Жюү жицүгийн УАШТ-д ОХУ-ын бөхчүүд зодоглоно

Монголын жюү жицүгийн холбооны 2020 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд Спортын төв ордонд болно. Энэ оны гурав дахь улсын аварга шалгаруулах тэмцээн ийнхүү жюү жицүгийн спортын төрлөөр үргэлжлэх нь. Шинэ он гарснаар чөлөөт бөх, пауэрлифтингийн тамирчид УАШТ-д өрсөлдөн, шилдгээ тодруулсан юм. Манай улсад үүсэж хөгжөөд 12 жил гаруй болж буй тус спортоор ямар ч насны хүн хичээллэх боломжтой, бэртэл гэмтэл багатай гэдгээрээ жил ирэх тутам хичээллэгсдийн тоо нэмэгдсээр байгаа юм.
Энэ удаагийн УАШТ-ий техникийн зөвлөгөөн баасан гарагт явагдаж, албан бус жин хяналт маргааш явагдах бол албан ёсны жин үзлэг нэгдүгээр сарын 11-нд болно.
Тэмцээн насанд хүрэгчид, мастерс, залуучууд гэсэн ангилалд жин болон бүсний ангилалуудаар явагдана. Тэмцээний нээлтийн ажиллагаа бямба гарагийн 15 цагт явагдах бөгөөд Монгол улсаас гадна ОХУ-аас 88 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Сүүлийн жилүүдэд Монголын жюү жицүгийн холбоо АНЭУ-ын AJPtour байгууллагатай хамтран ийнхүү улсын аварга шалгаруулах тэмцээнийг нээлттэй зохион байгуулах болсон.
Ингэснээр тамирчид өөрсдийн ур чадвар, чансааг шалгахаас гадна гадаадын тамирчидтай барилдсанаар тэдний түвшин ахиж, туршлага хуримтлуулах давуу талтай. Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд 3 орны 38 байгууллагын 753 тамирчин оролцохоор болжээ. Тэмцээний шигшээ барилдаан болон шагнал гардуулах ёслол ням гарагт болох юм.
Эх сурвалж. Монголын жюү жицүгийн холбоо








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.