
Eguur News агентлагийн бэлтгэсэн нийтлэлд “Статистикийн байгууллагаас 2024 оны сүүлээр нийт 108,378 ААН идэвхтэй үйл ажиллагаа явуулж. 2025 оны есдүгээр сарын байдлаар нийт 16,159 аж ахуй нэгж татварын байгууллагад дансаа хаалгасан бодит дүр зурагтай байна. Үүнээс нийслэл дүүргийн татварын албад 11,498, аймгийн татварын албад 4,661 ААН-ийн дансыг хаалгасан” тухай бичсэн билээ. Аж ахуй нэгжүүдэд өнөөдөр энэ нөхцөл хэрхэн тусаж байгааг бид ийн онцолж байна.
Бизнес эрхлэгч, “Алтан дүрэм” компанийн захирал Ч.Хантүмэнтэй ярилцлаа.
-Нийгмийн даатгал, НӨАТ гэдэг хоёр татвар аж ахуй нэгжүүдийг хөл дээр нь сөхрүүлж байгаа-

-Танай компани байгуулагдаад хэдэн жил болж байна вэ?
-Манай компани 2007 онд байгуулагдсан. Бүр бизнес хийж эхэлсэн гэвэл 1994 он.
-Компани, ААН байгуулахад бичиг баримт бүрдүүлэлтээс эхлэх байх, бэрхшээлүүд тулгардаг уу?
-Хүн бүр очоод 200 мянган төгрөг төлөөд, тамгаа аваад компани нээчхэж болно. Яг хүнс, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол суурь нь сайн байх хэрэгтэй. Жишээлбэл, жижиг зах зээлтэй учир агуулах нь байх ёстой. Мөн хаагуур түгээлт хийж, ямар дэлгүүрүүдээр худалдаалах гэхчлэн нарийн зүйлүүд бий л дээ. Бичиг баримт бүрдүүлэхэд нэг их асуудалгүй. Гол нь бүтээгдэхүүнээ оруулж ирэх, стандартын дагуу хадгалах, худалдан борлуулах зэрэг эдгээр үйл явц дээр өндөр зардал хэрэгтэй.
-Ойролцоогоор тийм хэмжээний мөнгө, эргэлтийн хөрөнгө хэрэг болно гэдэг ерөнхий тооцооллууд бизнесээсээ хамаараад харилцан адилгүй байх?
-Тодорхой хэлэх боломжгүй л дээ. Нэлээд хэдэн сая төгрөг хэрэг болох байх. Юмны үнэ, үнэлэмж их нэмэгдэж байна. Миний анзаарснаар хүмүүс дэлгүүр, кафе, ресторан ч юм уу эхлүүлэхдээ зардлуудаа сайн тооцдоггүй санагддаг. Өнөөдөр би энийг аваад, зараад байна гэж бодоод байгаа боловч цаана нь ус, цахилгаан, нэмээд өөрөө ажиллаж байгаа учраас өөрийнх нь зарлага гээд маш олон төрлийн зардлууд явж байгаа. Эдгээрийг тооцохгүйгээр ашигтай ажиллаж байна гэж бодоод л байдаг, нэг мэдэхэд мөнгө ч үгүй, юу ч үгүй болчихдог. Өөрөөр хэлбэл маш нарийн тооцоолол хэрэгтэй.
-Та одоо хэдэн хүн цалинжуулж байна?
-Манайх одоо 25 хүнтэй.
-Анх хэдэн хүнтэй эхэлж байсан бол?
-Би жилийн өмнө ажлаа авсан. Тэр үед арван нэгүүлээ байсан.
-Жилийн дараа хүний нөөцөө 15 хүнээр тэлсэн байна. Мэдээж үүнийг дагаад төлж буй татварын хувь хэмжээ нэмэгдсэн байгаа. Танайх хэр өндөр татвар төлж байна, нэмээд татвараас хэр зэрэг дарамт ирж байна?
-Мэдээж өндөр байгаа. Яг нийгмийн даатгал, НӨАТ гэдэг хоёр татвар аж ахуй нэгжүүдийг хөл дээр нь сөхрүүлж байгаа. Хүн цалинжуулж ажилласныхаа төлөө өрөнд ороод байгаа нь нэгдүгээрт болохгүй байна. Хоёрдугаарт, нийт компаниудын 90 хувь нь НӨАТ төлдөггүй учраас зөрүүлээд өрөнд орчихдог. Бид хэдий борлуулалт хийж байгаа ч буцаад янз бүрийн зардал гарна. Жишээлбэл, гялгар уут, скоч, бээлий гээд олон зүйл худалдаж авах хэрэгтэй болно. Эдгээрийг худалдаж байгаа газрууд харин НӨАТ-гүй зардаг. НӨАТ-гүй зарж байна гэдэг нь улсын хилээр хууль бусаар оруулж ирсэн, татвар төлөөгүй бүтээгдэхүүн байна аа гэсэн үг. Эсвэл өөрсдөө татвараа төлөхгүй, хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. Ийм л асуудал байгаа юм. Үүнээс НӨАТ-ын асар их зөрүү гараад бид өрөнд орчихдог.
Би бол нийт эдийн засгийн 70 гаруй хувийг саарал гэж таамагладаг. Монголбанкныхан бол өөрөөр ярьж байна лээ. Цаасан дээр өөр л байдаг байх. Гэхдээ гараад харангуут яг НӨАТ өгдөг, албан ёсоор татвараа төлдөг компаниуд хэд билээ. Зах руу орвол нэг ширхэг ч компани байхгүй шүү дээ. Ялангуяа хүнсний салбарын бараг 70 хувь нь НӨАТ өгөхгүй байгаа гэж хэлж болно. Хэдэн том сүлжээ дэлгүүрүүд л өгч байгаа байх. Арай гайгүй дэлгүүрүүд нь хувь хүн дээр НӨАТ өгч байгаа байх. Харин байгууллага дээр НӨАТ өгч, татвар төлж байгаа тохиолдол ховор гэж хэлж болно..
-Жишээлбэл танайх татвараа төлөөд хуулийн дагуу үүргээ биелүүлж байна. Нөгөө талд татвар төлөхгүй хэр нь ялгаагүй ашиг олдог газрууд байна. Гэтэл танайх ч юм уу татвар төлсөн нь бусад газруудаас давуу байдал эдэлж чаддаг уу?
-Чадахгүй, ямар ч давуу тал байхгүй. Монгол Улсад одоогийн байдлаар татвар төлсөн нь илүү хурдан дампуурдаг, төлөөгүй нь амьд үлдээд, илүү явж байна. Татвар төллөө гээд ямар ч хөнгөлөлт байхгүй. Заа больё, өөр ямар нэг хөнгөлөлт байж болно оо доо. Та нар 10, 20 жил үйл ажиллагаагаа явуулаад Монгол Улсад тийм тэрбум төгрөгийн татвар төлчихсөн байна. Энэ мөнгөөр чинь бид хэчнээн сургууль, цэцэрлэг барьсан байна, баярлалаа. Одоо та бүхэн ажиллаж байгаа ажилчдадаа зориулаад ипотекийн зээл авбал бид дэм болно. Эсвэл танай ажилчдад татварын янз бүрийн хөнгөлөлт үзүүлнэ гэдэг ч юм уу бусад улс орон шиг байж болно шүү дээ. Гэтэл манайд эсрэгээрээ татвар төлсөн нь дампуураад байна. Ямар ч бизнес НӨАТ төлөөд л эхэлбэл, өрөнд ороод больё, больё гээд зогсчихдог болсон.
-Энэ хугацаанд тэгээд нэг ч удаа татварын хөнгөлөлт эдлээгүй гэсэн үг үү?
-Юу ч авч байгаагүй. Авна ч гэж бодохгүй байна. Авчихвал дараа нь ингэсэн, тэгсэн гээд бөөн юм болох байх.
-Өрсөлдөж байгаа компаниуд бараагаа гаалиар нууж оруулж ирдэг, хоёр тайлан гаргадаг-

-25 хүн цалинжуулж байна. Эдгээр ажилчдынхаа байр орон сууц, унах унаа ч гэдэг юм уу нийгмийн асуудалд анхаарах, дэм болох сөхөө байна уу?
-Ямар ч боломж байхгүй. Өрсөлдөж байгаа компаниудаа харахаар татвар төлдөггүй, гаалиар бараа бүтээгдэхүүнээ нууж оруулж ирдэг, эсрэгээрээ хоёр тайлан гаргадаг ийм байна. Хоёр тайлан гаргаж байна гэдэг маань татвараас зайлсхийж байгаа хэлбэр. Тэгсэн хэр нь эдгээр компаниуд яг бид нартай адил зээл авдаг. Жишээлбэл, арилжааны банканд очоод хар дэвтрээ үзүүлээд, бид татвараас ингэж мөнгөө нууж байгаа, энэ бол манай нууж байгаа мөнгө. Харин энэ бол татвараа төлж байгаа мөнгө нь гэж үзүүлээд яг манайхтай адил зээл авчихдаг. Шударга бусаар бизнес эрхэлж байгаа хүмүүс нь шударгаар бизнес эрхэлж байгаа хүмүүстэй ижил зээл авна гэсэн үг. Эндээс бүтээгдэхүүний үнийн ялгаа үүсэх шалтгаан бий болж байгаа юм.
Жишээлбэл, манайх бүх зардлуудаа шингээгээд нэг бүтээгдэхүүнийг 1,500 төгрөгөөр зарлаа гэхэд нөгөө компани хоёр дахин бага зардал гаргаж байгаа, татвар огт төлөхгүй байгаа учраас бүтээгдэхүүний үнэ нь 300-400 төгрөгөөр бага. Ингээд харахаар зах зээл дээр өрсөлдөх ямар ч боломжгүй болчихдог. Худалдан авагчид мэдээж үнэ хямдыг нь л авна. “Өө энэ татвар төлдөг юм байна. 400 төгрөгөөр үнэтэйг нь авъя” гэхгүй. Тийм хүмүүс зууд арав л байх.
-Гаалиар бараагаа нууж, татвар төлөхгүйгээр оруулж ирдэг компаниуд олон гэлээ. Харин хууль ёсоор оруулж ирдэг компаниуд харьцангуй цөөн юм байна. Эдгээр компнаниуд хил, гааль дээр хэр асуудалтай тулгардаг бол. Жишээлбэл танайх Японоос оруулж ирж байна?
-Япончууд бизнесийн өндөр ёс зүйтэй учраас хууль бусаар гэх ойлголт байдаггүй, боломжгүй. Хүлээн зөвшөөрөхгүй бас ойлгохгүй. Тийм учраас манай компанийн нэр хүртэл “Алтан дүрэм”. Алтан дүрмээрээ л явж байна. Маш олон жил үйл ажиллагаа явуулаад тогтворжчихсон. Сүүлийн жил гаруйн хугацаанд тэлэх гээд л үзээд байна. Гэхдээ яг энэ үед нүүрсний үнэ хямраад, зах зээл хэцүүдэж байна.
Хил гааль талаасаа та бүхэн ч анзаарч байгаа байх.
Жишээлбэл, өнөөдөр хүмүүс бүгдээрээ “Taobao” ч юм уу “Alibaba” ч юм уу Хятадаас ямар ч хамаагүй барааг татваргүй оруулж ирж болж байгаа. Хууль нь өөрөө 900 доллараас доош дүнтэй хувь хүний барааг Монгол Улсын хилээр татваргүй оруулж ирнэ гээд заачихсан. Өдөр бүр урдаас 10, 10 хайрцгаар нь татвар төлөхгүй бараа оруулж ирээд хэдэн ч төгрөгөөр хамаагүй, хяналтгүй зарж байна гээд бод доо. Тийм учраас шударга өрсөлдөөн гэж алга. Өөрөөр хэлбэл бизнесийн орчин ямархуу байгааг харуулж байна. Ийм байж болохгүй шүү дээ. Яг ижил л байх ёстой.
-Хүнсэн дээр хяналт гэж ярьсных манай улс Мэргэжлийн хяналтын газраа татан буулгачихсан. Чиг үүрэг нь яам руу шилжсэн. Орлож чадаж байгаа болов уу?
-Жишээлбэл, одоо манай агуулахыг шалгаж байна. Манайх бол аль хэдий нь савлачихсан, Япон улсад үйлдвэрлэж байгаа нөөшилсөн бүтээгдэхүүн оруулж ирдэг. Энэ улс эрүүл хүнсээрээ дэлхийд дөрөвдүгээрт ордог. Нэмээд өөрсдийнх нь идэж байгаа бүтээгдэхүүнийг нь тэндээс стандартын дагуу авчраад, энд борлуулж байхад биднийг шалгаж байна. Уул шугамдаа бол задгай худалдаалагдаж байгаа мах, ногоо гэдэг ч юм уу ийм хүнсээ шалгах нь зөв байх. Хаанаас ирсэн мах юм, стандартын дагуу хадгалж байна уу гэдэг ч юм уу. Гутлаараа гишгээд л явчихдаг шүү дээ. Барс зах бол хулганатай. Ийм байхад алийг нь шалгах ёстой юм, бодох л асуудал. Жишээлбэл, зарим хүмүүс хүнсний бүтээгдэхүүнээ кантнерт хадгалаад хөлдөөчихсөн, тэр бүтээгдэхүүнүүдээ гэсгээгээд зарж байдаг. Гэсэн ч хариуцлага тооцдоггүй.
Ер нь мэргэжлийн хяналт стандарт хангасан агуулахтай компаниудаа шалгаж, дарамталж, эд нар л болохгүй байгаа гэж торгохын тулд араас нь дайрдаг тийм л байгууллага. Сая нэг хэсэг төсөв бага байгаатай холбоотойгоор гадуур явж захуудыг торголоо л доо. Бүгдийг нь торгосон. Мэдээж торгох гээд явж байгаа учир ямар нэг шалтгаан, алдаа гарч ирж л таарна. Гэсэн ч захын эзэн хэзээ ч торгуулдаггүй. Учир нь түрээслүүлэгч. Харин тэнд зүтгэж байгаа худалдаа эрхлэгчид торгуулдаг. Захыг хэрэв 40 сая төгрөгөөр торголоо гэхэд зах нь түрээслэгчдэдээ хувааж, мөнгө хураагаад төлчихнө. Гэсэн ч захуудын нөхцөл байдал, орчин огт өөрчлөгдөхгүй. Хэдэн жилийн өмнөх тэр дүр зургаараа. Харин эзэд нь энд тэнд барилга бариад л, томроод явчихдаг. Энэ хүмүүсээс татвар авдаг эсэх ч асар тодорхойгүй.
-Мэргэжлийн хяналтын ард өөр зорилго нуугддаг болсон гэж хэлэх хүн олон байна?
-Би бол хоёр талтай хардаг. Өмнө нь мэргэжлийн хяналт гэж тусдаа бүтэц байхдаа зөвшөөрөлтэй үгүй нь мэдэгдэхгүй хятад хоолны газруудад хяналт тавьж, их явдаг байсан. Үйл ажиллагааг нь сайжруулаад, торгохыг нь торгоод. Одоо байхгүй болчихоор эдгээр газрууд олширч байна. Тиймээс нэг талаасаа ингэж ажиллах нь зөв. Харин нөгөө талаасаа өрсөлдөөнийг нь боомилоод байдаг.
-Манай улс цаашид ч үйлдвэрлэгч болох боломжгүй-

-Танай байгууллага татвар дээр мэдээж өртэй байх. Өргүй газар бараг байдаггүй шүү дээ?
-Татварт НӨАТ-ын асар өртэй. Гэрээгээ хийгээд, хуваарийн дагуу төлөөд л явж байна. Өр цаашдаа улам л нэмэгдэх байх. Өнгөрсөн есдүгээр сар жилийн хамгийн муу сар байлаа. Уг нь жилийн хамгийн муу сар нэгдүгээр сар байдаг. Шинэ жилээр маш их мөнгө зарлагадчихсан хувь хүмүүс, байгууллагууд нэгдүгээр сард нэг их “хөдөлгөөн хийдэггүй”. Гэтэл өнгөрсөн сарын борлуулалт нэгдүгээр сарынхтай харьцуулбал хамаагүй муу байсан.
-Юу нөлөөлөв?
-Эдийн засгийн хувьд манай улс мөнгөгүй болчихлоо. Хүмүүс худалдан авалт хийхгүй байна. Орлого нь багасаад ирэнгүүт хэрэглээгээ танаж эхэлж байна гэсэн үг. Яг шаардлагатай зүйлүүдээ л авч байна. Макро эдийн засгаараа мөнгө олж байгаагаа бодох хэрэгтэй л дээ. Манайхан өөрийгөө сайн ажиллаж байгаа учраас дэлгүүрт нь орлого сайн орж байна гэж боддог. Үгүй л дээ. Дэлгүүр нь Өмнөговьд байгаа учраас, уурхайчид тэнд байгаа учраас дэлгүүр нь ашигтай сайн байгаа юм.
Бидний зарж байгаа нүүрс, зэс их байх тусам орлого их байна. Угаасаа манайх импортын улс шүү дээ. Үйлдвэрлэх боломж байхгүй. Хэдэн жижигхэн үйлдвэр л байгаа. Хүмүүс манайх үйлдвэрлэл хийж болно гэдэг. Хэрэв хийж болох байсан бол энэ олон их наядын хөрөнгөтэй “АПУ”, “ЭМ СИ ЭС” зэрэг том, том компаниуд хийдгээ хийчихнэ шүү дээ. Тиймээс цаашид ч үйлдвэрлэгч байх боломжгүй. Тодорхой тооны, ашигтай байх жижигхэн зүйлүүдийг л эх орондоо үйлдвэрлэж болох байх.
-Хоёр их гүрнээс хараат гэдгээ нийтээрээ хүлээн зөвшөөрчихдөг бол амар ч юм уу?
-Угаасаа л ийм хувь заяанд төрчихсөн хойно хүлээн зөвшөөрөөд гадаад харилцаагаа маш сайн болгох хэрэгтэй, минийхээр бол. Би хувьдаа улсынхаа гадаад харилцааг муу байгаа гэж хардаг. Урд, хойно байгаа энэ хоёр улсынхаа учрыг олчихвол уг нь гуравхан сая хүн шүү дээ. Нэг сая таван зуун мянга нь хүүхэд. Бид Хятадын 2.5 сая хүнтэй хотоос л ядуу амьдраад байна. Гадаад харилцаагаа өөд татаад, зардаг юмнуудаа боломжтой үе дээр нь зараад, хэрэглэхээ хэрэглээд хүмүүсээ гялс ухаантай болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл иргэдээ боловсролтой болгох чухал. Хүн рүүгээ хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж хардаг.
-Зээлгүй газар гэж байхгүй болсон, танайх хязгаартаа тулсан уу. Төлөлт, зээлийн хүү хэр өндөр вэ?
-Зээлийн хэмжээ тулчихсан байгаа. Төлөлт их өндөр.
-Банкны зээлийн нөхцөл ер нь ямар байдаг юм бэ?
-Олон жил үйл ажиллагаа явуулсан учраас ерөнхийдөө гайгүй. Гэхдээ банкнууд бизнес эрхлэгчдээ дэмжиж байна гээд зээл өгдөг боловч албан ёсоор үйл ажиллагаа явуулж, татвараа 100 хувь төлж, нэг тайлан гаргадаг компаниудаа “хутгалаад” байдаг. Өөрөөр хэлбэл хоёр тайлан гаргадаг, татвараас зугтдаг компаниуд нь ч ижил зээл олгочихдог. Яагаад банк татвараас зугтдаг компанийг дэмжээд байгаа юм, болохгүй шүү дээ. Тиймээс банкны тухай хуульд өөрчлөлт оруулаад үүнийг болиулах хэрэгтэй гэж хардаг.
Яагаад би энд татвар төлөөд бусад нь төлөхгүй бизнес хийгээд байгаа юм. Яагаад ийм зүйлийг хүлээн зөвшөөрөөд байлгаад байдаг юм. Энэ бол маш утгагүй зүйл, харьцангуй ойлголт. Нэг бол бүгд төлье, үгүй бол бүгдээрээ больё. Болих шиг амархан юм алга.
Хүмүүс харж л байгаа байх. Фэйсбүүкээр бараа, бүтээгдэхүүн зардаг маш олон хүн гараад ирлээ. Бүр хэдэн мянгаараа. Эдгээр хүмүүс түрүүн ярьсан шиг 900 доллароос доош дүнгээр бараагаа авна, татвар төлөхгүй. Өдөр бүр нэг, хоёр хайрцаг бараа тогтмол урдаас ирж байдаг. Энэ бол худалдааны аргаар мөнгө угааж байгаа хэлбэр. Үүнийг гол нь банк, гааль дэмжээд байна. Хятадын хэн нэгэн хүн рүү эндээс та ч юм уу мөнгө шилжүүлээд, нөгөө хүн нь татвар төлөхгүйгээр, экспорт хийхгүйгээр Эрээн рүү явуулчихдаг. Эрээнээс тэр барааг нь авч гарч ирдэг бүтэн систем ажиллаж байна. Нэг хайрцгаас 10,000 төгрөг аваад л оруулчихна. Уг нь доторх бүтээгдэхүүнийх нь 15 хувийг авах ёстой шүү дээ. Үүнийгээ монголчууд болихгүй, бүр авлигын систем үүсгэчихсэн байна.
-Ийм хүнд нөхцөлд бизнесүүд бор зүрхээрээ гэдэг шиг явж байна. Бизнес мэдээж ашиг олох зорилготой. Танайх жишээлбэл ингэж шударгаар ажиллаад ашиг хийж чадаж байна уу?
-Бизнесийнхээ ашгийн тавны дөрвийг нь би улсад төлөөд зардал болгож байгаа. Үнэнийг хэлэхэд комеди, хөтлөлтөө хийгээд, сурталчилгаанд тоглоод явбал хамаагүй дээр мөнгө олохоор. Гэхдээ ирээдүйгээ хараад, энэ бизнес томрох юм бол ашигтай даа гээд явж байна. Ер нь нэг тайлан гаргадаг компани нэлээн хэцүү. Монголд хамгийн ашигтай нь банк бус санхүү, мөнгө хүйлдэг бизнесүүд л байна. Амар ч юм, өөрийгөө хөрөнгө оруулагч гэж нэрлээд, хойш суугаад л.
-Татварын багц хуулийн шинэчилсэн найруулга явж байна. Хувь хүн 500 мянга хүртэлх худалдан авалтын буцаалт авдаг болно гэдэг ч юм уу?
-Энэ бол үнэхээр утгагүй. Авч байгаа цалин чинь хэдэн төгрөг билээ. Хэдийг нь буцааж авах билээ. Зүгээр л улстөрчдийн худлаа аргацааж байгаа хэлбэр.
-Энэ хуульд ААН-үүдийг дэмжих ийм өөрчлөлт ороод ирвэл ачаа арай хөнгөрнө гэдэг хүлээлт байна уу?
-Ийм хууль гэхээсээ илүү бизнесийн орчноо шударга болгочихвол өөрсдөө учраа олоод явчихна. Компани жижиг, дунд байхаас үл хамаарч бүгд адилхан нэг татвар төлье. Чадаж байгаа нь урагшлаад, бизнесээрээ өрсөлдөөд явъя л гэдэг зарчим.
Нэмээд бид ийм зүйлийг ойлгох хэрэгтэй. Дарга нар ихсэх тусам бидний зардал ихсээд байгаа. Биднээс авдаг мөнгө улам л нэмэгдээд байна гэсэн үг. 20 хүнд нэг дарга байна гээ биз дээ. Яаралтай энэ хүмүүсийг цөөлөх хэрэгтэй. Дарга нарын идэж байгаа хоол, бөгсөө арчих цаас нь хүртэл бидний төлдөг татварын мөнгөнөөс гарч байна. Таны, миний төлсөн нийгмийн даатгалын мөнгөнөөс тэр хүн бөгсөө арчаад явж байгаа, ямар ч шаардлагатай юм. Яах вэ, ийм хөгжиж байгаа оронд хийх юм зөндөө бий байх, мэдэхгүй. Гэхдээ яг одоо хийх шаардлагатай юу гэдэг асуултын тэмдэг. Эхлээд бизнесийн орчноо тайван, шударга болгоод явбал хаа хаанаа хэрэгтэй юм болов уу гэж хардаг. Манайх шиг компаниуд сая маш олноороо дампуурлаа.
-Татвар төлдөг, төлдөггүй хоёр компани. Гэхдээ адилхан худалдаа эрхэлдэг. Ялгаа нь хэрхэн анзаарагдаж байна?
-Би энэ зүйлийг ярихаас айж байна. Гэхдээ бодит үнэн. Манай компани НӨАТ төлдөг, хүнсний худалдаа эрхэлдэг. Хүнс гэдэг үнийн дүн багатай, ажиллагаа ихтэй. Өдөрт ойролцоогоор 20-30 хайрцаг юм задлаад өрнө. Нийгмийн даатгалаа төлөөд худалдааны зөвлөх цалинжуулна.
Гэхэд огт нийгмийн даатгал төлдөггүй жижиг дэлгүүрүүдийн өдрийн цалин 80,000 төгрөг. Үүнийгээ бэлнээр өгнө, өдөр өдөрт нь. Ингээд харвал өдрийн цалин нь манайхаас хамаагүй дээр болж таарна. Дээрээс нь энэ чинь огт өөр гутал ч юм уу хувцасны худалдаа. Юу ч хийхгүй. Залуучууд ийм ажилд илүү дуртай. Мэдээж хэн ч гайгүй цалин өгч байгаа, ачаалал багатайг нь сонгоно шүү дээ.
Харин цалингийнх нь 30 хувийг улс авчихдаг ийм ажилд хэн дуртай, аз жаргалтай байх вэ. Тэр хүн энэ ажлын байран дээр тогтох уу. Гэтэл яг дээд давхарт нь гутал, пүүз зардаг хийх ажил байхгүй, сууж л байдаг тийм ажил байна. Гээд харахаар бизнесийн орчин нь утгагүй байгаа юм. Яагаад татвар төлөхгүй, үүнийг нь зөвшөөрөөд байгаа юм гэдэг сонин. Би бол Сангийн яам, Татварын ерөнхий газар юу ч хийхгүй, бизнесийн орчноо эрүүлжүүлэхгүй байна л гэж хэлнэ. Энэ газруудад хянах бүрэн боломж нь байгаа шүү дээ. Хувь хүн, компаниудын дансыг шалгадаг болчихсон юм чинь тэдэн сая, тэрбумаас дээш орлого олж байгаа компаниудын жагсаалтыг гаргаж ирээд дүүргүүд нь дуудаж уулзаад, шаардлагаа тавихад л болчих асуудал.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэхээр яг голыг нь хэлжээ, шударгаар ажиллаж татвар төлж байгаа хүмүүсийг дарамт�##�даг системтэй болсон байна, тэгээд хууль зөрчигчид нь амар амг�##�ан оршдог үнэхээр шударга бус байд�##� шүү
Энэ чинь бодит үнэн шүү дээ, татвар төлөгч бизнесүүд шахагдаад, харин татвар төлөхгүй хүмүүс илүү дэвжээд байна, ийм улсад хэн бизнес хийх юм бэ, бүгд л больё гэдэг болсон
НӨАТ төлдөг, тайлангаа гаргадаг нь өрөнд ордог гэдэг үнэхээр инээдтэй ч бас гунигтай, системийг өөрчлөхгүй бол хэн ч шударгаар ажиллахгүй болчихлоо шүү
Га�##�иар нууж бараа оруулдаг асууд�##� олон жил яригдаж байна, хян�##�т тавих ёстой байгууллагууд нь өөрсдөө оролцчихсон болохоор яах ч аргагүй болсон байх даа
Энэ бүхнийг уншаад үнэхээр уур хүрлээ, аж ахуй нэгжүүд ингэтлээ дарамтад орсон байхад төрийн байгууллагууд хариуцлага хүлээхгүй сууж байгаа нь утгагүй
Хүнсний бизнес эрхлэх гэж үнэхээр хэцүү болсон, үнэ өсөөд, борлуул�##�т багасаад, дээрээс нь татварын дарамт нэмэгдээд бүр ч хүндрэлтэй
Нийгмийн даатг�##�ын хувь хэмжээ арай хэтэрсэн байгаа шүү, ажил олгогч бүр нэг хүний араас 40 хувь шахам төлдөг, тэр мөнгө нь яг хаашаа явдаг юм бол
Миний найз нэг жижиг цайны газар ажиллуулдаг, татварын дарамтаас болоод зүгээр хаачихсан, ингэж байт�##� хэн ААН байгуулах вэ дээ
Га�##�ийн 900 долларын хязгаар гэдэг бол татвар төлдөггүй худ�##�даачдад хэт ашигтай, яг бизнес хийж байгаа хүмүүсийг буланд шахаж байгаа хэрэг
Банкнууд ч гэсэн асууд�##�тай шүү, татвараа төлдөггүй компанид ч ижил нөхцлөөр зээл өгдөг гэж үнэхээр байж боломгүй зүйл
Хүнсний хян�##�т гээд ш�##�г�##�т хийдэг нь дандаа стандарт хангасан газрууд руу орж дарамт�##�даг, харин үнэхээр бохир заваан газрууд бол хэзээ ч ш�##�гагддаггүй
Энэ бүхнийг бодоход бизнесийн орчин үнэхээр эрүүл биш байна, шударга өрсөлдөөн гэж үгүй болсон, бүгд л амь зогоохын тулд зүтгэж байна
Улсын хөгжил гэдэг чинь татвар төлөгчдийн хүчээр явдаг шүү дээ, гэтэл тэднийг шахаж байгаад дампууруулб�##� улс чинь яаж тогтвортой байх вэ
Бүгд л татвар төлөгчид шүү битгий дандаа ингэж поп зүйл ярь тэгвэл та нар багш эмч хий
Манай нөхөр ч бас жижиг ААН эрхэлдэг, яг ийм асууд�##�тай тулгардаг, нийгмийн даатг�##�, НӨАТ хоёрын дарамтаас болоод ашиг нь бараг тэг, хүмүүс ажил хийх сонирхолгүй болчихсон
Би хувьдаа боддог юм, татвар төлдөг хүмүүсээ урамшуулах ямар нэг бодлого гаргах ёстой, жишээ нь зээлийн хүүг бууруулах, эсвэл хөнгөлөлт үзүүлэх ч юм уу
Дарга нарын тоо үнэхээр хэтэрсэн, бүгд татварын мөнгөөр ц�##�ингаа авч байгаа, энэ системийг багасгахгүй бол ямар ч бизнес тогтвортой явахгүй
Дарга гээд тусгай биологийн биет байхгүй. Бөгсөө арчихгүй яадгийн м�##�аа!
ЭНЭ БОЛ ӨЧҮҮХЭН АСУУДАЛ. ҮҮНЭЭС ГАДНА АСАР ИХ ХЭМЖЭЭГЭЭР АВИЛГА АВЧ, ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГАА. ТЭР МӨНГӨ НЬ БАС Л АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ААН-ИЙН ЗАРДАЛ ХЭЛБЭРЭЭР БИДНИЙ ТАТВАРААС ГАРЧ БАЙГАА.
Бүгдээрээ ТҮК-ийн ажилчин, автобусны жолооч болцгооё! Сайн ц�##�интай, санаа амар, гэдэс цатг�##�ан! Өглөө үүрээр босох нь жоохон тийм, гэхдээ сурчих байх өө.