Бамбай хоншоорт могой машины моторын хэсэг болон ачаанд зөөвөрлөгдөн ирэх магадлалтай

Улаанбаатар хот орчимд бамбай хоншоорт, рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг. Үүний нэг болох Бамбай хоншоорт могой нь нийслэл орчмоор түгээмэл тохиолддог. Энэ жил тус могойд хазуулсны улмаас найман хүн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаагаас зургаа нь хүүхдүүд байгаа юм.
Тэгвэл могойд хатгуулсан болон могойтой таарсан иргэдийн дуудлага мэдээллийн талаар Нийслэлийн Байгаль орчны газартай холбогдон тодруулахад, “Могой харсан, могойтой таарлаа гэх дуудлагууд ирж байгаа. Тавдугаар сараас эхлэн ирж эхэлсэн. Манай утас болон Шуурхай удирдлага зохицуулалтын төвд дуудлагуудыг бүртгэдэг. Ирсэн дуудлагуудаас жишээ дурдвал, Чингэлтэй дүүрэг дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу урт цагааны гудамжинд могой харлаа гэсэн дуудлага зургаадугаар сарын 23-ний өдөр бүртгэгдсэн. Энэ нь хотын төвд ч гэсэн могой элбэг байгааг харуулж байна. Бид могойн дуудлагыг хүлээн аваад амьтан, ургамал хамгааллын байгууллагад дамжуулж, тэд заасан байршлын дагуу очиж авч явдаг" гэлээ.
Бамбай хоншоорт могой нь хортой могойн төрөлд багтах бөгөөд биеийн ерөнхий зүс нь хул шарга юм уу хар хүрэн, нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай, сүүл богино бөгөөд хүүхэн хараа нь босоо, нүд хамрын сүвний хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.

Могой нь хот орчим хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, айлын хашаа, орон сууц, аж ахуй нэгж байгууллагын авто зогсоол, автограшаас олдох нь их байдаг. Хур бороо ихтэй үед үерийн усаар дамжих, мөн идэш тэжээл хайн хотын захын хэсгээр могой орж ирж байгаа бол хотын төв хэсэгт хөдөө орон нутагт аялж яваад ирсэн иргэдийн авто машины моторын хэсэгт, ачаа тээшинд тээвэрлэгдэн ирсэн байх магадлал өндөр байдаг.

Бамбай хоншоорт могойноос хэрхэн сэргийлэх вэ?
Хээр тал, ой, уулын бэлд явахдаа:
- Өндөр түрийтэй гутал, зузаан өмд өмсөх
- Газрын ойролцоо гараа шургуулж шалгахгүй байх (модны нүх, чулууны доогуур)
- Ургамал ихтэй, харагдах орчин муу газар анхааралтай алхах
Аялал, амралтын үеэр:
- Гадаа хоноглох бол майхныг газар дээр сайн шалгаж байршуулах
- Хоол, хогны үлдэгдэл, үнэрт зүйлс могойг татаж болзошгүй
- Гутал, хувцсаа өмсөхөөс өмнө шалгах (дотор нь орсон байх магадлалтай)
Могойтой таарсан тохиолдолд:
- Огт хүрч болохгүй
- Аль болох чимээгүй холдох
- Могойг цочоох, уурлуулах үйлдэл хийхгүй байх
Хазуулсан тохиолдолд авах арга хэмжээ
Юу хийж болохгүй вэ:
- Шархыг хөхөж сорох, зүсэх, шанлах (туршиж соруулах) – аюултай!
- Хазсан хэсгийг чанга боох – цусны эргэлт боогдож, эд үхжилт үүснэ
- Архи, согтууруулах ундаа уух – цусны эргэлтийг түргэсгэж, хор тархахад хүргэнэ
- Хэт хөдөлгөөн хийх – хорыг цусанд хурдан тархаана
Зөв арга хэмжээ:
- Тайвшрах – айж сандарвал зүрхний цохилт түргэсэж, хор хурдан тархана.
- Хазуулсан мөчийг хөдөлгөхгүй байлгах – аль болох хөдөлгөөн хязгаарлах.
- Хазсан хэсгийг доогуур байрлуулах – зүрхний түвшнээс доогуур байлгавал хор тархалт удааширна.
- Нэн даруй эмнэлэгт хандах – эмнэлэгт антидот (эсрэг хор) тариулах шаардлагатай.
- Шархыг цэвэрхэн боох – боолтыг сул байлгах, цусны эргэлт таслахгүй байх.
Эмнэлэгт очих хүртэл анхаарах зүйл:
- Хазсан цагийг тэмдэглэх
- Хазуулсан хүний нэр, нас, шинж тэмдгийг хэлэх
- Ямар могойд хазуулсныг мэдэж байвал тайлбарлах (боломжтой бол зураг авах)
Суурьшлын бүсэд могойтой таарсан тохиолдолд ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байх, хэрэв хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг холбогдох байгууллагаас зөвлөжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хотод могой байна гэдэг харамс�##�тай юм. Хүүхдүүд тоглож байгаад хатгуулв�##� яанаа. Могой юунаас дамждаг вэ. Энэ т�##�аар мэдээлэл өгөөч