Улс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

Туйлшралууд ба гадаад бодлогоо эргэн санах: Узбекистанд айлчилсны дараа ШХАБ-д элсэх асуудал сөхөгдөх үү

1.

Беларусийн ерөнхийлөгч А.Лукашенко ирээд явсны дараа манай Ерөнхийлөгч Узбекистан руу мордоод байна.

Айлчлал дуусгаад, 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа дахин ШХАБ-ын ээлжит уулзалтад оролцох юм.

Хавар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров “ШХАБ-д элсэхэд хамгийн тохиромжтой орнуудын нэг бол Монгол” гэж мэдэгдсэн. Үүний дараа А.Лукашенко ирж, өдгөө ШХАБ-ын гишүүн орнуудын нэг болох Узбекистанд айлчилж буй явдлыг холбож харах, тайлбарлах хандлагууд гарч байна.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуультай энэ жил ШХАБ-д элсэнэ, элсэхгүй гэдэг асуудал дахин бодитоор сөхөгдөнө гэдэг таамаглал дэвшүүлцгээж эхэлжээ.

Юуны өмнө, бид дахиад л Гадаад бодлогын үзэл баримтлалаа сөхөж харах хэрэгтэй юм. Манай улс өөрсдийн дотоод ардчилал болон үндэсний үзэл баримтлалаа хамгаалж, бэхжүүлэхийн тулд бусад улсуудтай олон тулгуурт  гадаад бодлогоор харилцдаг. Туйлширдаггүй, аялдан дагадаггүй, тэгэх ч учиргүй юм.

Тэр үүднээс манайд ирж, эсвэл өөрсдийн айлчлан очиж буй улс бүрийн дэглэм, улс төрийн байр суурийг хамаатуулж үзэх нь учир дутагдалтай болж ирдэг.

2.

Энэ удаа Узбекистаныг ярьж байна. Узбекистан бол ШХАБ-ын гишүүн орон мөн. Гэхдээ ШХАБ-тай болон Узбекистантай харилцах харилцаа хоёр өөр бөгөөд тусдаа асуудал гэдэг үнэн.

Учир нь логикийн хувьд ШХАБ-ын гишүүн оронтой түншлэлээ нэмэгдүүллээ л гэхэд энэ нь ШХАБ-д ойртож буй явдал биш. ШХАБ-д ОХУ, БНХАУ-аас гадна зөрчил мөргөлдөөн бүхий Энэтхэг, Пакистан ч бий. Нэг үгээр, АНУ-тай түншиллээ гээд НАТО-д элсэх оролдлогод дөхөж очлоо гэж тайлбарладагүйтэй ижил хэрэг.

Хоёрт, манай улс ШХАБ-д ажиглагчийн статус баримтална гэдгээ ил тод илэрхийлж ирсэн. Лав одоогийн Ерөнхийлөгч, мөн Гадаад хэргийн сайд нар ШХАБ-д элсэх тухай урьд өмнө дуугарч байсангүй.

Харин энд дахиад л туйлшрал явдаг.

ШХАБ бол Евразийн улс орнуудын түншлэлийн байгууллага. Газар зүйн байршлаар бол Монгол цэвэр Евразийн бүс нутагт оршдог. Тэр утгаар С.Лавровын хэлсэнчлэн, “Элсэхэд хамгийн тохиромжтой” орон мөн.

Гэхдээ ажиглагчийн статусаа хадгалахыг эрмэлздэг. Учир нь ШХАБ цаг хугацаа улирч, геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөх тусам ямар үйл ажиллагаатай байгууллага болж хувирахыг таамаглах аргагүйд бий.

Бодит үнэн гэвэл ШХАБ-д элссэнээр эдийн засгийн хувьд давуу тал олж авахгүй. Элслээ гэхэд мөн айхавтар цэргийн эвсэлд нэгдчих хэрэг биш юм.

Нэг талаас ШХАБ-д элсэхгүй бол ОХУ, БНХАУ зэрэг хоёр хүчирхэг хөршөөс эхлээд Евразийн бүс нутаг дахь орнуудтай эдийн засгийн бодит түншлэлд орж чадахгүй, хамтын ажиллагаа өргөжихгүй гэж тайлбарладаг. Гэтэл ШХАБ бол яриа хэлэлцээний механизм хэрэгжүүлдэг л байгууллага. Элсээгүй, ажиглагч хэвээрээ ч БНХАУ-ын “Нэг бүс нэг зам” санаачилгад бид өөрсдийн шугамаар, саадгүй хамтран ажиллаж, эдийн засгийн харилцаагаа бусад гишүүн орнуудтай үргэлжлүүлж байгаа.

Алдах юм байхгүй гэсэн үг.

Үүний нэг жишээ нь мэдээж Узбекистанд найрсаг дотно уур амьсгалаар айлчилж буйгаар харагдаж байна.

Нөгөө талаас ШХАБ-ыг НАТО-гийн адил цэргийн эвсэл гэж эндүүрдэг тал бий. Цэргийн эвсэл бол, гишүүн орон руу нь халдан довтолбол бусад нь ч хамгаалдаг үндсэн зарчимтай. ШХАБ тийм биш. Тэр бүү хэл, дээр дурдсанчлан хоорондоо зөрчил бүхий Энэтхэг, Пакистан хоёр ШХАБ-ын гишүүд. Харин бусад гишүүн орнууд нь тэдний дотоод асуудалд оролцоод байдаггүй.

Тэгэхээр элслээ гээд ч одоогийн нөхцөлд шууд улс төр, цэрэг эвслийн хувьд ОХУ, БНХАУ зэрэг зүүний үзэл баримтлалтай орнуудын эгнээнд “нэгдчихнэ” гэж харах үндэслэлгүй. Дагаад барууны орнуудтай харилцах харилцаанд ч сөргөөр нөлөөлөх бололцоо бага.

Гэхдээ ШХАБ цаашид яаж хөгжих, зорилго чиглэл хэрхэн өөрчлөгдөхийг таашгүй.

Дэлхийн нөхцөл байдал өөр болоход ШХАБ-ын гишүүн орнууд тодорхой зорилгын дор нэгдээд эхэлбэл энэ манайд төвөгтэй асуудал болох юм. Тэр ч үүднээс ажиглагчийн статусаа хадгалах нь “өлзийтэй”.

3.

Харин сүүлд нь айлчлал бүрээс логик гаргалгаа эрэх өөрөө төвөгтэй тал авчрах юм. “Бүх юм хуйвалдаан” гэдэг. Гэхдээ энэ туйлширмал хандлага. Дагаад гадаад бодлогын талаарх цэгцтэй ойлголтыг саармагжуулж, ард түмнийг хий эргэлзээ, тээнэгэлзээд хөтлөх эрсдэлтэй тал авчрах нь бий.

Манай улс сүүлийн жилүүдад гадаад бодлогоо идэвхжүүлж, ингэхдээ Төв Азийн орнууд руу голчлон чиглэж байгаа. Хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж буй. Төв Азиас гадна “Уламжлалт найрсаг харилцаа”-тай орнуудтай ч идэвхтэй харилцах болсон.

Энэ манай олон тулгуурт гадаад бодлогын нэг хэсэг.

Тэдний ихэнх нь өдгөө социалист эсвэл хагас социалист чиг баримжаатай харагддаг нь үнэн. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан нь ч үнэн. Гэхдээ Куб, Вьетнам, Лаос, Беларусь, Узбекистантай харилцлаа гээд өөрсдөө коммунизм руу ухарч юм уу, ОХУ-г аялдан дагалдаад буй хэрэг биш юм.

Пост-социалист орнууд дунд ардчиллыг үлгэр жишээ хөгжүүлж яваа нь ч бий. Гэхдээ хамгийн эхэнд дурдсанаар, өөрсдийн дотоод ардчилал, үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах болон гадаад ертөнцтэй улс төрийн чиг баримжааг нь эс харгалзан олон тулгуурт гадаад бодлогоор харилцах л үндсэн идеал нь юм.

Бид хамгийн гол нь “Энэ социалист бол бид харилцахгүй”, “Тэр ардчилагч бол шууд хоёр хөршөөсөө илүүд тавина” гэдэг бодлогоор ажилладаггүй улс. Бусад орнуудын улс төрийн дэглэм ямар ч байж болно. Харин гадаад бодлого, гадаад харилцаа ямагт өргөжин тэлж, сайжирч, тогтмол үйл ажиллагаагаа хадгалж байх нь чухал.

Энэ эргээд хожим давуу талууд авчирна.

4.

Гэхдээ бусад орнуудын сонирхол гэж бий. Энэ нь мөн тусдаа. С.Лавровын мэдэгдэл, А.Лукашенкогийн айлчлал далд мессеж агуулсан, манай дотоод нөхцөл байдал, уур амьсгалыг тандах зорилго агуулсан байхыг үгүйсгэхгүй. Ер нь хоёр хөрш бол биднийг ШХАБ-ын гишүүн орох болох нь зүйтэй гэж үзсээр ирсэн.

Харин эдгээр бүхэн тэдний л ашиг сонирхол, байр суурь юм.

Гэтэл бид тусгаар улс. Олон талын ашиг сонирхлыг чухамдаа ардчиллаар, тэгээд олон тулгуурт гадаад бодлогоор тэнцвэржүүлж, дунд нь өөрсдийн үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалж, бэхжүүлэх л үндсэн зорилго гэдгийг үргэлж эргэн санаж байвал зүй.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
6 сар 25, 2024 13:28

Нэг л зүйл дээр харахад ШХАБ д байгаа орнуудын ард түмнийх нь байд�##� нэн ядуувтар хүний эрх нь хязгаарлагдм�##� эмэгтэйчүүдийн нийгэмшил нь эрх бараг байхгүйтэй адил гэж харагддаг . Тэгэхээр энэ тэр эвсэл гэхгүйгээр нийгмийн амьдр�##�д хууль нь тэгш үйлчилдэг болсон цагт л гэдэг нь ойрын 50 жилшүү дайн гарчихгүй бол гэж

Уншигч
Уншигч
6 сар 25, 2024 15:13

Мэддэг сэдвээрээ бичиж бай л даа.

иргэ
иргэ
6 сар 25, 2024 17:30

Энэ тэнэгээс юу ч ч гарч мэднэ

Зочин
Зочин
6 сар 25, 2024 21:05

Элсэхгүй гэж гүрийгээд юу хожих - элслээ гээд юу �##�дах ... Хүссэн ч - эсхүссэн ч газарзүйн байршил - эх орны эрх ашиг нэгийг хэлэх буй ...

Зочин
Зочин
6 сар 25, 2024 21:37

Манай хүүк монгол толгой л доо. Хаа нэг копи анаандчихгүй бол гайгүй байхээ ээн

Холбоотой мэдээ

Back to top button