“Лозанн-2020”: Монголын биатлончдын амжилтыг 52 жилийн дараа 17 настнууд буухиалав

Энэ сарын 9-нд эхэлсэн залуучуудын өвлийн олимпийн III наадам Швейцарь улсын Лозанн хотод үргэлжилж байна. 70 орны 1800 гаруй тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж буй наадамд Монгол Улс цана, биатлоны төрөлд зургаан шилдгээ сойж байгаа юм.

Тэднийг Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал ахалж байна.

Монголын биатлончид тэмцээнээ өчигдөр дуусгалаа. Эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Э.Энхсайхан 12.5 км зайд 99 тамирчнаас 12, 7.5 км-т 99 биатлончоос 49 дүгээр байрт шалгарав.

Эмэгтэйчүүдийн ангилалд хурд, цэц сорьсон Ч.Бямбасүрэн 10 км-т 97 тамирчнаас 87, 6 км-т 97 биатлончоос 83 дугаар байрт орлоо.
Э.Энхсайхан 12.5 км зайд 36 минут, 50.9 секунд хурдалсан амжилтаар 12 дугаар байрт шалгарсан нь “Лозанн-2020”-д гаргасан Азийн тамирчдын хамгийн өндөр амжилт.

17 настай Ч.Бямбасүрэн, Э.Энхсайхан нар “Лозанн-2020”-д эрх аваад, монгол биатлончид залуучуудын өвлийн олимпод анх удаа өрсөлдсөнөөрөө онцлогтой. Монголын биатлончид 1964 оны Инсбрукийн өвлийн олимпод түүхэндээ анх удаа өрсөлдсөн билээ. Тус олимпод Монголоос Б.Дамдинжав, Б.Дашгай, Ц.Данзан нар оролцсоноос Б.Дамдинжав 31 дүгээр байрт шалгарсан.

Дараагийнх нь буюу 1968 оны өвлийн олимпийн биатлоны төрөлд Б.Дамдинжав, Б.Дашгай нар өрсөлдсөн түүхтэй.
Түүнээс хойш 52 жилийн дараа 17 настнууд болох Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн нар залуучуудын өвлийн олимпод өрсөлдөн, Монголын биатлончдын амжилтыг буухиалав.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.