УЛС ТӨРУлс төрийн мэдээЭдийн засгийн ярилцлага

Ж.Дэлгэрсайхан: ААН-үүдийг дэмжиж байж эдийн засгийн өсөлтийг тэлнэ. НӨАТ-ын шинэчлэлийг 10 сараар хойшлуулсан нь сайн зүйл биш

Ирэх 2026 оны төсвийг энэ сарын 15-аас урьтаж баталсан билээ. Үүнтэй холбоотойгоор ирэх оны төсөв, эдийн засгийн ерөнхий төсөөлөл ямар байгаа талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

2026 оны төсөв олон талын дарамт, сорилт давж батлагдсан төсөв

-Ирэх оны улсын төсөв улс төрийн нэлээдгүй дуулиантай үйл явдлын үеэр хугацаандаа батлагдлаа. Цахим орчинд урьд өмнө байгаагүй маш муу төсөв гэх шүүмжлэл ч авсан. 2026 оны төсөв хэр бодитой, тооцоо судалгаатай, ямархуу төсөв батлагдав гэж харж байна вэ?

-Ирэх оны улсын төсвийг сайн, муу гэж үнэлэхдээ зайлшгүй өмнөх онуудын төсөвтэй харьцуулж харах хэрэгтэй. Миний хувьд энэ жилийн төсөв бодлогын хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй сайжирсан гэж үзэж байна. Учир нь 2021 оноос хойш төсвийн зарлага жил бүр бараг 30 орчим хувиар өсөж ирсэн. Төсвийн орлого ч мөн 26%-аар тэлсэн тул орлогын өсөлтөө дагаад зарлага хэт хурдтай өссөн. Энэ нөхцөл байдлыг мэргэжилтнүүд өмнө нь ч анхааруулж байсан. Бид жилийн дотор төсвөө 50–60% өсгөсөн. 2024 болон 2025 оны төсвийг хэт өндөр зарлагатай төлөвлөсөн гэж ярьж байсан. Жишээлбэл, 2023–2024 онд урсгал зардал, цалин хөлсний зардалыг 40–50% нэмчихсэн байсан.

Эндээс харахад 2026 оны төсөв бодлогын хувьд илүү бодитой болсон. Нэгдүгээрт, 2024 онд төсвийн зарлага ДНБ-ий 38.3% хүрсэн нь төрийн оролцоо хэт өндөр болсны илрэл байсан. Тэр үед 14 мега төсөл зэрэг томоохон санаачилгуудтай холбоотойгоор зарлагын төсөөлөл хэт өссөн байсан. Харин ирэх оны төсөвт 6%-аар бууруулж, 32,2% болгосон нь бодлогын хувьд эерэг өөрчлөлт. Төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшлийг дэмжих тухай бид олон жил ярьсан ч бодитой тоон үзүүлэлтээр илэрсэн нь энэ юм.

Мөн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд Засгийн газар зарлагын хэмжээг 28% орчимд хүргэнэ гэж тусгасан нь олон улсын жишиг, эдийн засгийн судалгаанд суурилсан ерөнхий чиг хандлагатай нийцэж байгаа ч цаашид илүү оновчтой болгох шаардлагатай.

Дараагийн чухал зүйл нь төсвийн эрх зүйн шинэчлэл. 2023, 2024, 2025 онуудад хийгдсэн эдгээр шинэчлэл маш чухал суурь тавьсан. Тухайлбал, төсвийн хөрөнгө оруулалтын саналыг боловсруулахдаа олон нийтийн оролцоог хангадаг болсон. Сангийн яаманд төсвийн санал хүргүүлсний дараа олон нийттэй хэлэлцүүлэг хийх, И-Монголиа системээр дамжуулан 200 гаруй иргэний санал авсан зэрэг нь төсвийн бодлогод тодорхой сайжруулалт хийх боломж олгосон. Иймд ирэх оны төсөв “маш муу” гэж хэлэх хэмжээнд биш, харин өмнөх жилүүдийн алдаа, хэт өсөлтөөс ухарч, бодлогын түвшний тодорхой засвар орсон төсөв гэж харж байна. Гэхдээ мэдээж сайжруулах зүйл олон хэвээр байна.

Цалин тэтгэврийг нэмэх зорилгоор 884 тэрбум төгрөгийг ирэх оны төсөв дотор нэгээс танаж, нөгөө рүү шилжүүлэх маягаар тусгалаа. Цалингийн нэмэгдлээс үүдэлтэй инфляцын өсөлт 2 хувиас хэтрэхгүй гэж байгаа нь хэр бодитой вэ?

-2026 оны төсөв олон талын дарамт, сорилт давж батлагдсан төсөв. Улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй, эмч, багш нар цалин нэмэх шаардлага тавин ажил хаялт зарласан, ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэтгэвэр, тэтгэмжээ нэмэгдүүлэхийг шаардаж жагссан зэрэг хүнд үе байлаа. Энэ бүх нөхцөлд Засгийн Газар анх оруулж ирсэн 32.9 их наяд төгрөгийн хүрээнд багтааж, дотооддоо зохицуулалт хийж баталсан нь онцлог юм.

Төсвийн урсгал зардалд цалин хөлс болон бусад урсгал зардал багтдаг. Нийтдээ 10 орчим их наяд төгрөгийн энэ багцад 12.8% танаж, 884 тэрбум төгрөгийг цалин, тэтгэврийн нэмэгдэлд шилжүүлсэн. Энэ нь өөрөөр хэлбэл гадаад томилолт, бараа материал, бичиг хэрэг, худалдан авалт зэрэг анх төлөвлөсөн зарцуулалтаас хэмнэж, түүнийг цалин хөлсөд зориулж байна гэсэн үг.

Ийм өөрчлөлт нь инфляцид тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Учир нь цалин, тэтгэвэр нэмэгдэх нь шууд өргөн хэрэглээний зах зээл рүү мөнгө орох боломжийг нэмэгдүүлдэг. Сангийн сайдын тайлбарласнаар, хэрэв энэ 884 тэрбум төгрөгийг төсөвт шинээр нэмж оруулсан бол инфляцид 2% орчим нэмэлт дарамт үүсэх байсныг дотооддоо шилжүүлж, нэмж оруулаагүй учраас өндөр түвшинд нөлөөлөхгүй гэж тайлбарлах шиг харагдсан.

Бодит амьдрал дээр цалин, тэтгэврийн өсөлт нь өргөн хэрэглээний барааны эрэлтэд нөлөөлөх тул инфляцид тодорхой хэмжээнд нөлөөлнө. Гэхдээ нийт нөлөө нь өндөр түвшний өсөлт биш, харьцангуй хязгаарлагдмал гэж харж байна. Энэ чиглэлээр Монголбанк илүү нарийн тооцоолж байгаа байх.

Цалингийн нэмэгдлээс шалтгаалан инфляц 2 хувиар өсөж, 10 хувь давбал төв банк бодлогын хүүгээ нэмж болзошгүй

-Хэрвээ цалин, тэтгэврийн нэмэгдэл 2%-аас илүү нөлөөлвөл ЗГ, Төв банк ямар хариу арга хэмжээ авч болох вэ? Магадгүй бодлогын хүүгээ дахиад өсгөх үү?

-Хэрэв цалин, тэтгэврийн нэмэгдлийн нөлөөгөөр инфляци 2 хувиас давж өсвөл Засгийн Газарт төсөв дээр хийгээд байх зүйл үлдээгүй. Учир нь төсөв нэгэнт батлагдсан тул ЗГ түүнийг хэрэгжүүлэх л үүрэгтэй. Харин ЗГ-ын гол хийх ажил нь эдийн засгийн идэвхжлийг дэмжиж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сайжруулах, валютын нөөцийг зузаатгаж валютын ханшаар дамжин ирдэг импортын инфляцийн дарамтыг бууруулах чиглэлд ажиллах шаардлагатай.

Харин МонголБанкны хувьд, 9.2 хувь байгаа инфляци дээр цалин тэтгэврийн өсөлтийн нөлөө 2 хувь орчим нэмэгдэж 10 хувиас давбал бодлогын хүүг нэмэгдүүлэх, мөнгөний нийлүүлэлтийг хумих зэрэг уламжлалт арга хэмжээнүүдийг авч болзошгүй. Гэхдээ бодлогын хүү өсөх нь эдийн засгийн идэвхжилд сөрөг нөлөөтэй тул энэ нь таатай сонголт биш.

Тиймээс инфляцийг зөвхөн мөнгөний бодлогоор барих бус, нийлүүлэлтийн хүчин зүйлсийг сайжруулах замаар эдийн засгийн механизмаар зохицуулах нь илүү зөв хувилбар гэж үзэж байна. Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сайжруулах, валютын ханшийг тогтвортой байлгах нь инфляцийн дарамтад орохоос сэргийлэх гол хүчин зүйл болно.

Энэ өөрчлөлт урт хугацаандаа төсвийн дарамтыг нэмэгдүүлэх үү?

Төсөвт дарамт үүсгэх эсэхийг ойлгохын тулд асуудал анх юунаас эхэлснийг харах хэрэгтэй. Цар тахлын дараах үед нүүрсний үнэ өндөр байснаас үүдэн төсвийн зарлагаа хэт тэлсэн. Үнэндээ эдийн засгаа дэмжих татварын зөв бодлогоо бид хэрэгжүүлж чадаагүй. Өмнөх таван жилд урсгал зардлын жилийн дундаж өсөлт 26.2% харин ДНБ-ий өсөлт 17% байсан. Өөрөөр хэлбэл, урсгал зардал эдийн засгийн бодит өсөлтөөс давсан. Энэ бодлогын үр дагавар өнөөдрийн инфляци, амьжиргааны доройтол, багш эмч нарын цалин зэрэг олон асуудал дагуулсан.

Хэрвээ бид цаашид нийгмийн шаардлага нэрийн дор эдийн засгийн бодит гүйцэтгэлээс давсан зарлагатай байвал тогтвортой өсөлт рүү дөхөхгүй. Харин эсрэгээрээ дахин инфляцийг өдөөн, хэдэн жилийн дараа дахиад л цалин, тэтгэвэр нэмэх шаардлага үүсгэнэ. Энэ цикл давтагдсаар байвал төсөв үүнийг даахгүй.

Түүнчлэн төсвийн орлогын өсөлт саарч байна. Хэдий зэсийн үнэ 500 мянган тонноор зөрж бага зэрэг нөхөж байгаа боловч нүүрснээс алдсан 2 тэрбум ам.долларын алдагдлыг нөхөж чадахгүй байна. Цаашид бид урсгал зардалыг тогтвортой байлгах, эдийн засгийн зөв бодлого барьж инфляци, валютын ханшийн өсөлт багатай, иргэдийн бодит орлого нэмэгдэх, эдийн засгийн бүтээмжийг тэлсэн бодлого хэрэгжүүлэхгүй бол зөвхөн төсвөөр энэ бүгдийг аргацаагаад явна гэвэл төсөв цаашид дийлэхгүй байх.

-Иргэдийн шүүмжлэл, дарамтаас шалтгаалан төсвийн зарцуулалтыг ийн өөрчилж байгаа дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Энэ асуудлын тухайд төр өөрөө зөв бодлоготой байж, эдийн засаг болон нийгмийн нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйгээр тогтвортой хөгжүүлэх ёстой. Үүнд төсвийн бодлого дунд болон урт хугацаандаа хэрхэн зөв, шинжлэх ухаанч төлөвлөгдөх вэ гэдэг нь хамгийн чухал. Өнөөдрийн үүссэн хүндрэлүүд бол бодлогын алдаа, тухайлбал нүүрс, зэс зэрэг түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хэт хамаарах болсон. Мөн 2012 оноос эхлэн гадаадын зах зээлд бонд гаргаж өөрийгөө санхүүжүүлэх чадвартай хөгжиж буй орон болсноос хойш өрийн удирдлага, төсвийн бодлогыг зөв авч яваагүйтэй холбоотой гэж үздэг. Энэ бүхний үр дагавар нь өнөөдрийн эдийн засгийн дарамт гэдэгтэй санал нэг байна.

Хоёрдугаарт, төрийн удирдлага олон нийтийн сэтгэл хөдлөлд хэт түшиглэж шийдвэр гаргах ёсгүй. Иргэдийн дуу хоолойг сонсох нь гарцаагүй ч төр өөрөө илүү холч хараатай, шинжлэх ухаанч бодлогоор эдийн засгийг авч явах үүрэгтэй. Төсвийн зарцуулалт зөвхөн тухайн үедээ хүчтэй сонсогдож буй олон нийтийн эсэргүүцэл, сэтгэл хөдлөл дээр тулгуурлаж өөрчлөгдөх нь урт хугацаанд эрсдэлтэй.

Харин ажил хаялт, жагсаалын хувьд бол төсөв өргөн баригдсаны дараа багш, эмч гэх мэт төсвөөс хамааралтай салбарууд цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хувьд хангалттай өөрчлөлт ороогүйг хараад хөдөлгөөн өрнүүлсэн байх магадлалтай. Үүний зэрэгцээ улс төрийн нөлөө байсан эсэхийг бүрэн үгүйсгэх боломжгүй. Төсөв орж ирсний дараа хэнд ямар нэмэгдэл ногдож байгаа нь тодорхой болдог учраас тухайн үед нь эсэргүүцэл илрэх нь хэвийн үзэгдэл. Иймд асуудлыг зөвхөн жагссан эсэх, хэзээ жагссан гэх өнцгөөс харах бус, төрийн дунд болон урт хугацааны бодлого оновчгүй байсны үр дагавар гэж харах нь зүйтэй.

-Дөнгөж батлагдсан төсвийн араас тодотголын асуудлыг сөхөөд эхэллээ. Энэ нь төсвийн сахилга батад нөлөөлөх үү?

-Төсөв батлагдмагц тодотгол хийх тухай ярих нь сайн зүйл биш. Нэгэнт баталсан төсвөө тодорхой хугацаанд тууштай хэрэгжүүлэх нь төсвийн сахилга бат, бодлогын тогтвортой байдлын үндэс. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтын зардлуудыг өөрчилсөн нь зарим томоохон төслийн хэрэгжилтийг хязгаарлах нөхцөл үүсгэсэн. Ингэснээр хөрөнгө оруулалтын бүтцийн хувьд сайжраагүй, харин ч тодорхой хэмжээнд муудсан тал бий. Тийм учраас манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд шаардлагатай төсөл, томоохон зээл тусламжийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төсвийн тодотгол хийх эсэх асуудал хөндөгдөж болох юм. Одоогоор урьдчилсан байдлаар таамаглаж байгаагаас төсвийг батлангуутаа тодотгоно гэдэгтэй санал нийлэхгүй байна. Хамгийн түрүүнд батлагдсан төсвөө хэрэгжүүлэх, хэрэгжилтийн явцад бодит шаардлага тулгарвал тодотгол хийх нь зөв арга барил юм.

-Ирэх онд эдийн засгийн өсөлт ямар байх вэ?

-Ирэх онд эдийн засгийн өсөлтийг 5.5 хувь орчим байна гэж харж байна. Төсвийн тогтвортой байдлын хүрээнд тооцоолсон урьдчилсан таамаг ч мөн 5.4 хувийн түвшинд гарахаар байгаа юм. ОУВС ч мөн 5.5 хувь орчим гэж харж байгаа нь төсөөллүүд хоорондоо нэлээн ойртсоны илрэл юм.

Энэ жилийн төсөвт нэг эерэг зүйл байгаа нь Засгийн Газар өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү бодитой таамаглал дэвшүүлсэн явдал. Жишээлбэл, өмнө нь 2026 оны өсөлтийг 6.5 хувь гэж маш өндөр гаргаж байсан бол одоо 5.7 хувь болгон буулгасан. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтийг хэт өөдрөгөөр харсан тооцоолол нэгдмэл, бодитой байр суурь руу дөхөж байна.

Гэхдээ үүнд хоёр төрлийн эрсдэл бий. Нэгдүгээрт, энэ жилийн эдийн засгийн гүйцэтгэл бидний хүлээлтэд хүрэх эсэх. Төсвийн гүйцэтгэлийг 90 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцож байгаа ч энэ түвшинд хүрэхгүй бол дараа жилийн 102 их наяд харьцангуй бага төсөөлснөөс буурч болно. Хоёрдугаарт, нүүрсний экспортыг 90 сая тонн гэсэн маш том зорилт тавьсан. Өмнөх жилүүдийн бодит үзүүлэлттэй харьцуулахад энэ бол өндөр тоо. Гэхдээ Засгийн Газар өөрөө энэ түвшинд хүргэхийн тулд бодитой ажил хийх шаардлагатай. Ирэх оны өсөлтийн гол хөдөлгөгч нь уул уурхайн салбар, тэр дундаа нүүрсний экспорт байх нь тодорхой. Зэсийн хувьд эрсдэл бага, гарц тогтвортой байх төлөвтэй байгаа тул харьцангуй найдвартай салбар гэж үзэж байна.

ҮСХ-оос мэдээлснээр III улиралд эдийн засгийн өсөлт 5.7 хувь орчим гарсан нь голчлон энэ жилийн ХАА-ын салбарын сэргэлттэй холбоотой. Харин 2025 онд ХАА салбар дахин ийм өндөр өсөлт үзүүлэх боломж хязгаарлагдмал. Учир нь 2025 онд ХАА салбар сэргэж байгаа жил юм. Тэгэхээр дараа жилээс тийм өндөр өөрчлөлт гаргаж чадахгүй учраас эдийн засгийн гол өсөлтийн бооцоо яах аргагүй уул уурхайн салбарт л байна.

Мөн БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн таамаглалыг ОУ-ын байгууллагууд 4.4% гэж хамгийн доогуур тавьсан нь манай экспортын эрэлтэд тодорхой нөлөө үзүүлэх хүчин зүйл юм. Ийм нөхцөлд эдийн засгийн өсөлтийг 5,5% таамаглаж байгаа талуудын дундаж түвшинд гарах магадлал байсаар байна гэж харж байна.

НӨАТ-ын шинэчлэлийг 10 сараар хойшлуулсан нь сайн зүйл биш. ААН-үүдийг дэмжиж байж эдийн засгийн өсөлтийг тэлэх боломжтой болно

-Уул уурхайн бүтээгдэхүүний экспортод найдсан орлого төсөвт жин дардаг. Ирэх онд ч мөн том нүүрс, алтны экспортоос тодорхой орлого олохоор тусгалаа. Бид уул уурхайгаас хамаарсан эдийн засгийн орлогоо бууруулж эдийн засгаа солонгоруулах боломж харагдаж байна уу?

-Бид эдийн засгаа солонгоруулах зайлшгүй шаардлагатай гэж сүүлийн 10 гаруй жил байнга ярьсан ч биелүүлж чадахгүй байна. Эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд уул уурхайгаас орж ирж буй хөрөнгө мөнгөө зөв хуваарилж, зөв зарцуулан уул уурхайн салбартаа тулгуурлаад бусад салбаруудаа хөгжүүлэх суурь нөхцөлөө бүрдүүлэх хэрэгтэй. Уул уурхайн салбарыг хөгжүүлэхгүйгээр бусад салбаруудаа хөгжүүлэх боломжгүй гэж би хардаг. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт төсвийн орлогын гол хэсгийг бүрдүүлж байна. Ирэх онд ч томоохон нүүрс, алтны экспортоос тодорхой хэмжээний орлого олохоор төсөвт тусгасан. Гэхдээ эдийн засгийг уул уурхайгаас хэт хамааралтай байлгах нь эрсдэлтэй тул орлогын бүтцийг төрөлжүүлэх, эдийн засгийг солонгоруулах шаардлага байсаар л байна.

2026 оны төсөвт орлогыг 31.6 их наяд төгрөг гэж тооцсон. Энэхүү орлогоо бүрэн биелүүлж чадсанаар төсвийн хэлэлцүүлгийн явцад гарсан өөрчлөлтүүдийн тэнцвэр харьцангуй сайжирч байна. Гэхдээ татварын шинэчлэлийг хойшлуулсан нь харамсалтай. Тухайлбал, НӨАТ-ын шинэчлэлийг 10 сараар хойшлуулсан нь сайн зүйл биш. Ирэх 2026, 2027 онд ААН-үүдийг дэмжих шинэчлэлийг шуурхай хэрэгжүүлснээр ирээдүйн эдийн засгийн өсөлтийг тэлэх боломжтой болно.

Орлогыг аль болох бүрэн биелүүлж, нүүрсний экспортын хэмжээ 90 сая тонн хүрэхээр ажиллах шаардлагатай. Нүүрсний үнийг 70 доллар орчимд тооцож, үүнээс доош буурахааргүй гэж харж байгаа нь төсөвт харьцангуй тогтвортой нөхцөл бүрдүүлж байна.

-Төсвийн алдагдлыг нэг их наяд дүн дотор барьсан нь ер нь боломжит дүн үү? Уг нь өнгөрсөн жилийн төсвийг алдагдалгүй баталсан сайн жишгээ ЗГ барьж болох байсан юм биш үү?

-Алдагдалгүй төсвийг бид баталсан болохоос хэрэгжүүлж байгаа юм бас биш. Энэ бол харамсалтай зүйл. Бид алдагдалгүй төсөв гээд явж болно. Хамгийн гол нь нөгөө талдаа төсвийн үр ашиг гэдэг зүйл байх ёстой. Үр дүнтэй байгаа тохиолдолд үнэхээр алдагдалтай байхыг үгүйсгэхгүй. Энэ жилийн хувьд төсвийн алдагдал нь эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалсан. Өмнөх жилүүдэд хэт өөдрөг таамаглал, төсвийн зарлагын өсөлт эдийн засгийн бодит өсөлттэй уялдаагүй тул төсвийг тэлэх шаардлага гарсан. Үүний үр дүнд тодотгол хийхээс өөр аргагүй болсон бөгөөд үүнээс үүдэн алдагдал гарсан.

2025 он мөн алдагдалтай, ирэх оны төсөв ч нэг их наяд төгрөгөөр алдагдалтай төлөвлөсөн.

Алдагдал гэдэг зүйл дээр бид нэгдсэн томоохон дүгнэлт хийх ёстой. Боломжийн алдагдал гэдэг ойлголт байхгүй.Алдагдалын зөв бурууг тодорхойлох нь тухайн төсвийн үр ашиг, төрийн үйлчилгээний чанар, эдийн засаг, нийгэмд ямар үр дагавар авчирсан гэдэгтэй шууд хамааралтай. Сангийн яам болон Засгийн газрын тайлбарласнаар, энэхүү алдагдал нь улс орны эдийн засаг, нийгэмд зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтыг дэмжих, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, тогтвортой өсөлтийг хадгалахад зориулж алдагдал гарч болно үзэж байна.

-Төгрөгийн ханш он гарснаас хойш суларсан. Магадгүй ирэх онд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурвал дагаад валютын нөөц буурах эрсдэлтэй. Ингэхээр мөн л төгрөгийн ханш сулрах зэрэг эрсдэлүүдийг хэрхэн харж байгаа вэ?

-Төгрөгийн ханш сулрах эрсдэл манай улсын хувьд байнга тохиолддог. Манай улс импортын болон гадаад валютын өндөр хамааралтай улс. Дийлэнх үйлдвэрийн орц, хэрэглээ гаднаас орж ирдэг учир төлбөрийн тэнцэл болон валютын ханштай холбоотой асуудал байнга үүсдэг. Сүүлийн саруудад нүүрсний гарц сайжирсан нь төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлж, валютын нөөцийг харьцангуй тогтвортжууллаа. Гэвч нүүрсний үнэ 70 доллараас буурах, эсвэл гарц 90 сая тоннд хүрч чадахгүй байх нь гол эрсдэл юм.

Нөгөө талаас эдийн засгийн тэлэлт, цалин хөлс, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт гэсэн нөхцөлөөр валютын өсөлт байсаар байгаа. Гадагшаа гарах валютын суваг идэвхжиж байгаа нөхцөлд орох урсгалаа нэмэгдүүлж чадахгүй бол валютын эрсдэл гарах нь тодорхой. Гэхдээ зөвхөн валютын урсгалаа нэмэгдүүлж чадахгүй тохиолдолд гэдгийг онцлох хэрэгтэй. Шууд дараа жил төгрөгийн ханш заавал суларна гэсэн үг биш.

-Шинжээчдийн зүгээс шинэ ЗГ-ын танилцуулсан ирэх оны эдийн засгийн төсөөллүүд хэр бодитой гэж харж байна вэ?

-2026 оны хувьд эдийн засгийн өсөлтийг 5.7% гэж төсөөлсөн нь Олон улсын байгууллага болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл зэрэг гол таамаглагчдын үзэл бодолтой ойролцоо байгаа. Тэр ч утгаараа харьцангуй боломжийн гэж харж байна.

Харин 2027, 2028 оны өсөлтийг 6.3%, 6.5% гэж тооцоолсон нь гол таамаглагчдын төсөөллөөс өндөр харьцангуй өндөр байгаа юм. Тиймээс эдгээр жилийн өсөлтийн таамаглалд илүү нарийвчилсан, бодитой үнэлэлт хийх шаардлага гарах болно. Дараа жил эдийн засгийн нөхцөл байдал тодорхой болсны дараа эдгээр өсөлтийг дахин үнэлж, тодотгож үзэх боломжтой.

Э.АРИУНТУЯА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button