮХНӨ өрнөвөл дагаад Сонгуулийн тухай хуулийг ч өөрчлөх болж байгаа. Харин үүнд ҮХЦ--ийн эл шийдвэр "ногоон гэрэл" асааж өглөө. Тэр ч утгаар ҮХЦ ч үндсэндээ МАН-ын бодлогод ашигтай тусах, дэмжсэн, замыг нь зассан агуулгатай шийдвэр гаргалаа гэлтэй.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.