Нийгэм мэдээ

1800 жилийн өмнөх язгууртны бунхан Ерөө сумаас олджээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгаас 1800 жилийн өмнөх Сяньбийн үеийн хөндөгдөөгүй, язгууртны бунхан олджээ. Энэхүү олдвор нь Монгол Улсад олдсон Сяньбийн үеийн хамгийн анхны томоохон хэмжээний тоногдоогүй, түүхийн өндөр ач холбогдол бүхий олдворт тооцогдож байна. Гол бунхныг хөндөхөөр холбогдох археологийн мэргэжилтэн, судлаачид малтлага  хийж байна.

Орхон Сэлэнгийн сав газарт эртний Сяньбийн  төрт Улс байсан байж болзошгүйг нотлох чухал булш бунхнууд олдож байгааг эрдэмтэн судлаачид онцоллоо.

МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн-гийн судалгааны баг 2019 оны намар тухайн дурсгалт газрыг шинээр нээн илрүүлж, 2022-2024 онд хэмжилт болон “3D” баримтжуулалтуудыг тус тус гүйцэтгэж байжээ. Энэ удаад Сяньбигийн үеийн язгууртны гурван булш, жирийн иргэний хоёр булшны археологийн авран хамгаалах малтлага судалгааг явуулж байгаа аж. Мөн малтлагын явцад язгууртны нэг булш хөндөгдөөгүй анхны байдлаараа байсныг судалгааны багын ахлагч өөрийн цахим хуудаснаа онцлон тэмдэглэжээ.

Тодруулбал, судалгааны багын ахлагч, Археологийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Т.Идэрхангай өөрийн цахим хуудаснаа “Хөндөгдөөгүй булшны тахилын хэсгээс онц сонирхолтой олдворууд илрээд байна. Хамгийн сонирхолтой нь 7 см зузаантай зэрэгцээ 2 модон австай бөгөөд нэг авсыг хөх болон шаргал өнгийн зузаан даавуугаар бүрэн ороож тавьсан нь маш сайн хадгалагджээ. Авсны толгой хэсгийн даавуун дээр хар бэхээр зураг, тэмдэг зурсан нь хүртэл маш сайн харагдана.

Малтлагаас хар болон зээрд (хондон) зүсмийн модон 2 морь, модон сүйх тэрэг, ташмаг хэлбэрийн шавар ваар болон өөр бусад онц сонирхолтой олдворууд тахилын хэсгээс гараад байна. Малтлагын явцад ажиглаж байхад тус бунхан Хүннү, Сяньбигийнязгууртнуудын бунхан үйлдэх завсрын хэв шинжийг агуулж байгаа юм. Учир нь тус бунхныг сяньбичүүд үйлдэхдээ газрын гүн хөмөглөж бус Хүннүгийн язгууртны булш шиг газарт дөрвөлжин нүх ухаж дүнз зангидаж бунхан байгуулжээ. Гэтэл олдворууд болон булшны гадаад бүтцийн хувьд усан татаал шуудуутай, түүний дотор шороон овгор байгууламж хийсэн нь сяньбигийн бусад газарт малтсан дурсгалуудтай ижил ажээ. Эндээс л гэхэд Хүннү, Сяньбигийн язгууртны бунхны хувьсал өөрчлөлт хэрхэн явагдсаныгхарах боломжийг олгож буйгаараа түүхэн чухал нотолгоо болж байгаа юм” гэж судалгааны явцын талаар мэдээлэл хүргэсэн байна.

Олдворуудыг зөөж тээвэрлэх, хадгалж хамгаалах, сэргээн засварлах ажил дээр Соёлын яам, Соёлын Өвийн Үндэсний Төв-ийн мэргэжлийн судлаачид болон бусад мэргэжлийн байгууллагын судлаачид хамтран ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button