НийгмийнЯрилцлага

Х.Дэмбэрэл: Г.Пүрэвбат агсны өсгөсөн бурхны хонийг хоморголон устгаж буйд харамсаж байна

Бурханч лам Г.Пүрэвбат агсны Аглаг бүтээлийн хийддээ өсгөн үржүүлж байсан дөрвөн эвэртэй хонийг "Эмээлт" зах дээр худалдаалсан гэх асуудал цахим сүлжээгээр явах болсон. Энэ талаар бид бурханч ламтай ойр дотно, найз нөхөр явсан, Х.Дэмбэрэлтэй ярилцлаа. Тэрбээр 2016 онд тэтгэвэрт гарч, Аглаг бүтээлийн хийдийн байгаль хамгаалагчаар 10 гаруй жил ажилласан нэгэн. Мөн дөрвөн эвэртэй хонийг Баянхонгор аймгийн Баацагаан, Бууцагаан сумдын нутгаас анх олж Г.Пүрэвбат агсанд авчирч өгч байжээ. Түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.

Бурхны номд байдаг дөрвөн эвэртэй хонь Аглаг бүтээлийн хийдэд л өссөн

-Анх Бурханч лам Г.Пүрэвбат агсантай яаж танилцаж байв? Та хоёр анд найзын холбоотой ойр дотно байсан гэсэн?

-Бурханч лам Г.Пүрэвбат бид хоёр 1999 онд ламын гэгээний 360 жилийн ойгоор танилцаж байсан. Бурханч лам маань манай ламын гэгээний анхны суварга болох "Ёнхор гэндэн гоогоо" гэх суварга босгож нутгийн том овоонд суурийг нь залсан юм. Тэр үед уулзаж танилцсан хоёр. Тухайн үед манайд нэг мөнгөн суварга байсан. Тэр суваргыг аав минь бурхан болохоосоо өмнө "хүрээ хийд бараадуулж босгоорой" гэж захисан юм л даа. Хэлмэгдлийн үед ганц мөнгөн суваргатай үлдсэн нь тэр. Тэр санаагаа Г.Пүрэвбат ламд хэлж суваргынхаа дэг жаягийг гаргуулж дотно танилцсан түүхтэй. Тэр жил 1999 он байсан санагдаж байна, түүнээс хойш нөхөрлөж бурхан болох хүртэл нь хамт байлаа.

-Ховорхон байдаг дөрвөн эвэртэй хонийг бурханч лам Аглаг бүтээлийн хийдэд нутагшуулсан. Түүнийг та авчирч ирсэн гэсэн?

-Манай бурханч лам их содон, сонин ховор зүйлсэд сонирхолтой хүн байсан юм. Нохойн битүү туурай, ногоон хурганы арьс, туулайн эвэр, тугалын соёо гээд ховор содон зүйлсийг их сонирхдог, цуглуулдаг байсан. Нэг удаа би "манай нутагт дөрвөн эвэртэй хонь байдаг юм" гэсэн чинь, "тийм хонь гэж байхгүй" гээд надад итгэх янзгүй шүү. Би 2007 оны үеэр бурханч ламдаа тэр хонийг үзүүлэх гээд хайгаад явж байгаад Баян-Овооны сумын малчин н.Батаа гуайнд очсон юм. Тэгсэн төхөөрсөн гэмээр дөрвөн эвэртэй хонины толгой байж таарсан. Түүнийг нь би бурханч ламд авчирч үзүүлтэл өнөөх чинь их гайхаж "Ийм хонь олж өгөөч, дөрвөн эвэртэй хонь нь бурхны номд байдаг, бурхан шүтээн дагаж өсдөг, бурхны мал" гэж надад хэлсэн. Тэгээд би Бууцагаан сумаар дөрвөн эвэртэй хонь сураглаж яваад "шар нүдэн" эм хонь олсон. Эм хонь дөрвөн эвэртэй байх нь тун ховор учир шууд худалдаж авсан. Тэр жил шар нүдэн хонь ихэр хурга гаргасан юм. Хурга нь хоёул дөрвөн эвэртэй гарсан. Түүний дараагаар Бууцагаан сумын малчин н.Дүгэрээ гэдэг залуугаас хар амтай цагаан хонь авч хуц тавьсан.

-Дөрвөн эвэртэй хонь, Аглаг бүтээлийн хийд дээр ирээд хэр олон болсон бэ?

-2009 оны үед зургаан хонь анх Аглагийн хийд дээр авчирсан. Тэр цагаас одоо 200 орчим болтлоо өсөөд байсан юм. Бурханч лам маань хонио үхэж хорогдох болгонд дөрвөн эвэртэй хонины чихмэл хийж хийдийн музейд тавьдаг уламжлалтай. Их л тахин шүтэж явсан даа. 2022 онд хонины тоо толгой ихсэх үед цус ойртох байх гээд  Дорнод аймгийн Хөлөнбуйраас хар хүзүүтэй дөрвөн эвэртэй хуцыг 600 мянган төгрөгөөр худалдаж авсан.

-Дөрвөн эвэртэй хонины уг гарал үүсэл нь Баянхонгор аймгийн Баацагаан, Бууцагаан сумаас гаралтай гэж ойлголоо?

-Уг гарал нь манай Бууцагаан, Баацагаан сум. Дээхэн үед намайг жоохон байхад манайд хөх хүзүүтэй, хүзүүндээ хөх хадагтай, дөрвөн эвэртэй хөгшин эр хонь байдаг байсан. Гэхдээ айлд сүргээрээ байхыг нь би лав үзээгүй, ганц хоёроороо л харагддаг. Тэр үедээ бас чамгүй их байсан юм гэсэн. Харамсалтай нь лам хуваргыг хэлмэгдүүлж байсан шиг дөрвөн эвэртэй хонийг "гаж нөлөөтэй том данхар толгойтой хурга гардаг" гээд устгаж байсан гэдэг. Одоог хүртэл дөрвөн эвэртэй хонины уг үндэс нь устдаггүй газар бол Баянхонгор аймгийн Баацагаан, Бууцагаан, Баян-Овоо сумууд. Өөр нутгаар бий гэж би лав дуулаагүй. Ганц нэгээрээ айлуудад байж магадгүй. Бусдаар бол дөрвөн эвэртэй хониор хуц тавиад, өнөөх нь өсөж үржээд байсан зүйл байхгүй. Түүнийг өсгөсөн хүн бурханч ламаас өөр байхгүй биз.

Аглаг бүтээлийн хийд бол монголын ард түмний өмч

-Бурханч ламын өсгөсөн дөрвөн эвэртэй хонийг "Эмээлт" зах дээр худалдсан гэсэн мэдээлэл яваад байсан?

-Бурханч ламын сэтгэл гаргаж өсгөсөн бурханы хонийг хоморголон устгаж буйд л их харамсаж байна. Г.Пүрэвбат агсаны эхнэр хүүдүүд нь гэх хүмүүс "Эмээлт" зах дээр аваачиж зарсан гэсэн. Түүн дотор дөрвөн эвэртэй хургатай хонь хэд хэд байсан. Гэхдээ одоо ганц нэг бол үлдсэн байх. Дорнод аймгаас авчирсан хуц залуухан учир байж байгаасай гэж найдаж байна. Бурхан ч лам маань тэр хонин сүргийг өсгөх гэж их сэтгэлээ зориулсан даа.

-Аглаг бүтээлийн хийдээс өөр газар дөрвөн эвэртэй хонь өсдөггүй гэж сонссон. Тэр үнэн болов уу?

-Б.Пүрэвбат агснаас өөр дөрвөн эвэртэй хонийг өсгөхөөр оролдсон малчид ганц нэг байсан. Тэгсэн ерөөсөө бүтэлтэй болоогүй. Хүрээмарал сумын нэг малчин дөрвөн эвэртэй төлгөн хуц аваад, малдаа тавьтал удаагүй нөгөөх нь "эргүү өвчин" тусаад үхсэн байгаа юм. "Эр нь төл өгч чадалгүй үхдэг юм бол эмийн нь өсгөе" гээд авсан гэсэн. Тэгсэн бороо ороод мал нь уруудаж яваад өнөөх дөрвөн эвэртэй хонь хамгийн түрүүнд явж таараад аяганд нэргүүлсэн байгаа юм. Тэгэхээр энэ мал өсөх ёстой газраа л өсдөг байх. Тэр болгон нэг айлд олноороо байдаггүй. Дорнод аймагт ганц хуц байсан. Түүний төл гээд нэг охин төлөг үлдсэн байх. Хөвсгөл аймагт нэг байна гэсэн сураг дуулдсан. Өөр газар ер нь ховор байхаа. Тэр болгон төрөөд, өсөөд байдаг ч амьтан биш. Хамгийн гайхамшигтай нь Аглаг бүтээлийн хийдэд олноороо өссөн дөө. Буянтай хүний, буяныг дагаад ч тэр үү бурхан ном дагаж өсдөг юм шиг.

-Та Г.Пүрэвбат агсантай найз нөхөд явсан хүн. Нөхөрлөхөд ямар хүн байв?

-Бид хоёр их ойр байсан улс. Эхнэр хүүхдэдээ ч яриагүй зүйлсээ надад ярьдаг байсан. Амьтанд их хайртай, гэгээлэг, өрөвч нинжин сэтгэлтэй ховорхон хүн байлаа шүү дээ. Манай бурханч лам ямар ч хүнийг алаг үздэггүй, хэний ч утсыг авдаг, ярьдаг хүн байсан.

-Сүүлийн үед Аглаг бүтээлийн хийдийг өмчлөх маргаан гарах боллоо. Ойр дотно анд нөхөр явсан хүний хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Аглаг бүтээлийн хийдийг "миний өмч, чиний өмч" гээд хоёр хуваагдаад маргаад байгаа. Тэдний өмчлөх эд хөрөнгө зөндөө бий. Түүнийг бурханч лам хангалттай, ач зээдээ үлдээсэн хүн. Харин шашин, сүсэг бишрэлийн талын асар их хөрөнгө мөнгөөр бүтээсэн Аглаг бүтээлийн хийд бол олон түмний өмч. Өөрөө байнга тэгж хэлдэг байсан. Очсон хүн бүхэн ₮5000 төлөөд ордог, тэр бүхнээр л бүтсэн зүйл. Аглаг бүтээлийн хийдийг бүтээхэд хандивлагч хүмүүс олон байсан. Төр засаг хүртэл дэмжиж засмал зам тавьж өгсөн. Бурханч лам маань "Аглаг бүтээлийн хийд бол монголын ард түмний өмч, бидний сүсэглэж шүтэх ёстой бурхны орон" гэж хэлдэг байлаа. Тэр орчмын хад чулуун дээр бурхан багшийн эхээс төрөөд, нирваан дүрээ үзүүлэх хүртэл бүх түүхийг сийлсэн. Товчхондоо бол бурхан багшийн намтрыг хадан дээр оршоосон хэрэг.

Бурханч ламаар Монголын төр бүхий л муу, сайн зүйлээ хийлгэсэн

-Бурханч лам Аглаг бүтээлийн хийдээ байгуулахад чулуу, мод зөөж өөрөө гар бие оролцсон гэдэг?

Яг тэгсэн. Түүнийг бүтээлцэхэд ч миний бие хамт ажиллаж байсан. Бурханч лам харж байгаад "энэ чулууг, тийм болгоё" гэхэд л яг л адилхан болдог, тийм л билгийн ур, сэтгэлийн ур, гарын ур нь бүрдсэн хүн л дээ. Таван ухааны ур нэгэн зэрэг хүнд бүрдэнэ гэдэг бол тун ховор гэнэ лээ. Хүн төрөлхтний түүхэнд тийм улс ховор төрдөг байх. Өндөр гэгээн Занабазарын хойд дүр гэж шавь нар нь боддог. Би ч ижил бодолтой байдаг. Ийм хүнээ, эрт алдаж байгаа нь манай монголын заяа дутсан хэрэг байх. Энэ хүнээ бид хамгаалж, хайрлаж чадалгүй алдсан нь харамсалтай. Монголын төр бүхий л муу, сайн зүйлээ хийлгэсэн. Манай Засгийн газрын урд байсан жанжин Д.Сүхбаатар, Х.Чойбалсан хоёрын бунхныг залах ёстой газар луу нь залсан. Мөн төрийн хар сүлд, манай монголыг даасан гэгддэг Очирваань бурхныг бүтээсэн гэх мэт олон муу зүйлсийг хийсэн хүн дээ. Бурханч ламын гар хүрээгүй төрийн шашны зүйл бараг байхгүй. Би хувьдаа Өндөр гэгээний хойд дүрээр төр сайн муу зүйлээ хийлгэж, зөнд нь орхисноос болж алдсан гэж боддог. Бурханаас бидэнд илгээгдэж ирээд, өөр зүйл хийлгээд байхаар нь бурхан хүнээ аваад явчихсан байх. Монголын заяа дутаж, бидэнд заяаж ирсэн бурхнаа алдсан гэж ойлгодог.

-Энэ хүний үлдээсэн зүйлс устаж дуусах эрсдэлд орлоо шүү дээ. Тэгэхээр цаашдаа яах ёстой вэ?

-"Хүний юманд хүн хайргүй, үхсэн малд нохой хайргүй" гэдэг шиг бурханч ламын бүтээсэн хонин сүргийг устгаж, үгүй хиймээргүй байна. Цаашдаа өвлүүлж, монголын ирээдүйд үлдээх ёстой. "Энэ бол миний эхнэр, хүүхдийн хөрөнгө огт биш, монголын ард түмний хөрөнгө" гэж бурханч лам амьд ахуйдаа захиж үлдээсэн атал одоо булаацалдаад байгаа нь харамсалтай. Цаашдаа Аглаг бүтээлийн хийдийг түүний шавь нар нь авч явж, монголын ирээдүйд өвлүүлэх ёстой. Яах гэж олон шавь нартай бий болгосон юм. Мэдээж өөрөөс нь хойш бурхан номыг үйлийг нь авч яваасаа гэсэн дээ, цааш өвлөгдөж үлдээгээсэй хэмээн хүссэн нь ойлгомжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button