УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Монгол Улс "Юнескогийн Дэлхийн өвийн хороо"-ны гишүүнээр анх удаа сонгогдлоо

Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо энэ 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдсан Дэлхийн өвийн конвенцын Талуудын 25 дугаар Ерөнхий Ассамблейн чуулганаар Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдлоо.

Тус сонгуульд нээлттэй таван суудлын төлөө 12 улс өрсөлдсөн бөгөөд манай улс Армени, Бангладеш, Чех, Польш Улстай хамт тус хорооны гишүүнээр ажиллахаар болов. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын дагуу байгуулагдсан Дэлхийн өвийн Засгийн газар хоорондын хороо нь 21 гишүүн улсаас бүрддэг бөгөөд Дэлхийн өвийн жагсаалтад өв бүртгэх, хасах, бүртгэлтэй өвийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар шийдвэр гаргах, санхүүжилт хуваарилах, конвенцын хэрэгжилтийг хангах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг.Монгол Улс тус хорооны гишүүнээр сонгогдсоноор конвенцын хэрэгжилтийг олон улсын түвшинд идэвхтэй дэмжихээс гадна зөвлөмж, шийдвэрийн хэлэлцүүлэгт шууд оролцох боломж нээгдэж байна.

Энэ нь соёлын болон байгалийн өвийн салбарын үндэсний мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол Улсын нэр хүндийг дэлхийн хэмжээнд бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.Энэхүү хороонд сонгогдсон нь Монгол Улсын олон улсын тавцан дахь байр суурийг шинэ түвшинд ахиулж, дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах хамтын хүчин чармайлтад манай улс идэвхтэй, жинтэй хувь нэмэр оруулж буйг бататгасан чухал үйл явдал боллоо.

Манай улс дээрх конвенцод 1990 онд нэгдэн орсон бөгөөд соёлын ангиллаар Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун ба түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Буган хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор, байгалийн ангиллаар Увс нуурын ай сав газар, Дагуурын тал (ландшафт)-ыг бүртгүүлсэн ба энэ нь тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүх соёл, байгалийн үнэт өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, археологийн судалгааг нэмэгдүүлэх зэрэгт хувь нэмрээ оруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button