Эдийн засгийг энгийнээр: Ипотекийн зээлийн талаарх мэдэх ёстой зүйлс
Бид та бүхэнд ипотекийн зээлтэй холбоотой мэдээ мэдээллийг энгийнээр, ойлгомжтой тайлбарлаж өгөх болно. Үүний тулд эхлээд МИК буюу Монголын ипотекийн корпорац гэж ямар байгууллага болох талаар мэдэх хэрэгтэй.
-МИК гэж юу вэ-
Монголбанк, арилжааны 10 банк хамтран Монголын ипотекийн корпорацыг 2006 онд үүсгэн байгуулсан бөгөөд 17 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй.
Уг байгууллага нь орон сууцны анхдагч зах зээлийг дэмжих, хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргаж, дотоод гадаадын хөрөнгө оруулагч нарт санал болгодог. Улмаар орон сууцны тогтвортой санхүүжилтийн үндсийг бий болгодог юм.
Анхдагч зах зээл гэдэг нь арилжааны банк иргэдэд зээл олгох явц бөгөөд хоёрдогч зах зэлэ гэдэг нь зээлээр баталгаажсан бонд гаргахыг хэлж буй.
-Ипотекийн талаар багахан мэдээлэл-
Ипотек гэдэг нь үл хөдлөх хөрөнгөөр нь барьцаалан зээл олгох утгыг илэрхийлдэг. Өөрөөр бол моргейжийн зээл ч хэмээн нэрлэдэг билээ. Энэ нь үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, урт хугацааны зээл олгох, товчоор бол орон сууцны зээл гэсэн үг. Хоёр өөр нэртэй байгаагийн шалтгаан нь АНУ болон Өмнөд Америк, Азийн урд хэсгийн зарим оронд моргейж хэмээн нэрлэдэг бол евро, Азийн хойд бүсийн орнууд ипотек гэх нэр томьёогоор хэрэглэдэг.
Уг зээлд бүрэн барьж дууссан, Улсын комисс ашиглалтад хүлээж авсан, улсын бүртгэлд бүртгэсэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан орон сууцыг худалдан авахдаа хамрагдах боломжтой зээл юм.
-Манай улсад уг зээлийг хэдэн хувийн хүүтэйгээр өгдөг вэ-
Азийн хөгжлийн банкны төслийн санхүүжилтээр цөөн тоогоор 15 хүртэлх жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй зээлийг 2003 онд өгч байсан түүх бий. Гэвч төслийн хэрэгжих хугацаа дуусахтай зэрэгцэж тус зээлийн олголт зогссон.
Одоогийн ипотекийн хөтөлбөрийг 2013 оноос эхэлсэн бөгөөд 2003-2013 оны хооронд 34 мянган иргэн орон сууцны зээл авч байснаас 15 мянган иргэний зээлийг жилийн найман хувийн хүүтэй зээл рүү шилжүүлж байсан түүхтэй.
Үүний дараагаар зургаан хувийн хүүтэй зээлийг гаргаж, олон нийт зээлийн хүү буурсан тул ипотект хамрагдах нь нэмэгдсэн. Одоо ч найман хувийн хүүтэй зээл авсан иргэд зургаан хувь болгох хүсэлтийг удаа дараа тавьсаар.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Сангийн яамнаас гурван хувийн хүүтэй ипотекийн зээлийг гаргасан. Уг зээлийг нийслэлээс орон нутгийг шилжин суурьшигчдад болон орон нутгийн иргэдэд олгохоор болсон юм.
-МИК-ийн үйл ажиллагааны талаарх олон нийтийн дундах буруу ойлголтууд-
Юуны түрүүнд олон нийт МИК-ийг ипотекийн зээл олгодог, хүү тогтоодог байгууллага гэж боддог. Гэвч огтхон ч тийм биш.
Ипотекийн зээлийг арилжааны банкууд олгодог. Харин МИК тухайн олгосон зээлийг худалдан авч, үнэт цаасжуулах ажил хийдэг юм.
Дэлгэрүүлбэл, Монголбанк зээлийн эх үүсвэрийг арилжааны банкуудад олгож, арилжааны банкуудаас иргэд зээл авдаг. МИК банкуудын олгосон зээлийг багцалж, ипотекийн зээлээр баталгаажсан бонд буюу үнэт цаас гаргадаг юм. Бондын эргэн төлөгдөх баталгаа нь ипотекийн зээл байдаг. МИК зээлийг нь худалдаж авахдаа арилжааны банкуудад бонд өгч, арилжааны банкууд Монгол банкнаас авсан богино хугацаат эх үүсвэрээ бондоор төлдөг. Эдгээр бондын эргэн төлөлтөөс энэхүү зээлийн хөтөлбөр үргэлжилдэг юм.
Тухайлбал, хоёрдугаар сарын 6-ны байдлаар МИК 6964 зээлийг худалдан авсан байна. Эдгээр нь 2022 онд арилжааны банкууд иргэдэд олгосон зээл юм. Одоогоор ипотекийн зээлийн гаргалт багассан.
Үүнд хэд хэдэн шалтгаан бий.
- Нэгт, системийн нөлөө бүхий таван банк IPO хийхтэй зэрэгцэн мэдээллээ өөрчлөхгүйн тулд уг зээлийн гаргалтыг багасгасан
- Хоёрт, цар тахлын улмаас зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан
- Гуравт, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан нь дараа дараагийн хүмүүсийн зээл авах боломжийг хаасан юм.
-АНУ болон манай улсын моргейжийн зээлийн ялгаа-
Манай улсад ипотекийн зээлийн хүү тогтвортой байдаг. Өмнө нь дурдсан шиг найм, зургаа, гурав гэх мэтээр зааж өгсөн. Өнөөдрийн байдлаар бодлогын хүү 13 хувьтай байгаа. Ийм цаг үед ипотекийн зээлийн хүү хэвийн байгаа нь манай улсын эдийн засагт сайн нөлөө үзүүлдэг.
Ийн дурдахын учир нь АНУ-д бодлогын хүү өсөхийн хэрээр моргейжийн зээлийн хүү өсдөг. Ингэснээр зээлд хамрагдах хүсэлтэй хүмүүсийн тоо буурдаг байна. АНУ-д мөнгөний хатуу бодлогын улмаас эдийн засаг удаашралтай байгаа. Тиймээс орон сууцны борлуулалт болон барилгын ажил удааширсаар. Үүний улмаас ипотекийн зээлийн хүү сүүлийн 20 жилийн дээд хэмжээнд буюу долоон хувийг хэдин давсан.
Ийнхүү харвал манай улс өнгөрсөн жил бодлогын хүүгээ олон удаа нэмсэн хэдий ч ипотекийн зээлийн хүү хэвээр байсан бол АНУ-д эсрэгээрээ бодлогын хүүгээ даган өсөж буй нь иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эргэлдүүлэгч МИК-н хэрэг �##�га. Үйл ажиллагаанаасаа тэс өөр нэр өгчихсөн.
МИК_н хэрэг а л г а ! Татан буулга.