Ж.Батсуурь: Гишүүдийн бүрэн эрхийг ЗГ, ҮХЦ рүү тарааж өгдөг Г.Занданшатар огцрох ёстой
УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ҮХНӨ болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-ӨӨРСДИЙНХ НЬ УЛСТӨРИЙН КАРЬЕР ДУУСААД ИРЭНГҮҮТ НОЁРХОЛОО ТОГТООХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙНА-
-Эрх баригч нам Үндсэн хууль өөрчлөлт хийхээр улайрчихлаа. Сөрөг хүчний хувьд хэрхэн харж сууна?
-2019 оны ҮХНӨ-ийн дараа УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс “Үндсэн хуулиа төгс төгөлдөр болгочихлоо. Ард түмний дээр гараад байдаг хууль тогтоох эрх мэдлийг цэгцэлчихлээ. Мэргэжлийн Засгийн газар байгуулах боломжийг бүрдүүлчихлээ” гэж сурталчлаад байсан цаг саяхан. Гэтэл өнгөрсөн хавраас л дууных нь өнгө өөрчлөгдөж эхэлсэн байдаг. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээс гадна Монгол төрийн эсрэг үйл ажиллагаа гэж дүгнэж байна. Саяхан даа 2012-2016 онд Н.Алтанхуягийн Засгийн газрыг давхар дээл гэж ноолсоор байгаад унагасан. Тухайн үед одоогийн энэ хүмүүс нүүрэндээ баг өмсчхөөд орилж байсан биз дээ. Одоо өөрсдийнх нь улс төрийн карьер дуусаад ирэнгүүт дахин ноёрхолоо бий болгох гэсэн л асуудал.
Үндсэн хуулийг өөрчилж болох л байлгүй дээ. 76 гишүүний 62-т нь эрх байгаа юм чинь. Ард түмнээсээ асуугаад хэлэлцээд яв л даа. Болж бүтвэл тэр л биз.
-Гурван жилийн өмнөх давхар дээлтэй дөрвөн сайдтай байх шийдвэрээсээ буцаж байгаа тухайд?
-Ямар ч үйлдэл хийх эрх мэдэл Ардын намд байгаа. 1992 оны Ардчилсан Үндсэн хуулиас хойш 30 жилийн турш найман сонгууль боллоо. Найман сонгуулийн нэгээс бусдад нь төр барьсан буюу барилцсан байдаг. Бүгдээрээ хэлэлцээд, бүлээн усаар угаах бүрэн боломжтой. Хамгийн гол нь Цэцээр могой бариулж байна. Цэц Үндсэн хуулийн манаач байх ёстой. Үндсэн хуультай зөрчилдсөн бусад хуулийн зөрчлийг хянадаг байгууллага. Гэтэл есхөн хүн ард түмний хүсэл зорилгын эсрэг шийдвэр гаргах юм бол бид УИХ-ын гишүүн гээд энд суугаад ч яах юм. Үндсэн хуулийн Цэц шийддэг болчихвол УИХ гэж байгаад, ард түмэн сонгуульд санал өгөөд яах юм бэ. Мөд улсын төсөв батална. “Төсөвт тийм зүйл тусчихаж боль” гэх юм байна л даа.
-Г.ЗАНДАНШАТАР ҮХЦ-ИЙН ДАРГА ЧИНБАТЫГ ТӨРСӨН ӨДРӨӨР НЬ ЯВУУЛНА ГЭСЭН Ч ЯВУУЛААГҮЙ-

-Шороотой хутгалдсан ҮХЦ-ийг шүүмжилж байгаа сөрөг хүчин гэж алга. Ялангуяа танай намд?
-ҮХЦ-ийн есөн хүнд бүх эрх мэдлийг аваачаад өгчихлөө. Гэтэл тэд дандаа барьцааны хүмүүс байна шүү дээ. Жишээлбэл, Чинбатын төрийг албанд ажиллах хугацаа аль хэдийн өнгөрчихсөн. Түүнийг явуулахгүй байлгаад л байна. Хэрэв санаж байгаа бол өнгөрөгч хавар би солиоч гэхэд УИХ-ын дарга “Би төрсөн өдрийг нь мэдэж байгаа. Төрсөн өдрөөр нь солино” гэсэн. Эцсийн зорилго нь өөрсдийнхөө хүсэл зорилгыг биелүүлэх. ҮХЦ-ийн гишүүн Одбаярыг олон нийт надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Цэцэд дандаа улстөрчдийн гар хөл шургалчихсан байна. Харин Эрдэнэбулган, Д.Гангабаатар нар шинээр томилогдож байхдаа УИХ-ын танхимд шударга ёсыг тогтооно гээд их л сайхан яриад байсан. Одоо болохоор олонход нухуулдаг, олонхоо л дагадаг юм байлгүй дээ гэж л тааж байна. Үүн дээр нэг зүйл нэмж хэлье.
-За?
-76 гишүүнийхээ эрх мэдлийг хадгалж чадахгүй бол Г.Занданшатар өөрөө огцор. Төгс төгөлдөр болчихсон ҮХНӨ-өөр өөрөө гарч ирчихээд “Энэ ес ингээд байна” гээд л. Нөгөө ес нь нэг өдөр “Ерөнхийлөгчийн засаглалтай болъё” гэвэл яана. Ямар ч шийдвэр гаргаж мэдэх нь байна шүү дээ. Тиймээс УИХ-аа удирдаж чадахгүй байгаа, гишүүдийн бүрэн эрхийг ийш тийш тарааж Засгийн газар, ҮХЦ рүү өгөөд байгаа Г.Занданшатар үтэр түргэн огцрох ёстой гэж бодож байна.
-Танай намаас хоёр, ХҮН намаас нэг гишүүн ҮХЦ-д гомдол гаргаж МАН-ын гар хөл боллоо гэгдэж байна шүү дээ?
-Цэцэд хэнчиг л гомдол гаргаж болно шүү дээ. Гаргасан гомдлыг яагаад дунд суудлын хуралдаанаар хэлэлцээгүй юм бэ. Тэгсэн бол УИХ руу орж ирээд бүх талаасаа яригдана шүү дээ. Намын бүлэг, байнгын хороо гээд гээд түмний нүдэн дээр ил өрнөх байлаа. ҮХЦ-ийн их суудлын хуралдаан дээр хөх тэнгэр байдаг гэдэг. Их суудлын хуралдаанаар шийдвэр гаргуулна гэдэг нь “Бид хуйвалдаж байгаа юм аа” гэдэгтэй яг утга нэг. Өөрсдөө хийж чадахгүй байгаа улс төрийг есөн хүнээр хийлгэж байгаа хэрэг.
-МАНАЙД САЙДЫН СУУДАЛ ӨГӨХГҮЙ БАЙХ. ХЭРЭВ ТИЙМ БОЛ ХАМТЫН ШИЙДВЭР ГАРГАНА-

-ҮХЦ-д гомдол гаргасны хариуд танай намд хоёр сайдын суудлын санал ирсэн юм биш үү?
-Тийм зүйл байхгүй байх.
-Танай нам дотор “сайдын суудлын санал ирвэл ингэнэ тэгнэ гэсэн төлөвлөгөө яригдаж байгаа, хоёр сайдын санал ирсэн” ч гэх мэдээлэл бий?
-Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орох гээд оочер дугаар нь дийлдэхгүй байна шүү дээ. Өөрсдөө багталцахгүй байж гомдол гаргасан хоёр хүнд сайдын суудал өгөх асуудал байхгүй байлгүй дээ.
-Намгүй байж сайдын суудал горилж суух нь мэдээж увайгүй үзэгдэл биш үү?
-Түрүүн хэллээ шүү дээ. Манай намд өгөх илүүдээ гарсан сайдын суудал Ардын намд байхгүй. Тэд нар өөрсдөө багталцахгүй байгаа байх гэж би харж байна. Одоогоор манайд сайдын суудал өгөх гэж байгаа гэсэн мэдээлэл аваагүй. Үгүй л байх. Хэрэв тийм бол хамтын шийдвэр гаргах биз ээ.
-Өнөөдөр бүлэг хуралдах уу, та оролцох уу?
-Манай намын бүлэг арваннэгдүгээр сараас хойш хуралдаагүй. Өнгөрсөн хаврын фчуулганы сүүлийн өдөр бүлгийн даргатай болох боломж бүрдсэн. Бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, улстөрийн шийдвэр гаргах байх. Бүлэг хуралдаагүй болохоор би хувийн байр сууриа илэрхийлж яваа. Бүлэг дээр ч илэрхийлнэ. Яаж ч бодсон бүх ард түмнээс сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг есөн хүнээр заалгаж хэзээ ч болохгүй.
-

-Бүлгийн бүтцэд өөрчлөлт орох гэж байгаа. Яаж өөрчлөгдөөсэй гэж бодож байна?
-Бүлгийн дарга огцорчихсон. Одоо аль болох 100 хувийн ирцтэйгээр хуралдахыг зорьж байгаа. Ганц нэг гишүүн дутвал хүлээгдэх л байх. Ингээд дараа дараагийн шийдвэрүүдээ гаргаад явна.
-Д.Ганбат гишүүний нэртэй бүлгийн даргын маргаан дуусчихсан уу?
-Маргаан байхгүй.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бас сайдын суудал горьдоостой. Ичиж амьдраасай батсуурь
Бүгдээрээ ховхор. Иргэд та нараар хэзээ ч дутахгүй.
Морио танихгүй хүн зүгээр л зайлаа шившиг
намаа цэгцэлж чадахгүй байж энэ бид хоёр худлаа донгосоод яах билээ.
Маргааш Цэц Үндсэн хуулийн 20-р зүйл Үндсэн хуультай зөрчилдөж байгаа тул УИХ-ын төр барих эрх мэдлийг Цэцийн 9 гишүүнд шилжүүлсэн цэцийн их суудлын хуралдааны шийдвэр гаргахад гайхаад байх юмгүй боллоо шүү. Лав үндсэн хууль манаачгүй боллоо.
УИХ -ын дарга Занданшатар огцрох энүүхэнд.ҮХНӨ-ийг эсэргүүцэж байна.!!Батсуурь гишүүний байр суурь илэрхийлсэн маш зөв дэмжиж бна.
Өөр морины хөлс хусаад гүйдэг, тавин нас хүрсэн учраа мэдэхгүй мангар бацаан юугаа мэдэхий
чи өөрөө эхлээд шоронд орох ёстой авилгалын бирд минь
Хууль тогтоох эрхээ цэцэд дээрэмдуулчихээд бухимдаж байгаа байдал уу
Хууль тогтоох эрхээ цэцэд дээрэмдуулчихээд бухимдаж байгаа байдал уу