Редакцийн зурвас: Цагаан сар хэмээх бидний ондоошил

Жил жилийн энэ онцгой, гайхамшигт өв соёлын нэг болсон цагаан сарын шинийн нэгний /шинийн хоёрны/өдөр монгол хүн хадаг дэлгэж, наран ургахтай зэрэгцэн аав ээж, ахмад настнаа зорьдог билээ. Онцгойлон бид дээлийн өнгөтэйг өмсөж, идээний шимтэйг бэлтгэж, сэтгэл тэнүүн, бэлгэдэл дүүрэн шинэлдэг ээ.
Монгол хүн байхын үнэт өв нь бид өөрсдөө энэ эцэг өвгөдийн соёл уламжлалыг өвлөн тээгч бөгөөд цагаан сарын баяр нь гүн утгадаа бол бидний тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэдгийн нэгээхэн нотолгоо юм.
Өлөөний нарыг угтахаас эхлээд бидний хэлэх үг, хийх үйлдэл бүхэн ерөөл бэлгэдэл болохын учир соёлын өвөрмөц хэв шинжийг агуулдаг энэ онцгой баярыг бид өөрсдийн үр хүүхэд, хойч үедээ энэ таниулан харуулж тэмдэглэдэг гэдгээрээ гойд онцгой ард түмэн билээ. Монголчууд хагацал гашуудлаас бусдаар цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн нь уг баярын ач холбогдлыг нарийн харуулж буй.
Түүхээс эшлэн харвал Хүннүгийн үеэс цагаан сарын баярыг тэмдэглэж ирсэн гэх нарийн чухаг тэмдэглэлүүд бий.
Мөн XIII зууны үеэс тэнгэр шүтлэг, бөөгийн ёсоор цагаалж байсан тухай алдарт аялагч Марко Пологийн бичиж үлдээсэн эх сурвалжид тодорхой гарах агаад хүн зон цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсөн, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл байж. Алгаа дэлгэнэ гэдэг надад зэр зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утга хэмээн тайлдаг билээ.
Ванчинбалын Инжаннашийн “Хөх судар” романы 39 дүгээр бүлгийн эхэнд “IV жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 онд Чингис хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, ёсны хувцсаа өмсч, Өүлэн ээждээ мөргөж, ордноосоо заларч гарч ирэхэд есөн зүйлийн гүн нарийн хөгжим, алтан хасын чимээ дуурсгаж, жүн хэнгэрэг дэлдэн угтав. Чингис хаан харьяат олондоо Тэнгэрийн хөвгүүний дохио тэмдэг, хөгжим сэлтэс цөм Өмнөд Дундадын хууль дүрэм болой. Би өөрөө арьсан дээлтэй монгол хүн. Та бүхэн хаан өргөмжилж их сууринд суулгалаа. Өнөөдрийн ёслол сүрдүүлэн цочоох төлөв байдалтай учир Ар газар таарахгүй” хэмээн тэмдэглэсэн байдаг.
Ийн үзвэл, монгол түмний нэн чухал баярын нэг нь цагаан сар мөн төдийгүй бидний ондоошил юм. Монгол хүн ямар байх, ямар байдаг. Бидний үг хэл, үйлдэхүй, баярлахуй нь хүртэл ямар утга учир, мөн чанартай вэ гэдгийг жилээс жилд улам гүн танин мэдэх, таньсныгаа өвлүүлэн түгээх чухал ачаа бидэнд цаг ямагт ирсээр байх болно. Ийм учир бид онож төрсөн хувь заяагаа онцгой хэмээн таньж, мэддэг цагаан сарын баярыг үргэлжид зон олноор өргөн дэлгэр, сэтгэл тэнүүн тэмдэглэх учиртай.
Уншигч, өв тээгч, өвлүүлэн дэлгэрүүлэгч танд XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье!
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ta nar ondooshnii endooshnuu delhiid pad baihgui l dee uhernuudee